НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Fri Oct 11, 2013 5:03 pm

Аймгийн хурц арслан Баярсайханы Батжаргал:


Энэ дугаарынхаа зочноор Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Өрмөн-Уул ХХК-ны бөх аймгийн хурц арслан Ба.Батжаргалыг урилаа. Бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан түүний ярилцлагыг та бүхэн таалан болгооно уу?

-Сайн байна уу та сайхан намаржиж байна уу?

-Сайхан сайхан намаржиж байна уу

-Та бөхийн гараагаа хаанаас эхэлсэн бэ? Яагаад үндэсний бөхөөр барилдах болов, энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би анх чөлөөт бөхөөр барилдсан. Чөлөөтөөр барилдаж байгаад 2000 онд “Аварга” БТДС-д элсэж ороод үндэсний бөх, чөлөөт бөхөөр давхар хичээллэх болсон. Үндэсний бөхийн хичээлийг анх монгол улсын харцага, ардын багш Д.Сэрээтэр багш заадаг байлаа. Суралцаж байх хугацаандаа сургуулиасаа жилийн чөлөө аваад, дараа нь Адъяахүү багшийн ангид орж үргэлжлүүлэн сурсан. Тэр үед Адъяахүү багш үндэсний бөхийн хичээл ордог байсан болохоор би үндсээр эрчимтэй хичээллэж эхэлсэн дээ.

-Чөлөөт бөхийн ямар жинд барилддаг байв, та?

-Эхэндээ 74кг-ын жинд барилдаж байгаад хамгийн сүүлд 2005 онд энэ жиндээ дэлхийн аваргад оролцсон.Тэгээд дараа нь жин нэмж 84,96 кг-д барилдаад сүүлд жин нэлээд нэмэгдээд ирэхээр нь чөлөөтөө орхиж үндэсний бөхөөр заал танхимын барилдаанд ганц нэг давдаг болж эхэлсэн. 2005 онд Сүхбаатар аймгынхаа наадмаар очиж барилдаад тавын даваанд тунаад уначихсан. Тэр жилээ цол авж чадаагүй ч дараа жил нь дахиж очиж барилдаад түрүүлж аймгын арслан цол хүртсэн дээ.

-Чөлөөт бөхөөр одоо барилдахаа боличихсон юм уу?

-Тиймээ. 2006-2008 онд барилдаад тэрнээс хойш бараг барилдахаа болиод голдуу үндсээрээ л барилдаж байгаа.

-Чөлөөтийн дэлхийн аваргад оролцож байсан гэлээ. Ямар амжилттай оролцсон бэ?

-Би 2005 оны улсын аваргад 74кг-д барилдаж түрүүлээд тэр жилээ Унгарын Будапишт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцсон л доо. Эхний тойрогтоо ялаад, 2-р тойрогт Кубын бөх олимп, дэлхийн аваргатай барилдаад ялагдчихсан.

-Танай гэр бүлд бөхийн удам байгаа юу?

-Би таван хүүтэй айлын дундах нь байгаа юм. Манай аав цэрэгт байхдаа улсын наадамд барилдаж хоёр даваад гурвын даваанд Хайдав арсланд амлуулаад унаж байсан гэсэн. Тэр үед цэргүүдийг олноор нь улсын наадамд барилдуулдаг байсан гэдэг юм. Аав минь барилгын инженер хүн. Намайг бага байхад ийш тийшээ барилга барина гээд л явна. Би ч дагаад л явдаг байлаа.Тэгэхэд аав барилгачидтайгаа их барилддаг байсан. Цол энэ тэр аваагүй ээ, зүгээр л бөхийн хорхойтой, бөхөд дуртай хүн.

-Ах, дүү нар чинь барилдахгүй юу?

-Үгүй ээ. Би гэрээсээ ганцаараа барилддаг.

-Үндэсний бөхөөр барилдахын юу нь сайхан санагддаг вэ?

-Ер нь багын л бөхөд дуртай байсан. Үндэсний бөх бол Монголын нэг том өв соёл. Би монголыг бөхийн орон гэж бодож явдаг. 2004 онд Иранд Азийн цомын тэмцээн болсон. Тэнд очоод “бөхийг хүн яаж шүтдэг юм бэ” гэдгийг харж байсан. Ерөнхийдөө нэг нойморт бурхан, хоёрт бөх гэж зүйрлэн их сайхан шүтдэг юм билээ. Монгол ч гэсэн сайхан шүү дээ. Хөдөө гадаа явж байхад айлаар ороход бөх хүн ирлээ гээд их сайхан цай хоолоороо дайлаад л хүндэлж хүлээж авдаг. Би улсын начин бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны шавь л даа. Багш маань 2005 онд бурхан болсон. Багш бидэнд бөхийн буян гэж их байдаг юм. Тэр буянг дааж яваарай гэж их захидаг байсан. Хамгийн гол нь тэр хайр хүндлэлийн хариуд бөхчүүд маань соёлтой боловсон, хаана ч хүмүүстэй их сайхан харицаатай байх ёстой юм болов уу. Ард түмэн нь хайрлаж байхад бөхчүүд тэр олон түмэнг бас хүндэтгэж хайрлаж байх ёстой боловуу гэж боддог юм шүү дээ.

-Багш нарынхаа талаар ярьж өгөөч?

-Чөлөөт бөхийн загалмайлсан эцэг гэгддэг О.Цэрэндагва гэж Монголын чөлөөт бөхийн хамгийн анхны дасгалжуулагчийн шавь байлаа. Дараа нь Арслан клубын Баттулга багштай бэлтгэл хийж байсан. Тэгээд 2001 оноос А.Ганбаатар багшынхаа удирдлага доор бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг болсон. Хоёр багш маань бурхан болчихсон ч гэлээ багш нартаа үргэлж баярлаж явдаг. Одоо бол харцага Элбэг, начин Адьяахүү нараас бэлтгэл сургуулилтынхаа талаар асууж, зөвлөж явдаг. Мөн Сүхбаатар аймгийнхаа “Жавхлант”дэвжээний бөхчүүд болон ахмад бөхчүүд, Архангай аймгийн бөхийн дэвжээнийхэн гээд олон хүнээс үг дуулж, тэдэндээ бүгдэнд нь баярлаж явдаг даа. Хүмүүс “чи ингэж барилд, тэгж барилд” гээд хэлэх нь их сайхан санагддаг. Хөвсгөлийн М.Эрдэнэбат начин бид хоёр гээд “Аварга” сургуулийн нэг ангийнх. Найз маань надад их зааж сургадаг шүү. Чи ингэвэл зүгээр, тэгвэл болно гээд л.

-Танд үлгэр дууриал авдаг барилдааныг нь харах дуртай бөх гэвэл...?

-Байлгүй яахав. Ер нь намайг анх бөх үздэг байхад зургаан залуу заан ид сайхан барилдаж байсан. Миний үеийхэн ихэвчлэн тэднийг л харж, үлгэрлэж бөхөд их дуртай болсон байдаг. Энэ хүмүүсийг хараал эд нар шиг сайхан бөх болох юмсан гээл бөхөд дуртай болсон байдаг. Тэднээс монгол бөхийн алдарт аварга, арслан, гарьд цолтнууд төрж Монгол бөхийн үзэгч сонирхогчын тоог улам нэмсэн гэж бодож хүндэлдэг. Тэр дундаа би Г.Өсөхбаяр аваргатай их ойр байдаг. Ер нь манай Өсөхөө ах сайхан барилдахаас гадна биеэ их сайхан авч явдаг, сайхан хувцасладаг, байгаа байдал нь хүртэл их сайхан үлгэр жишээ хүн л дээ.Би Өсөхөө ахыгаа их хүндэлдэг. Ер нь бүх л бөхчүүдийгээ хүндэлж явдаг даа. Хэдийгээр бид нар дэвжээн дээр өрсөлдөн барилдаж байгаа ч гэсэн бусад үед найз нөхөд, ах дүү шиг байж, мэндтэй явдаг шүү дээ.

-Таны биеийн жин өндөр хэд вэ?

-Өндөр 176см, жин 108 кг.

