moto.mn ээс туучий
Formula 1 2014 онд хэрхэн өөрчлөгдөх вэ?Формула 1 өөрчлөгдсөн, бүр ихээр өөрчлөгдсөн. Ийм том хэмжээний өөрчлөлтүүд Гран-при уралдааны ертөнцөд хийгдээгүй удаж байна. Шинэ хөдөлгүүрүүд, шинэ харагдац, бас өөр олон зүйлс... 2014 оны анхны албан ёсны туршилтын хуралдаан эхлэхээс өмнө шинэчлэгдсэн Формула 1-ийн хамгийн чухал бөгөөд томоохон ялгаатай шинж чанаруудыг сануулахаар шийдлээ.
Муухай хамартангуудын цуглаанШинэ McLaren ингэж харагдах болжээ. Вокингийн энэхүү компани өөрийн машины хамрыг хамгийн түрүүнд олон нийтэд үзүүлэх зориг гаргасан – Их Британийн компанийн онлайн нээлт энэ сарын 24–нд болсон.
Формула 1-ийн машинуудын хошууны салхи зүсэгчийн тал дээр том асуудалтай. 2 жилийн өмнө дүрмэнд оруулсан жижигхэн өөрчлөлт нь олон олон монхор хамартай царай муутуудыг төрүүлсэн – бараг бүх машинууд хошуун дээрээ шатлалтай болсон. Анхандаа энэ асуудал дүрмийн бяцхан дутагдлаас үүдэн үүссэн: аюулгүй байдлыг сайжруулах үүднээс FIA (Олон улсын Автомашины Холбоо) багуудад хошууг 525 мм-ээс дээш өндөртэй байлгахыг хориглосон, гэвч их биеийн урд дугуй хүртэлх хэсгийн өндрийг огт дурдаагүй. Машиныхаа доогуур аль болох их хэмжээний агаар оруулахын тулд инженерүүд янз бүрийн хэлбэр галбир гаргасан бөгөөд энэ нь төрөл бүрийн харьцуулалтын “давалгаа” үүсгэсэн.
Формула 1-ийн машинуудыг “галуун хошуут” ч гэнэ, “матар” ч гэж байсан. Гэхдээ өнгөрсөн улирал энэ асуудлыг бага зэрэг залруулсан – багуудад хошуун дээрх овгор хэсгийг аэродинамикийн тусгай хаалтаар тоноглохыг зөвшөөрчээ. Тус болсон. Гэхдээ түрхэн зуур.
McLaren MP4-29 бол шинэ урсгалын тод жишээ болох төлөөлөгч. Ихэнх машинуудын хошуу нь ингэж л харагдах болов уу. Урагш унжиж “ургасан” илүү хэсэгтэй. Иймэрхүү хэлбэрийн хошууг Williams, Sauber, Force India багууд ашиглана. Гэхдээ энэ машины зургийг зөвхөн “+18” гэсэн тэмдэгтэйгээр олон нийтэд үзүүлж болно хэмээн хөндлөнгийн ажиглагчид хошигнож байна.
Шинэ дүрмийг багууд өөр өөрөөр хэрэгжүүлсэн нь сонирхолтой. Lotus E22 хошууны оронд хоёр “соёотой” болсон, баруун талынх нь зүүнээсээ илүү урт. Энэ нь уг машин дүрэмд нийцэхийн тулд шаардлагатай: журмын үүднээс авч үзэхэд E22 ганцхан хошуутай. Харин тэрхүү хошуу нь голоороо байрлах ёстой гэж хэн ч юу ч яриагүй.
Ferrari өөрийн замаар явсан: F14 T-ийн хошуу өрсөлдөгчдийнхөөс илүү өргөн, гэвч салхи зүсэгч нь өөрөө маш “бөхтөр” болсон. Скудериягийн инженерүүд шинэ машинаа бүтээхдээ сайхан муухай харагдах талаар огт бодоогүй бололтой.
