by Nomer 10 » Mon Jul 27, 2015 5:40 pm
Өвөл Спортын өнгө сонинд нэг ийм юм бичиж байжээ.
Катарын тэмцээний тойм хийгээд
сэлэлтийн төрлүүдийн нэршлийн тухай
Манай сонин өмнөх дугаартаа та бүхэнд Катарын нийслэл Доха хотод болсон Богино зайн усанд сэлэлтийн дэлхийн аваргад манай тамирчид хэрхэн оролцсон тухай мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл энэ дугаартаа тэмцээний ерөнхий тоймыг хүргэхээс гадна усанд сэлэлтийн 4 үндсэн төрлийг хэрхэн олон улсын жишигт тааруулж нэрших тухай бичихээр шийдлээ.
“Хамад Акуатик Центр” ордонд дэлхийн 171 орны 1100 гаруй тамирчид 5 хоногийн турш хуран чуулсан 25м-ийн Дэлхийн аваргын тэмцээн 12 сард болж байгаагаараа ихээхэн онцлогтой болсон юм. Хавар болдог байсан энэ тэмцээнийг ийнхүү оны төгсгөл рүү шилжүүлсэн нь энэ спортын тамирчид, дасгалжуулагчдаас өндөр үнэлэлт авсан. Зуны урт удаан улирлын өмнөх бэлтгэлээ хийх хангалттай хугацаатай болж байгаа нь тэдэнд таатай байх нь аргагүй. Мөн тэмцээний хүрээнд 136 орны өсвөр насны 250 гаруй усанд сэлэгч сургалтын хөтөлбөрт хамрагдсан анхны тохиолдол. Тэмцээн болохоос 2 хоногийн өмнө “Оддын үдэш” хэмээх хүндэтгэлийн Гала болж, усан спортынхон оны шилдгүүдээ тодруулахад Оны шилдэг эрэгтэй усанд сэлэгчээр Өмнөд Африкийн Чад Де Клос, эмэгтэйгээр нь Унгарын Катинка Хошцу шалгарсан. Чад Де Клос 2014 Фина/Мастбанк Дэлхийн цомын ялагч болж, Хамтын орнуудын спортын наадмаас 2 алт, 2 хүрэл хүртсэн бол Катинка Хошцу мөн Дэлхийн цомд тэргүүлснээс гадна Европын аваргаас 6 медал хүртсэн юм.
Дэлхийн аварга эхлэнгүүтээ л шуугиан дуулианаар дүүрэн байлаа. Испаний Мирейа Бэлмонтэ 200м-ийн эрвээхэй болон 400м-ийн холимог сэлэлтийн төрөлд хоёуланд нь Хошцуг дийлж сэлснээс гадна 2 дэлхийн дээд амжилт тогтоож орхисон. 2013 оны Барселонад болсон дэлхийн аваргад тэрбээр Хошцуд 2 удаа дийлдсэн хариугаа ийнхүү жинтэйхэн авсан хэрэг. Хошцу үүнд ихээхэн хор шар нь хөдөлж “Энэ 2 ялагдал намайг улам хурцалж байна” гэж хэлсэн. Үүндээ ч тэр хүрч, дараагийн өдрүүдэд нь 4 алтан медал хүртсэн юм. Ялангуяа Бэлмонтэд ялагдсаныхаа маргааш 100 м-ийн нуруугаар сэлэх төрөлд дэлхийн рекорд хийж түрүүлснийхээ дараа самбар луу харчихаад гараа зангидан ус руу нударгаа буулгаж, хамаг байдгаараа орилсон тэр мөч энэ тэмцээний нэгэн түүхэн агшин болон үлдсэн юм. Хошцу энэ уралдааныхаа дараа “Би урьд шөнө өчигдрийн талаар их бодсон. Өнөөдөр би хамгийн шилдэг уралдаанаа гаргахыг хичээсэн. Дэлхийн цомын үеэр 3 удаа дэлхийн рекордод ойрхон ирсэн ч эвдэж чадаагүй. Харин энэ дэлхийн аваргаар үүнийг хийсэндээ баяртай байна” гэж хэлсэн. Тэр 4 түрүүлэхдээ дөрвүүлэнд нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Ялангуяа тэмцээний 3 дахь өдөр түүний өдөр байсан гэж болно. Энэ өдөр тэрбээр 2 түрүү хүртэхдээ 200м-ийн нуруугаар сэлэх төрөлд 1:59,23 минутын амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоосон нь түүнийг энэ зайд бүх үеийн түүхэн дэх 2 минутаас дотогш хугацаанд сэлсэн анхны тамирчин болгосон юм. Өмнөх рекордыг 2012 оны олимпийн нэгэн баатар, Америкийн нэрт сэлэгч Мисси Франклин эзэмшиж байсан юм. Хошцу 100м-ийн холимог төрөлд мөн түрүүлэхдээ өөрийн эзэмшиж байсан өмнөх дэлхийн рекордоо шинээр тогтоосон. Дараагийн өдөр нь тэр 200м-ийн холимог сэлэлтэд бас л дэлхийн дээд амжилт хийж түрүүлсэн билээ.
