by turuue » Mon Jul 06, 2015 8:04 pm
Аргентиний шигшээ баг | Копа Америк 2015
Аргентиний хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг олон жилийн цомын гангаа тайлах бас нэгэн найдлага талаар боллоо. Хоёр жил дарааллан ОУ-ын чанартай хамгийн том хоёр тэмцээний шигшээд гарч ирсэн ч хүслээ гүйцээж эс чадлаа.
Хэсгийн тоглолтуудад төдийлөн хүлээлтэнд хүрэхээр тоглоогүй ч 7 оноо авч хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатны эхний тоглолтоо Колумбын эсрэг хийж төсөөлж байснаас ч хавьгүй сайн тоглосон ч 0-0 тэнцэж, торгуулийн цохилтоор ялав. Колумбын дэндүү бохир тоглолт болон муу шүүлтээс болж тоглолтын хэмнэл алдагдаж аль эрт гоол хийгээд асуудалгүй шалгарчих байсныг дурдах нь зүйтэй. Хагас шигшээд Парагвайн эсрэг Аргентиний баг ойрын хэдэн жилүүд дэх хамгийн мундаг гүйцэтгэлээ толилуулж 6-1 харьцаатай бут ниргэсэн. Сүүлийн ДАШТ болон энэ тэмцээний нэг ч тоглолтонд 1-ээс олон гоолоор хожоогүй байв. Улмаар финалд шалгаран Чилийн шигшээ багтаа таарч, Чилийн шигшээ баг тоглолтын ихэнх мөчүүдэд илүүрхсээр торгуулийн цохилтоор ялж, нутаг дээрээ тивийн аварга болов.
Тэмцээний турш Мэсси төв рүү шилжихгүй, гүн рүү сууж найруулахгүй байгаа үед баг тоглолтын хэмнэлээ алдагдаж байгаа нь илт ажиглагдсаар байсан ч дасгалжуулагч Тата Мартиньо удаа дараа алдаагаа давтсаар л байж, финалд Өмнөд Америкийн хамгийн системтэй, тактиктай багийн эсрэг далаараа тавиулах нь тэр. Банега, Бийлья, Машерано, Пасторе хэн хэн нь бөмбөг аваад шийдвэр гаргатлаа маш олон хүрэлтээр тоглодог цөөн хүрэлтээр хурдан хэмнэлтэй тоглох техникгүй учир ийм чадвартай ганц тоглогч Мэссиг гүнээс найруулга хийлгэж, бөмбөг хуваарилуулах нь энгийн л логик шүү дээ, тэр тусмаа Чили шиг онцгой хүчтэй нэхэж тоглодог багийн эсрэг. Барселонд хүртэл Мэсси аль болох олон удаа бөмбөгөнд хүрч байж баг урагшилж олон гоолын боломж үүсгэдэг, тэгэхэд Тата түүнийг удаа дараа жигүүрт тусгаарлан, бөмбөгөөр хангахыг оролдсон ч үгүй. Шулуухан хэлэхэд "зүгээр л Мэсси рүү дамжуул" гэдэг хувилбар илүү олон гоолын боломж үүсгэж магадгүй байв.
Өнгөрсөн ДАШТ-д Аргентинд үндсэндээ довтолгооны хувилбар байгаагүй, хамгаалалтанд бүх хүчээ хаяж, "автобус байрлуулж" довтолгооны тоглогчдынхоо чадварт найдаад зөнгөөр нь хаячихсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч дэлхийн хамгийн шилдэг байж болох довтолгооны шугам гоолоор цангаж байв. Энэ тэмцээнээр ч тэр байдал давтагдлаа. Энэ тэмцээнд л гэхэд хэд хэдэн багууд маш цэгцтэй, гойд сайн системтэй тоглож байхад хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй байх ёстой Бразил, Аргентиний шигшээ багууд хар зөнгөөрөө шахуу тоглож байсан нь хачирхалтай. Сайн систем, сайн засаглал л ялалтанд хүргэдэг аж.
Энэ тэмцээний дараа нэг зүйл хэн бүхэнд тодорхой болсон. Хэрвээ Аргетин үнэхээр л 2018 онд аугаа мөрөөдлийн төлөө зүтгэх хүсэлтэй юм бол чадалтай мундаг тактикийн мэргэжилтнүүдээр удирдуулах хэрэгтэй. Европийн шилдгүүдийн нэг нь биш юм гэхэд Аргентиний шилдэг дасгалжуулагчаа сонгох нь зүй. Парагвайн эсрэг эхний тоглолтын эхний хагасыг үзээд итгэл төрсөн ч бага багаар бүдгэрсээр бүр мөсөн унтарлаа. Хөлбөмбөг анх үүсэхдээ багийн спорт байсан, харин орчин үед жинхэнэ утгаараа "багийн" спорт болсон. Дэлхийн шилдэг 20 тоглогчийг цуглуулсан ч, зөв тоглуулж чадахгүй л бол доод дивизионы багт ямар ч асуудалгүй хожигдохоор болсон. Сайн хувилбар боловсруулж, зөв систем босгож чадах тактикийн мэргэжилтэн л юу юунаас илүү хэрэгтэй. Ийм сайн дасгалжуулагч олж эс чадваас дараа дараагийн тэмцээнүүдэд эсрэг багаасаа дутуу тоглочхоод боломж алдсан нэгнээ хараагаад үлддэг байдал нь л давтагдаад үлдэхээс биш яруу алдраа мандуулж мөрөөдлийн цомоо хүртэхгүй чадахгүй биз ээ.
Төрөө