2014 оны улирлын машинууд, тодруулбал тэдний хошуу нь хөгжөөн дэмжигчдийг хөнгөхөөн шоконд оруулж орхисон. Дээрх зургууд танд өөрийн үзэл бодлоо бий болгоход тус болно. Харин одоо яг яагаад ийм зүйл болсоныг тайлбарлах гэж оролдъё.
FIA-ийнхан 2014 оны улирлын уралдааны журмыг зохиохдоо өндөр хошууны асуудалд эргэн ирсэн. Одоо машины бие нь 525мм-ээс ихгүй өндөртэй байх ёстой, харин хошууны үзүүр нь их биеийн ёроолын хавтгайгаас 185мм-ээс дээш өргөгдөх ёсгүй. Түүний зэрэгцээ FIA дахиад л нэг бяцхан зүйлийг мартсан – хошууны үзүүр ямар өргөнтэй байх ёстой вэ? Зөвхөн хөндлөн байрлах хэсгийн талбайг нь тодруулсж өгсөн – 9000 квадрат метр (энгийн цайны аяганы диаметртай тэнцүү).
Гэхдээ инженерүүдийн хандлага урьдын адил үлдсэн: “Хориглогдоогүй л бол зөвшөөрөгдсөн гэсэн үг”. Тэд машины хошууг доош унжуулах шаардлагатай болсон, гэхдээ болидын доод хэсэг рүү аль болох их агаар оруулах санаанаас хэн ч татгалзахыг бодоогүй.
Williams багийнхан одоохондоо өөрийн машины жинхэнэ зургийг харуулаагүй байгаа. Хөгжөөн дэмжигчид нь ийм нэгэн зургаар "амиа зогоож" байна.
Эцэст нь 185 мм-ийн үзүүлэлтэд зөвхөн хошууны үзүүр л хүрсэн. Амьтдын ертөнцөөс Формула 1-ийн машинуудыг шоргоолжин идэштэй л зүйрлэж байхшив, гэхдээ өөр ертөнцийн зүйлстэй харьцуулах нь элбэг. Caterham-ийн шинэ машин одоохондоо танилцуулагдаагүй, гэхдээ багийн удирдагч Сирил Абитебул шүтэн бишрэгчдийг “баярлуулсан”: шинэ машин түүнд Alien vs Predator-н мангасыг санагдуулж байна гэнэ. Харин хамгийн их харьцуулалт кино урлагийн эргэн тойронд бус, харин хүний биеийн бүтэц, эрхтэнүүдийн ойролцоо өрнөж байна. Lotus-ийн тохиолдолд бол эмэгтэй хүний биетэй.
Шинэ хөдөлгүүрүүдMercedes Benz-ийн Формула 1-д зориулан бүтээсэн шинэ хөдөлгүүр
Анхандаа 2014 оны улирлын үзэгчид машинуудыг харах бус, харин чагнах нь сонирхолтой байх болов уу гэж таамаглаж байсан. Шүтэн бишрэгчийн чихэнд танил болсон 2.4 литрийн энгийн V8 хөдөлгүүр 1.6 литрийн турботой V6-д байраа тавьж өгсөн. Түүний дуунд дасах л хэрэгтэй болж дээ.
Шинэ хөдөлгүүрүүдийн “дуу хоолойны” талаар одоохондоо зөвхөн YouTube дээр байгаа богинохон бичлэгүүдээс л төсөөлөл авч болно. 2015 онд л уралдаанд ашиглагдах хөдөлгүүрийнхээ дууг Honda компани хүртэл сүлжээнд нийтлэсэн байгаа юм. Хересд эхлэх тестүүдээс өмнө шинэ хөдөлгүүрүүдийн дууны талаар төсөөллийг Mercedes AMG-ийн нийтлэсэн бичлэг өгч чадах болов уу.
Ф-1-ийн хөдөлгүүрүүд эзлэхүүнээ алдсан учир морины тоо ч, эргэлтийн хэмжээ ч багассан. Гран-пригийн хөдөлгүүрүү – одоо энэ бол 500 морины хүч, минутад 15,000 эргэлт гэсэн үг.
