Юрген Клинсманн: Би нутагтаа ирлээ
Штефан Эффенберг: “Бүгд биднийг шоолж байна. Би Германы хөлбөмбөгийн холбоог удирдаж байсан бол түүнийг яг одоо огцруулах байсан”.
Франц Беккенбаур: “Шигшээ баг ДАШТ-ий эхний шатнаас хасагдвал түүнийг ажлаас нь хөө”
Эдгээр үг бүгд Юрген Клинсманныг улсынхаа шигшээ багийг удирдаж байх үед хэлэгдсэн. Тодруулбал, хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө. Тэгвэл тус тэмцээний дараагаар дээрх утга бүхий шүүмжлэл хэлсэн бүх хүн амаа барьж, алгаа тосох аргагүй байдал; орсон нь Клинсманн уран гоё тоглолттой болгосон багаа дэлхийн аваргын хүрэл медальд хүргэснээс шалтгаалсан билээ.
Шүүмжлэлд дайруулсан бүх зүйл 2006 онд Италитай хийсэн нөхөрсөг тоглолтоос эхэлсэн. Тэгэхэд Клинсманн шигшээгийн хаалгыг дархлагдсан мэт хааж ирсэн Оливер Каныг сэлгээнд үлдээж, дээр нь учраадаа 4:1-ээр бут ниргүүлэн Беккенбауэр тэргүүтэй Германы хөлбөмбөгийн томчуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Тэр үед гал унтраагчийн үүргийг улсын канцлер Ангела Меркель үүрч, талуудыг эвлэрэхийг үүрэгдсэн билээ. Үүнээс хэдэн сарын дараа ДАШТ-д гаргасан амжилтаараа Клинсманн Германы оны хүнээр тодорч, ерөнхийлөгч Херст Колер түүнийг төрийн дээд одонгоор шагнасан. Хамгийн сонирхолтой нь, түүний гол дайсан Беккенбауэр 80 сая хөлбөмбөг сонирхогчдын нэрийн өмнөөс түүнийг шигшээ багт үлдэхийг хүссэн юм.
Тэр цагаас хойш Клинсманн дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй дасгалжуулагчийн нэг болж олон клубээс санал авсан. Гэвч тэрбээр Америкт буй гэр бүлдээ ойр байхыг илүүд үзэн том клубүүдийн саналаас ч татгалзжээ. Харин сэтгэл зүрхэнд нь гэгээн дурсамж үлдээсэн “Бавари” багийнхаа хүсэлтийг буцаах зориг хүрээгүй болохыг тэрбээр өгүүлж байна.
-Та шийдвэрээ гаргахад хэр хугацаа зарцуулсан бэ?
-Би төрөлх багаа удирдах болсондоо туйлын их баяртай байна. Гурван жилийн өмнө Германы шигшээгийн дасгалжуулагчаар томилогдохдоо яг ийм мэдрэмж төрж, мэдэрч байлаа. “Бавари” бол дэлхийн хөлбөмбөгийн топ баг. Ийм боломж олгосон багийн удирдлагад талархлаа илэрхийлье. Карл-Хайнц Румменигге зул сарын баярын өмнөхөн над руу утасдаж, хүсэлтээ уламжилсан. Би эхнэртэйгээ зөвлөөд 10 жилийн өмнө орхин явсан Мюнхен хотдоо буцан очихоор шийдсэн.
-Шинэ багтаа ямар бодлого баримтлах вэ?
-Бидний зорилго бол тоглогч бүрийн ур чадварыг дээшлүүлэх. Ингэж баймааж багийн төвшинг нэмж чадна.
-Туслах дасгалжуулагчдаа сонгосон уу?
-Энэ сарын сүүлээр сонгох байх. Манай багт америк болон бусад орны төлөөлөгчид багтана. Клубийнхээ уур амьсгалыг сайхан болохыг хүсч байна. Энэ нь амжилт гаргах түлхүүр юм.
-Та яагаад “Бавари”-г сонгосон юм бэ? Яагаад АНУ, Итали, Англи, Испанид ажиллаж болохгүй гэж?
-Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Би Мюнхенд очсоноор хамаатан садангууд маань амьдардаг Штутгарт хотод дөхөж ирнэ. Мөн хүү маань Мюнхенд төрсөн. Тиймээс тэр “Бавари” багийн хөгжөөн дэмжигч байх ёстой.
-Та шигшээгийн дасгалжуулагч байхдаа багаа удаан хугацааны турш бэлтгэл хийлгэдэггүй байсан. Тиймээс танд туршлага дутах юм биш биз дээ?
-Шигшээ баг, клуб бол хоёр өөр зүйл. Би сайн бэлтгэгдсэн хүн шүү.
-Таны зорилго ямар байх бол?
-”Бавари”-д ажиллах хүн аваргаас өөр зорилго тавих эрхгүй. Боломжит бүх тэмцээнд түрүүлэхийг хүснэ. Гэхдээ очингуутаа цом аваад байна гэж юу байх вэ. Бүх зүйл шат дараалалтай байх ёстой.
mongolnews.mn