<<Абрамовичийн нууц баруун гар буюу дэлхийн хөлбөмбөг дэх хамгийн нөлөөтэй эмэгтэй>>.Тэрбээр 39 настай бөгөөд Москвагийн улсын их сургууль төгсжээ. Роман Абрамовичийн удирдлага дор ажиллаад эдүгээ 17 жил аль хэдийн өнгөрчээ.
ОХУ болон Канадын иргэншилтэй бөгөөд 2013 оны 6 сараас Челсигийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Марина Грановскаягийн тухай Челсигийн албан ёсны сайтаас мэдэж болох бүх зүйлийг дэлгэе. Ямар ч зураг, нарийн тодорхой зүйл даанч алга. Тэр бүү хэл өөрийнх нь хэлсэн ганц ч үг, ядаж өөрийнх нь тухай илүү тодорхой мэдээлэл байхгүй байна гээд бод доо. Орос, Англи болон бусад хэлийг эзэмшсэн. Сайтад байгаа түүний талаарх бүх мэдээлэл ердөө л энэ.
Хэдий тийм боловч Марина бол хөлбөмбөг дэх хамгийн, ер бусын хүчирхэг эмэгтэй. Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус клубын дотоод менежментийг тэр л хөтлөн явуулдаг гэж мэдээлдэг. Мөн Жозе Моуриньо Челсид эргэн ирсэн нь ч түүний гавьяа гэж ярьдаг.
Диего Кошта, Ческ Фабрегасыг авчирсан нь ч түүний л хийсэн ажил. Грановскаягийн талаар сонсогддог элдэв яриа, янз бүрийн түүхэнд итгэх юм бол тэрбээр аль эрт Абрамовичийн баруун гар төдийгүй нөлөөтэй болчихсон.
1980-аад оны төгсгөлд хэний ч нүдэнд үл тоогдох Грановскаяг менежментийн салбарт ийм толгой эргэм амжилтанд хүрч чадна гэж итгэх нь бүү хэл бодож ч чадахгүй байсан.
"Түүнд хичээл зааж байхад бусдаас ялгарах зүйл огтхон ч байгаагүй гэдгийг тод санаж байна. Хэнд ч анзаарагддаггүй оюутнууд байдаг даа, тэдний л нэг" хэмээн их сургуулийнх нь нэгэн багш дурсан ярьсан нь бий.
Харин одоо Грановская маш сонирхолтой карьерыг босгож чадлаа хэмээн ярьж байгаа нь ёстой байгаа оносон үг.
Марина эхлээд дуу хөгжим, бүжгийг тун идэвхтэй сонирхож байсан бол хэсэг хугацааны дараачаас гадаад хэлэнд дурлах болсон юм.
Москвагийн их сургуулийг төгсөөд л Сибнефтьд ажилд оржээ. Тухайн үед тэрхүү хүчирхэг компани Роман Абрамовичийн эзэмшилд байлаа.
1990-ээд оны төгсгөлд өнөөх амжилт дагуулсан бизнесмен маань өөрийн бизнесээ Газпромд зарахад Грановская Чукоткийн амбан захирагчид үнэнч хэвээр үлдэв.
Грановская ердийн албан хаагчаар нэг их удсангүй. Хэсэгхэн хугацааны дараа ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцины дотны найзын анхаарлыг өөртөө хандуулж чадсан юм. Итгэлийг нь ч алдсангүй. Аль хэдийн хамтдаа 17 жилийг үджээ.
Түүний одоогийн албан тушаал нь ЗӨВЛӨХ. Гэхдээ зөвхөн зөвлөхийн үүргээр ажил нь хязгаарлагддаг гэдэгт итгэх хүн даан ч ховор. Грановская Абрамовичийн ажил хэрэгт бидний боддогоос хавьгүй гүн гүнзгий нэвчсэн гэдгийг 100 хувь итгэлтэй хэлэхэд буруутахгүй болов уу.
Абрамович 2003 онд Челсиг худалдан авахад, Грановская мөн тэр онд Лондон руу суурин амьдрахаар нүүж ирлээ. Гэхдээ Марина Их Британы нийслэлд өөрийн хэн гэдгээ зарлахыг оролдсонгүй. Урьдын адилаар хөшигний ард байхыг илүүд үзсэн юм.
