by Nomer 10 » Sun Aug 09, 2015 8:56 pm
Форумын анхдагчдын нэг Чукча2002 маань тэнгэрт хальжээ. Анх асуултаас хамтдаа нүүж ирж байлаа. Сонирхдоггүй, бүр мэддэггүй спорт гэж бараг үгүй тийм л нэг сайхан залуу байлаа. Бөх барилдана, сагсанд бас сайн. Самбар доор мангас юм байна гээд Хосоо нэг удаа магтах үгээ олохгүй байсан сан. Германы болон Бундэслигийн багуудын улаан фэн, бусад спорт дээр болохоор Оросын үнэнч балиашиг. МУИС-д багш. Аав нь бас тэнд физикийн багш. Хөгжилтэй зантай, шооч. Аавынхаа тухай ярихдаа найзыг нь хамтруулж яриад намайг нэг үхтэл инээлгэж билээ. МУИС-ын шинэ курсын оюутнууд хичээлээ эхлүүлж л дээ. Чукчагийн аав, найзтайгаа тэр ангид дараалан хичээл орж. Эхний багш нь өөрийгөө Зузаан гээд танилцуулж. Дараагийн багш нь өөрийнхөө нэрийг Лантуу гэж хэлж. Анги дүүрэн нирхийтэл инээсэн гэсэн гээд яг энийгээ ярьж байхдаа нүд нь бүр ч онийгоод зураас болчихоод, сайхан яралзсан цагаан шүдээ гаргаад хөгжилтэй нь аргагүй малийж суусан тэр мөч одоо ч нүднээ харагдах шиг. Ер нь хаа явсан газраа дандаа хүн инээлгэж явна. Нэг удаа Цогоо, Ёкозүна, 21грамс, Чукча бид хэд чатаар сумо ярьж байлаа. Нэг мэдсэн яриа халтираад Цогоогийн ажил руу яваад орчихлоо. Мань хүн Оюутолгойд хөдөлмөр хамгааллын инженер байлуу даа, газрын гүн рүү хэдэн зуун метр ордог ч гэлээ. Бид хэд Үгүй тэгээд халахгүй юу гээд сонирхоод л. Нөгөө 21грамс-аа мартчиж. Хүүе ингэхэд 21грамс хааччихваа гэсэн чинь мань хүн дуугарч байнаа, Та нар өөрсдөө сумо ярихгүй бна шд гэж байна. Хамгийн түрүүн шоочоороо Чукча бид 2 ХАХА гээл авлаа. Бусал нь дагаж баахан хөхрөөд л. Чукча хувиараа бас над руу хаха гэж байсан даг. Намайг Германд байх үед мань эр мэргэжил дээшлүүлэхээр хажуугийн Дармштадт гэж нэг жижигхэн хотод ирсэн юм. 6 оны дэлхийн аваргын өмнөхөн л дөө. Тэгсэн манай хотын нөгөө талд Бразилын шигшээ нэг өдөр нээлттэй бэлтгэл хийх болов оо. Би Олон улсын спортын сэтгүүлчийн АIPS картаараа бүртгүүлээд 2ш мандат олж авав. Тэгээд цаадахыг чинь дуудсан чинь утасны цаанаас баяр хөөрөө нууж чадахгүй байгаа нь мэдэгдэж байлаа. Тэгээд бүр стадионд орсон хойноо яг нэг бага ангийн хүүхэд багшаасаа онц дүн авсан мэт хөөрөөд. Зөндөө стадион орчихсон надад инээдтэй санагдаад би бүр жуумалзаж байж билээ. Мань хүн Миланы улаан фанат л даа. Би тухайн үед дэлхийн супер од Роналдиньогоос харц салгаж чадахгүй байсан даг. Стадионы бараг бүх хүн ганцхан тэрнийг харах гэж л очсон байх. Тэгсэн Чукча ганцаараа зөвхөн Кака дээр харц нь тогтоод Ро-г тоож байгаа ч юм алга. Кафуг бас харна. Цаана нь уг нь Роналдо