Сери А-гийн хамгийн сонирхолтой баг...Ювентус, АС Милан, Наполи багууд өдгөө Сери А лигийн өнгийг тодорхойлж байна. Фиорентина, Интер, Лацио, Рома ч ч гэсэн нэг их хоцролгүй араас нь нэхэж байгаа.
Гэхдээ Удинезег мартахгүй өнгөрч болохгүй. Тэдний Сери А лигийн хамгийн underrated буюу бодит байдлаасаа дутуу үнэлэгдсэн баг хэмээж болно.
Урьдын адилаар тэд зуны наймааны цонхоор даруухан ажиллаж байна. Энэ нь мэдээж бусадтай адил топ түвшний тоглогч авчирах хангалттай хөрөнгө байхгүйтэй холбоотой.
Гэлээ гээд тэднийг ирэх улиралд Европын эрхгүй үлдэнэ гээд баталгаатай хэлчихэж болохгүй. Учир нь тэд авьяастнуудыг худалдаж авах биш харин нээн гаргадаг баг билээ.
Тэдний өнөөгийн дүр төрхийг шилдэг дасгалжуулагчдын нэг Франческо Гуйдолин ирснээсээ хойш цогцлоосон юм. Хоёр жилийн өмнө тэрээр Бианконериг 3-р байранд оруулж Аваргуудын лигийн эрх авсан. Багаа үргэлж хүснэгтийн дундуур харж дассан фэнүүдийнх нь хувьд энэ бол зүүд мөрөөдлийн гэмээр амжилт байлаа.
Ихэнхи дундаж багийн хувьд үсрэнгүй амжилтынхаа дараа гол тоглогчдоо өндөр үнээр зараад , улмаар буцаад байсан түвшиндээ ирдэг бичигдээгүй хууль бий.
Удинезег тэр зунаа Алексис Санчез, Гохан Инлер, Кристиан Запата гэсэн түлхүүр тоглогчид нь орхисон боловч Гуйдолин бууж өгөөгүй. Шинэ шинэ залуусыг гарган ирж бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлсээр байлаа. Гэхдээ тэдгээр нь ихэнхидээ олонд танигдаагүй тоглогчид байсан гэдгийг санах хэрэгтэй. Франческо Гуйдолиний гар дор тэд өсөн дэвжиж топ багуудын анхаарлыг татдаг уламжлал тогтоод байна.
Түрүү зун тэд Квадво Асамоа, Маурисиа Исла, Самир Ханданович нарыг явуулсны дараа хүн болгон л Удинезегийн сэргэлт дуусч байгаа мэтээр ярьж байсан. Гэтэл тэд харин ч эсрэгээрээ сайн тоглож, Европын лигийн эрхтэй үлдсэн юм.
Үүний шалтгаан нь Гуйдолин багийнхаа тэнцвэрийг маш сайн барьж, эмх цэгцтэй ажилладагт байгаа юм. Түүний багийн амжилт тогтвортой сайн байгаагийн бас нэг шалтгаан нь "Тото" Ди Натале.
Хэдийгээр шигшээ багтаа үнэлэгддэгүй ч гэсэн Ди Натале Удинезегийн багийн ахлагчын үүргээ үргэлж давуулан биелүүлдэг нэгэн.
Тотогийн багийнхаа хамтрагчид, фэнүүдийнхээ урмыг сэргээж, байлдан дагуулж, ялалтад хөтөлж чаддаг чанар нь энэ багийг хөдөлгөгч далдын хүч юм.
2009 оноос хойш зөвхөн Криштиану Роналду, Леонел Месси л түүнээс олон гоол оруулаад байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тэрээр 100 давсан гоолыг оруулаад байна. Хүчирхэг хамгаалалтаараа алдартай Сери А лигт ийм амжилт үзүүлнэ гэдэг хэр баргийн тоглогчын чадах зүйл биш. Өнөө цагийн шилдгүүд хэмээгдэх Фалькао, Кавани, Ибра, Ван Перси ч ийм тооны гоолыг хийгээгүй.
Өдгөө 35 настай түүний эрч хүч харих дохио огтхон ч харагдахгүй байна. Сүүлийн 2 улиралд тэрээр 23 гоол оруулсан бөгөөд Сери А лигийн фантази тоглодог хүмүүсийн хувьд хамгийн зөв сонголт гэдгийг зөвлөж байна. 4 улирал дараалан 20 гоолын босго давсан амжилт өмнө нь Сери А лигт дуулдаж байгаагүй юм.