-Багадаа ямархуу хүүхэд байсан бол...?

-Их сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм. Ямар сайндаа л цэцэрлэгт байхад манай ээж намайг авах гээд очсон чинь өөр ангид өгчихсөн байсан гэсэн. Яагаад өөр ангид өгсөн гэсэн чинь танай хүүхэд арай дэндүү сахилгагүй юм, би дийлэхгүй нь гээд өөр ангид шилжүүлчлээ гэж. Тэр багшид ээж их дургүй миний хүүг голсон гээд.../ инээв/. Манай гэр цэцэрлэг хоёр их ойрхон. Заримдаа багш нар сандралдаад хайж байхад би аль хэдийн хашаа даваад гэрлүүгээ оччихсон байдаг байсан гэдэг.Тэгэхээр их л сахилгагүй хүүхэд байсан байгаа биз?

-Гэргийтэйгээ хаана яаж танилцсан бэ? Аваргын охин гэдгийг нь мэддэг байсан уу?

-Талийгаач Ганбаатар багш маань манай хадам аавтай /Ж.Мөнхбат аварга / их ойр дотно байсан л даа. Байнга гэрээр нь орж гардаг байсан. Тэр үед ОУХМ Батзориг, улсын начин Энхтуяа бид гурав л Ганбаатар багшийн шавь байсан. Багш зөвхөн бөхийн дасгалжуулагчдаас арга барил нь их өвөрмөц. Бэлтгэл хийж тарчихаад бид гурвыг дагуулаад модонд их явна. Тэр үеэс л багштайгаа хамт анх аваргынхаар их орж гардаг болсон. Тэгж яваад эхнэрээ анх хараад, танилцаад, бэлтгэлийхээ зав чөлөөгөөр уулздаг болж, тэгээд л гэр бүл болсон доо.

-Хадам дүү Хакухо аваргатай барилдаж, бэлтгэл хамт хийж байв уу?

-Барилдаж байсаан. Аварга маань зуныхаа амралтаар байнга ирдэг. Ирээд эхний хэд хоног сайхан амарч байгаад сүүлдээ бие нь чилнэ гээд хааяа хөлсөө гартал сайхан барилдана шүү.

-Даваа унаа ямархуу байв?

-Хоёр гурван жилийн өмнө жаахан ажиллаж, ядрааж байгаад ганц нэг хаячихдаг байсан. Одоо бол хэцүү болсон байхаа. Аварга маань бүх юм нь тэгшрээд сайхан аварга болчихсон болохоор дийлдэхгүй болсон байх. Тэгээд ч сүүлийн үед нэг их айхтар яс барилдсангүй ээ, аваргатай.

-Улсын наадамд хэд зодоглосон бэ?

-Өө олон зодоглосон. 2006 онд аймгийн арслан болж ирээд анх улсын наадамд барилдаж, гурвын даваанд унаж байсан. Тэгээд тэрнээс хойш барилдсан.



-Наадмын даваануудынхаа тухайд?

-Би ер нь улсын их баяр наадамд хоёрын даваанд их олон унасан. Ер нь хоёрын давааг л босго даваа гэж боддог. Хоёрын даваанд барилдахдаа л их бодож гардаг. Барьц сонгуулаад хоёр гурав унаж байсан. 2011 онд дөрөв даваад тавын даваанд Сайнбаяр заанд унасан. Ер нь бол улсын наадам гэдэг бас л чанга шүү дээ. Маш хянуур нягт л барилдахгүй бол хүн болгоны бэлтгэл нь ханачихсан байдаг учраас тэр жилийн бэлтгэл хэн сайн хийсэн нь, хэн биеэ зөв авч явсан, хэн их хөдөлмөрлөсөн нь л их сайн барилдаж байна шүү дээ. Жилд нэг л удаа болдог учраас хариуцлагатай. Биеэ хэт барьснаас болж унасан тохиолдол бий л дээ. Тэгээд яахав, одоо бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд цаашдаа сайн барилдана л гэж бодож байна.

-Энэ зун хаагуур барилдав. Хөдөө орон нутгаар барилдав уу?

-Нэг их барилдсангүй ээ. Бөхчүүд,тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтанд хамгийн том саад бол бэртэл гэмтэл байдаг.Би ноднин нэг сард гэмтэл аваад эмчилгээ хийлгээд бараг барилдаагүй. Цэргийн наадам, Төв аймгийн наадам, улсын наадам гуравт л барилдсан. Хөдөөний наадмуудад явсангүй ээ.

-Бэлтгэлээ хаана базаадаг вэ?

-Их шавийн дээд сургууль дээр хийдэг. Мөн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, Архангайн бөхчүүдтэй сүүлийн дөрвөн жилийн наадмын бэлтгэлд гарч байгаа. Тэд нартайгаа санаа нийлээд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Энэ дашрамд Архангайн бөхчүүддээ баярлаж явдагаа илэрхийлье.

-Дэвжээний бэлтгэлийг илүү хийж байна уу? Хүчний бэлтгэлийг илүү хийж байна уу?

-Ер нь бол аль алиныг нь хослуулж хийж байгаа. Бөхчүүд ч тэгж хийж байна. Миний нэг бодол байдаг юм. Сүүлийн үед залуучууд маань хүчний буюу штанг арай илүү хийгээд байх шиг байна. Залуу сумын заануудын барилдааныг хараад байхад залуучууд бие хаа их сайхан байна л даа. Гэхдээ уран барилдаан их багасч байгаа юм шиг надад санагдаж байгаа. Сайхан уран барилдаан гарахаа больж. Хүмүүс чинь одоо зарим нь зугтаж явж байгаад л элэг бүс сэнжиг авдаг болж. Залуучууд штанг хийхээсээ илүү мэх их сурвал зүгээр санагддаг. А.Сүхбат аварга их сайхан уран барилдаантай барилддаг шүү дээ.


-Та ямар мэх голлож хийдэг вэ?


-Би чинь ерөөсөө л хөл авч барилддаг. Чөлөөт бөхөөр барилдаж байсан болоод ч тэрүү хөл л их авч барилддаг. Анх үндэсний бөхийг ойлгоход их хэцүү санагддаг байсан. Наад зах нь золгож барилдахад их эвгүй. Юманд бариулчихсан юм шиг санагдана. Одоо бол дасаад, сураад гайгүй болсоон.

-Ер нь сурахад хамгийн хэцүү ямар мэх байдаг вэ?

-Би ер нь хөл, мэх их муутай шүү дээ. Хөл мэх л их хэцүү санагддаг. Хавирч бараг үзээгүй. Ганц хоёр удаа хутгах мэх хийж байсан болохоос хөл мэх хийхгүй шүү.

-Өмсөх мэх хийх үү?

-Тэрийг хийж ёстой мэдэхгүй/ инээв/. Хүмүүс сурсан сурсанаараа л өөрийнхөө биед тохирсон мэх хийдэг гэж боддог.

-Даваа унаа тэнцүү бөх байхуу? Олон удаа унаж байсан бөх байна биз?

-Миний хамгийн олон унаж байсан бөх гэвэл Төв аймгийн харьяат, энэ жил заан болсон Батмөнхөд гурав, дөрөв унасан байх аа.Их ойр ойрхон таараад л унаад байсан. Бас улсын наадамд хоёрын даваанд таарч унасан.

-Ямар бөх голдуу амлаж авдаг вэ?

-Би хөл авч барилддаг болохоор том биетэй хүн авбал заримдаа их амар санагддаг. Гэхдээ заримдаа амаа их буруу авдаг юм шиг байгаа юм. Ам авна гэдэг чинь бас их бодох ёстой зүйл л дээ. Тэр дундаа хамгийн хэцүү нь гурван хүнээс ам авах л их хэцүү гэж ярьдаг .Өөрийнхөө барилдаандаа таарсан бөх авахгүй бол хэцүү л дээ.

-Таны бодлоор ам авна гэдгийг юу гэж ойлгодог вэ? Ам авах болохоор тэр бөх энэ бөхтэй таарвал зүгээр юм байна гэх зэрэг бодол орж ирдэг үү?

