Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва:Бусдыг ялахын тулд эхлээд өөрийгөө ялах ёстой гэж боддог…Монгол улсын өсөх идэр начин Рэнчинбямбын Пүрэвдагватай “Монгол цэргийн өдөр”-т зориулсан барилдааны дараа уулзаж ярилцсан юм. Бусаддаа үлгэрлэн амжилт дүүрэн тогтмол барилдаж буй түүний барилдааныг үзэгчид үзэх тун дуртай. Дайчин эрэмгий, мэдрэмжтэй олон сайхан барилдаанаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн идэр начингийнхаа ярилцлагыг таалан болгооно уу?-Монгол цэргийн баярын мэнд хүргье?-За баярлалаа.
-Өнөөдрийн барилдаанаас хоёулаа яриагаа эхлэе. Барилдаан бүрт тогтмол барилдаж байгаад тань үзэгчид их л талархалтай байх юм билээ?-Өө, яахав. Боломжоороо тогтмол оролцоод барилдаад явахыг боддог. Өнөөдөр эр цэргийн баярт зориулсан барилдаандаа сайхан барилдлаа. Цэргийн баярын барилдаан бөхчүүд олноор оролцсон сайхан том барилдаан болдог. Өмнөх жилүүдийн энэ барилдаанд би нэг түрүүлж, их шөвөгт нэг удаа шалгарсан байдаг юм.
-Бат-Орших харцага та хоёрын барилдаан ямархуу болов?-Мэдрэх гэж байгаад уначихлаа /инээв/. Харцагын давхар шуудагнаас хашиж мордох мэхэнд нь өвдөг шороодсон. Бид ч цөөнгүй таарч барилдсан хоёр. Харцага сайн байна шүү. Бэлтгэл ч сайн байгаа бололтой.
-Та ч барилаанууд дээр амлуулахаас тунах нь дийлэнх болжээ?-Өө, тийм. Тунаанд л ихэвчлэн үлддэг болсон. Залуу бөх байхад туначихаараа их баярладаг байсан. Тунах сайхан шүү. Амлах, амлуулахаас сэтгэл зүйн хувьд ч тэр туначих нь амар байдаг юм. Ер нь тэгээд барилдсан барилдаан бүртээ үзэгч олноо баярлуулж цэнгүүлж, өөрөө ч гэсэн дээшээ үзчих л бодолтой явдаг.
-Бэлтгэл жигдэрчихсэн, хий арилаад барилдахад ч амар байна уу?-Одоо ч бэлтгэл сайтай хүн л сайн барилддаг болсон цаг. Бэлтгэлээ хийгээд л явж байна. Намар эртхэн бэлтгэлдээ орсон. Ер нь бөхчүүд ингэж эрт бэлтгэлдээ ордог болсон байна. Наадмын дараа хөдөөгүүр нэлээд явж, нутагтаа очиж хэд хоног амарч ирээд түүнээс хойш форм алдахгүй, жигдхэн бэлтгэлтэй байгаа даа.
-Та морь жилд чансаагаар бөхчүүдээ тэргүүлсэн байгаа. Энэ нь барилдаануудад тогтмол оролцохоос гадна амжилт нэлээд чамбай байсных биз ээ?-Бөхийн холбоо болон ивээн тэтгэгч компаниуд залуучуудыг дэмжиж, зорилготой, тэмүүлэлтэй байх урам нэмж оноо чансаа гарган урамшуулдаг болсон нь их зөв санагддаг. Миний хувьд сүүлийн хоёр жил “Хамгийн олон даваатай бөх”-өөр тодорсон байгаа. Сая цагаан сараар “Чансаагаар тэргүүлсэн бөх”, “Хамгийн олон даваатай бөх” гэсэн хоёр шагнал гардсан. Цаашдаа ч бэлтгэл сургуулиа сайн хийгээд явж байхад бүх юм болно доо.
-Энэ жилийн цагаан сараар үзэгчдийн зүгээс таныг түрүүлчих болов уу гэсэн таамаг нэлээд яригдаж байсан?-Бөх ч өдөр өдрөөр өөр байдаг л даа. Яахав, сайхан барилдсаан.
-Наадам саяхан л болж байсан. Тэгсэн одоо дараагийн наадам хаяанд ирсэн байна. Таны хувьд өнгөрсөн жил цолоо баталсан?-Тийм ээ. Улсын начин цолоо баталлаа. Бөх хүн цол аваад тэрийгээ батлана гэдэг их чухал асуудал гэж ойлгодог. Үнэ цэнэ нь ч өөр юм. Ер нь цолоо баталж чадсандаа их баяртай байгаа. Цолныхоо эзэн байх, цолоо дүүртэл барилдах гэдэг сайхан. Мэдээж дараа нь цолоо ахиулахын төлөө зүтгэнэ. Цаашдаа ч олон жил амжилтаа ахиулж, сайн барилдах юмсан гэж зорьж, мэрийж байна.
-Цолоо батлахдаа бас сайн заантай барилдаж давсан шүү?-Тэгсэн. Батмөнх заан намайг гурван бөхөөс амалсан. Санасан мэхээ хийгээд сайхан барилдаж давсан даа.
-Батмөнх заантай таарах болов уу гэсэн таамаг, бодол байв уу?-Байгаагүй ээ. Би тавын даваанд хоцрохоо алдаад.
-Тийм үү, яагаад?-Дөрвийн давааны дараа завсарладаг шүү дээ. Тэр үеэр нэг ахындаа очиж цай хоол идчихээд иртэл тавын даваа эхэлсэн байсан. Яг цэнгэлдэийн гадаа ирэх үед намайг зарлаж байгаа нь сонсогдсон. Гүйсээр ороод бараг хамгийн сүүлд гарч барилдсан. Санаснаа хийгээд сайхан барилдчихъя л гэж бодоод гарсанаас тийм мэх хийе, тэгж барилдъя гэж бодож төлөвлөх завдал байгаагүй л дээ.
-Ямар мэхээр давсан билээ?-Дунгуйлдаж татах мэхээр давсан байгаа.
-Таны даацтай сайхан хийдэг мэхүүдийн нэг дээ?-Хийнэ ээ, хийнэ. Гучин хоёр мэхний нэг гэдэг шиг... Хүн өөртөө таарсан мэх сонгох нь зөв юм болов уу гэж боддог. Бэлтгэл дээр багагүй давтаж байсан мэхний маань нэг.
-Бас гартаа бүлтэй хүний хийдэг мэх үү?-Гартаа бүлтэй гэхээс илүү мэдрэх, эгзэг таарах үед хийдэг гэж болно. Хүний хүчийг дагуулж татах мэх л дээ.
-Зургаагийн даваанд Батсуурь харцага /арслан/-тай хэрхэн барилдав?-Барьц сонгуулаад унасан. Уг нь өөртөө давна гэсэн бодолтой гарсан. Тухайн өдөр унах л байсан шиг байгаа юм /инээв/.
-Хоёр, гурван удаа барьц сонголцсон байх шүү?-Тэгсэн. Хөөрхөн барилдсаан, барилдсан. Гэхдээ улсын наадмын түрүү бөхтэй барьц сонголцох хэмжээнд тултал барилдсан болохоор дараа жил би ч гэсэн яагаад дээшээ барилдаж болохгүй гэж, боломж байгаа юм байна... гэсэн бодол өөрт их бодогдож байгаа.
-Та хоёрыг дотно найз гэж мэдэх юм?-Батсуурь бид хоёр сайн найзууд. Бэлтгэл сургуулиа хамт хийнэ. Харин дэвжээн дээр гарахаараа өрсөлдөгчид. Магадгүй хамгийн ширүүн өрсөлдөгчид ч гэж болох байх.
-Та тахимаа өгөхдөө хонгон дээр нь нэлээд чанга алгадаад юм хэлж байгаа харагдсан. Юу гэж хэлсэн бэ?-Түрүүлээрэй гээд л явуулсан. Ер нь давсан ч унасан ч учраа бөхдөө “Сайн барилдаарай” гээд дэм өгөх бас сайхан шүү дээ. Бөх хүний нэг сайхан жудаг гэж боддог. Найз маань ч цаашаа сайхан барилдаж түрүүлсэн.
