by meesh » Mon Jul 07, 2014 1:43 pm
Ямар ч байсан гарч цолоо дуудуулах юм бишүү.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дархан аварга цолоо өнөөдөр гардан авсан Агваансамдангийн Сүхбатын ярилцлагыг хүргэж байна.
- Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дархан аварга цол хүртсэн танд баяр хүргье?
- Баярлалаа. Олон жил үндэсний бөхөөр хичээллэж хөдөлмөрлөсөн амжилтыг минь үнэлж Дархан аварга цол хүртээсэнд туйлын их баяртай байна. Төр засаг Монголын нийт ард түмэндээ баярлалаа. Гаргасан амжилтыг минь үнэлж төрийн тэргүүн өндөр цолоо хүртээсэнд баяртай байна.
1990 оны Үндэсний их баяр наадам, Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Бат-Эрдэнэ аварга Дархан аварга цол хүртэж байсан. Ингээд бодохоор 25 жилийн Дархан аварга цолтон төрлөө. Энэ зууны анхны Дархан аварга цолтон боллоо. Гурван минутын дараа Өсөхөө маань Дархан аварга боллоо. Булган сүүлтэй Дархан аварга байж чадлаа.
-10 жил хүлээсэн Дархан аварга цолоо өнөөдөр гардлаа шүү дээ?
-Дархан аварга цолтой бөх байсан шүү гэдгийг 10 жилийн дараа ийнхүү олголоо. Монгол Улсын арслан түрүүлвэл аварга, аварга цолтон түрүүлвэл даян аварга. Даян аварга түрүүлвэл дайчин Дархан аварга болдог. Гэтэл энэ цолны уламжлал эвдэгдсэн. Монгол бөхийн цолны дархлааг эвдсэн. Гарьд, харцага, далай аварга цолыг шинээр зохиож бий гаргаж ирсэн мэт ойлгуулсан. Үүнээс цааш Монголын бөхийн энэ уламжлал дархлаа дахиж битгий эвдэгдээсэй. Монгол бөх, баяр наадмын зохиогч нь ард түмэн байдаг.
-Тухайн үед олгочихсон байсан бол жижиг Сүхбат маань өнөөдрийг хүртэл зүлэг ногоон дэвжээнээ байх байсан л болов уу?
-Их спортоор зүйрлүүлээд хэлбэл түрүүлчихсэн тамирчинд алтан медалийг нь өгөхгүй бол яах вэ. Яаж гутарч, урам нь хугарахав. Түүнтэй л адил. Миний хойч үе, үр хүүхэд шавь нарыг минь дахиад ийм зүйл битгий дайраасай. Надаар ингээд дуусаг гэж бодож байна. 10 жилийн дараа хөлсөө хатчихсан байхад үндсэндээ Дархан аварга цол авлаа. Цаашид Монгол бөхийн төлөө, түмэн олныхоо тусын тулд олон зүйлийг хийх болно гэдгээ амалж байна.
-Таны хувьд төрийн их баяр наадамд гурван удаа түрүүлсэн шүү дээ. Дархан аварга цолны болзол хангасан түрүү барилдаанаа эргээд дурсаач та?
-Миний барилдаанууд эргээд бодоход дэндүү сайхан. Яг нисч байсан мэт надад санагддаг. 2004 онд гурав дахь удаагаа түрүүлэхдээ Дархан аварга цолоо авах байлаа. Монголын ард түмний та бүхний хүндэлж байсан жижиг Сүхбат Дархан аваргын дайнд барилдаж түмэн олноо баясгаж байсан юм байна шүү. Өнөөдөр үүнийг ард түмэндээ нотолж чадлаа. Та бүхнийхээ дунд би жаргаж байна. Баярлалаа та бүхэндээ.
-Олон жилийн турш наадмаар өмсч ирсэн бор дээлээ өмсч ирсэн нь бас нэг зүйлийг илтгэх биз ээ?
-Тийм ээ. 2004 онд төрийнхөө баяр наадамд гурав дахь удагаа түрүүлэхдээ Дархан аварга болсон бол энэ бор дээл, гуталтайгаа авах байсан. Иймээс хайртай бор хүрэн дээлээ өмсч ирлээ.
-Энэ жилийн төрийнхөө их баяр наадамд Дархан аварга цолоо хүндэтгээд барилдах уу та?
-Монгол бөхийн хамгийн өндөр цол Дархан аварга. Төр засаг түмэн олноо хүндэтгэх надад шалтгаан байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол сайн хийж байгаа.
-Миний амжилтын тэр ид хавтай үед өгөх ёстой цолыг минь шударгаар өгсөн бол өнөөдөр би ингээд цээжиндээ шархтай, нүдэндээ нулимстай яваа ч уу, үгүй ч үү хэмээх дөрвөн жилимйн өмнөх өгсөн ярилцлага одоо ч тодхон санагдаж байна. Таны энэ гомдол одоо тайлагдсан уу?
-Монгол бөхөд өрнөөд байгаа асуудал Өсөхбаяр аварга бид хоёрт Дархан аварга цол өгснөөр шийдэгдчих юм биш. Гурав үзүүрлэсэн Гантогтох гарьд, Сүхбат, Цэрэнпунцаг гарьд гээд олон бөхийн асуудал шил шилээ даран барилдаж байгаа.
-Төрийн наадамд цолонд хүрэх, цолоо ахиулах шавь нараа нэрлээч?
-Даваабаатар, Амгаланбаатар нар олон шавь нар минь бэлтгэл сургуулилтаа маш сайн базааж байгаа. Шавь нар маань сайн барилдана гэдэгт итгэж байна. Энэ жилийн баяр наадам тун сайхан болох байх. Уясан морь хурдан, дэмжсэн бөх нь түрүү хүртэг. Түмэн олон минь сайхан наадаарай. Азтай хийморьтой, одтой сайхан наадахын ерөөл дэвшүүлье.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....