Францын үнэт эрдэнэБүтэн нэр : Фрэнк Билал Рибери
Төрсөн огноо : 1983.4.7
Яс үндэс : Франц
Өндөр : 1.70 см
Хөлбөмбөгийн ертөнцөд гайхалтай ур чадвар, өвөрмөц төрхөөрөө алдаршсан энэ бяцхан залуугийн карьерийн эхний жилүүд тийм ч дардан байгаагүй. Францын хойд хэсгийн Boulogne хэмээх жижигхэн хотод мэндэлсэн тэрээр 13 хүртлээ орон нутгийн клубт хичээллэж байгаад 1996 онд Лилль клубын академд уригдсан байна. Түүний авьяас чадварыг хамгийн анх анзаарч Лилльд авчирахад гол үүргийг гүйцэтгэсэн дасгалжуулагч Ен Лук Вандамм нэгэнтээ дурсахдаа ”Франк гайхалтай зөн билэгтэй хүү байсан. Тэр талбай дээр маш хурдан сэтгэж, бусад нь бодож ч амжаагүй байхад юу хийхээ альхэдийнэ төлөвлөчихдөг байсан гээд боддоо. Түүнийг ур чадварт эргэлзэх нь гарцаагүй **н** зүйл гэж би хэлнэ” гэжээ. Лиллийн академд гурван жил суралцсаны эцэст Рибери төрсөн хотдоо эргэн ирсэн бөгөөд эндээс карьераа үргэлжлүүлэхээр шийджээ. Тухайн үед тэднийх хотын захын гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн хэсэгт амьдардаг байсан ч энэ нь Рибериг тусч, даруухан, эелдэг зантай болж төлөвшихөд нь огтхон ч нөлөөлөөгүй аж.
”Магадгүй тэр бүхнээс хол байхад шашин тус болсон байх. Багадаа би ихэнх цагийг Лалын шашны сүм хийдэд өнгөрөөдөг байсан. Хэн ч намайг үүнд уруу татаагүй, би өөрөө л энэ замыг сонгосон. Тоглолт болгоны өмнө би багийнхаа төлөө, гэр бүлийнхнийхээ төлөө залбирдаг. Энэ бол миний амьдралын салшгүй нэг хэсэг”
Түүнийг ийм их шүтлэгтэй болоход эхнэр Вахиба нь зарим талаар нөлөөлсөн гэдэг. Алжир гаралтай энэ бүсгүй Рибериг ”Boulogne”-гийн даржин тоглогч байхад нь амьдралаа холбож, зовлон жаргалтай он жилүүдийг хамт туулсан бөгөөд хосууд Изья, Шакинез гэдэг хоёр охинтой аж. Ийнхүү Рибери Boulogne хотоос амьдралынхаа ханийг олсон төдийгүй амжилтынхаа анхны алхмыг ч эндээс л тавьж байсан түүхтэй. Түүнийг 18 нас хүрдэг жил буюу 2001 онд тус хотын Boulogne клуб Рибериг эгнээндээ элсүүлж, анхных нь мэргэжлийн гэрээг байгуулжээ. Хэдийгээр Boulogne доод лигийн ядуувтар баг байсан ч залуу тоглогчийн ирээдүйд хэрэгтэй олон зүйлсийг зааж сургасан юм. Гэхдээ залуу бүргэд өдөлж гүйцээд үүрүү орхин нисдэгийн адил Рибери төрөлх хотоо жилийн дараа орхин явсан билээ.