-Наадам олон, нас залуу байна. Дараагийн зорилго чухал даа?-Тийм ээ. Ер нь түрүү бөхчүүдийг харахад их сайхан байдаг юм. Ардын төрийнхөө наадамд түрүүлчихээд туг тойроод дэвж яваа бөхийг хараад сууж байхад хүртэл ямар сайхан байдаг билээ дээ, тийм ээ? Тийм зүйлийг бас бодоод мөрөөдөөд, хүсч, зорьж явна. Буян заяа нь ивээгээд сайн барилдах байлгүй дээ. Бурхан тэнгэр харж байгаа гэж боддог юм шүү дээ. Зөвхөн бодох, мөрөөдөх биш бэлтгэл сургуулиа сайн хийж байна. Эзэн хичээвэл заяа хичээх байх аа.
-Та ер нь их өндөр сэтгэл зүйтэй барилдах юм. Дайчин, эрэмгий. Эмээнэ, бэргэнэ гэсэн ойлголт бараг байхгүй байх аа?-Ийм чанар спортын хүнд байх ёстой гэж боддог юм. Ямар нэг эргэлзээтэй, итгэлгүй гарах юм бол хэнийг ч ялахгүй. Тиймээс бусдыг ялахын тулд эхлээд өөрийгөө ялах ёстой. Өөрийгөө ялаагүй хүн бусдыг хэзээ ч ялахгүй гэж боддог.
-Та тэгвэл бөхийн дэвжээнд гарснаар хэзээ яг өөрийгөө ялж, энэ эрэмгий чанарыг олж авсан бол...?-Ер нь бол яг ялчихсан гэхэд хэцүү. Олон жилийн хүч хөдөлмөр орох юм байна. Бөхийн амьдрал гэдэг их нарийн. Өөрийгөө ирлэж, ялахын төлөө зүтгэж л явна. Гуч суниагаад унах гэвэл орилж байгаад ч болсон 2-3 суниачих жишээтэй. Ингэж бага багаар өөрийгөө ирлэх нь зөв юм болов уу гэж боддог. Өөрийгөө бэлдэх, ирлэх энэ зан бага байхын л надад суусан шиг байгаа юм. Хажууд хүн 20 суниавал би 30 суниана, 30 суниаж байвал 40 суниачих юмсан гэдэг энэ чанар маань өдий хүртэл хадгалагдаад л явж байгаа.
-Анх бөх болох гээд хот орж ирснээс өнөөг хүртэл бэрхшээлтэй, халширмаар зүйлүүд бишгүй л тохиолдож байсан байх. Өнөөдөр тэр замуудыг эргээд харахад юу бодогддог вэ?-Аварга БТДС-д ороод удаагүй залуу бөх байхдаа нэг удаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдах гээд бөхийн өргөөний гадаа эрт ирээд оочерлосон юм. Тэр үед сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаанд нэгээс дээш давсныг нь аймаг цэрэгт барилдуулдаг байлаа шүү дээ. Өглөө 10 цагт ирж оочерлосон боловч хасагдчихсан. Гарын даа Шижирбаатар ах “Чи чинь нэг давдаг билүү, юу билээ” гэж байгаад хассан. Тухайн үед их л шар гозойж байсан даа. Нулимс цийлэгнээд л, цүнхээ үүрээд буцаад эгчийнх рүүгээ гүйсэн. Тэр үеийг бодвол одоо сайхан байна аа /инээв/. Би хотод ирээд хөлөө олох гэж, бөх болох гэж зүтгэж явахдаа сайн ах эгч нарынхаа буянд өлсөх, цангахын зовлон үзээгүй. Гэртээ байгаа юм шиг л байдаг байлаа. Ер нь ах, эгч нарынхаа хайранд л бөмбөрч явсан гэх үү дээ. Аав, ээж маань ч гэсэн хөдөөнөөс үргэлж анхаарал, халамж тавина. Тийм болохоор шантрах үе нэг их гараагүй гэж боддог. Хамгийн гол нь бэлтгэл сургууль хийж, барилдах бүх боломжийг минь манай гэрийнхэн сайн хангаж байсан болохоор тэр. Тиймдээ ч өнөөдөр өдий зэрэгтэй барилдаад явж байна.
