Хувцас солих өрөөнд цувралаас #16-1*Вилла Паркын хэвлэлийн бага хурлын өрөөнд сэтгүүлчид цугларсан байна... Хэвлэлийн бага хуралд оролцохоор Астон Вилла клубын СЕО Том Фокс, дасгалжуулагч Реми Гард, шинэ ТУЗ-н дарга Стив Холлис нар ирсэн байна... Фокс, Холлис нар малийтал инээмсэглэсэн байдалтай суухад тэдний голд Реми Гард бодлогоширсон, урамгүй царайтай сууна...*
Том Фокс /санаачлагатайгаар/: За алив нөхөр сэтгүүлчдээ... нэг нэгээрээ эмх цэгцтэй гараа өргөөд асуултаа асуугаад асуугаад явчаарай...
Сэтгүүлч#1 /гараа өргөн/: Астон Вилла клубыг наймааны цонхоор маш идэвхигүй ажилласан талаар гадуур шуугиж байна л даа... энэ талаар та бүхэн өөрсдийн тайлбарыг өгөхгүй юу?
Реми Гард /урам муутай/: Тиймээ... бид энэ наймааны цонхоор ...
Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... би Реми дасгалжуулагчтай санал нэг байна... бид энэ наймааны цонхоор маш сайн ажилласан... гадуур явж байгаа цуурхалд итгэх хэрэггүй... бид энэ наймааны цонхоор маш чухал хүн авсан... тэр хүн бол шинэ ТУЗ-н дарга... нэг бэрс хэдэн бодтой тэнцэнэ гэдэг билээ дээ?... Нэг ТУЗ-н дарга дор хаяж 5 тоглогчтой тэнцэнэ гэж хэлж болно...
Стив Холлис /маасайтал инээмсэглэн/: Тиймээ... тэгэлгүй яахав...
Сэтгүүлч#2 /гараа өргөн/: Гэхдээ та бүхэн өөр наймаа хийгээгүй юм бишүү?
Реми Гард /урам муутай/: Харамсалтай нь бид...
Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... таныг ийм буруу ойлголттой байгаад Реми дасгалжуулагчтай адил би ч бас маш их харамсаж байна.... бид энэ наймааны цонхоор таван сэрээ, хоёр халбага, бас нэг ус буцалгагч авсан... тэр ус буцалгагчаар буцалгасан усаар амттай кофе найруулаад та бүхэнд өгсөн байгаа... та бүхэн аль хэдийн манай шинэ наймааны үр ашгийг амсаад эхэлчихсэн байна шүү дээ... тийм үү?
Сэтгүүлч#1 /гараа өргөн/: Уучлаарай, наймааны цонхоор тоглогч авах ёстой биш үү? Та бүхэн нэг ч тоглогч аваагүй талаараа тайлбар өгөх үү?
Реми Гард /урам муутай/: Тийм ээ...
Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... бид нэг ч тоглогч аваагүй... энэ үнэн... яагаад гэвэл бид энэ наймааны цонхоор 1 тоглогч биш харин бүхэл бүтэн 2-н хоёр “тоглуулагч” авсан байгаа...тоглогч дээр үү “тоглуулагч” дээр үү? та бодоод үзээрэй... /хуруугаараа заан/ тэр нэг нь хуучны пянз тоглуулагч... тэр буланд байна... их сайхан үзмэр.... нөгөөх нь... хамгийн сүүлийн үеийн чихэвчний СД тоглуулагч... манай тоглогчид хувцас солих өрөөндөө ээлжлээд дуу сонсох боломжтой болсон...
Сэтгүүлч#3 /гараа өргөн/: Уучлаарай Фокс даргаа, Реми дасгалжуулагчаас нэг зүйл асуух гэсэн юм...та түр хүлээж байх уу?... Реми дасгалжуулагчаа, энэ наймааны цонхоор ажиллахад ямар нэгэн хүндрэл байв уу?
Том Фокс /ярвайн/: За энэ удаад би дуугүй байж байя...
Реми Гард /урам муутай/: Тийм ээ... манай хүснэгтийн байрлалаас болоод тоглогч нар манайд ирэх дургүй байлаа... нөгөөтэйгүүр санхүүгийн асуудал ч бас нилээд хүчтэй цохилт болсон...
