monhoo_ts2003 wrote:1989 оны дөрөвдүгээр сарын 15 Английн алдарт клуб “Ливерпуль”, тус багийг дэмжигчдийн хувьд хар өдөр байсан. Хамгийн олон багийг хамардаг, эртний түүхтэй Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу FA Cup-ын хагас шигшээд “Ливерпуль”-”Ноттингем Форест” учраа таарсан юм. Тус тэмцээний онцлог нь их шөвөгт үлдсэн багууд дундын талбайд тоглодог. Тэр жил Шеффильдийн “Хиллсборо”-д дээрх багууд өрсөлдөхөөр болсон. Сонирхолтой нь өмнөх жилийн хагас шигшээд тэд таарч, мөн энэ цэнгэлдэхэд тулж байлаа.
Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 15-ны бямба гаригийн 15.00-д дээрх тоглолт эхэлсэн юм. Цэнгэлдэхийн аюулгүй байдлын үүднээс 14.00-14.45 цагийн хооронд үзэгчдийг дотогш нэвтрүүлж байжээ. Харин энэ өдөр замын түгжрэлээс болж, “Ливерпуль”-ийн дэмжигчид цагаасаа хоцорч ирсэн тул уг дүрэм зөрчигдөж, тогтоосон хугацаа өнгөрсөн ч дотогш чиглэсэн хөдөлгөөн зогсохгүй байлаа. Шеффильд нь Ливерпулиэс 80-хан милийн зайтай тул “Хиллсборо”-г хэдэн мянган дэмжигч зорин иржээ.
Тоглолт эхлэх мөчид “Улаанууд”-ын хэсэг дэмжигч цэнгэлдэхийн гадна ирж, тэднийг дотогш нэвтрүүлэхээр болов. Яарсан үзэгчид гүйлдэн орох үед олон “туулай” шургалж амжсан байна. Хянагчид үзэгчдийн дундаас тасалбаргүй этгээдүүдийг гаргаж, “цэвэрлэгээ” хийж эхлэх үед дахин 5000 орчим дэмжигч “Хиллсборо”-гийн гадна ирлээ. “Туулай”-тай хөөцөлдөөд хянагчид орох хаалгыг нээх завгүй байсан тул бухимдсан фанатууд хүчээр түрэн оров. Тухайн үед ихэнх цэнгэлдэх суудалтай, суудалгүй гэсэн сектортой байсан аж. Босоогоор үздэг хэсэг үнэ нь арай хямд учир ачаалал арай илүү авна. Мөн Английн дүрсгүй дэмжигчдийн огцом авираас сэргийлж, сектор бүрийн хооронд төмөр торон хаалт босгодог байж. Мөн нэг хэсэгт нэг л багийн хөгжөөн дэмжигчдийг оруулах бодлоготой.
Дээрх фанатууд бүгд “Leppings Lane End” гэх “босоо” хэсэг рүү дайрч орсон бөгөөд хаалга нь эвдэрч, хянагчид нь түрэгдсэн тул хэн дуртай нь дотогш нэвтрэх болов. Бүгд шахцалдан зүтгэж, зарим нэг нь төмөр хязгаарлагч руу авирч эхэлжээ. Энэ хэсгийн багтаамж 2000 хүнийх гэдэг ч тоглолт эхлэх мөчид үзэгчийн тоо хэдийнэ 3000 давсан байв. Үүнээс хойш дээрх явдал болж, байх ёстойгоос хэд дахин их хүн орсноор “Leppings Lane End” нуран унасан.
Энэхүү явдлын улмаас 94 хүн амь үрэгдэж, 766 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Дөрвөн өдрийн дараа 14 настай Ли Николь гэдэг хүү эмнэлэгт амьсгал хурааж, дөрвөн жилийн дараа Тони Блэнд гэгч ослоос үлдсэн гэмтлийн урхгаар таалал төгсчээ. Ийнхүү нэг тоглолтын улмаас “Ливерпуль”-ийн 96 дэмжигч нас барсан юм. Энэ явдлаас болж, цэнгэлдэхэд тавигдах шаардлагыг өндөржүүлж, суудалгүй хэсгийг үгүй болгосон ба олон байгууламж багтаамжаа багасгасан.
“Ливерпуль” клуб амь эрсэдсэн 96 дэмжигчдээ зориулж, хотынхоо өмнөд хэсэгт дурсгалын чулуу байрлуулсан ба мөн “Энфилд” рүү орох хаалга “Шэнкли Гэйт”-ийн дэргэд хүндэтгэлийн хөшөө босгожээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд клубээс мөнхийн 96 дэмжигчдэдээ хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг явуулж, талийгаачдын ар гэрийнхнийг “Энфилд”-д урин тоглогчидтой уулзуулдаг юм.
“Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррардын үеэл ах Жон-Пол “Хиллсборо”-гийн осолд хэлмэгдэгчдийн нэг бөгөөд Шеффильдэд амь үрэгдсэн 96 дэмжигчийн хамгийн залуу нь (10 настай) байжээ.
Энэ шалтгааны улмаас Жеррард бүх насаа “Ливерпуль”-ийн төлөө зориулж, үеэл ахынхаа хүслийг гүйцээнэ гэдэг ба үүнийгээ баталж өнгөрөгч даваа гаригт багтайгаа гэрээгээ 2011 он хүртэл сунгасан.
Энэ мэт цэнгэлдэх хүрээлэн ачааллаа даалгүй нурж, үзэгчдийн амь хохирсон түүх олон ч “Хиллсборо”-гийн хэрэг байнга дурсагдаж, олны хүндэтгэлийг хүлээдгээрээ онцлог юм. Хэдийгээр “Улаанууд”-ын уриа “You will never walk alone” нь дээрх ослоос өмнө гарсан ч 1989 оноос хойш үүнтэй холбон ярьдаг, дуулдаг болжээ.
аймаар түүх бна........