-Мэдээж байлгүй яахав. Ялангуяа нутгийнхаа бөхчүүдийг их харна. Хэн нь хэнийг авч хаяж байна, хэн нь унаж байна гээд л харнаа, харна. Өөрийн мэдэх юмаа бас хэлж өгнө. Манай Сүхбаатар аймаг чинь бөхийнхөө тоо тийм ч олон биш бас улсын цолтон төрөлгүй нэлээд тасарчихаад байгаа болохоор улсын цолтон төрөөсэй гэж их боддог. Зөвхөн би гэлгүй надаас бусад нь ч гэсэн улсын цолд хүрвэл нутгийн ард түмэн их баярлах болов уу гэж боддог.

-Өөрийн чинь барилдааны талаар хадам аав тань хэр зөвөлдөг вэ?

-Ер нь бол зөвлөдөг. Манай аав чинь сүүлийн хэдэн жил бөхөөс хөндийрсөн л дөө. Өөрөө залуу байхдаа барилдаад асар их нерв зарцуулж байсан. Мөн Даваажаргал маань барилдаад... Хүн чинь ер нь өөрөө барилдахаас илүү хүн харж нервтэх нь эвгүй санагддаг л даа. Би ч гэсэн Хакухогоо барилдахаар нь гарын алга хөлрөөд л сонин болно шүү дээ. Ямар сайндаа манай гэр бүлийн хүн “чи нэг тогтвортой суугаач” гэдэг юм.Тэгэхээр сүүлийн хэдэн жил аав маань бөхөөс хөндийрсөн ч гэсэн хааяа нэг зааж зөвөлнө өө.

-Бөхийнхөө хажуугаар ямар ажил эрхэлдэг вэ?

-Ер нь бөх барилдахынхаа хажуугаар янз бүрийн юм хийе гэсэн бодол бий. Яг үнэндээ өнөөдөр сайн барилдаж чадвал тэр бөх сайхан амьдарч байна. Цолонд хүрч сайн барилдаж чадахгүй бол ард амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхдээ авч явах хэрэг гарна. Гэрийн эзэн хүн болохоор бодсон бодол их байна. Одоохондоо төлөвлөөд л байж байна. Би “Өрмөн-Уул” гэж компаний нэр дээр барилдаад гурван жил болж байгаа. Манай нутгийн хүмүүс байдаг. Надад цалин хөлс өгч бэлтгэл сургуулилтаа хийх бололцоог маань хангаж намайг сэтгэл санаагаар их дэмжиж байдагт Оюунбилэг, Цэцэнбилэг гэж захирлууддаа мөн хамт олонд нь маш их баярлаж явдаг шүү гэж энэ дашрамд уламжилъя.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би гурван хүүтэй.

-Хүүдүүд тань ер нь барилдах болов уу, бөх хэр сонирхож байна?

-Бөх сонирхохын хувьд сонирхож байна аа. Хакухо ахыгаа үзнэ, намайг хааяа барилдахаар хардаг. Хүн ер нь шунаж сонирхож байж л бөх болдог болов уу гэж боддог. Би бөх барилддаг байхад манай хоёр ах огт бөх сонирходоггүй, сагс тоглодог, хоёр дүү бас сагс тоглодог. Тийм учраас хичнээн бөхийн удамтай байсан ч хүн өөрөө сонирхолгүй бол хэцүү л дээ.Өөрсдөө сонирховол дэмжилгүй яахав.

-Шинэ залуу бөхчүүддээ юу гэж захимаар байна?

-Одоо сумын заан цолтой болон залуу бөхчүүд их олноор барилдаж байна. Манай Ганбаа багш бид нарт “За та нар зааланд ямар ч хүн орж ирсэн, юу ч хийж байсан дандаа тэр хүмүүстэй мэндэлж, хүндэтгэж байгаарай” гэж хэлдэг байсан.Тэгээд бэлтгэл хийж байхад ахмад бөхчүүд болон бусад хүмүүс орж ирэнгүүт бид дандаа очиж мэндэлдэг байлаа. “Аварга” сургуульд ч анх элсэж байхад Бат-Эрдэнэ аварга маань бид нарыг ёсолж мэндэлж сургасан. Аваргын оюутнууд курс курсээрээ бие биетэйгээ мэндэлдэг байсан. Бөхчүүдийн дунд ялангуяа сүүлийн үеийн бөхчүүд мэндлэх нь багасчихсан юм болов уу гэж боддог. Таван үгнээсээ танигдана гэж ардын мэргэн үг бий. Хаана ч байсан нэгэнтэйгээ мэндэлж байвал зүгээр. Би бол мэндлээд л өнгөрдөг. Тийм учраас залуучууд маань хамгийн эхэнд хүнтэй зөв сайхан мэндэлж сурах хэрэгтэй. Дээрээс нь жудагтай, эрэмбэ дараатай байх хэрэгтэй.Ер нь бөхийн эрэмбэ, ёс жудаг алдагдвал хэцүүднэ шүү дээ. Хааяа Японд сумо бөх үзэхээр очоод бэлтгэл сургуулилтийг нь харж байхад гайхамшигтай санагддаг байхгүй юу. Ялангуяа тэр доод цолтнууд бол бусад бөхчүүдээ маш их хүндэлдэг. Энэ мэтийг харахад их жудагтай, барилдаан дээр ч гэсэн хориотой мэх хийхгүй байх нь зүйтэй болов уу гэж боддог. Тэгээд бэлтгэлээ сайн хийгээд сайн барилдах л хэрэгтэй дээ.

-Гадагшаа хэр олон улс орон руу явж үзсэн бэ?

-Чөлөөтийхөө тэмцээнээр Азийн аваргаар бас олон улсын тэмцээнүүдэд явж байсан.

-Медаль хэр хүртсэн бэ?

-Би 2007-2008 оны шигшээд барилдаад Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль авч, залуучуудын улсын аваргад түрүүлсэн. Монгол Говь гээд ОУ-ын тэмцээнд бас түрүүлж байсан. ОХУ-ын Улаан Үүд хотод болдог тэмцээнүүдэд оролцож медаль авч байсан.

-Ах нарыгаа дагаад хэр сагс их тоглох уу?

-Би сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Миний хамгийн дуртай хоёр спорт. Хөлбөмбөг их үзнэ. Испаны Реалмадрид баг Английн Манчистар Юнайтад багийг дэмждэг.Дэлхийн аваргад бол Барзилыг дэмжинэ.

-Чөлөөт цагаараа гол төлөв юу хийдэг вэ?

-Нас насны онцлог байдаг юм байна л даа. Анх бол найз нөхөдтэйгөө уулзаад энэ тэнүүгээр их явдаг байсан. Одоо байгалийн сайхан, агаар салхинд гарч бужигнацгаах л их дуртай болж дээ. Ялангуяа өдийд найз нартайгаа айраг уугаад ярьж хөөрч суух ч сайхан шүү.

-Хэр авьяастай вэ?

-За, даа. Дуу дуулах л дуртай даа. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат гэж дуудуулдаг ч хотод төрж өссөн. Унаган Улаанбаатрын хүүхэд. Хотын хүүхдүүд чинь байрны гадаа сагс тоглож, нэгнийдээ орж касеттай хөгжим сонсож л өссөн дөө.

-Барилдаануудыхаа талаар хэр боддог вэ?

-Барилдааныхаа дараа дүгнэлт хийхийг оролддог. Анх бичлэг хийгээд үздэг байсан. Жүдогийн Цагаанбаатар “Сүүлд нь харамсахгүйгээр өөрт байгаа бүхнээ тултал хийчихээд ялагдах юм бол өрсөлдөгчөөсөө дутуудаа л ялагдаж байгаа нь тэр” гэж хэлсэн байдаг юм. Тэрэнтэй адилхан би ч гэсэн барилдахдаа өөрт байгаа бүх чадлаа дайчлах юмсан л гэж гардаг. Заримдаа чадахгүй үе байдаг. Тэрийгээ эргээд их боддог.

-Таны үеийхнээс амжилттай сайхан барилдаж байгаа олон бөхчүүд байна уу?

