Миний байнга үзэх дуртай топ гэх үү 20 кино. Бас тодорхой бус дарааллаар байгаа гэдгийг анхаарна уу.
1. My fair lady.
Дээр үеийн кино л доо. Бернард Шоугийн Пигмалион гээд жүжгээс сэдэвлэж хийсэн кино. Кино гарч байх үед тайзнаа их тавигдаж түмэнд хүрсэн байсан тул дэлгэцэнд залахаар шийдсэн гэгдэх юм билээ. Уг нь театрт уг жүжгийн гол дүр болох Элайза Дүлиттлийн дүрийг алдарт Жули Андрюс бүтээж, дуу хуурыг нь дуулдаг байсан боловч кино бүтээгчид энэ дүрд бас нэгэн алдартан Одри Хэпбүрнийг тоглуулчихсан. Харин гологдсон хүүхэн Жули маань тэр жилдээ Уолт Диснейн Мэри Поппинсын дүрд тоглож тухайн жилийн хамаг шагналыг хамсан билээ. Одри үнэхээр сайн жүжиглэж хөөрхөн Элайза болсон ч гэсэн дууг нь өөр нэг хүн дуулж байсан гэдэг юм. Ямар ч гэсэн энэ киноны харилцан ярианууд болон дуунууд нь үнэхээр хөгжилтэй. Би бүр ахин дахин үздэг. Ялангуяа тэр ганц бие эрчүүдийн мөрөөдөл маягийн монологууд. Гайхалтай.
2. About a boy.
Арсеналын маань фэн залуугийн зохиолоор сэдэвлэж хийсэн кино. Хью Грант тоглосон. Тэр энэ гээд онцлоод хэлчих юм байхгүй ч ер нь хааяа үзчихдэг юм. Бас л харилцан ярианд нь болдог бололтой. Их л марзан марзан юм ярьдаг. Killing me softly гээд дууг нүдээ аниад дуулж байхад нь хүмүүс шүгэлдээд нэг жимс шидсэн чинь паузлаж байгаад "Би тэнд зогсоод л тэднийг өөрийнхөө дуугаар чимээгүй алж байлаа" гэж хэлдэг нь их гоё санагддаг.
Зохиолчийг нь Ник Хорнби гэдэг юм байна. Хэрвээ санаж байгаа бол өнгөрсөн улирлын Арсеналын сэдвийг нээхдээ энэ зохиолчийн номын нэг бүлгийг орчуулж оруулж байсан.
3. Колонк руу довтолсон нь 1, 2
Солонгос кино л доо. Зүгээр олон юм бодохгүй үзээд инээгээд сууж байхад гоё байдаг юм. Ер нь Солонгосын нэг ангитай инээдмийн кинонууд нь хөөрхөн шт. Хоёрдугаар анги дээр нь гардаг байх аа, бөөн хүмүүс рүү шаланкаар дизель түлш цацаад асаагуур гаргаж асааж байгаад шатаалаа шүү гэж айлгасан чинь хоёр цагдаа хоорондоо ярьдаг. - Дизель түлш чинь асаагуураар асдаггүй юм аа гэхэд нөгөөх нь - Чи тэгээд дайраач гэсэн чинь - Юмыг яаж мэдэх вэ гээд доошоо суучихдаг.
4. Галактикаар тэнэгчийн гарын авлага буюу Hitchhiker's guide to the Galaxy
Арсеналын бас нэг фэний зохиолоор хийсэн кино. Анх номыг нь уншаад, тэгээд киног нь үзчихсэнийхээ дараа л Арсеналын фэн гэдгийг нь мэдсэн. Дуглас Адамс гэж зохиолч байдаг. Энэ зохиол нь бас нэлээн хэдэн цуврал байдгийн. Үнэхээр инээдтэй зохиол. Хаа очиж киног нь тун дажгүй хийчихсэн шүү. Сам Роквэл, Зои Дешанел, Мартин Фриман, Мос Дэф гээд хэрэндээ хөөрхөн касттай. Манайхан олж үзээрэй. Эхлэнгүүтээ Дэлхий сөнөчихдөг нь үнэн алиа.
5. Мөрөөдөгчид буюу The Dreamers
Энэнд угаасаа тайлбар хэрэггүй байх өө. Зүгээр л Эва Грийнийг харах гэж байн байн үзээд байдаг хэрэг л дээ.
6. Bicentennial man гээд Робин Виллиамсын тоглосон кино байдаг юм. Яг ямар шалтгаанаар вэ гэдгийг нь мэдэхгүй ч гарч байгааг нь харах болгондоо үзээд суучихдаг юм. Нэг их аятайхан энгийн кино л доо.
7. За тэгээд шпагетти төрлийн баахан вэстэрнүүд байдаг юм. Бараг нэрээр ялгах шаардлагагүй тааралдсан л бол үзээд суучихдаг.
8. Мэдээж Сайн, Муу, Хэрцгийгээ яаж мартах вэ. Хөөрхий муу маань өнгөрдөг жил талийсан. Эннио Морриконэ хөгжмийг нь бичсэн хэд хэдэн киног бараг зорьж үзээд байдаг тал бий. Америкт нэг удаа, Домог 1900 энэ тэр гээд.