-Гэрийнхний хайр халамжаас гадна өөрийн багын суурь хүмүүжил бас нөлөөлсөн байх даа. Багадаа ер нь ямархуу хүүхэд байв?-Их л шартай хүүхэд байсан. Үеийнхэндээ унахаараа уйлчихдаг. Бага нас маань аймгийн төв дээр өнгөрсөн. Бусад хүүхдүүдийн л адил гэр орныхоо ажилд тусална. Амралтаараа хөдөө очиж, ах эгч, эмээ өвөөдөө тусалдаг. Багын л ямар ч зүйлийг хийхдээ их шаргуу зантай. Аав маань Архангай аймгийн Булган, ээж Өгийнуур сумын харьяат хүмүүс.
-Өвөө тань бөх байсан гэдэг?-Тийм ээ. Ээжийн маань аав аймгийн заан Шатар гэж хүн байлаа. Сайн барилддаг. Нутаг орондоо тун шаггүй барилддаг хэрнээ ийш тийш явж барилдаагүй юм билээ. Мөн аавын маань удамд улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, а.а Гансүх тэргүүтэй олон сайхан бөхчүүд байна л даа. Хоёр талын бөхийн удамтай. Тэрэндээ ч бөх болсон гэж боддог.
-Тэгэхээр багаасаа л бөх болох мөрөөдөлтэй байжээ?-Тэгэлгүй яахав. Ер нь манай монголчууд хүү төрвөл бөх болно, унага төрвөл хурдтай болно л гэдэг шүү дээ. Манай аав өөрөө бөхийн засуул хүн. Бөхийн хүрээнд багаасаа өссөн болохоор сайхныг нь мэдэрч, бөх болох хүсэл мөрөөдөл бадарч явсан хэрэг.
-Би бөх болох юм байна гэсэн урмыг анх ямар барилдаанаас мэдэрч байв?-Би ер нь яагаад бөх болж болохгүй юм бэ.. гэж л их бодогддог байсан даа. Үеийн залуус сайн барилдахыг хараад “адилхан л бие хаатай, нас чацуу залуучууд сайхан барилдаад болж байхад би яагаад болохгүй гэж... би тэгэхэд үүнийг хаяж байсан шүү дээ, бэлтгэл сургуулиа сайн хийж байхад эднээс дутах юу байхав” гэх зэргээр өөрийгөө их ирлэдэг, дайчилдаг байв.
-Засуул руу гарахдаа гуяа улайтал нь чанга алгадаад гарч байгаа харагддаг. Өөрийгөө ирлэж байгаа л бас нэг чанар болов уу?-Өө, тийм. Сэтгэл зүй л юм даа.
-Дүүгүүрдэх мэхийг нэлээд хийдэг байсан. Сүүлийн үед харин цөөрөөд байна уу даа?-Одоо жинтэй хүмүүс ихэссэн байна. Бэртэл гэмтэл гэж зүйл байна. Бас хэдэн жил барилдаад ирэхээр хашир болох юм байна. Гэхдээ эгзэг таарвал хийнэ ээ, хийнэ. Надад ер нь тогтмол хийдэг мэх гэвэл ховор ш дээ. Тухайн үед ямар барилдаан болж, ямар эгзэг таарахаас шалтгаалж тохирох мэхийг хийгээд л барилдана. Бас ч үгүй тодорхой хугацаанд барилдчихлаа. Өдрөөс өдөрт мэдрэмж, туршлага сууж байгаа л гэж боддог.
-Барилдааны ямар арга барил танд тохирдог вэ?-Би ихэвчлэн сэрвүүгээс барилддаг байсан. Харин одоо сэрвүүгээс барилдахад жаахан төвөгтэй болсон. Бүгд л золгооноос, барьц сонгооноос хаялцах байдалтай. Тиймээс золгооны барилдааны бэлтгэл нэлээд хийж байгаа. Яваандаа болно доо.