KERS-ийн оронд ERSFormula 1-ийн хүчний анги ийм маягтай харагдана. Дотоод шаталтат хөдөлгүүрийн хамт агрегат тус бүр кинетик (KERS) болон дулааны (HERS) энергийг дахин хуримтлуулан ашиглах системүүдийг зайлшгүй суурилуулсан байх ёстой.
Цилиндр болон морины хүчний тоо багассан явдлыг илүү хүчтэй хайбрид систем залруулах ёстой. Одооноос ашиглагдахаа больж буй кинетик энергийг хуримтлуулан дахин ашиглах KERS систем нь нэг тойрогт 6.7 секундын турш “наяхан” морины хүч нэмдэг байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн гүйцэж түрүүлэх үйлдэлд л тус болдог байжээ. Харин шинэ систем нэрэндээ K үсгээр дутуу ч гэлээ бүтээмжээр илүү: нэг тойргийн 33 секундын турш 163 морины хүч нэмэх чадвартай. Хайбрид системгүйгээр Формула 1 ч хол явахгүй нь дээ.
ERS систем хэмнэлт хийхэд ч тус болно. 2014 оны машинуудад шатахууны савны хэмжээ хязгаарлагдана. Одоо машиндаа 100 кг-аас ихгүй шатахуун тээвэрлэж болно. Энэ нь урьдынхаас 1/3-аар бага юм. Тиймээс нисгэгчдэд хэцүүхэн л байх болов уу.
Финалын “хоёр нугалсан” оноонуудFIA-ийнхан Себастьен Феттелийг “аргалах” замыг олсон бололтой. 2014 онд өнгөрсөн жилийнх шиг тийм эрт аваргын цомоо авах гээд хүлээж сууж чадахгүй. Яагаад гэвэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа нэг уралдаанд бусдаас хоёр дахин их оноо нэмэгдэнэ. Хамгийн сүүлийн үе буюу Абу-Дабигийн уралдааны талаар яригдаж байгаа юм. Түүний ялагч стандарт 25 оноо бус, харин шууд 50 оноо авах юм. Тэгэхээр, Феттель Арабын Нэгдсэн Эмиратын уралдаанаас өмнө 49 оноогоор түрүүлж явж байсан ч тэр ялагч болно гэсэн баталгаа байхгүй юм.
Тогтмол дамжуулгын тоо2014 онд уралдааны багууд хурдны хайрцгийн дамжуулгын тоог ганцхан удаа өөрчлөн тохируулж болно. 2015 оны улиралд бүр энэ боломжийг нь ч хасах юм: инженерүүд уралдаан эхлэхээс өмнө тохируулгуудыг хийх ёстой. Ганцхан алдаа гаргалаа, тэгээд аварга шалгаруулах тэмцээн тэр чигтээ “хог дээр үсэрлээ” л гэсэн үг.
“2014 онд инженерүүд тэртэй тэргүй зөндөөн хийх зүйлтэй байна” хэмээн журам зохиогчид шийджээ. Тэгээд л ажилбаруудын нэгийг нь хасчихаж. Одоо нэг үеэс нөгөө үед орохдоо хурдны хайрцгийн дамжуулгын тоог өөрчлөх шаардлагагүй. Бүх багууд 8 шатлалтай хурдны хайрцаг ашиглана, харин түүний дамжуулгын харьцаа тоо нь тэмцээн эхлэхээс өмнө тохируулсан байх ёстой. Force India-ийн техникийн захирал Энди Грин нэг, хоёр болон гурав дугаар “арааг” бараг зөвхөн гараан дээр л ашиглана, харин найм дахь шатлал зөвхөн Монцагийн уралдаан дээр хэрэг болох байх гэдгийг мэдэгдсэн. Үндсэн ачаалал дөрөв, тав, зургаа болон долоо дугаар шатлалууд дээр хуваарилагдана.
