Вожислав Бралушич: Шигшээ багт дэг журам чухал
-Вожислав Бралушич: Шигшээ багийн тамирчдын хамгийн гол чанар нь дэг журамтай байхад оршино-
Монголын хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч Вожислав Бралушичтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны 3 дахь удаагийн хурал болж, хэд хэдэн асуудлын талаар хэлэлцлээ. Үүнээс цаг хугацааны хувьд нэн чухал болоод байсан 14 болон 16 гэсэн хоёр насны ангилалд шигшээ багийг удирдах дасгалжуулагч нарыг сонголоо. Таны хувьд 16 хүртэлх насны шигшээ багийг удирдах үүрэгт ажилд томилогдлоо шүү дээ?
-Юуны өмнө надад энэхүү залуусыг удирдаж чадна гэдэгт итгэж энэхүү боломжийг өгсөн хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Шигшээ багтай ажиллах болсондоо би тун их баяртай байна. Энэ бол миний ирээдүйд ч гэсэн маш чухал боломж юм. Би шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэн хүчтэй баг бүрдүүлж амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тэмцээнийхээ аваргын тоглолт хүртэл тоглох зорилготой байгаа. Манай хэсэгт Япон, Хонг Конг, болон Бруней гэсэн улсууд багтсан. Амжилтаараа эхний хоёрт жагссан багууд Азийн Цомын төлөө өрсөлдөх болно. Миний бодлоор бидэнд боломж их бий. Одоо хамгийн чухал зүйл бол сайн тамирчдаа сонгон шалгаруулж авах. Монгол улсаас 15-аас доош насны хөлбөмбөгчдийг сонгон сайн багийг босгох. Би өмнө нь хэлсэн, би зөвхөн хамгийн сайн хүүхдүүдийг л сонгож авна. Сонгож авах хүүхдүүд урд нь хэзээнээс эхлэн тоглосон нь чухал биш, хамгийн чухал зүйл бол тэр үнэхээр тоглож чадах уу? Хувь хүнийхээ хувьд тухайн тоглогч ямар хүн бэ? энэ маш чухал.Би ер нь 34 залуусын нэрийг тэмдэглэсэн байгаа. Харин эцсийн байдлаар зөвхөн 23 тамирчинг сонгох болно. Би өөрийнхөө тэмдэглэсэн хүүхдүүдийн жагсаалтаас санаа зовохгүй байна. Яагаад гэвэл энэхүү жагсаалт дээр одоогийн байдлаар зөвхөн дөрвөн хүүхэд л “ФС Дэрэн” багаас тоглодог. Миний хувьд аль клубд тоглодог нь чухал биш байх болно, зөвхөн өөрийн хүсэлтэй байх ёстой бөгөөд мөн хүний үг авдаг, дүрэм, баг, болон шигшээ багийнхаа өмсгөлөө хүндэлдэг байх ёстой.
-Шигшээ багийг дасгалжуулахаар боллоо. Өмнө нь өөрийн эх оронд эсвэл гадны лигт шигшээ багийг удирдаж байсан туршлага танд бий юу ?
-Би өөрийн эх орон Сербид 14 хүртэлх насны шигшээ багтай ажиллаж байсан туршлагатай. Мөн би Белград дүүргийн 16 хүртэлх насны шигшээ багтай ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн жил Монгол улсын шигшээ багтай маш богинохон хугацаанд ажиллаж байсан. Маш богино хугацаа байсан гэдгийг дахин хэлмээр байна. Тухайн тэмцээнээс өмнө зөвхөн 10 хоногийн л бэлтгэл хийх боломжтой байсан. Гэхдээ энэ нь миний хувьд багадахгүй. Монголын шигшээ багийн тамирчидтай ажиллах бас нэгэн туршлага болон үлдсэн.
-Хөлбөмбөг сонирхогчид таныг “UEFA” буюу Европын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “А” зэрэглэлтэй гэдгийг мэднэ. Анх Монгол улсын хөлбөмбөгт хөл тавих болсон гол шалтгаан ?
