Малдини, Карра 2-ын гоё ярилцлага гарч.
Манай хүн Малдинигийн гэрт нь очиж ярилцлага хийсийм байна...
Паоло Малдини бол бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Өөрийн гайхалтай замналынхаа турш тоглож өнгөрүүлсэн Милан клубтээ тэрээр нийт 902 тоглолтонд оролцож, 26 цом өргөсөн юм. Түүнээс гадна Италийн шигшээ багтаа 126 тоглолтонд оролцсон байдаг.
Малдини тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй. Харин өнгөрсөн 7 хоногт Sky Sports-ийн аналист, Ливэрпүүлийн домогт тоглогч Жэйми Каррагэрийг Милан дахь өөрийн гэртээ урьсан байна. Тэрээр гэртээ өөрийн нэг ч цомыг хадгалаагүй, зөвхөн гэр бүлийн зургуудаар гэрээ чимэглэжээ. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2005 оны Аваргуудын лигийн финалд бие биеийнхээ эсрэг тулж байсан 2 тоглогчийн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Ж.Каррагэр: Хоёулаа Аваргуудын лигийн финалд анх тааран тоглосноос хойш 10 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш маш олон зүйл өөрчлөгдөж. Тухайлбал энэ улиралд Ливэрпүүл, АС Милан аль аль нь сайнгүй тоглолт үзүүллээ. Миний хувьд Ливэрпүүл хожигдоход гунигтай байдаг. Та ч бас над шиг мэдрэмж авдаг байх?
П.Малдини: Мэдээж! Би 10 настай байхдаа л Миланы төлөө тоглож эхлээд, 41-тэйдээ зодог тайлсан. Тэр үед миний эцэг Чезаре багийн ахлагчаар тоглодог байлаа. Миний хүүхдүүд одоо Миланы академид суралцаж байна. Милан миний хувьд онцгой баг. Амьдралын минь нэгээхэн хэсэг. Гэр бүл минь ч надаас ялгаагүй. Гэвч одоо энэ клубт болж байгаа зүйлс намайг гуниглуулдаг.
Бид нар өмнөх агуу тоглогч нартай энэ клубыг тодорхой хэмжээнд авч явсан. Харин одоо эдгээр хүмүүсээ хэр чухлыг тэр бүр ойшоохгүй байна. Ахмад тоглогч нараас одоогоор клубт ажиллаж байгаа нь зөвхөн Франко Барези. Энэ сэтгэл хөдөлгөмөөр шүү. Милан бол баялаг түүхтэй. Гэвч харамсалтай нь устаж байна. Шинэ үеийн залуус маань зарим зүйлийг ойлгоддоггүй бололтой. Клуб маань сайхан үүх түүхтэй ч одоо бүх зүйл өөр болсон.
Карра: Миланд өөрийн чадах зүйлээрээ тус нэмэр болохыг хүсдэг л биз дээ?
Малдини: Өөр би юу хүсэх билээ! Би клубынхээ хүчинд маш их зүйл авсан. Эсрэгээр нь би өөрийгөө тэр чигт нь өгсөн. Тиймээс ч би одоо явж чадахгүй байна. (инээв) Гэхдээ би өөрийн туршлагаасаа Миланыхантай хуваалцахдаа үргэлж жаргалтай байх болно. Одоогийн залуус маань тийм ч муу биш шүү дээ. Тэд нарт хэн нэгэн зөв зүйл зөвлөж байх хэрэгтэй. Гэхдээ би ийм зүйл болно гэдэгт итгэхгүй байна.
Карра: Намайг хүүхэд байхад Милан жинхэнэ галзуу клуб байсан. Би үргэлж л Арриго Сакки болон Фабио Капелло нарын хэрхэн тоглож байгааг зурагтаар хардаг байлаа. Өнгөрсөн 7 хоногт Мадридад би Саккитай таарсан. Тэр өөрийн чинь тухай болон клубын тухай хуучилсан юм. Сакки яг ямар нөлөө өөрт чинь үзүүлсэн бэ?