-Дээр нэг барилдаан дээр Гончигдамба та хоёр ямар гоё барилдваа. Таныг уначихлаа даа л гэж бодтол давчихсан байсан?-Хааяа тийм барилдаан гарна аа. Тухайн үеийн мэдрэмж л байдаг. Хэн ч эвгүй байдлаас яаж ийгээд гарахын тулд тэмцэнэ. Тэр мэдрэмжийг олон жилийн бэлтгэл сургууль, хөлс хөдөлмөрөөр олж авдаг болов уу. Ямартай ч сайн мэдэрч чадсан болохоор давсан л даа.
-Тиймэрхүү их эмоцитой барилдааны үед ч юм уу, та сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж байгаа харагддаг. Тэгэхэд лав Гончигийг давчихаад босч ирээд гараа зангидаад нэлээд чанга хашгирсныг тань санаж байна?-Сэтгэлийн хөдөлгөөнтэй л дээ. Тэрийгээ заримдаа өөрийн мэдэлгүй илэрхийлчихнэ. Спортын хүн ер нь сэтгэл хөдлөлтэй болчихдог юм шиг байна. Уг нь үндэсний бөх аль болох төлөв даруу байх спорт л доо. Олон хүн харж, үлгэр дуурайл авч байдаг болохоор бас тийм их хөөрүү зан хэрэггүй ч юм шиг. Гэхдээ хэнд ч сэтгэл хөдлөлөө өөрийн мэдэлгүй гаргачих үе байдаг. Төрийн наадам дээр ч тэр, бөхчүүд талбай дээр эмоцио гаргаж л байдаг. Түүний л нэгэн адил хааяа санасан мэхээ хийгээд сайхан барилдчихсан үедээ тиймэрхүү зан гаргадаг юм шиг байна лээ.
-Хааяа өөрөөрөө онгирмоор санагдах уу?-Тэр тал дээр гайгүй, даруухан ш дээ. Хүн ямар ч явж болно, хамгийн гол нь өөрийн гэсэн бодолтой явах ёстой. Бидний араас бөх болох гээд хүсч тэмүүлж яваа залуучууддаа онгироод байвал ямар олиг байхав. Энэ сайн бөх шүү, сайхан бөх шүү гээд хайрлаж, хүндэлж байхад өөдөөс нь онгироод байвал бүр муухай. Онгироо зан олны итгэлийг нураана гэж боддог юм. Монгол бөх өөрөө хувь хүнээс их жудаг чанар шаарддаг гэж ойлгодог болохоор аль болох даруухан байхыг л хичээдэг дээ.
-Бие бялдар тань өдрөөс өдөрт хувираад сайхан болсоор байна. Биеэ ингэж хөгжүүлэхэд бас л их хөлс хөдөлмөр орж байгаа биз дээ?-Би хүчний бэлтгэл хийгээд гурван жил болж байна. Энэ бэлтгэлээр тэсвэр тэвчээр олж авахын зэрэгцээ биеийн хөгжилд маань тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа л даа. Болдбаатар гэдэг багштайгаа л тулж ажиллаж байгаа. Хүчний талдаа их сайн багш байгаа юм. Багшийнхаа хий гэсэн болгоныг хийгээд л, ярилцаад, зөвлөөд л барилдана даа. Мэдээж хөдөлмөрлөж, зүтгэснийх бие хаа ч боломжийн хөгжиж байгаа.
-Одоо бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?-Үндэсний бөхийн бэлтгэлээ Бөхбилэгт дэвжээн дээрээ, хүчний бэлтгэлээ Болдоо багштайгаа хийнэ. Хааяа чөлөөнд нь спортын ордон дээр чөлөөтийн бэлтгэл хийнэ. Ингэж явтал нэг л мэдэхэд сар, өдөр урсаад дараагийн наадам хаяанд ирчихсэн байна шүү.