Түүний гол өрсөлдөгчдийн нэг Бэлмонтэ ч мөчөөгөө өгөхгүй дахин 2 алтан медал нэмж авсан ба энэ 2 төрөлдөө тэрээр дэлхийн аваргын рекорд хийсэн. Энэ удаагийн тэмцээн түүний хувьд ер бусын амжилттай өндөрлөлөө. Өмнө нь тэрбээр 2010 оны Дубайн дэлхийн аваргаас 3 алт, 1 мөнгөн медал хүртсэнийгээ ийнхүү ахиулж чадлаа. Гэхдээ Бэлмонтэ урт зайн/50м/ дэлхийн аварга болон олимпийн наадмаас/1924 оны Парисын олимпоос хойш 50м зайг стандартаа болгосон/ хараахан алтан медал хүртэж чадаагүй байгаа. Бэлмонтэ Хошцу нараас өөр нэгэн тамирчин бас энэ тэмцээнээс амжилтын арвин хураасан. Энэ бол Шведийн Сара Шөстрөм. Тэмцээний 3 дахь өдөр 100м-ийн чөлөөт сэлэлтэд мөнгө авсныхаа дараа тэр “Төгсгөлөө би сайн хийж чадсангүй” хэмээн харамсангуй ярьж байсан юм. Хэрвээ энэ зайд тэр тэргүүлж чадсан бол бас л 4 алтан медал хүртэх байлаа. Энэ өдөр тэр 50м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд алтан медал хүртэхдээ тэмцээний рекордыг шинэчилсэн. 5 дахь өдөр буюу дэлхийн аваргын сүүлийн өдөр Шөстрөм 100м-ийн эрвээхэй болон 200м-ийн чөлөөт сэлэлтэд тус бүрд нь дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж, уг өдрийн баатраар нэрлэгдсэн юм.
Дэлхийн аваргын бас нэгэн сэтгэл хөдөлмөөр агшин нь 3 дахь удаагаа дэлхийн аваргадаа оролцож байгаа Ямайкын тамирчдаас анхны дэлхийн аварга төрж байх тэр мөч байлаа. 50м-ийн мэлхий сэлэлтэд сүүлийн 2 жил улсынхаа оны шилдэг тамирчнаар нэрлэгдээд байгаа Литвийн Рута Мейлутите түрүүлж, Ямайкын Алиа Аткинсон удаалсны дараа 100м-т мөн л энэ дараалал алдагдахгүй гэж бүх нийтээр бодож байлаа. Хагас шигшээд Мейлутите дэлхийн аваргын рекорд хийчихсэн болоод ч тэр үү, энэ бараг ойлгомжтой байлаа. Гэтэл хачирхалтай юм болох нь тэр. Барианд орсныхоо дараа Аткинсон дэлгэц рүү харахдаа бараг л 2-р байрны шугам уруу харсан гэхэд буруудахгүй болов уу. Гэтэл тэр литва аваргыг давжээ. Бүр дэлхийн рекорд хийгээд шүү. Өөртөө ч итгэхгүй байсан түүний нүд эгээтэй л аяганаасаа гарах нь уу гэлтэй харагдаж байлаа. Дасгалжуулагчтайгаа гэрлэсэн тэрээр ийнхүү дэлхийн аваргын түүхэнд анхны хар арьст алтан медалтан болон бичигдсэн юм. 200м-ийн зайд харин дээрх 2-ын хэн нь ч биш япон бүсгүйчүүд тэргүүн, дэд байруудыг эзэлсэн.