Тотогийн тогтвортой амжилтанд түүний онцгой ур чадвараас гадна Гуйдолиний зөв тактик бат бэх холбоотой. Тэрээр багаа Ди Натале дээр тулгуурлан босгодог юм.
Ингэхдээ багийн ахлагч дээр нэг их дарамт шахалт ирээд байхааргүй бүхнийг зохицуулсан нь хамгийн ухаалаг алхам. Гуйдолиний гараар хүжүүжин гялалзаж байгаа бас нэгэн тоглогч бол Луйс Муриель. Өнгөрсөн улиралд тэрээр 22 тоглолтонд оролцсоны 15 нь гарааных байсан. Гэхдээ л 11 гоол оруулж, 3 дамжуулалт өгөөд амжсан. Түүнийг 2010-аас 2012 онд Гранада, Лечче багуудад зээлж туршлага судлуулсны эцэст одоо л жинхэнэ ид шидийг нь үзэж байна. Магадгүй түүнийг заралгүй үлдээсэн нь Ханданович, Асамоаг явуулснаас илүү чухал алхам байсан байж мэдэх юм.
Удинезегийн авьяастнууд зөвхөн Ди Натале, Муриелээр зогсохгүй.
Энэ зун тэд Мэхди Бенатиа, Антонио Кандрева, Пабло Армеро, Хуан Куйдрад нарыг явуулснаар бүрэлдэхүүн нь нилээн суларч байгаа юм шиг санагдана. Гэхдээ зөвхөн цаасан дээр л тэгж харагдаж байгаа юм. Бодит байдал дээр тэдний хүч огтхон ч сулраагүй. Үнэндээ Бенатиаг эс тооцвол дээр дурьдсан бүх тоглогчид зээлээр өөр багуудад тоглосон. Тэгэхээр өнгөрсөн жилийн Удинезегийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ гэсэн үг.
Нэмээд тэд Нико Лопез, Валерио Верре гэсэн 19 настай хоёр авьяаслаг залууг авчираад байгаа.
Зуны эхээр явагдсан U-20 Дэлхийн аваргыг үзсэн хүмүүс Нико Лопезийг анзаарсан байх. Уругвайн шигшээ финалд шалгарахад Лопез яах аргагүй бусдаас онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр баг нь Францад торгуулийн цохилтоор дийлдсэн боловч Лопезийг ирээдүйн од гэдэгтэй олон хүн санал нийлсэн юм. Тэрээр тэмцээний мөнгөн бөмбөгийг авч, Францын Пол Погба (Ювентус) алтан бөмбөтэй тэмцээнийг өндөрлүүлсэн юм.
Уругвайн U-20-той хамт Нико 16 тоглолтонд 10 гоол оруулаад байна.
Рома руу явсан Бенатиагийн орон зайг Бразил залуу хамгаалагч Нальдо дажгүй нөхөх боломжтой. Мөн Уатфордод нэг улирал тоглохдоо 41 тоглолтонд 20 гоол оруулсан 21 настай Чех довтлогч Матей Выдра хэмээх довтлогч төрөлхи багтаа эргэн ирээд байна. Эдгээрээс гадна өөр олон залуус Удинезегийн эгнээнд нэгдсэн. Мөн түрүү улиралд сайн тоглосон Аллан, Жампьеро Пинци, Душан Башта, Роберто Пэрэйра гэсэн залуусаас зөвхөн өсөн дэвшлийг хүлээж болно.
Сери А лигийн бүх багууд Удинезег дутуу үнэлж болохгүй гэдгийг мэднэ. Тэд энэ жил урьд өмнөхөөс ч илүү том сенсаац дэгдээхийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр бусад багууд адилхан хүчээ зузаатгаж байгаа ч гэсэн өмнө нь ч гэсэн тэд ийм нөхцөл байдлаас л гарч ирсэн шүү дээ.
Ямартай ч Франческо Гуйдолиний залуус яах аргагүй ирэх улирлыг чимж, өрсөлдөөнийг хурцатгах хамгийн анхаарал татсан , сонирхолтой багуудын нэг нь байх болно.