-Чөлөөт гэснээс энэ жил чөлөөтийн УАШТ-нд орж байгаа харагдсан. Ер нь чөлөөтийн суурьтай билүү?-Тийм ээ. Чөлөөт, үндэс хоёроор хавсарч бэлтгэл хийвэл сайн гэдэг болохоор боломж гарвал чөлөөтийн бэлтгэл хийх дуртай. Сүүлийн үед жин нэмэгдээд жаахан хөндийрсөн тал бий. Энэ жилийн улсын аваргад ямар ч бэлтгэлгүй ороод ялагдчихсан. Одоо удахгүй нэг олон улсын тэмцээн болно. Тэрэнд бэлдэж байгаад орох бодолтой байна. Би чинь чөлөөт суурьтай. Архангай аймгийн арслан Ч.Буян гэж аймгийнхаа бөхийн хөгжилд их хувь нэмэр оруулсан, олон сайхан алдар цуутай бөхчүүдийг төрүүлсэн буянтай багш байлаа. Тэр багшийнхаа отгон шавь нарынх нь нэг байж, өнөөдөр өдий зэрэгтэй барилдаад явж байгаа даа их баяртай байдаг.
-Буян багштайгаа хэрхэн танилцаж, багш шавь болсон тухайгаа дурсвал...?-Аймгийн төвд байхдаа бөх болчих бодолтой, нэг найзыгаа дагаж очоод анх секцэнд бүртгүүлж байлаа. Багш маань биднийг бүртгэж авсан. Их л том биетэй хүн санагдаж билээ. Өвөөг минь таньдаг болохоороо “Өө, манай Шатарын зээ юм хүү байна” гээд их сайхан хүлээж авсан. Намайг чөлөөтийн бэлтгэл хийж эхлэх үед жин ер хасуулдаггүй байв. Би их ч туранхай хүүхэд байлаа. Тэр шийдэл, багш хүний алсыг харах ухаан их зөв байжээ гэд одоо бодогддог. Тухайн үеийн өсвөрийн алт, мөнгөн медалиар би яахав дээ, тийм ээ? Энэ мэтээр багшийнхаа ухаан, ач тусыг үргэлж бодож явдаг даа. Холын бодолтой, юмны учир мэдэх хүний шавь болж, бөхийн эрдмийнхээ суурийг тавиулсандаа баярлаад баршгүй. Даанч багш минь олон жил бидэнтэйгээ хамт явж чадсангүй. Багшийнхаа эрдэм ухааны зах зухаас би мэдрээд л хоцорсон доо.
-Та өнөөдөр үзэгчдийн хамгийн их дэмждэг бөхчүүдийн нэг болж чадсан байна. Үзэгчдийн тэр дэмжлэг, уухайнаас юу мэдэрдэг вэ?-Энэ нь бөхчүүд биднийг хайрлаж байгаагаа илэрхийлж буй олны сайхан энерги гэж боддог. Нөгөө талаасаа биднийг их ирлэж, хурцалж байгаа юм л даа. Тийм болохоор үзэгчдээ аль болох хөгжөөж баясгаж, уухайн дунд нь байхыг боддог юм шүү дээ. Үзэгчид надад итгэж байгаа учраас дэмжиж байгаа шүү дээ. Тиймээс итгэлийг нь алдчихгүй юмсан гэж боддог. Одоо нийгэм их өөр болсон. Бөхчүүд, үзэгчдийн харьцаа харьцангуй нээлттэй. Наад зах нь барилдаан дээр ямар нэг болох, болохгүй зүйл гарлаа гэхэд үзэгчид тэр дор нь интэрнэтээр шүүмжлээд, сануулаад явчихдаг. Энд тэнд таарахад “Чи тэгсэн шүү, ингэсэн шүү” гээд л шууд хэлцгээдэг. Тэр бүхнээс авахаа аваад, гээхийг нь гээгээд л явдаг.
-Одоо бөхийн дэвжээнд таны үеийнхэн дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэр дундаас Пүрэвсайхан та хоёрыг гэхэд “хоёр Пүрэв” гээд л онцолж нэрлэх жишээтэй?-Тийм шүү. Хоёр Пүрэв л гэнэ. Заримдаа намайг Пүрэвсайхан аа ч гэж дуудаж байдаг. Аягүй бол Пүрэвсайханыг Пүрэвдагваа ч гэж байж магадгүй. Үзэгчид өөрийн дэмждэг бөхөө, аль сайн барилдаж байгааг нь ярьж байдаг шүү дээ. Тиймээс залуу байгаа дээрээ, чадаж байгаа дээрээ үеийнхэнтэйгээ харгүй сайхан өрсөлдөөд, аль болох олон жил сайн барилдчих юмсан гэж боддог.
