by Kro » Wed Jul 16, 2014 11:45 pm
Саяхан л эхэлж байсан ингээд дуусчих гэж...
Ямартай ч нэгэн ДАШТ түүх болон үлдлээ. Сүүлийн үед унтаа болоод байгаа форумыг амь оруулж байсан Барнабад талархая.
За тээд энэ ДАШТ-н бяцхан дүгнэлт.
Хамгийн их шуугиан тарьсан баг: Коста Рика
Үхлийн хэсэгт шал арчаад үлдэнэ гэж байсан баг хэний ч санаанд оромгүй амжилт үзүүлэн хэсгээ тэргүүлэн улмаар шөвгийн 8 хүртэл явсан. Бага шөвөгт болоочгүй дэд аваргуудад торгуулийн цохилтоор ялагдсан. Зохион байгуулалттай, эмх цэгцтэй тоглолт нь тэднийг энэхүү амжилтыг үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Тэдэнтэй тэр болгон хөлбөмбөг сонирхогчдод танил болоогүй залуу бүрэлдэхүүнтэй, бас ч гэж шаггүй хэсэгт орсон улбар шарууд ширүүн "өрсөлдсөн" нь дамжиггүй.
Хамгийн урам хугалсан баг: Испани
Энэ номинацид өрсөлдөөн ширүүн байлаа. Үндсэн хэд хэдэн өрсөлдөгчид бий. Талбай дээрээ тэмцээн зохион байгуулж буй Дэлхийн 5 удаагийн аваргууд, 2008 оноос хойш Дэлхийн тавцанд ноёлж байсан цом хамгаалагч баг, сулхан хэсэгт орсон Оросууд, үргэлж чанга өрсөлдөгч байдаг Италичууд гээд дурдвал цөөнгүй. Эдэн дээр нэмэгдээд боломжийн хэсэгт орсон Коти д'Ивойр, хөлбөмбөгийг үндэслэгчид болох ихэмсэг Англичууд гэх мэтчилэн энэ жагсаалт үргэлжилнэ.
Эдгээрээс миний хувьд цом хамгаалагч Испаничуудыг "шалгарууллаа". Өмнөх бүрэлдэхүүнээс огт муудаагүй, зарим нэг байрлалдаа хүчээ зузаатгасан аваргууд нээлтийн тоглолтоо шуугиантай эхлүүлснээр уг номинацид эхнээсээ хүч түрэн орж ирсэн гэхэд болно. Бразилчуудын хувьд шөвгийн 4-т Германы эсрэг үзүүлсэн тоглолт нь тэднийг энэ ангилалд хүчтэй "өрсөлдөөн" үзүүлэхэд том түлхэц болсныг онцлууштай.
Олны итгэлийг алдаагүй баг: Герман
За энэ ангилалд надтай санал зөрөлдөх хүн нэг их гарахгүй боловуу. ДАШТ эхлэх болгонд л түрүүлэх багт ёс юм шиг яригддаг хуруу дарам багуудын нэг бол Германы шигшээ билээ. Үндсэндээ 2006 оноос хойш тааварт яригдсаар энэ удаад тэд аваргаллаа. Мэдээж тэмцээний явцад Германчуудад эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Африкийн багуудтай хийсэн тоглолтуудаас улбаалан талбайн эзэдтэй таарахад зарим нь тэднийг гэрт нь хариулж байсан нь тодорхой. Гэвч тулсан газар Герман чанар ямар байдгийг Дэлхий нийтэд Лөөвийн залуус харуулж чадсан.
За гэхдээ Германчуудтай өрсөлдөх багууд бас байсныг дурдах хэрэгтэй. Миний хувьд Чиличүүдийг энд оруулмаар байна. Хэдийгээр чанга хэсэгт багтсан ч тэднийг хэсгээсээ гарна гэж цөөнгүй хөлбөмбөг сонирхогчид тааварлаж байсан. Мөн талбайн эзэдтэй тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлэн нэг ёсны азын сугалаа болох торгуулийн цохилтоор ялагдсан тул тэднийг би энд онцолж байна. Дараагийн гол өрсөлдөгч бол Улаан чөтгөрүүд гэж үзэж байна. Бельгийн залуухан баг яг л олны таамаглаж байсанчлан тэмцээнд оролцсон. Миний хувьд яг л зохих ёсны амжилтаа үзүүлсэн гэж бодож байна.
За багуудын хувьд иймэрхүү. Нөхдүүд тээд нэмэх номинаци байвал нэмээд бичээрэй.
Одоо харин багагүй хэл ам дагуулах тоглогчдын тухай.
ДАШТ-ий нээлт болсон тоглогч: Хамес Родригез
Тэмцээний шилдэг мэргэн бууч. Үнэндээ би бол энэ нөхөртэй энэ ДАШТ-ээр л танилцлаа. ПСЖ-д 45 саяар очсон гэж дуулаачгүй явсанаа нуугаад яахав. Гоолын торгон мэдрэмж, өндөр техник гээд энэ залуу зөв замаар явбал Дэлхийн хэмжээний тоглогч болохгүй гэх газаргүй. Бразилд хожигдоод уйлж буй нь ямархуу том амбицтайг нь илтгэнэ.