-Бий, бий. Би чинь 2006 оны аймгийн арслан шүү дээ. Тэр жил хамт аймгийн арслан болсон бөхчүүдээс Баянхонгорын Энхбат гээд цөөхөн бөх улсын цол аваагүй байна л даа. Түүнээс биш Бат-Эрдэнэ, Содномдорж,Нямсүрэн, Цацавшир, Бат-Орших гээд нэг оны арслангууд маань бүгд улсын өндөр цолонд хүртсэн болохоор их сайхан байдаг юм. Цол аваагүй болохоор хааяа өөрийгөө чамладаг.

-Хор шар хөдөлнө биз?

-Хөдлөлгүй яахав. Мэдээж спортын хүн хор шаргүй байна гэж юу байхав.Гэхдээ тэр нь цагаан байх ёстой. Тэд нар маань ийм сайхан барилдаж байхад би яагаад муу барилдаж байна аа ч гэдэг юм уу, тэгж л бодож өөртөө дүгнэлт хийдэг.

-Засуулуудын тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Би барилдааны хөлийн цэц, засуул хийж байгаа хүмүүс их хариуцлагатай байх ёстой болов уу гэж боддог. Яагаад гэхээр бөхчүүд бол маш хүнд хөдөлмөр хийж байдаг. Ялангуяа наадмаар асар их бэлтгэл хийж цаг зав амьдралынхаа бүх юмыг зөвхөн наадамд зориулсан байдаг. Тийм болохоор хөлийн цэц, засуулууд дүрмээ маш сайн барьж гярхай байж, хэн нэгнийг хохироолгүй шударга шүүх ёстой гэж боддог. Уг нь миний бодлоор монголд үндэсний бөхөд камерийн шүүлт оруулж ирвэл их зүгээр юм шиг санагддаг. Камераар шүүдэг болчихвол элдэв маргаан гарахгүй байх. Гэхдээ одоохондоо камер байхгүй учраас засуулууд маань л их сайхан сэтгэлтэй, нутаг ус гэлтгүй засч байгаа бөхөө сайхан зоригжуулж байвал сайхан. Зарим засуулууд барилдахаар гарахад “За сайхан зоригтой барилдана шүү” гэх зэргээр урам өгөхөөр аятайхан л санагддаг.

-Танд харамсмаар барилдаан, унаа байсан уу?

-Байгаа, байгаа. Улсын наадмын унасан барилдаан болгон харамсалтай шүү дээ. Мэх хийж чадалгүй унасан эсвэл мэх хийж яваад хариу мэхэнд ороод унасан гээд харамсахаар барилдаанууд байдаг. Ялангуяа 2011 оны наадмаар начны даваанд Сайнбаяр заантай барилдаж байгаад хамгийн сүүлд давхар золгоон дээрээс өөрөө барьцны алдаа гаргаад уначихсан байхгүй юу. Хэрвээ тэр золгоо задарсан бол шодох байсан л даа. Би эхэндээ сэрвүүгээс хөл аваад хэрвээ бүр болохгүй бол шодно гэж бодож байсан. Шодоод азаа үзэхэд миний талаар буувал яаж ч магадгүй гэж бодож байгаад алдаа гаргаж унахад үнэхээр харамсалтай байсан.

-Мартагдахааргүй чанга унаж байсан тохиолдол байдаг уу?

-Тэгж нэг их айхтар унаж байгаагүй ээ. Чөлөөт бөхөөс зөв уналт сурдаг учраас гайгүй байдаг. Сүүлд барилдаж байгаа залуучууд зөвхөн үндэсний бөхөөр барилдаад байна л даа. Уг нь нь их спортоор барилдвал бүр илүү амжилт үзүүлэх боломжтой. Жишээ нь Өсөхөө аваргыг л хар л даа. Бас чөлөөтөөр барилдаж байсан Сүхбат аварга, Сумъяабазар аварга, Гантогтох гарьд, жүдогоор барилдаж байсан Ганбат арслан, Цэрэнпунцаг гарьд гээд бүгд их спортоор хичээллэж байсан болохоор сайн барилдаж, их амжилт гаргаж чадсан гэж боддог.

-Баярлалаа танд.

МУБИС-ийн оюутан П.Оюунжаргал
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Fri Oct 11, 2013 6:07 pm

Хараад л, тэгээд л нтр гэх юмыг шууд л ярианы дуудлагаараа бичдэг болжээ, хараал, тэгээл нтр гэцэн. тэгээд багш болох хүүхэд шүү, Барзил ч одоо дүүрчээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby CAHAKA » Fri Oct 11, 2013 6:29 pm

Манчистар Юнайтад бас л хэрцгий уншигдаж байгаа биз...
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Yes Man » Fri Oct 11, 2013 8:12 pm

Сэтгүүл зүйн ангийн гурав, дөрөвдүгээр курсын хүүхдүүд ч бас ээ л дээ гэмээр юмнууд байдаг шүү..... **н** дуракууд......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby hosko » Sun Oct 13, 2013 3:50 pm

Чи нөгөө аваад байгаа ярилцлагуудаа оруулаач...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Fri Oct 18, 2013 12:01 pm

Улсын харцага Н.Батсуурь: Бөхийн гэр бүлд төрсөн болохоор аав л анхны багш гэж боддог

Энэ удаагийнхаа дугаарын зочноор Увс аймгийн Ховд сумын уугуул ШШГЕГ-ын харьяа Сүлд спорт хороо, “Их Мон констракшн”-ы бөх Монгол улсын шинэ залуу харцага Намсрайжавын Батсуурийг урилаа.

-Сайн байна уу Та сайхан намаржиж байна уу?

-Сайн. Сайхан намаржиж байна.

-Таныг гурван үеийн бөхийн удамтай гэж сонссон энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Тиймээ. Манай өвөө 1950 онд Ардын Хувьсгалын 29 жилийн ойн наадмаар Батсуурь аваргаар тав давж Монгол улсын начин цол авсан. Харин аав 1988 онд Ганбаатар арслангаар зургаа давж Монгол улсын харцага цол хүртсэн. Аавын ах болохоор Даваасамбуу гэж хүн 1982 онд монгол улсын начин цол хүртсэн бөх бий. Тэгээд өвөө, аав, авга ах гэсэн ийм улсын цолтой гэр бүлд төрж байгаа дараагийн улсын цолтон нь би болж байгаа юмаа.

-Яагаад үндэсний бөхөөр барилдах болсон бэ?

-Өө яахав, Монгол эр хүн болж төрснийх үндэсний бөхөөрөө барилдаж амжилт гаргая гэж зориод барилдаж эхэлсэн. Тэгээд ч бөхийн гэр бүлд төрсөн болохоор, багаасаа бөхөд хорхойтой хүүхэд байсан болоод ч тэрүү бөх барилдах сайхан санагддаг.

-Үндэсний бөхөөс өөр бөхийн төрлүүдээр барилддаг уу?

-Жүдо бөхөөр барилддаг .

-Амжилт гаргасан уу?

-Өө яахав, +100 кг-д Азийн аваргаас хүрэл, Дэлхийн цомын хоёр хүрэлтэй, хоёр удаа улсын аварга болсон доо. Тэгээд сүүлийн жилүүдэд Европ, Азийн цуврал тэмцээнүүдэд нэлээд оролцсон.

-Анхныхаа багшийн талаар яриач?

-Бөхийн гэр бүлд төрсөн болохоор аав л анхны багш гэж боддог. Одоо бол О.Балжинням аваргын удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хийгээд гурван жил болж байгаа.

-Бэлтгэлээ хаана, ямар хүмүүстэй хамт хийдэг вэ?

-Наадмаар Увс нуур бөхийн галыхантайгаа хамт бэлтгэлд гарсан .Зарим үед жүдогийн шигшээ багийхантай бэлтгэлд гардаг. Үндэсний бөхөөр гэвэл Увсынхаа бөхчүүдтэй, бас Архангайн Р.Пүрэвдагва, аймгийн арслан Г.Ганням гээд найзуудтайгаа ихэвчлэн хийдэг дээ. Жүдогийн бэлтгэлийг бол шигшээгийхэнтэйгээ хийдэг.