‘Хүн ямар ч өндөрлөгт хүрсэн бай хаанаас энэ бүхний эхлэлээ тавьснаа хэзээ ч мартах ёсгүй гэж би боддог. Boulogne бол миний гэр орон, төрсөн хот минь. Тиймээс миний сэтгэлд зүрхэнд энэ хот хэзээд оршсоор байх болно”
Түүнээс хойшхи дөрвөн жилийг Рибери дөрвөн өөр багт (Alès, Stade Brestois, Metz, Galatasaray), тоглож өнгөрөөсөн ч, өөрийгөө бүрэн нээн харуулж чадаагүй л байлаа. Гэхдээ түүний турк баг дахь богинохон карьерийг нь ингэж дүгнэвэл арай л дэгсдсэн болох байх. Учир нь 2005 оны 1 сараас, 6 сар хүртэл Галатасарайд зүтгэхдээ тэрээр цөөнгүй лигийн тоглолтонд оролцож, Туркийн цомын финалд заналт дайсан Фенербахчег 5 -1-ээр бутниргэхэд нь голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Энэхүү гялалзсан амжилтынх нь дараа Фрэнкийг Олимпик Марсель хүчээр шахуу (тухайн үед Рибери Туркийн багтай 3 жилийн гэрээтэй байсан ч үүнийгээ зөрчин Марсельд ирсэн учир ингэж нэрлэлээ) өөрийн болгож лиг болон европын тэмцээнд түрүүлэх ирээдүйн зорилгынхоо гол хөшүүрэг болно хэмээн нэрлэсэн билээ. Тиймээс Туркээс, Марсельд шилжиж ирсэн 2005 оны зуныг Риберигийн од нь гийсэн жилүүдийнх нь эхлэл гэж нэрлэвэл зохино.
2005-06 оны улиралд Рибери альхэдийнэ өндөр зэрэглэлийн тоглогч болсноо зарлаж лигийн 35 тоглолтонд 6 гоол оруулсан ба дээрээс нь Аваргуудын лигт ч мөрөө гаргаад амжжээ. Гэхдээ энэ бүхнээс илүү Францын шигшээн дасгалжуулагч Раймон Доменекийн магтаал л түүнийг баярлуулсан нь тодорхой. Герман 2006 ДАШТ хаяанд ирээд байсныг ч хэлэх үү, ”До” амбаны нүдэнд өртчих юмсан гэж тоглогч болгон мэрийж байсан үе тул Риберид энэ нь тэнгэрийн умдаг атгасантай адил хэрэг байсан юм.
ДАШТ-н урьдчилсан шатанд “Гурван өнгөтнүүд” тун тааруухан амжилт үзүүлж арай ядан Германыг зорихоор болсныг та бүхэн санаж байгаа байх.
Иймээс мэргэжилтнүүд тэднийг амжилт гаргах нь юу л бол гэж эргэлзэх нь зүйн хэрэг. Ялангуяа сонгон шалгаруулалтад хоёронтоо учраа таарахдаа ”барж” чадаагүй Швейцарьтайгаа нэг хэсэгт багтсаны дараачаас энэ яриа улам хүчээ авсан юм. Гэтэл үүн дээр нэмэгдээд Аваргуудын лигт дөнгөж түрүүлээд байсан Людовик Жюлиг орхиж Рибери, Чимбонда тэргүүтэй залуусыг бүрэлдэхүүндээ багтаасан Доменекийн хачирхалтай шийдвэр олны эргэлзээг улам ч лавшруулж орхисон юм. Тэр тусмаа Фрэнк ДАШТ эхлэхээс ердөө 2 долоо хоногийн өмнө шигшээн дебутээ хийсэн болохоор арга ч үгүй биз.
”Шигшээдээ ганц хоёрхон тоглосон над шиг амьтаныг Людевик Жюли, Жером Ротен, Роберт Пиреш нарын томчуудаас илүүд үзэж дуудсанд би өөрөө хүртэл гайхаж байлаа. Тухайн үед надад том тэмцээний ямар ч туршлага байгаагүй болохоор алдаа гаргах вий гэхээс л хамгийн их айж байсан”