-Заримдаа их омголон зантай юм уу гэмээр санагддаг. Тийм омголон зангаасаа болоод алдах үе бас байсан л байх, тийм ээ?-Байсан, байсан. Зөвхөн надад ч биш олон л бөхөд тийм үе байсан байх. Ер нь бөхийн спорт, эрчүүдийн өрсөлдөөн гэдэг чинь сонирхолтой шүү дээ. Нэгэнт л хүч, ухаанаа уралдуулах гэж энэ спортыг сонгосон хүн чинь олон л юмыг үзэж, даван туулах юм байна шүү дээ.
-Та түрүүн тогтмол хийдэг мэх цөөн гэж ярьсан. Одоо хийгээд сурчихмаар санагддаг мэх байна уу?-Байна, байна. Барилдаан үзээд, эсвэл бөхчүүдтэй барилдаж байхад ч мэх сурсаар л байдаг. Би мэхийг хийгээд давтаад байхаас илүү харж байгаад сурах нь элбэг.
-Тийм үү, бас л сонин хэрэг байна шүү?-Мэхийг хурдан сурна аа. Харин нэг мэх сурахаараа өмнөх мэхээ мартах гээд байдаг гэмтэй.
-Сэтгэлээс тань гардаггүй ямар барилдаан байдаг вэ?-Унасан барилдаанууд л их бодогддог юм. Нэг унасан бөхдөө дахиад уначихвал бүр бодогдоод салахгүй. Би юун дээр алдав, дахиж унахгүйн тулд яахав гээд л... Өнөөдөр гэхэд Бат-Орших харцагад давхар золгооноос уналаа. Өмнө давхар золгооноос бараг унаж байгаагүй болохоор өнөөдөр яагаад уначихав... гээд л бодогдож байна. Дурсамжтай барилдаан гэвэл олоон, олон.
-Одоо өндөр, жин хэд байгаа вэ?-Өндөр 183-184 см хавьцаа байдаг. Жин бас яахав ээ, хүчний бэлтгэл тодорхой хэмжээнд хийснийх жаахан нэмсэн. Одоо 125 кг орчим л байна.
-Жингээ санаагаараа бариад байж чадаж байна уу?-Гайгүй шүү. Санаагаараа бариад байж чадна. Гэдэс гүзээ нэмчихгүй юмсан гэж бодоод бэлтгэлдээ анхаардаг. Учиргүй бодигийн бэлтгэл хийгээд биеэ ярзайлгаад байх нь гол биш үндэсний бөхөөр таарсан тохирсон бэлтгэлээ явахад бие өөрөө хөгжиж байдаг онцлогтой. Золгооноос татна, түлхэнэ, сууна өмсөнө гээд бүгд л хүчний бэлтгэл дээр хийгддэг дасгалууд барилдаан дээр явагдаж байдаг гэсэн үг. Би бол жин нэмэхийн эсрэг бодолтой явдаг.
-Хүчний бэлтгэлийн үзүүлэлтүүд хэр байна?-Маш сайн байгаа. Жил жилд л хүч ахиад л байгаа шүү. Хүчний бэлтгэлээ сайн хийж байгаа, багш маань сайн ч хийлгэж байгаа.
-Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө санасандаа хүртэл барилдаж чадаж байна уу?-Өөрийнхөө санасанд хүртэл барилдаж арай л чадахгүй байна. Миний санасан, зорьсон зүйл их хол байгаа. Гэхдээ хүрэхийн тулд чармайгаад зориод л явж байна даа. Ямар ч бөх өөрийгөө голдог гэж байгаа юм даа /инээв/.
-Тэгж байж л амжилт гардаг байх л даа. Сэтгэл ханах бол зогсолт биз дээ?-Харин тийм.