-Долоо хоногт хэдэн удаа, хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ?

-Одоохондоо амраад орж байгаа болохоор нэг их бэлтгэл хийхгүй л байна. Дөнгөж л эхлэж байна гэх үү дээ. Ерөнхийдөө долоо хоногийн 5 өдөр, 2-3 цагаар л хийчихдэг юм.

-Хүчний бэлтгэл, дэвжээний бэлтгэл хоёрын алийг түлхүү хийдэг вэ?

-Дэвжээний бэлтгэл ихэнхдээ хийдэг. Хүч нэг их хийгээд байдаггүй юмаа.

-Та хэдэн зодог шуудагтай вэ?

-Барилдаж эхэлснээс хойш өмсгөл солисон. Цэцэрлэгт байхдаа анх зодог шуудаг өмсөж байсан юм байна.18-тай байхдаа бас нэг шинэ өмсгөл өмсөж байсан. Жижигдэхээр нь хамаатан садныхаа дүү нарт өгчихсөн.

-Бэлтгэл хийхдээ өмсдөг тусгай өмсгөл гэж байдаг уу?

-Тийм ээ. Тусдаа байх үе байсан .Одоо бол шинэ зодог шуудгандаа дасах гээд бэлтгэл дээрээ өмсөж байгаа.

-Гэр бүлтэй юу?

- Найз охинтой. Удахгүй гэр бүл болох гэж байгаа.

-Таны гаршсан мэх ямар мэх вэ?

-Бусгаа л байх даа.

-Ямар мэх сурахад хамгийн хэцүү байдаг вэ?

-Бүх л мэх хийж чадвал сайхан. Ахмад бөхчүүдээс л их үлгэр дууриал авдаг.

-Үлгэр дууриал авдаг бөх байдаг уу?

-Байлгүй яахав. Нутгийн том цолтой бөхчүүдээс аль болох амжилт гаргасан ах нарыг харж үлгэр дууриал авдаг.

-Дотно найзалдаг бөхчүүд бий юу?

.Байгаа, байгаа. Бэлтгэл сургуулилт хамт хийдэг найзууд, мөн жүдогийн Амартүвшин бид сайхан найзууд. Бэлтгэл сургуулилтаа хамт хийж нэг нэгэндээ мэдэх юмаа хэлж, зааж зөвлөдөг.

-Наадмын даваануудынхаа талаар...?

-Энэ жил дөрөв дэх жилээ зодоглосон. Улсын наадмын барилдааны тухайд гэвэл гурвын даваанд хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж барилдан барьц сонгож давсан. Дөрвийн даваанд П.Бүрэнтөгс арслантай барилдаж дан шуудагнаас хаясан, тавын даваанд Т.Өсөх-Ирээдүй харцгыг элэг бүснээс хаясан. Зургаад шинээр начин болсон Л.Цэрэнтогтохтой тунаж этэх мэхээр хаяж харцага цолны болзол хангасан. Аавынхаа цолонд хүрсэндээ их баяртай байгаа.

-Энэ жил хөдөөгүүр их олон наадам боллоо. Та хэр олон наадамд барилдсан бэ?

-Наадмын дараа Завхан аймгийн ойд барилдсан. Тэгээд Увс аймгийн Баруунтуруун сумын 70 жилийн ойгоор барилдсан. Хоёуланд нь үзүүрлэлээ.

-Заалны барилдаанд тогтмол барилддаг уу?

-Ер нь аль болох барилдах сонирхолтой байдаг шүү. Жүдогийн тэмцээн уралдаан давхацчихгүй л бол барилдахыг боддог.

-Сар шинээр хэр амжилттай барилддаг вэ?

-Цагаан сарын барилдаанд сүүлийн дөрвөн жил барилдаж байна. Ер нь гурав дөрөв даваад л уначихдаг юм.

-Таны өндөр,жин хэд вэ?

-Одоо өндөр 181см, жин 115 кг байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Өө, дуулна, сагс тоглоно.

-Залуу бөхчүүддээ хандаж хэлэх үг байна уу?

-Залуу бөхчүүд маань бөхийн сайхан жудагтай байх хэрэгтэй. Тэгээд бэлтгэл сургуулилтаа сайн хийх хэрэгтэй дээ.

-Бөхийн холбоотой хэр ойр ажилладаг вэ?

-Ер нь гайгүй ээ. Болж өгвөл зохион байгуулж байгаа ажлуудыг нь дэмжиж, оролцохыг боддог. Харин нэг зүйл хэлэхэд бөхийн шүүлтийн талаар санал нэмэхэд камерын шүүлт оруулвал зүгээр санагддаг.

-Танд баярлалаа

МУБИС-П.Оюунжаргал.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Fri Oct 18, 2013 1:42 pm

Чуугий wrote:Улсын харцага Н.Батсуурь:

[b]-Залуу бөхчүүддээ хандаж хэлэх үг байна уу?


-Залуу бөхчүүд маань бөхийн сайхан жудагтай байх хэрэгтэй.

.


:-o :-o
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby 21Grams » Fri Oct 18, 2013 6:21 pm

Намсрайжав гээд зам дээр цагдаа зоддог харцага мөн биз дээ?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Fri Oct 18, 2013 7:52 pm

мөөн
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby champion » Tue Oct 22, 2013 3:16 pm

Ойгоргүй хүчтэн буюу хүүхдийн гэнэн сэтгэлт Д.Хадбаатар агсны тэмдэглэлийн дэвтрээс толилуулбал ийм ажээ