49 кг-аар хүндForce India багийн хамтрагчид: Серхио Перес (зүүн талд) ба Нико Хюлькенберг (баруун талд). Мексик эр өөрийн хамтрагчаас 11 см-аар нам, зургаан кг-аар хөнгөн. Чухам өндрийн улмаас л Хюлькенбергийг топ багууд болох McLaren болон Ferrari өөрийн багтаа аваагүй хэмээн ярьцгааж байна. Өнгөрсөн жил Никогийн менежерүүд тэдэнтэй уулзалт хийж байсан юм.
Шинэ хүчний эд анги, тэр тусмаа ERS-ийн улмаас Формула 1-ийн болидууд жин нэмсэн. 642 кг жинтэй байсан машинууд одооноос 691 кг-аас багагүй жинтэй байна. Энэ жин урьдын адил нисгэгчийн хамт тооцогдоно. Энд л хамаг учир начир байгаа юм.
Инженерүүд жингийн шинэ хязгаарлалтад ч багтахад хэцүү байна гэдгийг өнгөрсөн жил л тооцоолж мэдсэн. Шинэ машинууд илүү хүнд болно, хүндрүүлэх нэмэлт жин байрлуулах ямар ч шаардлага байхгүй, харин өөрийн бие бялдрын онцлогоосоо үүдэж бусад нисгэгчдээс илүү жинтэй тамирчид өөрийн эрхгүй хохирогчид болж хувирах юм. Жишээлбэл, VJM07 машины жолооны ард Серхио Перес суувал онолын үүднээс Нико Хюлькенберг жолоодсоноос илүү хурдан байна. Зүгээр л хөнгөн учраас л тэр. FIA-ийнхан энэ асуудлын талаар хэтэрхий хожим олж мэдсэн. Зөвшөөрөгдсөн хамгийн бага жин 10 кг-аар ихэснэ л дээ, гэхдээ ирэх жилийн уралдаанд.
“Анти Ньюи” гэгдэх яндангийн систем2014 оноос Формула 1-ийн машинд ганцхан байх яндан нь заавал гол хэсгээр байрлах ёстой.
Формула 1-ийн болидын яндангийн хошуу ямархуу харагдахыг дээрх зургаас ойлгож болно. Өөрчлөлтийн ерөнхий утга нь дараах байдалтай байна.
Формула 1-д Эдриан Ньюи гэх нэгэн хүн бий. Илүү дутуу тайлбар бичилгүйгээр “Себастьен Феттелийн байнга түрүүлдэг машиныг энэ хүн бүтээдэг” гэж хэлэхэд л хангалттай. Түүний сүүлийн жилүүдэд бүтээсэн машинуудын гол онцлог нь яндангийн систем байсан. Машины хоёр талаар байрлах яндангуудаас гарсан ажилласан хий нь хойд диффузор буюу салхи зүсэгчийн ажиллагаанд нөлөөлж болидын хойд хэсгийн даралтын хүчийг ихэсгэнэ. FIA-ийнхан хэдэн жил дараалан Ньюиг хийгээр тоглохыг хориглох гэж оролдож байгаа, гэхлээ яагаад ч юм амжилт олохгүй байв. Харин энэ жил “шийдвэрлэх шийдвэр” гаргасан: яндангийн хошуу ганцхан байх ёстой, тэгээд түүнийг диффузороос холхон байрлуулах хэрэгтэй. Энэхүү шинэчлэл Red Bull Racing баг, Ньюи ба Феттель нарт бусдаас илүү хүнд тусах байх даа.
Өөр үр дагаваруудаас: Формула 1-ийн машинуудын хойд хэсгийн даралтын хүч багасна. Онолын үүднээс үзэхэд энэ нь болидын жолоодлогыг хүндрүүлнэ, турботой хөдөлгүүр суурилуулахад тэр тусмаа. Хойд дугуйнууд дуртайяа гулгаж, хий эргэж эхэлнэ, тэгэхээр энэ жил бид нисгэгчдийн олон олон алдааг үзэх болно.
