Клозе: Миний шинэ замнал эхэлж байнаГерманы шигшээ багийн дасгалжуулалтын багт уригдсан Мирослав Клозе Йоа́хим Лёвээс их зүйлийг сурна хэмээн найдаж байна.
Өдгөө 38 настай Клозe тамирчны замналаа төгсгөж байгаагаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд зарлаж хөлбөмбөгөөс зодог тайлсан юм. Тэрээр сүүлийн таван жилийг Италийн Лацио клубт өнгөрүүлж бүх цаг үеийн топ мэргэн буучдынх нь нэг болон бичигдсэн.
Харин одоо тэрээр дасгалжуулагчийн карьераа шигшээ багаасаа эхлэх гэж байна. Энэ баасан гарагт Клозе Лёвийг дагалдан Сан Мариногийн талбайд хийх тоглолтонд “дебутээ” хийнэ.
“Ахин энэ том гэр бүлийн гишүүн болж байгаадаа баяртай байна. Ер нь шигшээ багаасаа огт холдоогүй юм шиг л санагдаж байна”
“Тактик, стратеги, дасгалжуулалтын арга ухаанд суралцахыг би үргэлж хүсдэг байсан. Хөлөөрөө хөлбөмбөг тоглох хүнд биш. Харин тархиа ашиглаж бусдыг удирдаж чиглүүлнэ гэдэг амар ажил биш. Насаараа тоглосон тоглоомоо би одоо шинэ өнцгөөс, өөр хэмжээсээр харж эхэлж байна”
Клозе шигшээд дуудагдсан 13 жилийн хугацаандаа 71 гоол бүртгүүлж “Die Mannschaft”-н бүх цаг үеийн мэргэн бууч болсноос гадна ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон гоолын амжилтыг (16) мөн тогтоосон.
“Дэлхийн аварга дасгалжуулагчтай хамт ажиллаж, суралцах боломж хүн болгонд олдоод байдаггүй. Энэ боломжийг тултал нь ашиглаж, аль болох их зүйл сурч, олж, мэдэж авахыг би хичээнэ”
Харин Лёв Клозегийн 10 жил дамнасан арвин туршлага шигшээ багт үр ашгаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
“Мирослав бидэнтэй нэгдсэнд туйлын баяртай байна. Тэр бол залуу үеийнхэнд үлгэр дуурайл болгон дурьдаж болох гайхалтай тоглогч. Түүний хөдөлгөөн, шийдвэр гаргалт, цохил, мэдрэмжийг тусгай хичээл болгоод заасан ч болно. Ялангуяа бидэнд довтолгоогоо сайжруулахад Клозе том түлхэц өгнө”
Германы шигшээ өнөөдөр Сан Маринотой ДАШТ-ий урьдчилсан шатны, 15-нд Италитай нөхөрсөг тоглолт тус тус хийнэ.
Эх сурвалж: SPS