бас зогсоод байгаа юм шд. Тэгээд стадионоос гарахдаа Ёстой их баярлалаа гээд гарыг маань өвдтөл атгаж билээ. Тэгж байтал дэлхийн аварга ч боллоо. Олон ч тоглолтыг энд тэнд хамтдаа үзэж билээ. Тэгж байхдаа тоглолтын явц энэ тэр гээд баахан л ярьдаг сан. Зарим нэг юмыг асууна, хүний үгийг тун дуулгавартай сонсдог байсан, багш болоод тэр байх. Нэг удаа Франкфурт явж гадаа тоглолт үзсэн юм. Аргентин - Холланд. 0-0-ээр тэнцээд тоглолтын дараа 2 багийн фэнүүд холилдож баярлаад хотыг нурааж билээ. Нэг харсан мань эр нэг нөхрийн энэ гитлер малгайг шүүрч аваад толгой дээрээ тавьчихаж. Би гялс дуудаад над руу харангуут энэ зургийг дарж байсан юм. Тэр Монгол руу нэг явчихаад хэдэн сарын дараа эргээд ирсэн. Тэр үед ЧЛ-ийн финал таарсан юм. Нөгөө алдарт 3-0-оос comeback хийдгийн хариу тоглолт. Би тухайн үед Арсенал, Челсигээс бусад Английн багуудыг нэлээн дэмждэг байсан. Ливерпүүлийг дэмжээд, мань хүн Миланаа балиалаад нэг бааранд яваа орвоо. Тэгсэн нуль италичууд суучихсан байсан. Мань хүн шууд л хөөрөөд явчихсан. Тоглолтын дараа нөгөө италичууд нь надаар тохуу хийж, миний малгайны саравчийг нүд рүү дараад л. Мань хүн ойр хавийнхаа бүх хүнтэй гар барьж, баяраа тэмдэглэж билээ. Яг чин үнэндээ Хосоо бид 2-ыг холбож өгсөн хүн нь Чукча Себа 2 юм шүү дээ. Себа Чукча бид 3 яахүү групп үүсгээд Монголд спортын төрөлжсөн вэбсайт ч юм уу хийе гээд ярилцдаг байлаа. Тэгж байтал нэг өдөр Чукча нөгөө групптээ цаана чинь нэг хүүхэд Монголд бид нарын яриад байсныг хийх гэж байгаа юм бна, Себа та 2 гадаадад байгаа болохоор энд юм хийхэд хүндрэлтэй юм бна, хэдүүлээ энэ хүүхэдтэй нийлчихье гэж гэж байна. Хосоо асуултаас харж байгаад тэр 2 луу хандсан юм билээ. Тэгээд манай 2 урилгыг нь хүлээж аваад, нэмээд намайг ав гэж хэлсэн гэж байсан. Удалгүй Хосоо надтай холбогдоод бид хамтарч эхэлсэн. Хавар нь анхны сэтгүүл гарсан. Өвөл нь би тэндээс нэг домэйн аваад форумаа инсталлдаж байсан. Хэрэв Хосоо бид 2-ыг Чукча холбоогүй байсан бол өдийд энэ форум байх ч байсийм уу, хэн мэдлээ. 10 жилийн ой дээрээ хүндтэй залах зочны нэг маань байсан юм шүү. Хэдхэн хоног тэсчихгүй дээ. Шүдний эмч хүний өвчтэй шүдийг нь сугалдаг бол бурхан хүний сайныг нь түүдэг бололтой. Спортын нэгэн мундаг хорхойтон, цонхын түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон Чукча бид 2-ын дунд зөндөө дурсамж үлдэж дээ. Тэр бүхнийг энд бичиж үл барнам. Тавтай нойрс доо, chukcha2002 минь ээ. Энэ никийг хамгийн сүүлийн удаа магадгүй би бичиж байгаа байх. Харамсаад ч барахгүй нь. Ум сайн амгалан болтугай.
Hup Holland Hup