Идэрээгийн анализ: Дуайтын солилцооноос аль баг хожиж, аль нь алдав?
Сүүлийн арван сар гаруй хугацааны турш яригдаж байсан солилцоо болоход ууг нь гайхаад байх зүйлгүй. Харин ч арай гэж нэг юм боллоо гээд санаа амармаар. Гэвч Дуайт Лейкэрст ирэх нь албан ёсоор болсонд NBA сонирхдог хэн ч гайхсан хэвээр л байна. Лейкэрсийн фэнүүд баярласандаа итгэж чадахгүй, Майамигийн фэнүүд айсандаа итгэж чадахг
үй, бусад багийн фэнүүд юу бодохоо ч мэдэхгүй байгаа биз. Тэгэхээр 4 баг оролцсон энэ том солилцооноос хэн нь онож, алдаваа?
ХОЖСОН: Лейкэрс
Мэдээж тэд хүссэн солилцоогоо хийсэн нь мэдээж. Харин Пао Гасолыг алдалгүй ганц Байнумыг алдсан нь бүр ч илүү давуу талтай байлаа. ИХ ТАВ-ын бүрдэл мэдээж Лейкэрсийг NBA-гийн хамгийн хүчирхэг баг болгож байна: 5 байрлалаас 4-т нь шилдэг тоглогчид байна, SF дээр сайн хамгаалагч байна. Коби, Дуайт хоёрын хэрхэн хамтран тоглож чадахыг Стив Нэшийн холбон тоглолт шийдэх бөгөөд Пао Гасол өөрт олдох сул довтолгоонуудаа хийгээд байхад л хангалттай. Хамгийн том асуулт бол "Майк Браун олон оддыг дасгалжуулж, нэг баг шиг тоглуулж чадах уу" юм. Шак, Коби, Малоун, Пэйтон нарын Их Дөрвөл Пистонсд аваргын цувралд хожигдож байсныг санах хэрэгтэй.
АЛДСАН: Мэжик
Мэжик Ховардыг хоосон алдалгүй, энэ солилцоог хийсэн нь мэдээж. Гэхдээ тэд Байнум, Пао эсвэл Брүүк Лопезийг ч авч чадсангүй. Оронд нь Аррон Аффлало, Ал Харрингтон, Никола Вусевич, рүүки Моу Харклэсс, 3 драфтын эрх авсан явдал бол тэдний хувьд гаргаж болох муу шийдвэр байлаа. Мөн тэд явуулахыг хүсч байсан Хэдо Турколуг ч жийж чадсангүй. Мэжикийн ирээдүйн тоглогч нь хэн бэ? Хариултыг нь олох гэж багагүй эргэлзэж байгаа биз?
ХОЖСОН: Наггэтс болон Игуодала
Гэрээний мөнгөн дүнгийн хувьд Игуодала Аффлалогоос хэд дахин үнэтэй, гэхдээ ур чадварын хувьд тэр хэд дахин илүү. Дэнвэр Кармелогийн эрин үеэс маш хурдан салж, Тай Лосон, Кэннэт Фарид, ЖаВэйл МакГий, Уилсон Чандлэр, Данило Галлинари гэсэн ирээдүйтэй залуучуудаар дүүрч байгаа нь энэ баг зөв чиглэлдээ орсныг илтгэх байх. Сиксэрст Аллэн Айвэрсоны орон зайг нөхөх хүндхэн үүрэгтэй байсан Игуодала Дэнвэрт нэмэгдэж ирснээр NBA-гийн шилдэг роль тоглогч болох боломжтой юм. Түүнд оноо авч, багийг тэргүүлэх шаардлага үгүй, харин Тай Лосоныг дагаад гүйж байхад л Игги хүссэн довтолгоогоо хийж, дураараа тоглох болно.
АЛДСАН: Сиксэрс
Ууг нь энэ солилцооноос Сиксэрс хожсон баг шиг харагдаж байгаа боловч үгүй юм. Мэдээж тэд Куами Брауныг сэлгээнд суулгаж, NBA-гийн хоёр дахь шилдэг төвийн тоглогч Байнумыг гараанд гаргахаар болсон нь сайн хэрэг. Гэхдээ энэ баг шинэ улиралд шууд амжилт гаргахад бэлэн биш байгаа ба гэрээ нь дуусангууд ирэх жил Байнум чөлөөт агент болж өөр хот руу явах нь бараг ойлгомжтой биз. Жрү Холидэй, Эван Төрнэр, Спэнсэр Хос, Жэйсон Ричардсон, Ник Ян, Доррэлл Райт нар дээр Байнумыг нэмэхэд Сиксэрс дундуур эсвэл хойгуур Плейоффт шалгарч чадах хэдий ч энэ нь нэг жилийн л амжилт байх юм. Бас нэг AI-г алдахыг фэнүүд нь хүсээгүй л байх.
ХОЖСОН: NBA-гийн фэнүүд
Дуйатын драмагаас ийнхүү салсандаа NBA-гийн фэнүүд бид баяртай байх нь мэдээж. Гэхдээ бүр ч илүүтэйгээр NBA-гийн шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүсийн тоо энэ солилцооноос болж эрс нэмэгдэж байгаа нь лавтай. "NBA утгагүй боллоо" гэж хэлж байгаа хүмүүс ч цаанаа Лейкэрсийн тоглолтыг үзэхийг сэтгэл догдлуулан хүлээж байгаа биз. Тиймээ, NBA-гийн багуудын тэнцвэр алдагдсаар байгаа ч Дуайт Лейкэрст ирсэн явдлыг буруутгах нь өрөөсгөл. Ямартай ч NBA-гийн 2012-13 улирал үзэх зүйл ихтэй, ярих сэдэв арвинтай л боллоо.
АЛДСАН: ЛеБрон
Түүний цаг нь ирж, NBA-гийн аваргыг ар араас нь цуглуулж, Майкл Жордан, Коби Брайнт нартай харьцуулагдах үедээ орлоодоо гэж бодтол Дуайт Лейкэрст очиж, түүний өмнө бас нэгэн саадыг нээлээ. ЛеБрон өөрийн гаргасан "шийдвэр"-ийн хариуг ийнхүү амсаж байх шиг байна. Лав л Кобигийн гэрээ дуустал буюу дараагийн 2 жил Лейкэрс цаасан дээр Майами Хитээс илүү байна. Сагсан бөмбөгийн талбай дээр харин яахыг бид 2013 оны 6-р сард Финалын цувралд харах байлгүй. Энэ хоёр багийн аль нэг нь **н** алдаа гаргахгүй л бол Хит vs Лейкэрс аваргын цувралыг бид 10 сарын дараа харах болно.
LET THE GAMES BEGIN!!!