Малдини: Тэр хатуу чанга шаардлагатай. Түүний бэлтгэл бол нэг үгээр хэлвэл зүгээр л солиотой байдаг. Тэр чамайг үргэлж ажиллахыг шаардах болно. Дараа нь дахиад л ажиллуулна. Тэр нэг зүйлээ маш олон давтуулдаг байсан. Энэ нь багийн хамгаалагч нарт бүр ч их хамаатай.
Бид өдөр бүр л нэг зүйлээ давтдаг байлаа. Гэхдээ юу гээч? Хэрвээ би одоо Барези, Алессандро Костакурта Мауро Тассотти нартай уулзсан бол тэр үеийх шигээ л тоглох байсан. Яг л 90-ээд он шиг. Миний толгойнд байдаг санаа гэх үү дээ. Бид нарын амжилттай тоглодог байсан нэг шалтгаан бол энэ. (Паоло гараа дээш өргөөд удаан байлгав) Баг маань ийм л түвшинд тоглодог байлаа. Би анхны Аваргуудын Лигийн цомоо 1989 онд авч байсан. Харин сүүлийн удаа өргөхдөө түүнээс яг 18 жилийн өмнө авч байсан даа. Харин өнөөдөр??? Намайг энэ л гуниглуулаад байгаа юм.
Карра: За тэгэхээр Паоло, та Станбулын тухай ярихад бэлэн байна уу?
Малдини: Бэлэн байна. Тэр тоглолтын дараа би 3 сар унтаагүй шүү. Гэхдээ яахав асуу асуу.
Карра: 2005 оны финалын тоглолтын дараа Миланд юу болж өрнөсөн бэ? Та нар энэ тухай одоо ч ярилцдаг уу?
Малдини: Тиймээ, хааяа. Эхний хагаст бид нар хожигдоно гэдгийг төсөөлөхөд ч бэрх байсан. Гэвч заримдаа хүмүүс чиний санаж байгааг санадаггүй. Бид нар зөвхөн нэгдүгээр үед л сайн тоглосон гэвэл үгүй юм.
Харин тэр галзуу юм шиг 6 минут... Үүний дараа бид нар дахин гоолдохоор хичээсэн ч санаснаар болоогүй дээ. Би одоо ч Жэррардын хамгаалалтыг тодхон санаж байна. Танайхан бид нарыг бие махбодын хувьд бүрэн үгүй хийсэн.
Карра: Би 1989 оны Аваргуудын лигийн финалыг үзэж байсан. АС МиланБарсэлонаг 4:0-ээр хождог. Харин Станбулд та нар тэр үеийнхээс илүү тоглолт үзүүлсэн үү?
Малдини: Бид илүү байж чадаагүй ээ. Биднийг Миланд ирэхэд хөгжөөн дэмжигчид маань “Та нар юу хийчих вэ?” гэж орилолдож байлаа. Гэхдээ тэр үед Миланыхан бүх чадлаараа л тоглосон.
Карра: Нэгдүгээр үеийн завсарлагаар та нар бүх зүйл ийм амархан болоод өнгөрнө гэдэгт итгэсэн хэрэг үү?
Малдини: Домгууд юу хүсдгийг би мэднэ. Бид бүхэн бараг л баяраа хийгээд эхэлсэн байсан шүү. Чи мэдэж байгаа шүү дээ, боломжгүй зүйлийн талаар. Хувцас солих өрөөнд тоглогч нар ухаанаа алдаж байлаа. Бүгд нэг нэгэн рүүгээ орилолдоод л. Яг л хэрүүл хийж байгаа юм шиг.. Тэгтэл гаднаас Анчелотти гэнэт орж ирээд “Ам аа хамхицгаа! Би 5 минутын турш та нараас юу ч сонсмооргүй байна” гэхэд л тоглогч нар тайвширч, чимээгүй болж байв. Харамсалтай нь 2-р үе сайнгүй болж өндөрлөсөн дөө. Үнэндээ хэн ч тийм зүйл болно гэж бодоогүй байх. Бид нарт үнэхээр илүү боломж байсан.