Дөрвийн даваанд ам авч байлаа. Намайг нэг хүн дуудаж байна. Яваад очлоо.
-Хөөе, дүү хүү! Ах чинь чамайг авлаа шүү. Ахын чинь бэлтгэл ханачихсан. Заанаа ч батлах санаатай, дүү хүү бууж өгөөрэй гэв. Би:
-Ахаа, үгүй ээ. Би цэргийн хүн шүү дээ. Харин та надад бууж өгөхгүй юм уу гэсэнд:
-Хн.Тэгвэл үзнэ ээ гээд цааш эргээд явчихлаа.
-Энэ бөхийг хэн гэдэг юм гэж асуулаа.
-Хатуу гарт Лхагвасүрэн гэдэг юм. Булган аймгийн хүн. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар зургаа давж улсын заан болсон юм. Харцагадаж дайрахаас өөр мэхгүй хүн. Чи өрсөөд элэг бүснээс нь бариад ав. Тэгвэл хаяж болно шүү гэлээ. Би:
-За гээд л гарлаа. Өрж байгаад гэнэт ухасхийгээд бариад автал их цочоод бас ухасхийхээр нь дагуулаад дүүгүүрдэж байгаа юм шиг л эргүүллээ. Би мөн өөрийнхөө нэг хөлийг өргөчихсөн эргүүлж байгаад 7, 8 дахь дээр нь дугтраад тавьсанд хоёр өвдөг нь ногооны шүүс болчихсон босч ирээд:
-За, ахыг нь эргүүлж хаях битгий хэл, надаас айдаг юм шүү. Миний дүү начин болоорой гээд үнсэхээр нь миний нүдийг нулимс бүрхээд ирэв. Нулимстай нүдтэй чигээрээ туг тойрч ирээд багш нараасаа зугатаж, бөхийн асарт орж нуугдлаа.
Тав давчих юмсан, хэн гэдэг хүн авах бол гэж бодоод ам авч байгаа бөхийн оноолтын тэрүүгээр бөхчүүдийн яриаг чагнасаар явлаа. Тэр үед би бараг хоёр Мөнхөөс бусдыг нь танихгүй шахам байсан. Бөхчүүл болохоор монгол дээлтэй хөрслөг бор улс.
Миний хувьд хөнгөн атлетикийн бэлтгэл хийгээд Баянгол зочид буудалд байрлаж байгаа тамирчин. Буудлаас биеийн тамирын хувцастай ирж байгаа хүнийг хэн бөх гэж тоох вэ? Өндөр биерхүү хүн /Улсын арслан Мижиддорж юм байна. Д.Х/,
-Би тэр цэргийн залууг авна гэтэл хажуу талаас нь торгон дээлтэй, нүд нь хялар хөгшин:
-Од нь орсон хүүхдийг хэрэггүй гэсэнд, тэрбээр эргэлзэх үеэр өмнө нь ам авах яг шахсан бяслаг шиг дөрвөлжин цагаан хүн “Би амлая, над дээр тавьчих” гээд яваад өглөө. Улсын арслан Чойжилсүрэн гуай юм байна.
Радиогоор зарлалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадамчид шуугилдаж байна. Зарим нь намайг давна, зарим нь унана гэцгээж буй бололтой. Миний дэргэд Пүрэвдорж гэдэг залуу яваа. Мөнхбат багшийн ахынх нь хүү юм гэнэ лээ. Тэр надад яаж барилдахыг зааж байгаа. Нэгийн даваанд Пүрэвдорж гэж гараад унасан, дараа нь Пүрэвээ гэж гараад бас унасан, дараа нь Дорж гэдэг нэрээр гараад гурав дахиа ойччихсон хүн. Миний зөвлөх. Лхагвасүрэн зааныг хаяхад надад зөвлөсөн. Пүрэвдорж хэлж байна аа.
-Чойжилсүрэн арслан барьцгүй хавсарч цохидог юм. Урьдаж элэг бүсний барьцыг нь олж барь /Давж ирэх бүрдээ тугны өмнөөс шороо ав гэж авахуулж байсан бөөн будилааны эзэн л дээ/ гэлээ. Ингээд Чой арслан бид хоёр гарлаа. Би, “За би энэ хүнийг элгэн дороо хумьж дараад хаяна. Засуул татахаас нааш босохгүй юм шүү” гэж бодлоо.
Өрлөө, цэрвэж байгаа ч юм шиг. Элэг уяанаас нь барьж автал тасхийгээд явчихлаа. Би барьсан чигээрээ сууж тусаад барьцаа алдалгүй босч айж байснаа мартаад ачиж нэг үзээд нохой мордох гэж ч нэг үзээд зөндөө л мэхэрхүү юм хийсэн юм билээ. Би унагаж босгоод л өөрөө уначих шахаад л юу болсон ч юм мэдэхгүй ээ.
Тэр үедээ би улайрчихсан байсан юм билээ. Тэгээд би санаснаараа элгэн дороо хийж аваад хэвтээд байсан. Засуул ирээд татаж босгов. Миний хамраас цус гарч байна. Чойжилсүрэн арслан намайг үнсэж тахимаа өгөөд цаашаа очсон хойноо: Би “мангар” Санжаа, “улаан” Эрдэнэ-Очир нарын бяртай бөхчүүдтэй барилдаж болоод байдаг юмсан.
Саяын амьтан чинь яг л адгуус шиг юм. Юутай барилдаж орхив оо. Би уналаа гээд л биеэ сул орхитол нөгөө талдаа гаргаад тавьчих юм. Хамаг ясыг минь тараах шахлаа. Мөн ч аймшигтай бяртай юм гэж ярьсан гэдэг. Би ингэж улсын их баяр наадамд тав давж БНМАУ-ын начин гэдэг эрхэм цолыг 19 насандаа авч гурван өдөр гурван рекорд тогтоосон.
Зээрэнцэг, бөөрөнцгийн улсын рекорд, спортын мастер, БНМАУ-ын начин. Миний бөхийн түүх ийнхүү эхэлж билээ. Улсын начингийнхаа цолыг авах гээд очтол зарим нь “Сэлэнгийнх” зарим нь “Төв аймгийнх” гээд маргаан болж байв. Надаас асуулаа. Би:
-Төв аймгийн Талбулагийн Морин завод буюу Тайс уулын ар шил дээр Толгойт гэдэг газар төрсөн юм аа гэтэл:
-За Батсүмбэр сумынх гээд биччих гээд бичиж өгсөн. Дараа нь болохоор ээжийнхээ төрсөн нутгаар бичдэг гээд Угтаал гэж бичсэн юм. Энэ жил таван бөх улсын начин цол авсан. Д.Цэрэнтогтох, Д.Баатаржав, Т.Артаг, С.Жамц бид таван хүн нэг жил начин болцгоов.
Би хөнгөн атлетикийн тамирчин байсан. Ер нь хөнгөн атлетикийн багш нарын загнаад байсны учир нь намайг спортын өөр төрлийн тамирчин болчихож магадгүй гэж бодсон бололтой юм билээ. Би хөнгөн атлетикаар хамгийн сүүлд Унгар улсад болсон олон улсын тэмцээнд орсон юм. Гэхдээ энэ завсар бэлтгэл сургуулийг багагүй хийж байв.
Би бөхөөр хичээллэх дур сонирхол тун ихтэй боллоо. Манай Алдар иийгэмлэгт улсын начин, спортын мастер, цэргийн ахлагч цолтой Ч.Өвгөнхүү гэдэг сайн бөх дасгалжуулагчаар ирдэг юм байна. Улаанбаатар хотын авара шалгаруулах самбо бөхийн тэмцээнд миний барилдаж байхыг харчихаад “За чи ямар ч л байсан бүсээсээ гарчих” гэв.
Улсын начин Цэдэвсүрэн, Ш.Найдан бид гурав эхний гурваар гарсан бөгөөд би энэ хоёрыг дийлээгүй юм. Тэгээд хэд хоног бэлтгэл хийж байгаад улсын аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Өвөө /Ч.Өвгөнхүү/ багш маань “Чи миний хэлэхийг сайн сонсож барилдахад медаль авна даа” гэв. Би яг л багшийнхаа хэлснээр нь барилдаж самбо бөхийн улсын аварга цол хүртэж билээ.
Улсын шигшээ баг /УШБ/-ны дасгалжуулагч Ч.Машбат багш, “Спортын төв ордон дээр ирж надтай уулз” гэж хэлүүлсэн байв. Машбат багшийн хэлсэн ёсоор спортын төв ордон дээр явж очвол:
-За чамтай нэг зүйл ярилцъя. Чи бол Үндэсиий бөхөөр улсын начин цол авлаа. Самбо бөхийн улсын аварга боллоо. Чамд ер нь бөхийн спорт л тохирох юм байна. Манай улс хөнгөн атлетикийн төрлөөр нэг их амжилт гаргаж хол явахгүй. Чи .өөрөө шийдээд өргөдөл бич. Хэрвээ чамайг зөвшөөрөх юм бол би өөрийг чинь долоо хоногийн дараа БНСЧСУ, БНАГУ-д болох олон улсын тэмцээнд аваад явъя гэв.
Энэ нь нэгд барьцтай барилдаан юм, хоёрт бөхчүүдийи гадаад явах нь миний Зүүн, Баруунхараа юм уу, Батсүмбэр явж ирэхээс амархан байсан болохоор надад тэгж хэлсэн юм болов уу гэж бодоод тэр дор нь цагаан цаас гаргаж “Би самбо, жүдо бөхийн секцэнд хичээллэх дур сонирхолтой учир намайг бөхийн холбооны гишүүнээр элсүүлж өгнө үү? Д.Хадбаатар” гэж бичиж өглөө.
Ингээд бэлтгэлд шууд ордог юм байна. Гадаад паспорт ч авлаа. Олон олон залуустай гар зөрүүлэн барилдахаар улсынхаа хилийг анх удаа алхаж алс хол явдаг юм байна. Би урьд өмнө нь жүдогоор барилдаж үзээгүй, дүрмийг нь ч мэдэхгүй байсан болохоор тэр үед юу бодож явснаа ер санахгүй байна.
Нөгөө алтан Прага хотноо хөл тавилаа. Хотын гоо сайхан, хөлхөлдөж бужигнасан хүн зон, сүлжилдэж давхилдсан машин тэргийг харахад манай улсын баяр наадам болж байгаа юм шиг газар байв.
Тэмцээнд Дөшчулуун, Эрдэв, Буядаа, Очирбал, Рэнцэндорж, Д.Лхагвасүрэн, Д.Баатаржав, Д.Галдандагва бид нар дасгалжуулагчийнхаа хамт очлоо. Багш жин бүрд барилдах тамирчдын тоог мэдэж ирээд:
-Хадаа, чи нэг л хүн ялчихвал медальт байрт орчих юм байна. Одоо яавал зохилтой вэ? гэлээ. Надад “Тийм, ийм амжилт гарга” гэж хэлээгүй бөгөөд миний хувьд гэвэл гадны өрсөлдөгчид гэдэг чинь ямар тамирчид байдаг юм, олон улсын тэмцээн ямар янзтай болдгийг үзүүлэх гэсэн, нэг үгээр хэлбэл нүдийг минь нээх анхны “сургууль” байлаа. Би багшаас:
-Багшаа, нохой мордчихвол болох уу? гэсэнд багш:
-Өө, бололгүй яахав. Дээшээ хараад уначихвал 30 секунд дараад бай. Тэгж чадвал чи цэвэр ялна гэлээ шүү. Би ч “За” гээд л гарлаа. Миний учраа Румын улсын бөх гэнэ. Надаас нэлээд өндөр, шар залуу байна. Барилдлаа. Барьж авангуут түүнийг нохой мордов. Мань шар ч дээшээ харлаа даа.
Дээшээ харсан чигээр 30 секунд дараад босгох гэсэн чинь нөгөөх маань өндийж чаддаггүй, царай нь нэг л хачин болчихсон юм шиг харагдав. Надад ялалт өгөв. Ингээд анхны олон улсын тэмцээнээс хүрэл медаль авахдаа өрсөлдөгч бөхийнхөө өрөөсөн түнхийг мулт нохой мордож билээ. Дараа нь Ардчилсан Германд очиж барилдаад анхныхаа тойрогт ялагдаад хоосон хоцров оо.
1973.07.12 /Ардын хувьсгалын их баяр наадмын хоёр дахь өдөр/
Би гурвын даваанд аймгийн арслан Доржийг, дөрвийн даваанд аймгийн арслан Норовыг, тавын даваанд аймгийн арслан Өмнөговийн “морьт” Пүрэв /у.н/-ийг /тунаж/ тус тус даваад зургаагийн даваанд Булган аймгийн харьяат улсын начин Ч.Лундаад хөлөө авхуулж уналаа. Гэлээ ч би улсын начин цолоо баталсан юм.
1973.09.15 Тегеран /Иран улс/ хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор монголоос 33 хүн явлаа. Чөлөөт бөхийн баг арван хүнтэй, самбо бөхийнх арван хүнтэй, сонгомол барилдааных таван хүнтэй, бусад нь эмч, дарга, дасгалжуулагч, орчуулагч, киноны Балжинням нар гээд. Биднийг нисэх онгоцны буудал дээр Иран улсын бөхийн холбооны хүн угтаж явсан. Тегеран маш их халуун газар юм. Өдөртөө +40, +43, шөнөдөө +30 хүрнэ. Маш их бөгчим байж суухыи аргагүй…
Би гуравдугаар байрт шалгарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль авлаа. Харин манай Чанарав /62 кг/ Зөвлөлтийн Козенскийг ялж анхны алтан медалийг эх орондоо авчирч билээ.
1974 он. Миний хувьд онцгой жил байсан юм. Бяр орж байна. Бүх юм жижигхэн харагдаад л. Надаас өөр бяртай хүнгүй юм шиг бодогдоод л. Хандгайтын баазад наадмын бэлтгэл хийж байхдаа Мөнхбат багш бид хоёр бөөрөө нийлүүлэн унтдаг байв. Багш маань надад янз бүрийн мэх хэлж, заана.
Би сурсан юмгүй. Өглөө болгон цуг гүйж дасгал хийнэ. Хар модыг үндсээр нь булга татна. Ер нь миний бяр ороод байсан бололтой юм билээ. Би тэр үедээ мэдээгүй. Мөнхбат багш бөхийн оноолт дандаа хийж харагдана. Би тэр энэнтэй таарна, би ингэж барилдана гэхчилэнгээр барилдааны тооцоо хийнэ. Нэг өдөр Мөөеө багш хуучнаараа тооцоо хийж үзээд ингэж хэлдэг юм байна.
-Манай хүн /намайг хэлж байгаа хэрэг/ гурвын даваанд уначихгүй бол үзүүр түрүүнд үлдэх нь байна гэлээ. Би Мөөеө багшийн энэ үгийг үнэндээ тоосонгүй. Долдугаар сарын 9-ний өдөр. Тамир эгч /Мөөеө багшийн эхнэр/ Мөөеө багшийг авахаар УАЗ-469 машинтай ирээд намайг цуг явах уу гэхэд нь би “явахгүй” гээд үлдэв.
Бэлтгэлийн үед Мөөеө багш намайг дасгалжуулаад хааш нь ч хөдөлгөдөггүй, байнга мэх заагаад сул зогсоодоггүй байсан болохоор би тэр бүхнээс нь залхаад цуг явалгүй Хандгайтад үлдсэн нь тэр дээ, хөөрхий. Уг нь намайг л сайн барилдуулах, өөртөө сайн хань хийх гэсэн юм билээ. Би гэж нэг **н** амьтан, учир начрыг нь тэр үедээ ойлгоогүй юм аа.
Би 11-нд хотод ирлээ. 12-ны өдөр бөхчүүд гурвын даваанд ам авч эхлэв. Миний ээлж боллоо. Би ам авахдаа багштай /Мөөеө/ ярьж зөвлөсөн юмгүй, өөрөө бие дааж том толгой гаргав. Бөхийн оноолтынхон дээр очсон чинь “Сайн чагнаад амаа авна биз” гээд баахан нэр уншлаа. Чагнаад байсан чинь дандаа л цэргийн хүүхдүүдийн нэр гараад байх юм. Би хэлэв.
-Үгүй би цэргийн хүн. цэргээс өөр энгийн хүн байдагүй юм уу гэсэнд бодвол тэдний дургүй нь хүрээ байлгүй дээ.
-Аа, энгийн хүнээс үү? Шижээ байна, Дорноговийн бүдүүн Одсүрэн хоёр л байна гэхээр нь Баянмөнх аварга “Шижээг битгий аваарай” гэж захиж байсан болохоор “бүдүүн” Одсүрэнг гээд авчихлаа шүү. Гэтэл дэргэдээс “Чи яах гэж Одсүрэнг авч байгаа юм бэ” гэхээр нь “хаях гэж авч байгаа юм аа”гээд оноолтынхны өрөөнөөс гарав аа.
Ингээд хөөрхий гурвын даваанд нөгөө Одсүрэнгээ дүүгүүрдэх гээд чадалгүй, тулгуур хөлөн дээрээ мордуулаад унасан юм даа. Хүний үг авалгүй том толгой гаргаж яваад их санасан газар есөн шөнө хоосон хоносны үлгэр болсон доо. Харин Мөнхбат багш маань түрүүлж, бага боловч сэтгэлийг минь тайтгаруулсан юм.
Домогт бөхчүүдийн омогт барилдаан номоос:
Эх сурвалж: “Бөх” сонин
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 22, 2013 3:46 pm