Гэтэл үнэхээр тааварлашгүй зүйл болж дөнгөн данган хэсгээсээ шалгарсан Францчууд хүчирхэг Испани, Бразил, Португалийг ээлж дараалан буулган авч тэмцээний финалд алтан цомын төлөө өрсөлдөхөөр үлдлээ. Мэдээж хэрэг карьерийн сүүлчийн тэмцээндээ оролцож буй домогт Зизу энэ гайхамшигт үйл явдлын гол дүрийг бүтээсэн ч, ”шинэ Зидан” гэгдсэн Риберигийн тус нэмрийг ч үнэлэхгүй байхын аргагүй. Тогогийн эсрэг хийсэн хэсгийн сүүлийн тоглолтонд тэрээр гараанд гарч Виерад гоолын дамжуулалт өгсөн бол их шөвөгт ”Ялагдашгүй Армада” Испанийн хаалгыг нэгэн гоёмсог гоолоор мялаасан билээ. Гайхамшиг үүгээр дууссангүй. Шөвгийн найм, хагас шигшээн Бразил, Португальтай хийсэн тулаанд ч Рибери гараанд гарч багийнхаа ялалтад хангалттай үүрэг гүйцэтгэсэн юм. Гурван өнгөтнүүдэд энэ эрчээрээ италийн шигшээг буулган авч Алтан дагиныг хүртэхэд ганцхан алхам л дутуу үлдээд байлаа. Гэвч эцсийн мөчид тэдний энэ бүх сайхан мөрөөдөл салхинд хийсэж, пеналтиар дийлдсэнээр Скуадра Аззура 6 дахь түрүүгээ хүртсэн билээ. Шигшээ тоглолтонд Рибери 100 минутыг талбайд өнгөрүүлж нэмэлт цагт Трезегегээр сэлгэгдсэн бөгөөд түүний оронд орж ирсэн супер довтлогч маань энэхүү ялагдлын гол буруутан болсон гэдгийг та бүхэн санаж байгаа бизээ. Tэмцээний дараагаар домогт Зизу их спортоо орхисон ч түүнийг орлох тоглогчийг хэдийнэ олсон болохоор Францын фенүүд алдарт хүүгээ тайван үдэх бүрэн үндэстэй байлаа.
Дэлхийн аваргын дараах улиралд (2006-07) Рибери супер формоо Марселийн төлөө зориулж нийт 37 тоглолт 7 гоол гэсэн стат үзүүлсэн ба баг нь хүснэгтийн хоёрдугаар байранд Лионы ард оржээ. Тэр жилийн зун нь Германы алдарт Байерн Мюнхен 25 сая еврогоор (клубын дээд амжилт) Рибериг элсүүлсэн нь чухам нүдээ олсон наймаа гэлтэй. Түүний хамт италийн гоолын машин Лука Тони Мюнхенд газардсан ч, хүмүүсийн итгэл Франк дээр илүү төвлөрч байсан юм. Тийм ч учраас клубын домог Мехмет Шоллын 7 дугаарыг зүүхэд нь талархан хүлээн авсан билээ. Түүний албан ёсоор”Улаануудын” төлөө хийсэн тоглолт нь 2007 оны 7 сард 21-нд тохиосон ба Вердерийн Бремений хаалганд хийсэн хоёр гоол нь энэ дурсамжит өдрийг нь чимсэн билээ. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл байлаа. Рибери тэр улиралдаа Байерний төлөө 45 тулаанд оролцож 19 гоол оруулсан ба улиралын төгсгөлд Герман, Францын оны шилдэг тоглогчоор тодорч давхар цохилт хийсэн юм. Мөн Бундеслигийн аварга болж, Покал цомын тэмцээнд магнайлсан гээд баярт үйл явдлууд ар араасаа хөвөрсөн билээ.
Тэр цагаас одоог хүртэл Рибери Байерний төлөө үнэнчээр зүтгэж байна. Хэрвээ Мюнхений багийг машин гэвэл гол хөдөлгөгч мотор нь яахын аргагүй Франк билээ. Германий нэгэн сонинд бичсэн ”Риберигүйгээр Байерн эхээсээ төөрсөн хүүхдүүд шиг л арчаагаа алдана” гэсэн ишлэлийг ч энд дурьдахад буруутах зүйлгүй байх. Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд түүний ”имиж” болсон сорвинийх нь талаар тайлбарлая. Рибериг 2 настай байхад гэр бүлийнх нь сууж явсан машин, ачааны том тэрэгтэй мөргөлдсөн бөгөөд энэ аймшигт ослоос болж бяцхан хүүгийн нүүр түлэгдэж дээрхи сорви тогтсон аж.
Амжилт
Клубт :
Галатасарай
Туркийн цомын аварга: 2004-05
Марсель
* Интертотo цомын эзэн : 2005
Байен Мюнхен
* Германы цом – 2008
Бундеслиг: 2008
Шигшээ багт
* Герман 2006 ДАШТ-н мөнгөн медальт
Хувийн амжилт
* Францын шилдэг тоглогч : 2007, 2008
* Германы шилдэг тоглогч : 2008