by ХАЛИУН » Thu Mar 12, 2015 10:29 am
Форум гэж. Нүүрном сураггүй байхад форум бидний гол цөм байлаа. Нүүрном хүчээ авсан ч олуулаа хэрнээ аминчхан форумдаа би хайртай. Анх энэ форум Асуултаас санаа авч үлгэрлэн үүсэх үед 10 ах энэ тэр гэсэн ганц нэг ах нараас бусад нь хорь ч хүрээгүй үсрээд л хорь гарч байгаа хүүхдүүд байлаа. Одоо ихэнх айлын эзэн хүүгийн аав охины ээж болцгоосон. Олон ч хүн нулимаж орхиод гарч явсан, олон ч хүн цухуйж нэг үзээд хаяж одсон. Харин бидний хэсэг хүмүүс эндээ жаргал зовлонгоо хуваалцсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хооронд бид сайхан залуусаа цаг бусаар алдах шиг гашуун зүйл байхгүйг ойлгоцгоосон. Гэхдээ тэд бүгд сайхан ч сайн ч залуус байсан. Одоо бид энэ Спортын цонх гэдэг том гэр бүлийнхээ хамгийн хурц гэрэлтэх оддын нэгийг өнгөрсөн цаг дээр дурсан сууна. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй нь. Өчигдөр хөрвөөж хөрвөөж л унтсан боллоо. Хэдийгээр нийлж дарвиж хамт явж үзээгүй ч энэ орон зайнд минь сайн найз минь байлаа. Бидний энэ орон зайг биднээс өөр хэн ч ойлгохгүй. Бид сайн найзаа, сайн залуугаа үүрд алдлаа.
Түүний бичиж байсан зүйлс одоо ч бодогдож байна. “Аав худалдаж” авна гэсэн шүлгийг өөрөө бичсэн ч бай бичээгүй ч бай үнэхээр сэтгэл урагдам шүлэг. Харин тэр хүн тэр шүлгэн дээр гардаг шигээ бяцхан охиноо үүрд орхичихлоо.
Найзууд минь аминчхан энэ л орон зайндаа л оршцгооё. Битгий энэ форумаа орхиоорой. Форумаа битгий мартаайрай. Биднийг орхин үүрд одсон сэтгэл нэгт залуусаа битгий мартаарай
Аав худалдаж авна
Аавтай байх гоё уу?
Алтан нар шиг үү?
Хөх тэнгэр шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Аавын хайр ямар вэ?
Тэнгис далай шиг үү?
Уудам тал шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Навч шиг үү?
Үүл шиг үү?
Нар шиг үү?
Сар шиг үү?
Ээжтэйгээ байх сайхан шиг
Эрхэлж тоглоход хөгжилтэй шиг
Аавын инээд дулаахан байх даа
Аз жаргалд умбуулдаг байх даа
Хөрш айлын эрх жаал ааваараа
Хүссэнээ авахуулна гэж уйлж аашлах юм
Хэзээ ч би ингэхгүй муухай тийм ээ
Хэрэггүй юм бол аавыгаа надад өгчих л дөө
Цэцэрлэгийн найз Энхээ шиг
Цэрэг шиг өндөр аавтай болохсон
Намайг гар дээрээ өргөөд нисгэж л байвал
Намхан ч гэсэн аавтай л болмоор байна
Уйлахад минь аргаддаг аавтай болохсон
Дээрэлхүүлэхэд минь өмөөрдөг хамгаалагчтай болохсон
Өвөр дээр нь тонгочдог нөмөртэй болохсон
Мөр дээрээ суулгадаг баатартай болохсон
Зүүдэндээ л тантай уулзаж элгээ дэвтээн
Зөрүү харж нулимсаа дотогшоо залгидаг шүү
Заяа дутууг үгүйлэн бодлогоширохдоо
Зангирсан хоолойгоо сэмхэн засдаг шүү аав аа
Аавын үнэр гоё уу?
Анхилуун цэцэг шиг үү?
Улаан сарнай шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Аавдаа эрхлэх ямар вэ?
Болжмор шувуу шиг үү?
Бүжин туулай шиг үү?
Аль эсвэл миний ээж шиг үү?
Чихэр шиг үү?
Бэлэг шиг үү?
Дуу шиг үү?
Шүлэг шиг үү?
Айлын хүүхдүүд атаархмаар юм аа
Аавгүй заяа минь өнчин янзага шиг
Ээжийн минь энгэр дулаахан ч гэлээ
Эцэггүй сэтгэл минь эзгүйрээд байх юм
Аавтай байх сайхан байх тийм ээ
Аашилж загнасан ч нуруутай байх тийм үү
Ажлаасаа орой ирэхэд нь тосч гүйгээд л
Алгаа тосон инээхэд нь тэврүүлэх юмсан
Том оо гарыг нь хөтлөөд баясан алхаж
Тоодоггүй нэгэнд нь гайхуулах юмсан
Битүүхэндээ надад бодсон юм байгаа
Бэл бэнчин бага, бие минь балчир ч гэлээ
Хэзээ ч намайг орхихгүй ухаантай аавыг
Хайж өөрөө олохоор шийдчихсэн байгаа
Томчуудын өгсөн мөнгийг нууцхан хураагаад
Тоoдгор цамцныхаа халаасанд атгачихсан байгаа
Дэндүү сайн аавууд дандаа
Дэлгүүрт л байдаг байх тийм ээ
Ээждээ би аавтай очих гэсийм
Их сайн аав худалдаж авах гэсийм.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...