Карра: Хэрвээ баг чинь 3:0 харьцаатай хожигдож байх үед ч хожих боломж үргэлж байдаг. Гэхдээ бидний өмнө Милан байсан. Би тэр үед танайхан Барсаг 4:0-дэж түрүүлж байсныг бодож байлаа. Нуулгүй хэлэхэд би дахиад ч нэг, хоёр бөмбөг алдаж магадгүй гэж айж байсан шүү. Таныхаар юу нөлөөлсөн бэ?
Малдини: Юу гээч? Хоёрдугаар үе эхлэхэд танай фанатууд.. Тэд нар дуулж эхэлсэн, дуулаад л дуулаад л.. Ийм тоглолтын үед ихэвчлэн цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчдийн харьцаа 50, 50% л байдаг. Харин тэр үдшийн 75 хувь нь Ливэрпүүлчүүд байсан. Манай дэмжигчид билетээ танайханд зарсан.
Би Жэррардын гоолыг санаж байна. Түүнийг ирж байгааг би харчихаад Штам руу хашгирч болох байсан ч амнаас минь юу ч гараагүй. Харин Жэррард бөмбөгөнд хүрч гоолдсон. Гоол орсны дараа би өөрөөсөө ямар чөтгөрөө хийгээд чимээгүй өнгөрөв өө гэж асуусан даа.
Карра: Тэр үдэш Жэррард хэрхэн тоглосон талаар бодлоо хуваалцаач? Тэр 3 өөр байрлалд тоглосон шүү дээ. Түүний талаар Италид одоо ч ярьдаг уу?
Малдини: Би түүний царайнаас өвдсөндөө нүүр нь чичигнэж байсныг одоо ч санаж байна. Гэвч тэр багийхныгаа минут бүрт шахаж, уриалж байсан. Тэр тоглолтонд өөрийгөө бүрэн дайчилсан. Яах аргагүй та нарын үлгэр жишээ болж байсан.
Карра: Биднийг баярлаж байхыг харах та бүхэнд мэдээж хэцүү байсан байх. Таны миний гарыг атгаж байгаа зураг байдаг?
Малдини: Чамд үнэхээр хүнд байсан ч үр дүнг хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бурхны авралаар бидэнд 2 жилийн дараа хариугаа авах боломж гарч ирсэн. Афинд бид нар хүссэн тоглолтоо гаргаж чадаагүй ч хожил байгуулж чадсан.
Карра: 2007 оны финалд та нар дахин Ливэрпүүлтэй таараасай гэж хүсч байсан уу?
Малдини: Үгүй шүү. Бид тэр финалд бодсноороо тоглож чадаагүй. Ер нь бол тэр жил тааруу байсан. Харин баг маань хагас шигшээд орж ирэх үед л сэргэлт авсан даа. Түүнчлэн финалын тоглолтонд бидэнд алдах зүйл юу ч байгаагүй.
Дахин Ливэрпүүлийнхний өмнө нэг ялагдал. Үүнийг бид хүсэхгүй. Гэвч өрсөлдөгчөө хүссэнээрээ сонгохгүй шүү дээ. Би тэр үед 3 сар хөл бөмбөг тоглоогүй байсан. Би хангалттай тоглолтоо гаргаж чадахааргүй байсан. Анчелотти ч энэ тухай мэдэж байсан юм. Гэвч би хичээсэн. Тэр 3 сар миний хувьд өвдөлтөндөө шаналсан цаг хугацаа байв. Гайхалтай нь тэр бүх мэдрэмж гэнэт л алга болсон доо.
Карра: Би тэр тоглотын бичлэгийг дахиж үзээгүй. Нэг ч удаа шүү.. Тиймэрхүү чухал тоглолтонд хожигдох ч үнэхээр там байдаг?