Нэгэн бүсгүйг энд дурьдахгүй бол мөн л болохгүй нь. Бразилын сэлэгчид тэр дундаа эрчүүд нь үргэлж хүчирхэг өрсөлдөгчдөд тооцогддог. Харин энэ удаад Этиене Медейрос бүхний анхаарлыг өөр дээрээ татаж чадсан. 50м-ийн нуруугаар сэлэх төрөлд тэр 2008, 2012 оны олимпийн аварга Австралийн нэрт сэрэгч Эмили Сеебомыг дэлхийн дээд амжилт тогтоон барин дийлж орхив. Өөрийнхөө баяр хөөрийг нууж ядан баярлаж байсан тэр “Би Бразилын анхны өсвөрийн дэлхий аварга болж байсан, одоо бас богино зайд анхны аварга боллоо” хэмээн хэлсэн. Тэр мөн холимог төрлийн холимог хос буухиад алт, холимог чөлөөт төрөлд хүрэл хүртсэн юм. Түүнд ялагдсан Сеебом харин энэ тэмцээний хамгийн азгүй тамирчин болсон гэхэд хилсдэхгүй. Өөрийн дархан төрөлдөө тэр бүх 3 зайд алтан медалд хамруураа таслуулснаас гадна 100м-ийн холимог төрлийн буухиад бас мөнгөн медал авсан. Түүнтэй адил бас нэгэн “азгүй тахиа” нь Британий Сиобан-Мэри О’Коннор. Тэр энэ дэлхийн аваргаас 3 мөнгөн медал авсан ба холимог төрлийн 100м, 200м зайд мөнөөх Хошцуд дийлдсэн юм.
Чөлөөт сэлэлтийн төрөл Нидерландынх гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан. Олимпийн 3 аваргыг багтаасан буухиа баг нь бүх 3 зайд дэлхийн рекордыг шинэчилснээс гадна 50м, 100м-ийн ганцаарчилсанд Раноми Кромовижожо, Фэмке Хеемскерк нар алтыг хамсан. Чингэхдээ тэдний 200м-ийн буухиад үзүүлсэн амжилт нь ер бусын. 2010 оны хятад бүсгүйчүүдийн тогтоосон дээд амжилтыг бүтэн 3 минутаар урагшлуулсан гээд бод доо. Харин холимог төрлийн буухиа уралдааны бүх буюу 2 зайд Данийн бүсгүйчүүд давхар цохилт хийж, 2 алтан медал хүртсэн билээ.
Эрчүүдийн тулаанд одоо цагийн супер од Өмнөд Африкийн Чад Де Клос, 3 олимпийн аварга, 2 жилийн өмнөх Истанбулын тэмцээний 6 алтан медалт Америкийн Райан Лохте нарын хооронд гол байлдаан өрнөнө хэмээж байсан ч Лохте аргагүй харьж яваа гэдгээ зарлаж байгаа мэт алтан медал нэжгээд бүү хэл нэгийг ч хүртэж чадсангүй. Харин Чад Де Клос 4 түрүү авахдаа өөрийн дархан зай буюу эрвээхэй сэлэлтийн бүх 3 төрөлд дэлхийн болон дэлхийн аваргын тэмцээний рекордыг тогтоосоор аваргалав. Тэр мөн 200м-ийн чөлөөт сэлэлтэд хүчирхэг өрсөлдөгчид болох Оросын Изотов, дээрх Лохте нарыг илүүрхэж түрүүлсэн. Энэ тухайгаа тэрээр “Энэ төрөл бол миний сайн чадах төрөл биш, гэхдээ би түрүүлчихлээ, маш их баяртай байна” гэж ярьсан. Францын Флорен Мануду 50м-ийн 2 төрөлд түрүүлснээс гадна 100м-ийн холимог төрлийн буухиад нутаг нэгтнүүдийн хамт алтан медал хүртэж одтой сайхан наадлаа. 50м-ийн чөлөөт сэлэлтэд өмнөх дэлхийн аварга Оросын Владимир Морозов, дэлхийн аваргын рекорд эзэмшигч Бразилын Сезар Сиелу нарыг тэр дэлхийн рекорд хийж ялсан. Энэ дэлхийн аваргаар Бразилын Фелипе Франка Силва хамгийн олон алтан медал хүртсэн юм. Нийтдээ тэрээр 5 алтан медал авсан. Холимог сэлэлтийн төрөлд 100м-т Германы Маркус Дайблер тэргүүлсэн бол нөгөө 2 зайд нь япон залуучууд магнайллаа. 400м-т түрүүлсэн Дайя Сэто 200м-т түрүүлсэн Косукэ Хагиногийн талаар хэлэхдээ “Бид 2 бүр багаасаа 10 настайгаасаа хамт сэлж байгаа. Тэр миний хамгийн сайн найз төдийгүй хамгийн хүчтэй өрсөлдөгч. Дотоодын тавцанд бид үргэлж мөчөөрхөлцдөг” гэсэн нь бас сэтгэл хөдөлгөж байлаа. Лондоны олимпийн аварга, Өмнөд Африкийн Камерон ван дер Бург санаснаас муу байсан нь тэр гэмтлээсээ ирээд бэлтгэл муу байгаатай холбоотой биз. Унгар залуус мөн хийморьтой уралдаж 200м-ийн мэлхийд Даниел Гюрта, 400м-ийн чөлөөтөд Питер Бернек нар түрүүлэн Хошцугийн 4 алтан медал дээр тус бүр нэг алтыг улсдаа нэмэрлэв.