9. Доктор Стрэйнжлов буюу тэсрэх бөмбөгийг үзэн ядахаа болиод хайрлаж эхэлсэн минь гэдэг урт нэртэй кино байна. Стэнли Кубрикийн. Ай бас л марзан кино шүү дээ. Хар цагаан, тэгээд бараг акшн байхгүй кино болохоор хүмүүстэй цуг үзэх нь их ховор. Ганцаараа **н** юм шиг инээгээд л суугаад байдаг юм.
10. Ханс Циммерийн аялгуу, Брайн Адамсын дууг сонсох гэж Spirit: Stallion of the Cimarron гэдэг хүүхэлдэйн киног бас их дуртай үздэг.
11. Бороонд дуулсан нь буюу Singing in the rain
Гарч байгаа нь таарвал заавал үзэж дуусгадаг, компьютер дээрээ үзэхээр бол ахин дахин ухрааж дууг нь сонсоод, бүжгийг нь хардаг кино доо. Жин Келли, Дональд О'Коннор хоёрын хослол ёстой гоё.
12. Брюггед гэдэг кино. Англи нэр нь In Bruges
Колин Фаррель, Брендан Глисон, Ральф Файннес гурав тоглосон. Ёстой татаадаг кино шүү. Үзээгүй хүн байвал бушуухан олж үзээрэй.
13. It's a wonderful life
Үнэхээр сэтгэл сэргээм сайхан кино. Хадгаламж зээлийн хоршооны захирал Жорж Бэйли уг нь хорвоо дэлхийг тойрч эрх дураараа явахыг мөрөөддөг байсан ч төрөл бүрийн шалтгаанаас болоод төрөлх хотдоо хадагдчихсан хүн. Золгүй тохиолдлоор ихээхэн хэмжээний мөнгө алдагдахад тэвчээрийн утас алдарч амиа хорлох гэж байхад нь бурхан түүн рүү сахиулсан тэнгэр явуулж, түүнийг төрөөгүй бол төрөлх хот нь ямар байх байсныг харуулдаг. Ёстой гоё кино шүү.
14. Хайр хаа сайгүй байна
Love actually
Анх үзсэнээсээ хойш жил бүр үздэг заншил шиг юмтай болчихоод байгаа. Киера Найтлид хайргүй хэн байх вэ?
15. Үлгэрийн орны эрэлд. Finding Neverland
Питер Пэний жүжгийн зохиолыг бичсэн Барри гэж нөхрийн тухай кино. Жонни Дэпп, Кэйт Винслэт хоёр тоглосон. Бас л гоё кино шүү. Соундтрак нь ч бас аятайхан.
16. Dead poets society - Талийгч найрагчдын нийгэмлэг гэх юм уу
Энэн дээр Зуны шөнийн зүүдийн хэсгээс тоглодог хэсгийг л үзэх гэж бараг үздэг байх. Тэгэхдээ энийг анх үзэхэд их гүн сэтгэгдэл төрж байсан болохоор тэрнийг санах гэж бас үе үе үзчихээд байдаг юм. Робин Виллиамсыг өөд болоход дурсгалыг нь хүндэтгэж энэ киног дахиж нэг үзээд тэмдэглэл бичиж байж билээ.
17. Fight Club
18. Pan's Labyrinth
Үлгэрийн ч юм шиг, аймшгийн ч юм шиг, хүүхдийн ч юм шиг. Их эвгүй кино шүү. Найруулагч нь Гиермо Дел Торо. Энэ найруулагчийнх нь Devils backbone гээд бас нэг кино байдаг. Өөр нэг кинотой нийлээд трилог болдог байх аа.
19. Хиргүй тунгалаг сэтгэлийн үүрдийн гэрэл гэгээ гэж би орчуулаад байгаа Eternal sunshine of the spotless mind
Энэ киног гарах хүртэл би Жим Керрид тийм ч дуртай байгаагүй юм. Хайртдаа гомдсон бүсгүй өөрийн болон найз залуугийнхаа дурсамжаас өөрсдийн тухай дурсамжийг хуу арилгахаар захиалга өгдөг. Хоромхон зуурын гомдлоос болж жинхэнэ хайраас татгалзахгүй гэсэн залуугийн хүсэл энэ тэр.
20. Цуврал кино бичиж болох юм болов уу? Найзуудыг л бичмээр санагдаад байдаг юм. Бүтэн арван жилийн турш үргэлжилсэн энэ ситком тухайн үеийн залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж байсан байх даа. Америкийн поп культур, тэндхийн соёл энэ тэрийг энэн дээрээс л харж ойлгодог байлаа.
Жагсаалтад ороогүй ч дуртай олон кинонууд үлдсэнийг энэ дээр байгаа хүмүүс ч бараг хангалттай оруулчихаж дээ.
Shawshank redemption
Godfather
Forest Gump
Back to the future гурвуулаа
Indiana Jones дөрвүүлээ
Hotel Rwanda
Juno
Casablanca
Cinema Paradiso энэ тэр гээд цаашаа тасрахгүй байх аа.