– Би харин бүх зүйлийг санаж байна. Цомоо хэрхэн өргөж байснаа. Бид 36 цагийн турш баяраа тэмдэглэсэн. Баяр дуусангуут би хагалгаанд орохоор шууд Бельгийг зорьсон доо. Өвдөг маань үнэхээр асуудалд орсон шүү. Харин би дотроо “Би ялсан, бид ялж чадсан шүү” гэдгээс өөр зүйл бодож чадахгүй байлаа. Гайхалтай шүү.
Карра: Энэ нь таны 8 дахь финал, 5 дахь ялалт байсан. Энэ бүхнээс хамгийн сэтгэлд үлдсэн нь аль вэ?
Малдини: – Франсиско Хенто бас 8 финалд тоглож байсан. Мөн 6 түрүүтэй . Миний үзүүлэлт бас ч муугүй шүү.
Эхний ялалт мэдээж онцгой байсан. Анхных учраас тийм байх л даа. Бид 90.000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Барселонаг хожиж байсан. Энэ миний хувьд маш их туршлага олж авсан тоглолт болж өнгөрсөн дөө. Та нарын хувьд Станбул л гэсэн үг. Гайхалтай байсан шүү.
Карра: 1989 оны АС Миланд Марко ван Бастен, Рудь Гуллит нар тоглож байлаа. Харин түүнээс 5 жилийн дараахи Милан 2-ын аль нь хүчирхэг вэ?
Малдини: Бүх зүйл Саккигаас эхэлсэн. Гурван Голланд тоглогч шинээр ирсэн. Гэвч Капелло ирэх үеэс илүү гайхалтай болсон доо. 1991-94 он бол баг маань үнэхээр шилдэг байсан үе. Жил бүр л бид од тоглогч худалдаж авдаг байлаа. Гуллит, Тассоти, Ван Бастэн, Массоро Папен, Бобан, Савичевич Вау гээд л.
Карра: Ван Бастен тэр дундаа шилдэг нь байсан шүү.
Малдини: Тийм ээ. Түүний баруун, зүүн хөлийн цохилт мундаг. Дээр нь толгойгоороо маш сайн тоглодог байлаа. Бас маш хурдтай, хүчний тоглолт сайтай. Тэр гоолдож чаддаг бас гайхалтай дамжуулалт өгдөг байсан. Харамсалтай нь 28-хан настайдаа хүнд хагалгаанд орсон доо. Үнэхээр харамсалтай...
Карра: Хэнийг та шилдэг хамгаалагчаар нэрлэх бэ? Барези арын шугаманд босс нь байсан. Түүний талаар та юу хэлэх үү?
Малдини: Тийм ээ, тэр бол онцгой тоглогч. Тийм өндөр биш хэрнээ үнэхээр хүчирхэг. Маш өндөр үсэрч чаддаг. Тэр бусдадаа үнэхээр үлгэр дуурайлал болж чаддаг байлаа. Барези өөрөөрөө онгирч сагсуурдаггүй байсан. Гэхдээ бэлтгэл дээр, талбай дээр тэр хэн гэдгээ хангалттай үзүүлчихдэг байсан юм.
Бөмбөгтэй харьцах, тоглогчтой контактлахдаа маш чадварлаг. Түүнтэй түлхэлцэхэд бас л хэцүү байдалд орно шүү. Багтаа маш их нэр хүндтэй, түүн шиг хамгаалагч олоход амар биш.
Карра: Англид надтай хамт хөлбөмбөг тоглож өссөн жаалуудаас ирээдүйд хамгаалагч болон тоглохыг хүсдэг хүүхдүүд танаар бас Барези, Лилиан Тюрам, Марсель Десай, Фабио Каннаваро нараар өөрсдийгөө нэрлэх дуртай байлаа.Одоогийн стандартын талаарх таны бодол?