-Та нарыг хаана бол хаана хүмүүс таниад л бүчээд авсан харагддаг. Байнга олны нүдэн дээр ил амьдрах нь хэцүү санагдах үе гарах уу?-Гайгүй ээ. Хэнтэй ч мэнд устай, яриа хөөрөөтэй л явахыг боддог. Бараг хамаатан шиг болчихсон танилууд зөндөө шүү дээ. Зурагтаар эсвэл өргөөнд ирж үзээд тийм танил болчихсон. Заримдаа ах дүү шиг дуудаж ирээд л уулзана. Арай л загнахгүй /инээв/. Бөхчүүд маань ард олондоо тийм ойр дотно санагддаг болоод л тэр байх.
-Гэр бүлийнхээ тухай...?-Манай эхнэр багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн харьяат бүсгүй бий. Манайх гурван хүүхэдтэй. Тамирчин хүний хамгийн гол түшиг тулгуур нь ар гэр байдаг. Бид нар чинь сувилалд байгаа юм шиг л асруулна шүү дээ. Тэгж байж амжилт үзүүлэх нөхцөл боломж бүрддэг юм билээ. Бөхийн спорт тийм ч амаргүй. Тэр болгоныг ойлгож дэмждэг сайн ханьтай болсондоо баярлаж явдаг юм.
-Ямар үед гэр бүлдээ арай түлхүү цаг зав гаргах вэ?-За, даа. Хагас, бүтэн сайны үеэр л бага зэрэг зав гаргана даа. Барилдаангүй үед. Бусад үед бол өөрийгөө л асруулаад байх бололтой.
-Энэ жил бөхийн холбооны 25 жилийн ой тохиож байгаа. Ид барилдаж байгаа бөх хүний хувьд бөхийн холбооны ажил үйлсийн талаар ямар бодолтой явдгаа хуваалцана уу?-Юуны өмнө МҮБХ-ны хамт олонд 25 жилийн баярын мэнд дэвшүүлье. Олон олон барилдаан зохиож байгаад нь талархаж явдаг. Харин шүүлтийн тал дээр зарим нэг асуудлууд байна аа. Тэрийг та ч мэднэ, би ч мэднэ. Үүнийг нэг зөв замд нь оруулаад шийдэж өгвөл зүгээр санагддаг. Бид чинь техник технологийн эрин зуунд амьдарч байна. Шинэ дэвшил гаргаж ирвэл зүгээр юм болов уу л гэж боддог. Тэрнээс засуулыг ч юм уу, хөлийн цэцийг ч юм уу буруутгаад байх хэцүү л дээ. Олон бөх зэрэг барилдаж байгаа үед харах, харахгүй үе байдаг л байх. Ямар техник биш. Үүнийг нэг засаад залруулаад явбал улам л олон үзэгчтэй, олон бөхтэй сайхан болох байх гэж боддог.
-Бөхөөс өөр зүйл сонирхохгүй байна уу?-Завддаггүй юм аа. Тэгээд ч хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэж үг байдаг даа. Ойрын хэдэн жилдээ бөхийн төлөө бүх юмаа л зориулна гэж боддог. Дараагийн асуудлыг дараа нь шийднэ дээ.
-Саяхнаас Их засаг их сургуулийн бөх гэж зарлуулж байв уу даа. Өөр бас компаниуд байдаг байх аа?-Алдар спорт хороо, ЗХ-ний 105-р анги, Херо холдинги компаний бөх. Их засаг их сургуулийн оюутан.
-Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?-Хууль, эрх зүйн ангид орсон. Энэ компаниудаас бүгдэнгээс нь цалин мөнгө аваад явсан зүйлгүй. Нэг нь миний сурдаг сургууль, нөгөө нь дэмждэг байгууллага. Эх орныхоо армид олон сайхан эрчүүдтэй мөр зэрэгцэн яваад баярлаж явдаг. Энэ дашрамд Алдар спорт хорооны хамт олон, Гансэлэм захирагчтай ЗХ-ний 105-р ангийн хамт олондоо цэргийн баярын мэнд дэвшүүлье...
-Сайхан ярилцсанд баярлалаа. Дараа дахин шинэ цолтойгоор энэхүү ярилцлага маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.ЯРИЛЦСАН С.БАДАМГАРАВ
http://www.undesniibukh.mn