Торгуулийн оноо2012 онд Роман Грожан энэхүү мөргөлдөөний улмаас нэг үеийн уралдаанд оролцох эрхээ хасуулсан. Торгуулийн шинэ систем байсан бол Lotus-ийн нисгэгч хасагдахгүй л байсан.
Торгуулийн оноо ноогдуулах системийг нэвтрүүлэх талаар яриа 2012 оны Бельгийн Гран-при уралдааны гараан дээр Роман Грожаны үүсгэсэн олныг хамарсан ослоос хойш л яригдаж байгаа. Ослын дараа Франц эрийг уралдаанаас хассан, гэхдээ бүх хүмүүс ойлгож байсан: “тэр шангаа хүртсэн”. Энэ явдлаас өмнө Lotus-н уг нисгэгч гараан дээрх бас хэд хэдэн мөргөлдөөнд оролцож байсан. Тиймээс энэ шинэ журмыг “бичсэн” зохиогч нар дунд Романыг багтааж болох юм.
Одоо нисгэгчдийг хасах шийдвэр шүүгч нарт уг гэмт хэрэг хэр хүнд санагдаж буйгаас бус, харин баримтаас үүдэж гарна. Зөрчлийн хүнд хөнгөнөөс шалтгаалж нисгэгчдэд торгуулийн оноо ноогдуулах бөгөөд тэдний нийт дүн 12 болоход тамирчин автоматаар нэг уралдаанд оролцох эрхгүй болох юм. Энэхүү торгуулийн оноонууд нэг хуанли жил өнгөрч байж “цэвэршинэ”.
Нэмэлт тестүүдФормула 1-ийн оролцогчид шинэ журмын нэрэн дор улирлын явцад хийх туршилтуудыг эргүүлэн нэвтрүүлжээ: топ багуудын үзэж буйгаар, Гран-пригийн үеэр үзэгчдийг олон тооны техникийн зөвлөгөөн, туршилтууд хүлээж байна. Эвдрэлийг тэр даруйд нь засварлах, шинэ эд ангиудыг зүгшрүүлж туршихын тулд компаниудад нэмэлт тестүүд шаардлагатай болсон. Гэтэл хоёрхон жилийн өмнө гэхэд л туршилтын “уралдааныг” хий дэмий мөнгө зарлагадсан хэрэг хэмээн шүүмжилж байсан юм.
2009 оноос эхлэн Формул 1-ийн багууд тэмцээний үеэр туршилт хийхээ болисон билээ. Зөвхөн шинэ нисгэгчдэд л онцгой тохиолдол гаргадаг байсан бөгөөд үүнд зориулсан гурав хоногийн дотор тэднийг бэлтгэдэг байжээ. Энэхүү хориг цээр нь 2009 оны эдийн засгийн хямралын дараах үеийн “хэмнэх, хэмнэх, бас дахин хэмнэх” гэсэн уриатай нийцэж байсан юм. Тэр үеэс хойш багуудын хөрөнгө төсөв маш ихээр нэмэгдсэн гэж хэлж болохгүй л дээ, тийм хэдий ч тэд тестүүдийг эргүүлэн авчирлаа.
Уралдааны улирлын туршид багууд нийт 8 хоног туршилтын ажиллагаагаа явуулна. Тестүүд шууд аль нэг Гран-пригийн дараа хийгдэх байх хэмээн таамаглаж байна. Уралдаан болж өнгөрсөн зам дээр хийснээр ложистикийн зардлуудыг хэмнэх боломжтой юм.
Байнгын дугааруудФормула 1-ийн нисгэгчид хувийн дугаарыг дарааллын дагуу сонгосон. Зөвхөн 2013 оны улиралд хувийн дүнгээр хамгийн дээд байранд жагссан тамирчин л давуу эрх эдэлсэн байна. Тиймээс Кими Райкконен Жюля Бьянки болон Даниил Квят нараас азын 7 дугаарыг “булаан” авсан.