*Том Фокс Стив Холлисийг нударсанд нөгөөх нь гэнэт дугарч*
Стив Холлис: Тиймээ... Мөнгө гэдэг бол үнэндээ тийм ч чухал биш шүү дээ... амьдрал мөнгөн дээр тогтох уу? Хайран дээр тогтох уу? Амьдрал хайран дээр тогтдог гээд дуу хүртэл цаана чинь байна... Тиймээс бид мөнгийг чухалчилж биш хайрыг чухалчилж энэ клубыг удирдах болно... /Гардыг тэврэн үнсэв/
Сэтгүүлч#2 /гараа өргөн/: Саяхан 1 сард танай клубын жилийн тайлангийн хурал нилээд ширүүхэн болсон сурагтай байсан... энэ талаараа товчхон мэдээлэл өгөх үү?
Том Фокс /инээвхийлэн/: Тиймээ манай тайлангийн хурал ширүүхэн болсон... ширүүхэн гэхээс илүү “халуухан” болсон гэж ойлгож болно... тиймээ... “маш халуун дулаан” уур амьсгал дунд хурал болж өндөрлөсөн... тэр хурлаар бид клубыг удирдаж байгаа “философио” фенүүддээ танилцуулж, ойлгуулсан... одоо манайхан их сэтгэл хангалуун болсон... итгэхгүй бол Вилла Паркт та нар очоод үзээрэй... манай фенүүд бүгд баярласандаа уйлж байгаа... эсрэг багийн фенүүд инээж байгаа... манай Вилла Парк Премиер Лигийн хамгийн аз жаргалтай газар болсон...
Сэтгүүлч#1 /гараа өргөн/: Та бүхэн өөрсдийн тэр “философио” бидэнд товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
Реми Гард /урам муутай санаа алдан/: За манай энэ философи гээд байгаа зүйл бол...
Том Фокс /яриаг нь таслан/: Тиймээ... манай философи бол маш онцгой... зүйрлүүлбэл “хол нисэх сумыг сайн татаж байгаад тавих хэрэгтэй” гэдэг үг байдаг шүү дээ... “оролдлого сайт оройд нь” ч гэж үг байдаг... “эсгий хийх газар нохой хэрэггүй” ч гэж үг байдаг... тэгэхээр манай философи бол товчхондоо ийм юм... одоо та ойлгов уу?...
Сэтгүүлч#1 /тээнэгэлзэн/: Үгүй ээ, ойлгосонгүй...та дахиад тайлбарла даа?
Том Фокс /санаачлагыг авч/: Тэгэхээр ийм байна... та өөрийгөө үсрэх гэж байгаа хүн гэж бод... та өндөр үсрэхийн тулд сайн суух хэрэгтэй тийм үү?... Вилла клуб ч бас Аваргуудын Лиг, ПЛ-н аваргын хэмжээнд хүрч үсрэхийн тулд сайн “сууж өгөх” хэрэгтэй байгаа юм... бид доошоогоо Чемпионшип рүү, болж өгвөл Лиг 1 рүү сайтар “сууж өгөөд” дараа нь дээшээ тийрэлттэйгээр үсрэхэд ПЛ-н аварга, Аваргуудын лигийн эрх, за бүр байя гэхэд Европа лигийн эрх дээр бууж л таарна...
*Энэ үед Реми Гард нусаа татан нулимсаа арчиж эхлэв... Том Фокс Гардыг нудрана*
Том Фокс /санаачлагыг авч/: За ингээд хурлаа өндөрлөцгөөе... манай Реми өөрсдийнхөө философийг сонсоод өөрийн эрхгүй нулимс унагаж сууна... ийм л агуу философитой, ийм л агуу клуб шүү дээ бид...
*Энэ үед Реми Гард тэсэлгүй цурхиран уйлж өрөөнөөс гарч гүйв*
Стив Холлис /бантангуй/: За ингээд хурлаа өндөрлөе.. /толгой дээрээ гараа барьж зүрх хэлбэр үүсгээд/ та бүхэндээ хайртай шүү...