Тэмдэглэлээ бол сайхан л бичдэг хүн байж. элдэв асуудалд орооцолдоогүй, нямбай барилдсан бол 2 Мөнхөөс 5-6 түрүү, Цэрэнтогтох, Ба аваргаас бас 1-2 түрүүг нь авах л байсан хүн байж гэж бодоод бдын.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Tue Oct 22, 2013 3:58 pm

Мөнхбатаас нэг их авч шалихгүй ээ... Мөө аварга чинь ганц л түрүүлсэн байна уу тэр хооронд... Баянаагийн түрүүнүүд бол илт багасах л байсан байх... бас л ойгүй бяртай амьтан байж ээ... Мөнхбат аварга тэгэж ярисан байсан ш дээ... Хадааг бөхчүүдтэй бэлтгэл хийлгэхээр бэртээчих гээд модтой барилдуулдаг байсан гсн байсан... аймаар ккк... зүгээр ирээд л наадамд тав давчихдаг уу ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Идэрээ » Tue Oct 22, 2013 4:02 pm

champion wrote:-Багшаа, нохой мордчихвол болох уу? гэсэнд багш:
-Өө, бололгүй яахав. Дээшээ хараад уначихвал 30 секунд дараад бай. Тэгж чадвал чи цэвэр ялна гэлээ шүү. Би ч “За” гээд л гарлаа. Миний учраа Румын улсын бөх гэнэ. Надаас нэлээд өндөр, шар залуу байна. Барилдлаа. Барьж авангуут түүнийг нохой мордов. Мань шар ч дээшээ харлаа даа.
Дээшээ харсан чигээр 30 секунд дараад босгох гэсэн чинь нөгөөх маань өндийж чаддаггүй, царай нь нэг л хачин болчихсон юм шиг харагдав. Надад ялалт өгөв. Ингээд анхны олон улсын тэмцээнээс хүрэл медаль авахдаа өрсөлдөгч бөхийнхөө өрөөсөн түнхийг мулт нохой мордож билээ.