1996-аас 2013 онуудад болидуудын гараанд гарах хувийн дугаар нь зөвхөн өмнөх улирлын амжилтаас хамаарч оноогддог байсан. Журам нь энгийн бөгөөд нээлттэй. Дэлхийн аварга 1 гэсэн дугаарыг авлаа, түүний хамтрагч 2 дугаарыг хүртлээ. Бусад дугаарууд нь багуудын зохион бүтээгчдийн аварга шалгаруулах тэмцээнд эзэлсэн байраар нь дараалуулан өгдөг байсан.
Харин одоо бол багууд өмнө нь ямар гавъяа байгуулж байсан нь огт хамаагүй болжээ. Нисгэгчдийн хувийн дугаар нь байнгынх болсон – Формула 1-ийн карьерын туршид нэг дугаар. Энэ өвөл нисгэгч тус бүрт 2-оос 99 хүртэл дугааруудаас өөрт “ойр санагдсаныг” сонгохыг санал болгосон бөгөөд тэд ч өөрийн дуртай дугааруудаа сонгон авцгаав. Адриан Сутил бусдаас онцгойрч өөртөө хамгийн сүүлийн дугаарыг сонгосон – 99. Харин хамгийн “сонирхолгүй” сонголтыг Себастьен Феттель хийж энэ улирлын уралдааныг ихэнх хүмүүсийг залхааж амжсан 1 гэсэн хувийн дугаартай эхлүүлэх юм.
Формула 1-ийн 2014 оны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний мэдүүлгийн хуудасДугаар
Тамирчин
Баг
Шасси
Хөдөлгүүр
1.
Себастьян Феттель
Infiniti Red Bull Racing
RBR
Renault
3.
Дэниэл Риккардо
Infiniti Red Bull Racing
RBR
Renault
44.
Льюис Хэмилтон
Mercedes GP Petronas Formula One
Mercedes
Mercedes
6.
Нико Росберг
Mercedes GP Petronas Formula One
Mercedes
Mercedes
14.
Фернандо Алонсо
Scuderia Ferrari
Ferrari
Ferrari
7.
Кими Райкконен
Scuderia Ferrari
Ferrari
Ferrari
8.
Роман Грожан
Lotus F1 Team
Lotus
Renault
13.
Пастор Мальдонадо
Lotus F1 Team
Lotus
Renault
22.
Дженсон Баттон
McLaren Mercedes
McLaren
Mercedes
20.
Кевин Магнуссен
McLaren Mercedes
McLaren
Mercedes
27.
Нико Хюлькенберг
Sahara Force India F1 Team
Force India
Mercedes
11.
Серхио Перес
Sahara Force India F1 Team
Force India
Mercedes
99.
Адриан Сутил
Sauber F1 Team
Sauber
Ferrari
21.
Эстебан Гутиеррес
Sauber F1 Team
Sauber
Ferrari
25.
Жан-Эрик Вернь
Scuderia Toro Rosso
STR
Renault
26.
Даниил Квят
Scuderia Toro Rosso
STR
Renault
19.
Фелипе Масса
Williams Team F1
Williams
Mercedes
77.
Вальттери Боттас
Williams Team F1
Williams
Mercedes
17.
Жюль Бьянки
Marussia F1 Team
Marussia
Ferrari
4.
Макс Чилтон
Marussia F1 Team
Marussia
Ferrari
9.
Маркус Эрикссон
Caterham F1 Team
Caterham
Renault
10.
Камуи Кобаяси
Caterham F1 Team
Caterham
Renault
Багуудын эхний туршилтууд өнөөдөр буюу 1-р сарын 28-нд Хересд эхэлж байгаа. Харин уралдааны улирал 3-р сарын 16-нд эхэлнэ. Энэ их хэмжээний өөрчлөлтүүдийг авч үзвэл ихэд сонирхолтой сар хагасын хугацаа байх бололтой.