СТИВЭН ЖЭРРАРДЫН ЛИВЭРПҮҮЛИЙН ДЭМЖИГЧДЭД ИЛГЭЭСЭН ЗАХИА!
Ухамсарт амьдралынхаа 27 жилийг зөвхөн Ливэрпүүлд зориулсан домогт ахлагч Стивэн Жэррард хамгаас эрхэм Ливэрпүүлийн дэмжигч Копайтууддаа хандаж захиа илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Бүхий л хугацаанд ард минь үнэнчээр зогсч байсан дэмжигчиддээ зориулав!
Баяртай гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна.
8-хан настайдаа энэ клубын босгыг даван орсон цагаас хойш Ливэрпүүл клуб миний амьдралын хамгийн том хэсэг байлаа. Тийм учраас энэ бүхнийгээ орхин одох амаргүй байна.
Кристал Паласын эсрэг Анфилддаа хийсэн сүүлчийн тоглолт, Стоукын талбай дахь хамгийн сүүлчийн тоглолт миний хувьд төдийгүй гэр бүлд маань үнэхээр сэтгэл хөдөлгөм болж өнгөрсөн. Та бүхний бэлэглэсэн тэр сайхан үдэлт миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн учраас би баярлалаа гэж хэлэх ёстой. Энгийн хэрнээ онцгой байсан энэ дурсамжийг би үлдсэн амьдралынхаа турш санаж явах болно.
Өнгөрсөн хугацааны турш ийм гайхалтай клубыг төлөөлж, та бүгдийн төлөө тоглож байснаараа би бахархах болно.
Би мөрөөдлөөрөө амьдарсан. Ухаан орсон цагаасаа л, Хьютоны Айронсайдад үеийн хүүхдүүдтэйгээ бөмбөг өшиглөн гүйж явахдаа зөвхөн Ливэрпүүлийн төлөө тоглоно хэмээн мөрөөдөж ирсэн. Ядаж ганц удаа ч болтугай Ливэрпүүлийн өмсгөлтэй талбайд гарахыг мөрөөдөж байлаа.
Харин одоо ийм агуу клубын төлөө 17 жилийн турш 710 тоглолт хийж чадсан өөрөөрөө бахархаж байна. Бас дэлхийн хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчид та бүгдийн төлөө тоглосон минут бүр минь надад маш их үнэ цэнэтэй байсан юм шүү.
Эргээд харахад, Ливэрпүүлтэй туулсан зам минь үнэхээр гайхамшигтай өнгөрчээ. Хүүхэд насныхаа мөрөөдлийн клубт тоглож байгаа нь үргэлж надаас хамаг бүхнээ дээд зэргээр дайчлах хөшүүрэг болдог байсан.
Олон гайхалтай ялалт, бас хүнд хэцүү уналт бүрийн маань цаана та бүхэн үнэнчээр зогсч, өөр хаанаас ч мэдрэхгүй гайхамшигтай дэмжлэг өгч байсныг би хэзээ ч мартахгүй.
Одоогоос 10 жилийн өмнө тохиосон Истанбулын финал бол миний замналын оргил мөч байсан. Миний амьдралын хамгийн гайхамшигтай мөч тэр үдэш тохиосон юм. Ливэрпүүлийн 5 дахь Европын цомыг ахлагчийн хувиар өргөн зогсохдоо би өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж бодон бахархаж байлаа.
Энэ цом та бүхэнд ямар их үнэ цэнэтэй байсныг би мэднэ. Үнэнийг хэлэхэд хүчирхэг АС Миланыг сөхрүүлж, хүнд байдлаас эргэн ирэлт хийхэд хөгжөөн дэмжигч та бүхэн минь л том хүчийг хайрласан юм. Хар дарсан зүүд шиг эхний хагасыг мартаж, бүхнийг шинээр эхлэх эрч хүч хайрласан тэр дэмжлэгийг би хэзээ ч мартахгүй.
Хүмүүс надаас Ливэрпүүлийн төлөө тоглох амаргүй байдаг уу гэж ихэвчлэн асуудаг. Ливэрпүүлийн төлөө тоглох нь надад хэзээ ч дарамттай санагдаж байгаагүй. Харин ч би энэ хариуцлагыг үүрч, Копуудын төлөө тоглож байгаа гэдгээрээ бахархсаар ирсэн.
Ийм гайхамшигтай клубын ахлагчаар олон жилийн турш тоглосон нь асар их нэр тэрийн хэрэг байлаа. Би энэ хугацаанд үргэлж өөрийгөө дайчилж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг байсан.
Би олон гайхалтай тоглогчидтой мөр зэрэгцэн тоглож, тэднээс суралцдаг байлаа. Намайг өдий зэргийн хөлбөмбөгчин болоход онцгой нөлөө үзүүлсэн чадварлаг дасгалжуулагчидтай хамтран ажиллаж байсандаа баяртай байна. Бас олон жилийн турш нэг клубтээ үнэнч байхын төлөө багагүй золиос гаргаж, зарим зүйлсээс татгалзаж чадсан өөрөөрөө бахархаж байна.
Гэхдээ энэ бүхнээс илүү дэлхийн хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчдийн төлөө олон жилийн турш тоглож чадсандаа хамгийн их баяртай байдгаа илэрхийлье.
Ливэрпүүл бол миний хот, миний гэр. Би энэ хотдоо үнэхээр их хайртай. Харин одоо Америкт хэсэг хугацаанд амьдарч, өөрийн амьдралынхаа дараагийн алхмаа хийх цаг нь ирсэн гэдэгт итгэлтэй байна.
Хорвоогийн хуулийн дагуу миний мэргэжлийн тоглогчийн замнал удахгүй өндөрлөнө. Карьерынхаа сүүлийн жилүүдэд би долоо хоног бүр тоглохыг хүсч байна. Тийм учраас Мэжор лигийн Лос Анжэлэс Калакси багт дахин шинэ сорилтоо эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.
Ирэх 1.5 жилийн хугацаанд Ливэрпүүлээс холдож байгаа нь миний энэ клубтэйгээ байгуулсан холбоо төгсөнө гэсэн үг биш билээ. Би бүхий л амьдралынхаа турш Улаануудынхаа үнэнч дэмжигч хэвээр байх болно.
Би хэзээ нэгэн өдөр буцан ирж, клубтээ дахиад л тус болох боломж тохионо гэдэгт найдаж байна. Түүнчлэн цаашдын замналдаа ч бас клубтээ ямар нэгэн үүрэг, хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй явдаг.
Харин өнөөдөр би өнгөрснөө эргэн харж, надад гайхалтай дэмжлэг өгч байсан фэнүүддээ БАЯРЛАЛАА гэж хэлэх цаг иржээ. Та бүгд мөрөөдөл, зорилгоо биелүүлэхэд минь үргэлж туслаж, юугаар ч сольшгүй дурсамжийн минь чухал хэсэг байсан юм шүү.
Маш их баярлалаа.
СТИВЭН ЖЭРРАРД
Хэзээ ч мартахгүй.......