by Nomer 10 » Fri May 27, 2016 6:39 pm
Өчигдөр бичсэн нийтлэл өнөөдөр биеллээ олов.
“Онцгой нэгэн”-ийг тойрсон шуугиан
Английн Манчэстер Юнайтед баг Холбооны цомын финал хүртсэнийхээ дараахан дасгалжуулагч ван Хаалийг халж орхисон билээ. Түүний оронд хэн гэгч эрхэм залрах талаар Английн хэвлэлүүд дуу нэгтэйгээр нэг хүнийг зарлан байгаа.
Энэ бол Онцгой нэгэн буюу Жозэ Моуриньо. Хөлбөмбөгийн хүрээнд сүүлийн хэдэн өдөр зөвхөн энэ тухай л шуугиж байна гэхэд хилсдэхгүй.
Түүний өөрийнх нь хэлснээр Манчэстер Юнайтед бол мангас клуб. Тийм ч учраас энэ багийн боссоор хэн ирэх вэ гэдэг нь үргэлж дуулиан дагуулж байдаг.
Түүнийг албан ёсоор зарлах нь ердөө өнөөдөр үү, маргааш уу гэдэг дээр л яригдаж байгаа бололтой. Үүнийг дагаад маш олон ярианы сэдэв хөлбөмбөг сонирхогчдын дунд бий болж байна.
Хамгийн түрүүнд багийн эрт эдүгээгийн домог болсон олон тоглогч энэ талаар өөрсдийн бодлоо цухуйлгаж эхэллээ.
Фэнүүдийн дунд “Хаан” хэмээн алдаршсан Эрик Кантона хэлэхдээ “Моуриньо бол гайхалтай дасгалжуулагч, тоглогчдоосоо 100 хувийн боломжийг авч чаддаг. Гэхдээ тэр Манчэстер Юнайтедад тохирсон хүн биш, энэ баг бол фэнүүдээ довтолдог хөлбөмбөгөөр баясгаж байдаг баг” гэжээ.
Түүний энэ бодлыг багийн хаалгач асан Петер Шмэйхел дэмжин мөн хувь хүний үзэл бодлоо илэрхийлсэн байна. Гэхдээ арай өөр өнцгөөс тайлбар хийжээ.
Тэрээр “Моуриньогийн зан ааш тогтворгүй. Тэр багийн эзэн, спортын захирал, эмч гээд олон хүнтэй шөргөөцөлдсөн. Ийм хүнийг авна гэдэг бол их л зоригтой шийдвэр дээ” хэмээсэн байна.
Гэхдээ тэр Кантонагийн нэгэн адил түүнийг магтах үг яриандаа хавчуулж. Моуриньо бол магадгүй дэлхий дээрхи хамгийн шилдэг дасгалжуулагч гэж үздэг бололтой.
Ерөнхийдөө фэнүүд талцсан байр суурьтай байна. Зарим нь тэр багийг шууд босгоод ирэх чадалтай, зөв хүнийг сонгосон гэж байгаа аж.
Харин зарим нь багийн уур амьсгалыг эвдэж, залуу тоглогчдыг зэврээхээс гадна уйтгартай хөлбөмбөг үзүүлэх болно хэмээн болгоомжилж буй.
Ямартай ч Онцгой нэгэн Манчэстер хотын улаан өмсгөлтэй багт ирэх нь тодорхой болж байна. Тэр ирэнгүүт хамгийн түрүүнд багийг өөрийн хүссэнээрээ шинээр бүрдүүлэх ажлыг хийх нь мэдээж.
Үүнтэй холбоотойгоор тоглогчдын наймааны асуудал ч хөндөгдөөд эхэллээ. Хамгийн эхэнд швед довтлогч Златан Ибрахимовичийг тоглогч-дасгалжуулагч статустайгаар авах гэнэ хэмээн шуугиад унасан.
Мөн Робин ван Персиг буцаах гэнэ гэж ч шаагилдаад байгаа. Бас Реал Мадридад мөр зэрэгцэж явсан Бэнжема, Игуаин нарын нэгийг авчрах гэнэ гэсэн яриа гараад байгаа. Дортмундын Аубамэянгийн нэр ч дурьдагдсан.
Энэ бүхнээс харахад тэр ирэх нь ойлгомжтой асуудал, ирээд хамгийн түрүүнд багт сайн төвийн довтлогч авах нь ээ гэх дүр зураг бууж байгаа юм.
Үнэхээр ч 18 настай Рашфорд жаалаас өөр энэ байрлалд тоглох хүн одоогоор багт байхгүй байгаа. Рүүнийгийн хувьд нас яваад хурд муудсан тул одооноос эхлээд ерөнхийдөө довтолгооны хагас дээр тоглох болоод байгаа.
Хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд ирэх улирлын өнгө төрх тун сонирхолтойгоор толгойд нь бууж байгаа.
Жозэгийн гол өрсөлдөгч Пэп Гвардиола дерби багт нь ирж байгаа, тэр заналт дайсан Вэнгертэйгээ дахин тулах болно, Клоппын эсрэг Моуриньо гэсэн дуэл маш их анхаарал татаж байгаа, түүний Челсид Контэ ирсэн гээд одооноос бөөн хачир.
Одоо байгаа дасгалжуулагчдаас хамгийн шилдгүүд нь Премиер лигт цуглараад байгаа мэт. Байернд очиж байгаа Анчелотти, Атлетикогийн Симеоне 2 л дутаж байх шиг.
Ямартай ч Сэр Алексын өөрийнх нь баталснаар түүнийг өөрийг нь санагдуулдаг Моуриньо Манчэстер Юнайтедад ирж байна. Тэр урьдын гал халуун Моуриньо байхаа бага багаар өөрчилж л таарах байх.
Учир нь тэр одоо өмнөх цагаа бодвол нас нь явж, намба суух төрхөндөө орж байна. Мөн Манчэстер Юнайтед багийн цар хүрээ нь ямар ч том дасгалжуулагчийг сүүдэртээ хийдэг үл үзэгдэх чанарыг агуулж байдаг.
Нэг л юм үнэн. Тэр бол Моуриньо хаа явсан газраа үргэлж өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг биедээ чирч явдаг. Энэ бол харин түүнээс хэзээ ч холдохгүй.
Түүний гаргаж буй үйлдэл үргэлж гэнэтийн бөгөөд хачирхмаар байдаг. Энэ үйлдэл нь хөлбөмбөг сонирхогчдын хэдэн өдрийн амны зугаа болдог. Чухам ийм ярианууд л хөлбөмбөг гэх спортыг хамгийн хүчирхэг спорт болгодог билээ.
Hup Holland Hup