Малдини: Сайн хамгаалагчийн төлөөх өрсөлдөөн зах дээр ямар ч довтлогчоос илүү өрнөдөг. Миний хувьд зүүн жигүүрт тоглодог байсан. Одоо бол жигүүрээр хамгаалан тоглодог тоглогч нарыг бөмбөг хэр эзэмшиж байгаагаар л шүүх болж. Түүнийг хамгаалалтанд юу хийж байгааг анхаарах нь багассан. Бүгд л чамайг бөмбөгтэй хэр харьцаж байгааг анхаарч, довтолгоонд үзүүлэх нөлөөг чинь хүлээнэ.
Хамгаалан тоглох ямар хэцүүг би мэднэ. Би юу ярьж байгаагаа ч мэдэж байна. Сакки ч бид бүгдээс хамгаалалтанд хурдтай шилжиж тоглохыг шаарддаг байлаа. Үүнд довтлогчоос хаалгач хүртэл бүгд хамрагдана. Итали бол хамгаалалт тал дээр агуу уламжлалтай орон. Харамсалтай нь өнөөдөр онцгой гээд хэлчих төлөөлөгч тэр бүр байхгүй болж. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм даа. Минийхээр одоо үед Тиаго Силва л шилдэг нь байна.
Карра: Танд Англид ирэх боломж байсан ч та сонгоогүй. Таныг Премьер лигт тоглохоор ирсэн бол олон хүн баярлан угтах байсан. Яваагүй шалтгаан нь юу вэ?
Малдини: Манчестер Юнайтед надад санал тавьж байсан ч би тэдэнтэй ярилцаагүй. Мөн Челсигийн дасгалжуулагч Лука Виалли бас над руу залгаж байсан. 1996 онд юм байна, бид нарын хувьд маш муу улирал тохиож байлаа. Арсеналын санал бас ирж байсан. Нэг хэсэг надад клубын зүгээс, хөгжөөн дэмжигчдийн зүгээс асуудал үүсч л байсан. Тэр үед би хэрвээ гэсэн бодолд автсан ч эцсийн хариулт нь ҮГҮЙ байсан даа.
Карра: Танд мөн Челсиг дасгалжуулах боломж байсан?
Малдини: Миланы төлөөх сүүлийн тоглолтоо хийгээд хэдэн долоо хоног өнгөрсний дараа санал ирж байсан. Би үүнд бэлэн байгаагүй л дээ. Гэрийнхнийгээ бас Лондон руу нүүлгэхийг хүсээгүй. Би явж ноён Абрамовичтэй ярилцсан. Рэем Уилкинстай ч мөн адил. Гэхдээ энэ тухай мэдэхгүй юм даа, зүгээр л ажиллаагүй юм.
Карра: Англи хөлбөмбөгийн талаар та юу гэж боддог вэ?
Малдини: Би Премьер лигийн тоглолтуудыг үздэг. Жинхэнэ Англи хөлбөмбөг тэнд болдог. Та нар биеийн хүчний хувьд илүү. Мөн бөмбөг эзэмшилт сайтай баг гэх юм бол Манчэстэр сити, Ливэрпүүлийг нэрлэж болох юм. Премьер лиг үнэхээр өөрийн онцлогтой. Чадварлаг тоглогч олон байдгаас гадна биеийн хүчний тоглолтыг мундаг хийж чаддаг.
Карра: Би Миланыг хуучин шигээ түвшинд эргэн ирээсэй гэж хүсдэг. АС Милан бол брэнд болсон нэр. Яг адилхан мэдрэмжийг Ливэрпүүлээс ч гэсэн хүсчбайна?
Малдини: Мэдэж байна уу.? Би ч бас үүнийг хүсч байна. Бидний түүхэн өрсөлдөгч болох: Реал Мадрид, Барселона, Ливэрпүүл... би энэ бүхний дунд Миланыгаа харахыг маш их хүсч байна.
эх сурвалж: liverpoolfc.mn
Хэзээ ч мартахгүй.......