За мэдээж түүнтэй өрсөлдөх хэд хэдэн тоглогчид байна. Улбар шаруудаас Дали Блинд, Аргентинаас Маркос Рохо гэх мэт. Тэдний хичээл зүтгэлийг хөлбөмбөгийн бурхан тэнгэр харж үзэх мэт бүгд энэ тэмцээний анхны гоол, анхны медалиа зүүцгээсэн. Үүн дээр нэмээд би Тони Кроосоо "арын хаалгадан" энэ жагсаалтанд оруулмаар байна. Хэдийгээр клубын түвшинд өөрийгөө хэдийнэ таниулсан болон түүний 2 дахь ДАШТ боловч Дэлхийн хэмжээний тоглогч болсноо энэ тэмцээнээр хангалттай нотолсон гэж үзэж байна.
Дахин төрөгч: Хавьер Машерано
Хөлбөмбөгчийн хувьд бараг л сүүлчийн ДАШТ-дээ тоглосон Аргентин залууг би энд онцоллоо. Тэмцээн эхлэхээс өмнө болон хэсгийн тоглолтуудад найдваргүй мэт байсан Аргентиний хамгаалалтыг хасагдах шатны тоглолтуудад, ялангуяа шигшээ тоглолтонд нуруун дээрээ авч гарсан тоглогч бол тэр. Клубтээ үндсэн байрлалдаа тоглохоо болиод удаж буй Машерано анх гарч ирж буйгаа санагдуулам тоглолтыг үзүүллээ. За түүнтэй гол өрсөлдсөн тоглогч бол цуцашгүй гүйгч, олонд хөдөлмөрч шар гэж алдаршсан Дирк Куйт гэдэгтэй маргах хүн цөөн бизээ. Анх довтолгооны тоглогч байсан хүн саяны тэмцээнд хамгаалагчаар тоглосон нь үнэхээр хөдөлмөрч, уйгагүй гэдгийг нь батласан буй заа. За нэмээд бас нэг арын хаалганы хүнээ оруулнаа. Басти... Хэдийгээр тэмцээний өмнө бэртэл аван бүрэн формгүй тэмцээнийг үзэгчийн суудлаас эхлүүлсэн ч яван чангарсаар шигшээ тоглолтонд багаа ялалтанд хөтлөсөн түүнийг энд онцлох хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд энэ ДАШТ түүний хувьд сүүлийнх гэж буй ч 2018 онд талбайн голд гүйж байхад би л хувьдаа гайхахгүй.
Олны итгэл алдсан тоглогч: Рон
Роны фенүүд уучлаарай. Энэ бол миний л бодол шүү. Яахав түүнд сайн хамтрагч нар байгаагүй гэх байх. Мөн гэмтэл нь бүрэн эдгээгүй, формгүй байсан байх. Гэвч энэ бол түүнийг өмгөөлөх шалтгаан болохгүй байхаа. Сүүлийн үед илт анзаарагдах болсон багийн эрх ашгаас дээгүүрт тавигддаг хувийн амбиц нь шигшээд нь хүртэл анзаарагдах болсон. Гэхдээ түүнтэй ширүүн өрсөлдөх тоглогчид бас хэд хэд байнаа. Англиас Рүүний, Уругвайгаас Суарез, Германаас Өзил, Испаниас Икер, Диего Коста, Аргентиний довтолгооны хослол Агуэро, Игуайн, Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болсон /би буруу санаагүй бол шүү/ Луйз гэх мэт.
Олны итгэл алдаагүй тоглогч: Мюллер
Мэдээж энэ ангилалд ялагч нь олны итгэл даасан багаас тодрох нь зүй ёсных гэж бодож байна. Аваргуудын довтолгооны шугамаас хамгийн аюултай тоглогч нь тэр байсан. Өдгөө 25 настай залуу аль хэдийнэ ДАШТ-ий аравтын босгыг давсан байна. Одоо түүнд нутгийн ахын шинэхэн рекордыг эвдэх "албан бус" даалгавар бий. Мань хүнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн тоглогч бол Месси байлаа. Аргентиний явахгүй байсан довтолгоог ганцаараа шахуу авч гарсан. Шигшээд аргагүй нягт хамгаалалт, өндөр зохион байгуулалттай Герман машины өмнө хүчин мөхөстсөн болно.
Нэмээд энд би 2 Герман тоглогчийг онцолж байна. Тэдний нэг нь Матс Хүммельс. Клубтээ үзүүлдэг тоглолтоо шигшээд хэзээ үзүүлэх бол гэсэн олны хүлээлтийг тэр хөсөрдүүлээгүй. Өнгөрсөн Еврогоор хагас шигшээд Балотелид алдсан 2 гоолоо энэ тэмцээнээр хангалттай цайруулсан гэж болно.
Дараагийн тоглогч бол мэдээж алтан толгой Клозе. Хувийн амжилт хамаагүй ээ, баг маань цом авч байвал л болох нь тэр гэж байсан ахмад тоглогчийн бүх хүсэл давхар биелэсэн. Түүний оруулсан 2 гоол тийм ч чанаргүй байгаагүйм. Эхнийх нь сэлгээгээр дөнгөж орж ирээд тэнцээ авчирсан гоол байсан бол түүний нэрийг хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичсэн гоол нь бүүр ч гайхалтай байлаа. Багийн хожлыг баталгаажуулсан, хамгийн гол нь заналт өрсөлдөгчийнхөө талбайд нь хийсэн гэдгээрээ илүү амттай, илүү ач холбогдолтой болгож байна.
Заа заа нэг иймэрхүү. Өөр гоё сонирхолтой номинациуд байж болохоор боловч цаг орой болж, дээр нь залхуу ч хүрэв хэхэ.