Шинэ улирал айсуй…
Улаан чөтгөрүүдийн төлөө зүрх нь цохилдог хүн бүрийн хувьд хар дарсан зүүд мэт өнгөрсөн өнгөрөгч улирал хэдийнэ ард хоцорч шинэ менежер, шинэ итгэл найдварыг тээсээр бид бүхэн ирэх улиралтайгаа золгож байна. 27 жил Алекс Фергуссон хэмээх энэхүү эрхэмийн удирдлага дор хамтдаа хожил, хожигдлын амтыг мэдэрч явсан хүн бүхний хувьд өнгөрөгч улирал хэтэрхий цочир бөгөөд гэнэтийн байсан билээ. Гэхдээ одоо бол энэ бүгдийг тэр чигээр нь мартах цаг. Бид Фергуссонгүй, Уэльс шидтэн Райн Гиггз, буурал ханхүү Пол Скоулзгүй, нэгэн цагт гарцаа байхгүй дэлхийн шилдэг нь байсан арын шугам маань тэр чигтээ байхгүй тийм нэгэн улирлыг эхлүүлэх гэж байна. Өнгөрөгч улирлын гол сенсаац байсан Атлетико Мадрид багийг бараг тэр чигээр нь нүүлгээд ирсэн Моуриньо тэргүүтэй Челси ПЛт доминант байсан үеийнхээ бүрэлдэхүүнийг санагалзуулахаар хүчирхэгжсэн. Жил ирэх тусам улам л туршлага сууж дийлдэхгүй болж буй өнгөрөгч улирлын аварга Сити аваргаа хамгаалахаар хүчээ зузаалсаар. Бид нар ч бас мөнгө цацаж чадна шүү гэдгийг ойрд үе үе сануулаад байгаа буучид ч мөн мөчөөгөө өгөхгүй гэх зэргээр ирэх улиралд аваргын төлөөх өрсөлдөөн урьд урьдынхаас илүү ширүүн болох төлөвтэй. Бид харин бэлэн үү?
Арилжаа наймаа
Ямар нэг тоглочтой холбосон шуум хэвлэлд нийтлэгдээгүй өдрийг хайж олоход үнэхээр хэцүү болж. Тэр бүгдэд итгэх юм бол бид лав бүрэлдэхүүнээ 100 хувь зараад өөр хүмүүсээр аль хэдийнэ орлуулчихсан. Бараг орлуулсан хүмүүсийг нь ч зараад дахиад өөр хүн авч байх шиг. Арай бодитоор харвал бид одоогоор 2 л тоглогч аваад байна. Аль алийг нь үнэтэй ирсэн гэж хэлж болох ч манайд хамгийн том асуудал болоод байгаа хоёр байрлалыг тодорхой хэмжээгээр шийдэхээр ирсэн хүмүүс тул нүдээ аниад өнгөрөөж болох. Гэхдээ л бидэнд шийдэх асуудал зөндөө үлдсэн. Эвра явснаар зүүн ард 18 настай багт ирээд эхнийхээ тоглолтоо ч хийгээгүй байгаа Шау-аас өөр хүн үлдсэнгүй. Төвийн хамгаалалтанд улирлын талыг бэртэлтэй хэмээн өнждөг гурван залуу хамгаалагч л байна. Аль аль нь ирээдүйтэй ч аль аль нь Стив Брьюс, Яп Стаам, Рио Фердинанд, Неманья Видич гэсэн нэрнүүдийн хажууд одоохондоо жулдана. Баруун ард ч мөн ялгаагүй Рафаэлийн гэмтэл бэртэлд өнгөрүүлдэг хугацааг тооцохгүй байж болохгүй.
Төвийн хагас. Скоулзаас хойш манай хамгийн эмзэг байрлал төвийн хагас болоод байгаа. Каррик маань хэсэг ганцаараа чирсэн ч одоо нас нь ч явлаа, форм ч байхгүй болсон. Өнгөрсөн улиралд Феллайниг авчирч тодорхой асуудалаа шийдүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Энэ жил хэдий Эррэра ирсэн ч бидэнд яалтчгүй дахиад тоглогч хэрэгтэй. Тэр дундаа үнэхээр сайн тоглогч. Наймааны цонх хаагдах болоогүй байгаа ч ЛВГ багтайгаа аялан тоглолтоор явангаа тоглогчидтойгоо танилцаж авах гэсээр нилээдгүй хугацаа сул өнгөрч наймаа хийхэд улам л хүнд болох болов уу. Бүтэх магадлал маш бага ч топ таргет Хаммелс, Видал.
Тоглогч авахаас гадна энэ зун хийж амжуулах том ажлуудын нэг бол зарим нэг тоглогчдод баяртай гэж хэлж цэвэрлэгээ хийх явдал байх болов уу. Баттнер аль хэдийн явсан бол, Андерсоны ирээдүй бараг тодорхой болов уу. Эшли Янг, Нани, Клеверли, Фэллайни, Чичарито зэрэг тоглогчдийн ирээдүй бүрхэг хэвээр. Эдгээр дээр нэмэгдээд Кагава, Вэлбэкийн асуудал яригдах магадлалтай. Урд шугамд хэтэрхий олон тоглогчид цөөн хэдхэн байрлалын төлөө өрсөлдөх нь европын тавцанд тоглохгүй энэ улирлын хувьд асуудал үүсгэх болов уу.
Залуучууд
Ван Гаалын хувьд өөрийг нь бараг хамгийн их алдарт хүргэсэн зүйл нь залуу тоглогчдод боломж олгох тэдгээрийг нээж илрүүлэх байсаар ирсэн. Погба, Моррисон байхад бусад багтай харьцахгүй гэдэг байсан үе маань өнгөрсөн ч тордоод авбал хэнд ч гологдохооргүй залуус манай академид байсаар л байна. Януцай маань өнгөрсөн улирлын нээлт болсон бол түүнтэй дүйхүйц гэгдэж байсан Даэльигаа Сульшерт алдсан. Уилсон, Пиерсон, Пэррэйра, Янко гээд хэдхэн жилийн дараа мундаг болж мэдэх залуус дээр нэмэгдээд Повел, Варела, Лингард маань байна. Эдгээр залуус маань хэр өсч дэвжихийг харж л сууя.