-Би анх Монголд 2011 оны 12-р сард ирсэн. Энд ирэхдээ Монгол улсын талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй ирж байлаа. Хүмүүс хөлбөмбөг тоглодог үгүйг ч мэдэхгүй ирсэн. Миний өмнө “ФС Дэрэн” клубд ажиллаж байсан нэг Япон хүн намайг анх урьж авчирч байсан юм. Анх надруу холбогдоод Монголд ирж ажиллах уу ? гэж асууж байсан. Тэрээр агент л даа. Мэдээж түүний тавьсан санал миний сонирхолыг их татаж байсан. Би өөрөө аялах дуртай хүн. Ази тив бол маш сонирхолтой газар, ялангуяа Монгол надад болон миний иргэн тойрны Серби найз нөхөд хамаатан саданд ч бас мөн адил маш сонин байсан. Хэдийгээр Монгол орны талаар ямар ч мэдлэггүй ирсэн ч Монгол хүүхдүүд авьяастай, хөлбөмбөг тоглож чадна гэдгийг хараад л ойлгосон. Гэхдээ эдгээр тамирчдад маш их хөдөлмөр хэрэгтэй. Энд залуу үеээ хөгжүүлэх систем нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Шинэ үеээ хөгжүүлэх системгүйгээр амжилт олно гэдэг бол худлаа. Би яг тийм шугамаар л ирсэн. Япон залуу намайг дуудсан. Анх удаа Монголд ирж хөлбөмбөгийн тамирчдын талаар мэдэж нутаг буцсан ч удалгүй 6 сарын дараа дахин ирсэн. Одоо би энд амьдраад 3 жил болж байна.
-Ирээдүйн шигшээ багийг залгаж гарж ирэх насандаа яваа эдгээр тамирчдыг нэг баг болгох, тэр дундаа хүчтэй сайн баг болгоход ямар ямар алхамыг хийх вэ ?
-Хамгийн чухал асуудал бол яг одоо Монгол хүүхдүүдийн характер зан аашийг өөрчлөх хэрэгтэй байна. Жишээ нь өнгөрсөн жил Монгол улсын насанд хүрэгчдийн шигшээ багтай ажиллаж байхад зарим тамирчдын характер нь асуудал үүсгэж байсан. Зарим залуус спортын соёл, дэг журамгүй байдаг. Тамирчин хүнд байвал зохих зан ааш, сэтгэлзүй гэж байдаг. Энэ бол том асуудал. Одоо ч миний өөрийн багт ийм асуудал гардаг. Жишээ нь өнгөрсөн тойрогт манай баг 2:0-оор хожиж байгаад сүүлийн 10 минутанд тэнцсэн. Зөвхөн хөлбөмбөгийн дэглэмгүй учраас тэр алдаа үүссэн. Бөмбөгөө хүндлэхгүй байна, зөвхөн довтлохоо бодоод байна. Талбайн төв рүү л бөмбөгийг цохиж оруулах талаар бодоод байгаа боловч хамгалалтын талаар нэг ч секунд бодохгүй байгаа нь зөвхөн миний багт учирч байгаа асуудал биш. Нийт Монгол улсын бүх багт учирч байгаа алдаа болоод байна. Үүнийг өнгөрсөн шигшээ багийн тоглолтуудаас харж болно. Одооноос л энэ асуудлыг өөрчлөх нь миний ажил. Би өөрчлөлт оруулж чадна гэхдээ надаа бас хугацаа хэрэгтэй. Энэ спортын дэглэмийг бид залуу үед суулгах хэрэгтэй, тэгсэний дараа бидэнд амжилт ирэх болно.
-Тэгэхээр хамгийн чухал чанар бол дэг журам (дэглэм) гэж ойлгож болох уу?
-Мэдээж. Энд бол тамирчид чөлөөтэй хөлбөмбөг тоглодог. Гэвч амжилтанд хүрэхийн тулд дэглэмтэй хөлбөмбөг тоглох ёстой. Талбай дээр 11 тоглогч байна. Хүн бүр дор дороо өөрийн бодолтой, дээрээс нь миний санаа нэмэгдээд 12 өөр үзэл бодол болно, яах ч аргагүй болно. Багт зөвхөн нэг л бодлого байх ёстой. Нэг зорилго. Энэ бол том асуудал.
-Ард түмэн шигшээ багийн тамирчдаас зөвхөн амжилтыг л хүсэж байгаа. Үүнд хүрэхийн тулд дасгалжуулагчдаас гадна хөгжөөн дэмжигчид ард түмний зүгээс ямар туслалцаа дэмжлэг, эерэг чиг хандлагууд байж болох вэ ?
-Үзэгч ард түмэн тамирчдаа, намайг гэхдээ хамгийн чухал нь тамирчдаа дэмжих ёстой. Тэдэнд та бүгдийн сэтгэл санааны дэмжлэг маш чухал. Монголын фанатууд өөрийн багаа хожино гэдэгт итгэдэггүй. Энэ бас л нэг асуудал. Гэвч би бол өөрөөр харж байгаа. Монгол залуучууд авьяастай гэж би урд өмнө нь ч хэлж байсан. Хамгийн чухал нь авъяасаа яах вэ гэдэг л чухал. Тууштай явахгүй байна. Эхлээд өөртөө итгэх хэрэгтэй. Залуу хүүхдүүд Монголд хөлбөмбөгөөр хичээллээд амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг байх ёстой. Миний хувьд бол энэ маш чухал. Олон нийтийн дэмжлэг бас мөн чухал. Би өмнө нь анзаарч байсан л даа. Хүмүүс шүүмжлэхдээ амархан мөртлөө дэмждэггүй. Шигшээ баг тоглоод хожигдоход бүх хүмүүс шүүмжлээд л байсан. Зөвхөн шүүмжлэл. Би шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг л дөө. Яагаад гэвэл энэ зүйл хаана ч байх ёстой, гэхдээ хүмүүс бас энэ тамирчдыг хэр удаан хамтдаа тоглож байгааг ойлгох хэрэгтэй. Өмнө нь нөхөрсөг тоглолт хийсэн үү? Үүнийг мэдэхгүй байна гэдэг Монголын нэг том доголдол. Аливаа зүйл шүүмжлэл дэмжлэг хоёр тэнцвэртэй байх ёстой. Би бол амжилт л хүсч байна. Гэвч энэ зөвхөн надаас шалтгаалах асуудал биш. Энд маш олон хүний хичээл зүтгэл хэрэгтэй. Фенүүдийн дэмжлэг маш чухал. Эерэг орчин байх ёстой, зөвхөн талбай дээрээ тэмцээний үед биш, нийт улсаараа эерэг орчин тамирчиддаа бүрдүүлж өгөх ёстой. Тэгээд бидэнд томоос том амжилт ирэх болно
Товч намтар:
Вожислав Бралушич
Төрсөн он сар өдөр: 1980/09/10
Төрсөн хот: Ужице
Улс: Серби
Тоглогчийн карьер:
Өсвөр нас:
FC SLOBODA (UZICE) 1988-1997
Ахлах нас:
FC SLOBODA (UZICE) 1997-1998
FC ZLATIBOR (UZICE) 1998-1999
FC LOKOMKTIVA (BELGRADE) 1999-2001
FC ZLATIBOR (CAJETINA) 2001-2002
FC LOKOMKTIVO (BELGRADE) 2002-2003
Дасгалжуулагчийн карьер:
FC Lokomotiva Belgrade 2003-2011
Coach of youth categories 2003-2011
Coordinator of youth categories 2007-2011
First team assistant coach 2006-2009
Head coach of the first team 2009-2011
Belgrade city U14 team 2006-2010
FC Deren youth categories 2012
FC Erchim senior team 2013-2015
Mongolian national head coach 2014
FC Deren head coach senior team 2015
Champion Mongolia 2013
Super cup Mongolia 2013
Final group presedent cup 2013
Final group presedent cup 2014
Cup Mongolia 2014
Super cup Mongolia 2014
Эх сурвалж:
www.mff.mn