10 жилийн дараа л клубын албан ёсны ажилтан болов. Клубын ерөнхий захирал Рон Гурлей гэнэт халагдсаны дараа буюу 2014 онд клуб Роны албан үүргийг Брюс Бак болон Марина Грановская нарт хувааж үүрүүлэхээр шийдвэрлэлээ.
Баерн Лэвэркузны ерөнхий захирал Вольфганг Холцхаузер Андре Шюррлегийн наймааны талаар ярихдаа: "Бүх хүч чадлаа олонд танигдахад зарцуулж тэмүүлдэггүй хүмүүс надад таалагддаг. Магадгүй энэ нь Грановскаягийн хамгийн хүчирхэг зан чанаруудын нэг нь байх" гэсэн нь бий.
Грановскаягийн талаар бид өөр юу мэдэх вэ? Тэрбээр туйлбартай, өөртөө итгэлтэй ажилладаг, асуудлын голыг олж чаддаг. Элдэв марзан яриа хөөрөөнд дургүй. Яриа хэлцлийн үед яаж ч гуйгаад нэмэргүй. Шинэ гэрээний нөхцөлд сэтгэл дундуур буйгаа Жон Терри хэлэхэд "Үүнийг ав, эсвэл далд ор" гэж хэлж чадсан хүн бол зөвхөн Марина Грановская.
Түүнийг тойрсон янз бүрийн яриа Маринаг Жеймс Бондын тухай киноны Орос тагнуул эмэгтэйн дүрээр төсөөлөхөд хүргэдэг. Нууцлагдмал, аазгай хөдлөгөм, гэхдээ хүрч боломгүй "ЦАСАН ХАТАН".
Нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж Evening Standard-д: "Грановская Моуриньог Челсид эргүүлэн авчирсан нь тохиолдол биш ээ. Абрамович Португал дасгалжуулагчаас тийм ч таатай, нөхөрсөг байдлаар салчихаагүй шүү дээ" гэж мэдээлсэн байдаг.
Хэрэв эх сурвалжид итгэвэл Грановскаягийн хувьд энэ бол тийм ч хүнд ажил байгаагүй. "Хэрэв Абрамович Челсид Моуриньог эргүүлэн авчирахаар өөрөө оролдсон бол хэн бүхний хөх инээдийг барах байсан. Грановская л онцгой нэгэнийг эргүүлэн авчирахаар Оросын тэрбумтаныг ятгаж, бүх яриа хэлэлцээрийг гартаа авч, энэ нь ч үр жимсээ өгч байна".
Челсид ойр хүмүүс түүний талаар хэзээ ч нугалж, зогсоож, замаас нь буцаах боломжгүй эмэгтэй гэж ярьдаг. Түүнд ажлаас өөр хийдэг зүйл үгүй. Нэг уулзалтаас нөгөө уулзалт руу... Гэхдээ өөрийн босстойгоо онцгой сайн харьцаатай.
Хаалттай хаалганы цаана Орос бүсгүй хэд хичнээн яриа хэлцэл хийдэг нь гайхалтай. Грановская бол Каррен Брэди(Бирмингэм болон Вест Хэмийн экс удирдагч, сүүлд улс төрийн карьер хөөсөн) мэтийн эмэгтэйчүүдээс тэс ондоо, тэдний бүрэн эсрэг тал, санаатайгаар хөшигний ард үлддэг хатагтай.
Хизер Раббатс 2006 онд Миллуолыг удирдах болсноор Английн хөлбөмбөгийн түүхэнд клуб удирдсан анхны эмэгтэй болж байсан түүхтэй. Хизер BBC болон бусад сувгуудаар гарч, буяны болон хандивын арга хэмжээнд оролцож, үүгээрээ өөртөө болон клубтээ бусдын анхаарлыг хандуулж чадаж байсан төдийгүй, хөлбөмбөгт зөвхөн эрчүүд бус эмэгтэйчүүд ч ажиллаж чадна гэдгийг нотлон харуулсан юм.
Грановская өөр зам сонгосон. Энэ нь ч алдсангүй. Тэрбээр дэлхийн хөлбөмбөг дэх хамгийн хүчирхэг эмэгтэй, гэхдээ олон нийт түүнийг мэдэхгүй. Европт гол үүргийг нь эмэгтэй хүн үүрч яваа Челсигийн төвшиний ӨӨР БАЙХГҮЙ.
#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND9