Сайн ба саар цаг
Гэнэтийн зочин: НБА-ын бүх үеийн оддын нэг, багийн эзэн Майкл Жордан зүгээр ч нэг өөрийнхөө залуусыг хараад байж чадсангүй. Тэрээр багийнхаа бэлтгэл дээр ирж заавар зөвлөгөө өгч, хамтарсан бэлтгэл хийж өөрийгөө бас ч яадгаа алдчихаагүй байгаагаа харуулжээ.
Хэдийгээр тэр дахин талбайдаа эргэн ирэх боломжгүй ч 6 удаагийн аваргын заавар зөвлөгөө ч үр дүнгээ өгч дараа өдөр нь Муурнууд Ютаг 98-92-оор буулгаж авчээ.
Өнгөрч байгаа 7 хоногийн онцлох баг бол яахын аргагүй Портлэнд Трэйл Блэйзэрс байлаа. Тэд 10 тоглолт дараалан ялалт байгуулаад байна.
Үүнийг Брэндон Ройтой холбож ойлгож болно. Тэрээр сүүлийн 9 тоглолтын 8-д нь 20-оос дээш оноо авчээ. " Тэр бол өрнөд конфэрэнцийн шилдэгүүдийн нэг, манай баг энэ эрчээрээ тогловол тэр бүх оддын тоглолтонд орох нь гарцаагүй." хэмээн Портлэндийн дасгалжуулагч Нэйт МакМиллан өгүүлж байна.
Өнгөрөгч лхагва гаригт өрнөд болон дорнодод 2 ч чухал тоглолт болсон билээ.
Детройт Пистонс Бостоны 3-н толгойт мангасыг талбайд нь 87-85-аар буулгаж авсан билээ. Детройтын Биллапс цаг дуусах мөчид зальжин аргаар торгуулийн шидэлт шидэх эрхийг олж авсанаар баг нь хожих нь тодорхой болсон юм. Ингэснээр Бостон 3 дахь хожигдлоо хүлээгээд байна. Тэд Чикагогийн амжилтыг эвдэж чадах болвуу?
Харин нөгөө талд Новицкигийн 31 онооны ачаар Далласчууд Нарнуудыг 108:105-аар хожсон юм. Нэш цаг дуусах мөчид холын зайн шидэлт хийсэн боловч байгаа оноогүй юм.
Төгсгөлд нь нэг гунигтай мэдээ: Миами Хитийн төвийн тоглогч Алонзо Моурнинг Атланта Хаукстай хийсэн тоглолтын үеэр баруун өвдөгний тойгоо гэмтээсэн. Үүний улмаас 37 настай НБА-ын шилдэг төвийн тоглогчийн нэг энэ эрийн карьер өндөрлөж магадгүй байна. Түүний хагалгаа амжилттай болсон талаар эмч нар мэдээллэсэн байна, гэхдээ тэрээр дор хаяж хагас жил талбайд гарч чадахгүй. Гэтэл энэ жил түүний хувьд багтайгаа тоглох сүүлийн жил юм.
" Ингээд бүх юм дуусч байгаа бол харамсалтай л байна. Гэхдээ гайхамшигтай гэр бүл, мөн олон боломжууд цаашдын амьдралд минь байна. " хэмээн Моурнинг өгүүлжээ.
nba.com