Ийнхүү 23 дэлхийн дээд амжилт шинэчлэгдэн тогтоогдсон тэмцээний төгсгөлийн өдөр өндөрлөхөд 7 алтан медал авсан Бразилын баг тэргүүлж, 6 алттай Унгар удаалж, гутгаар байранд 5 түрүү хүртсэн Нидерланд оров. Медалийн тоогоор 12, 11 ,10 медал хүртсэн гэдэг амжилтаар энэ жагсаалт урвуугаараа бичигдсэн. Тэмцээний өмнө дэлхийн шилдэг усанд сэлэгч болцгоосон Катинка Хошцу, Чад Де Клос нар үүнийгээ батлах мэт дэлхийн аварга шилдэг эмэгтэй , эрэгтэй сэлэгчид боллоо. Хэдий Сиелу 5 алт хүртсэн ч үүний 3 нь буухиагаас, мөн ганцаарчилсан төрөлд дэлхийн дээд амжилт эвдээгүй гэдэг нь шилдгээр шалгаруулах боломжгүй байлаа. Чад Де Клос хэлэхдээ “Хэд хоногийн өмнө оны шилдэг сэлэгч болсны дараа миний мөрөн дээр медиа болон үзэгчдээс маш их дарамт ирсэн. Тиймээс би дэлхий дахинд дэлхийн шилдэг гэдгээ харуулахыг их хичээсэн” гэж хэлсэн юм.
За тэгээд эцэст нь нэгэн санал, тайлбар хэлэмгүй бол боломгүй нь ээ. Усанд сэлэлтийн дэлхийн аварга бол оролцож байгаа орон ба тамирчдын тоо, үзэгчдийн хүрээ зэргээрээ хөлбөмбөгийн дэлхийн аварга, олимпийн наадам, хөнгөн атлетикийн дэлхийн аварга гэх мэт цөөхөн том тэмцээний дараа орох спортын өргөн цар хүрээтэй том төрөл. Үүнд 4 үндсэн төрөл бий. Backstroke, breaststroke, butterfly, freestyle. Уг нь ойлгоход тун энгийн. Нуруу/back/, цээж/breast/, нисэх/fly/, чөлөөт/чөлөөт/. Бусад улсууд бараг бүгд үүнийг яг тэр чигээр нь хуулбарласан. Германд Ruecken, Brust, Schmetterling/эрвээхэй/, Freistil гэдэг бол Оросод Плавание на спине, брасс, баттерфляй, кроль гэж хэлдэг. Манайд харин усанд сэлэлт сайн хөгжөөгүй болоод ч тэр үү, эдгээр нэршил хөрсөн дээр буухгүй л яваад байгаа. Олимп, тивийн наадам болохоор эхний өдрүүдэд усанд сэлэлт дандаа гардаг. Тайлбарлагчид нь бүгд өөр өөрийнхөөрөө нэрлэж, тэр дунд нь үзэгчид толгой нь эргэж гүйцдэг. Далайн гахай, эрвээхий, мэлхий, нохой самардалт юу юу ч гэнэв. Нэгдсэн нэг нэршилтэй болоод түүгээрээ бүгд зэрэг хэлж заншихгүй болохоор хэдэн өдөр хэдэн нөхөр сэлээд л байна, сэлээд л байна. Тэгээд тамирчдаа танихгүй, амжилтыг нь дурьдахгүй дээрээс нь янз бүрээр нэрлээд байхаар үзэгчид залхаад сувгаа солихоос аргагүйд хүрдэг. Бүр манай Усан спорт сонирхогчдын холбоо хүртэл өөрөө эндүүрч бичихийг яана. Нуруугаар сэлэх төрлийг тэд өөрснөө далайн гахай гэж ирээд л мэдээ оруулаад байх юм. Олон улсаа дагаа, наадах чинь өөр нэртэй төрөл гэхээр дельфин гээд сольж бичихийг юу гэх вэ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж бага байхдаа бид нар тоо сайн заалгасан даа. Тэдний андуураад байгаа төрөл бол үнэн чанартаа эрвээхий юм. 1953 онд ФИНА-д албан ёсоор орж ирсэн энэ төрөл эхэндээ Дельфин гэгдэж олон арван жил энэ нэрээрээ явсан. Одоо бол харин butterfly/эрвээхий/ гэж нэрлэгддэг болсон. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр усанд сэлэлтийг сонирхогчид, үзэгчдэд ойлгомжтой болгох үүднээс олон улсын жишгээ дагая, гэхдээ болж өгвөл богино нэршилтэй болгоё гэсэн санааг би дэвшүүлээд байгаа юм. Спортын сэтгүүлчдэд дунд ч энэхүү уриалгыг гаргасан байгаа. Энэ 4 төрөл дунд нуруугаар сэлдэг ганцхан төрөл бий. Түүнийг далайн гахай ч биш, араар даллах ч биш ерөөсөө л нуруугаар сэлэх гэхэд л хаа хаанаа ойлгомжтой тодорхой болж ирнэ. Харин тэр далайн гахай гэж андуураад байгаа төрлөө бусдын жишгээр эрвээхий гэе. Угаасаа энэ төрөл чинь 2 гараа алдалж эрвээхий далавчаа дэлгэн нисч буй мэт хөдөлгөөнийг үзүүлдэг төрөл. Тэр өврөөр даллах гээд байгааг нь зүгээр өврөөр сэлэх гэе. Өврөөр сэлэх 2 төрөл байгаагаас нэгийг нь эрвээхий гэчихэж байгаа юм чинь үлдэж байгаа нөгөөх нь өврөөр сэлэх гэхэд л болоод явчихна. Эсвэл харин мэлхий гэж нэршээд сурчихвал 2 өврөөр сэлэхийг холихгүй бүр ч зүгээр. Энэ төрөл нь усан дотор мэлхий сэлэх техникээр сэлдэг төрөл. Албан бус хэллэгтээ олон улсад мэлхий гэж маш их нэрлэгддэг төрөл. Харин төр өврөөр даллах гэж ярьдаг бол буруу шүү. Зарим нь бас чөлөөт сэлэлтийг өврөөр даллах гэж байна. Энэ бол өвөр хэсгээр гараа даллаж сэлдэг учир үнэнтэй хэдий ч олон улсын жишгээ дагаад чөлөөт гэж хэлсэн нь зөв биз ээ. Энэ төрөл уг нь хүн дуртай стилээ сонгож болно. Тийм учраас чөлөөт гэж нэрлэсэн юм шүү дээ. Гэхдээ практик дээр хамгийн хурдан хугацаанд сэлэх нь өврөөр даллаж байгаа энэ төрөл учраас бүгд чөлөөт дээр энэ стилийг сонгодог. За ингээд харахаар нуруугаар сэлэх, эрвээхий, өврөөр сэлэх эсвэл мэлхий, чөлөөт гээл тун ойлгомжтой болж ирж байгаа биз. Зарим хүмүүсийн хувьд үл таалагдаж мэднэ, гэхдээ ССАЖЯ гэж байхад спортын төрлүүдийг өвөрмонголчилсны хажууд жинхэнэ сайхан монгол нэршил. Түүнээс ямар боулингыг бөмбөөхэй, дартсыг шидүүр зүү гэх мэт элэг хатаж унамаар алиа хошин нэршил өгч байгаа биш. Үүнийг хариуцсан газрууд нь анхааралдаа авч, спортын сэтгүүлчидтэйгээ зөвшилцөж нэг мөр болгохгүй бол энэ сайхан спортыг шимтэн үзэх үзэгчид төдийлөн нэмэгдэхгүй л болов уу. Бүгд нэг дуугаар нэршээд, том тэмцээнүүдийг тв-ээр гаргаад, тамирчид хоорондын гал гарсан ширүүн уралдаануудыг харьцуулж ирээд үзүүлээд эхэлбэл үзэгчдийн хүрээ илт нэмэгдээд ирэх вий. НТВ тв биатлоныг анх удаа шууд дамжуулах гэнэ, сайхан тайлбарлаад эхэлбэл хар аяндаа л бүгд тийш сувгаа эргүүлээд эхэлнэ. Орчин үеийн тв-ийн амьдралд спорт гэдэг маш том маркетинг дагуулдаг нь нэгэнт тодорхой болсон. Чухамдаа спортын үйл явдлууд дээр л хамгийн том гэрээ хийгдэж, хамгийн том рекламууд тэнд өгөгддөг. Эрэмбээрээ дээр шатанд зогсох усан спортыг шууд үзүүлээд маркетинг сайн хийвэл тун чиг амжилттай байх нь дамжиггүй.
Hup Holland Hup