<<РУБЕН ЛОФТУС-ЧИК БАЯР ХӨӨРӨӨ БАРЬЖ ЯДАЖ БАЙНА>>.Клубын Академид ирээд аль хэдийн 10 жил болж буй 18 настай хагас хамгаалагч Рубен өчигдөр үндсэн багийнхантайгаа Жозе Моуриньогийн удирдлагад бэлтгэл хийсэн билээ.
Дасгалжуулагч Жозе Моуриньо тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Лофтус Чик “Спортинг”-ийн эсрэг тоглоно гэж мэдэгдлээ.
УЕФА-ийн залуучуудын лигийн багийн байнгын гишүүн, өнгөрсөн улиралд Английн залуучуудын цом хүртсэн багийн ахлагч Лофтус Чик 2013/2014 оны улиралд баг нь аваргалахад(21 хүртэлх насны) гол тоглогч байсан юм. Тэрбээр өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд түүний хувьд үндсэн багт багтах, Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлчийн тоглолтонд бэлтгэх нь ямар ач холбогдолтой талаар ярьжээ.
“Энэ бол миний хувьд гайхалтай аз завшаан. Би энд 8 настайдаа ирсэн. Тийм болохоор үндсэн багт тоглох нь бүү хэл, тэдэнтэй зүгээр л бэлтгэл хийнэ гэдэг миний хувьд үнэхээр сайхан зүйл”.
“Талбайд гарчихвал ч янзтай байна даа. Хүүхэд байхаасаа л Челсигийн тоглолтыг зурагтаар харж, хэзээ нэгэн цагт Бриж-д өөрийн хүн болчихсон тоглож магадгүй юм гэж бодож ирсэн”.
“Боломж гарвал гайхалтай хэрэг, тийм боломж гарахгүй бол цаашид бүх хүчээ дайчлан, улам шаргуу хөдөлмөрлөх болно. Хожим юу болохыг цаг хугацаа харуулна даа”.
Лофтус Чик Академийн залуус болон өөрөө ч гэсэн Жон Терри, Дидье Дрогба нарыг өөрсдийн шүтээн хэмээн хүндэлдэг бөгөөд, чухам энэ 2 агуу тоглогч бэлтгэл дээр өөрт тусласныг онцлон ярьсан юм.
Хэрэв талбайд гарах боломж өнөөдөр Рубенд тохиовоос тэрбээр энэ улиралд үндсэн багт тоглоод үзчихсэн Доминик Соланке, Андреас Кристенсен болон өнгөрсөн улиралд дебют тоглолтоо хийсэн Льюс Бейкер, Жон Свифт нартай нэг эгнээнд жагсах болно.
Академиас үндсэн багт шилжих болон ямар туршлага хуримтлуулсан талаараа Лофтус Чик ийн ярьлаа.
“Бид үндсэн багтай бэлтгэл хийх, бүрэлдэхүүнд багтах боломжтой болсондоо хэмжээлшгүй баяртай байгаа. Цаг нь ирэхэд үүргээ биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна”.
“Анх ирэхэд бага зэрэг ачааллын дарамт байдаг ч, энэ бол өөртөө итгэх итгэлээ олж авах, үл эмээх, бэлтгэл сургуулилтдаа уусах зурвас үе төдий л юм”.
Ингэж байж гэмээнэ л агуу тоглогчид төрдөг. Амжилтанд хүртлээ өсч дэвжих замд ордог.
“Манайд авъяаслаг тоглогчид бий. Хамгийн оргилд гарах хялбар биш. Гэхдээ гутранги үзэл төрөх зав зай өөртөө гаргаж хэрхэвч болохгүй”.
“Бид боломж гармагц бүх чадлаа дайчлан, үндсэн багтай бэлтгэл сургуулилтаа нягт хийж, бид тоглохыг үнэхээр хүсч байна гэдгээ харуулж, авъяас, ур чадвараа нотлох ёстой. Бусдыг нь дасгалжуулагч нарын штаб шийднэ шүү дээ” хэмээн ярьсан байна.
#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9