аймар2
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby WALCOTT » Tue Oct 22, 2013 4:17 pm

Ter 62 kg iin Chanarav gj buh tailbarlagch Chanarav guai mun uu?
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 22, 2013 4:18 pm

Мөн. бөхийн төрлийн анхны дэлхийн аварга хүн шүү дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Aagii_03 » Tue Oct 22, 2013 4:31 pm

Takanohana_Nowitzki wrote:Тэмдэглэлээ бол сайхан л бичдэг хүн байж. элдэв асуудалд орооцолдоогүй, нямбай барилдсан бол 2 Мөнхөөс 5-6 түрүү, Цэрэнтогтох, Ба аваргаас бас 1-2 түрүүг нь авах л байсан хүн байж гэж бодоод бдын.


кк муу Мөөеө аваргын цолыг нь хураахнуу кк
Мө бол Баянааг л нам даруулах гэж үзэх байсан байх даа. Гэхдээ тэгээд л хэцүү шд, Баянаа аварга чинь бүр эгэлгүй мундаг хүн шүү.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 22, 2013 4:57 pm

тэр 2-с нийлээл гэж байгаам, тус бүрээс нь бишээ хө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby J@x » Tue Oct 22, 2013 5:56 pm

Hadaa avargiin nomiig unshij baisan uneheer haramsmaar baisan shuu.

Yamar ch baisan 4 5 Turuu asuudalgui baisan yum Shig baigaam
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby erka2 » Tue Oct 22, 2013 6:46 pm

Takanohana_Nowitzki wrote:Тэмдэглэлээ бол сайхан л бичдэг хүн байж. элдэв асуудалд орооцолдоогүй, нямбай барилдсан бол 2 Мөнхөөс 5-6 түрүү, Цэрэнтогтох, Ба аваргаас бас 1-2 түрүүг нь авах л байсан хүн байж гэж бодоод бдын.



Мөнхбат гуай бол түрүүлэхээ аль хэдий больсон байсан. Баянаагын Хадын гарч ирсэнээс хойш түрүүлсэн 5түрүү Цэрэнтогтохын 4түрүүнээс 1ын зэргийг авч барах л байсан байхаа. Тэгэхээс ч бас шууд нэгийг нь сайн гээд энэ хэдэн аваргаа бас доош хийж болохгүй байхаа.Бат-Эрдэний түрүүнээс үгүй байхаа даа
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Thu Oct 31, 2013 11:21 am

Аймгийн арслан Н.Жаргалбаяр: Аавынхаа хүрч чадаагүй цолд хүрэх хүсэлтэй

Сүүлийн үед заал танхимын барилдаануудад тогтмол барилдаж, чамгүй амжилттай хүч үзэж буй залуусын нэг бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Нэгдэлийн Жаргалбаяр билээ. Түүнийг “Улсын цолд ойрхон бөх” булангийнхаа зочноор урьж ярилцлаа.

-Хэзээнээс бөхөөр хичээллэх болов?

-Би арван жилээ төгсөөд сумандаа ажил хийж байтал манай сумын аймгийн заан Л.Баттөр ах “Чи ер нь барилдвал яасан юм бэ? Удахгүй наадмын бэлтгэлд гарна. Очиж сонирхоорой” гэсэн. Тэгээд наадмын бэлтгэл дээр анх очсон. Тухайн үед аймгийн арслан цолтой байсан, одоогийн улсын начин Ч.Баянмөнх ахыг хараад л бөх болохоор шийдсэн дээ. Хотод ирээд Т.Өсөх-Ирээдүй харцагын шавь болсон. Тухайн үед багшийн удирдлага дор манай аймгийн 40 орчим залуу бэлтгэл хийж байлаа. Одоо тэднээс долоо, найм нь үлдэж. Эхнээсээ цолонд хүрч байна.

-Багаасаа барилдах сонирхолтой хүүхэд байв уу? Хүүхэд нас тань хаана өнгөрсөн бэ?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, өссөн. Бага нас маань хөдөө, бусад хүүхдүүдийн л ижил өнгөрсөн дөө. Харин хүүхэд байхдаа барилдах сонирхолгүй байсан. Гэхдээ барилдаан болвол зурагтныхаа өмнө очиж суугаад, тэмдэглэл хөтөлнө. Манайхаар ирсэн аавын таньдаг хүмүүс намайг барилдах хүүхэд гэдэг байсан.

-Энэ жил аймгийн арслан болсон. Хаана цолоо авав?

-Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийнхаа наадамд тав давж, аймгийн начин болсон. Зургаа дээр хариуцлагагүй барилдаж унасан юм. Түүнээс хойш аймгийн арслан болно гэж зорилго тавьж, бэлтгэлээ хийсэн. Үр дүнд нь энэ жил аймагтаа түрүүллээ. Үзүүр, түрүүнд аймгийн заан Б.Эрдэнэбаяр ахыг хаясан. Түрүүлсний дараа сэтгэл их хөдөлсөн ч түүнийгээ ил гаргаагүй. Надад өөртөө тавьсан том зорилго бий. Энэ бол дөнгөж эхлэл.

-Бөхийн анхны багш гэвэл?

-Хотод анх ирээд “Алдар” спорт хороонд Т.Өсөх-Ирээдүй харцагын шавь болсон. Өсөх-Ирээдүй багштайгаа гурван жил бэлтгэл хийсэн. Энэ хугацаанд багш маань намайг сайн бөх болоосой гэж маш их тусалж дэмждэг байлаа. Мөн намайг бөхийн замд анх оруулсан хүн бол Ч.Баянмөнх начин. Хотод анх ирээд Бааяа ахтайгаа хамт амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Бааяа ахын маань аав Монгол улсын сайн малчин, аймгийн начин Т.Чотон ах маань бас их тусалж, дэмждэг. Зун бүр нутагтаа очиж, Чотон гуайнхаар орж гардаг юм. Харин одоо “Увс нуур” дэвжээнд Д.Бумбаяр зааны удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Бумбаяр багш маань бидэнд “Багш хүний гол зорилго бол өөрийнхөө авч амжаагүй цолыг шавь нараа аваасай гэж хүсдэг” гэж ярьдаг юм. Багшийнхаа авч үзээгүй цолыг авахын тулд бэлтгэлээ хийж байна даа.

-Таныг улсын начин Д.Нэгдэлийн хүү гэдгийг мэднэ. Аавынхаа барилдааныг хэр мэдэх вэ?

-Аав маань 1979 онд улсын начин болсон. Түүнээс хойш бэртэл аваад олон жил барилдаж чадаагүй. Аавын барилдааныг мэдэх хүмүүс заан цол авах бөх байсан гэж ярьдаг юм. Жижиг биетэй мөртлөө уран хурц, дайчин барилдаантай, шуудагны барьцнаас сайн барилддаг байсан. Аавынхаа авч чадаагүй цолд хүрэх хүсэлтэй дээ.

-Яагаад “Увс нуур” дэвжээнд харьяалагдах болов?

-Аав маань Увс аймгийн Тэс сумын харьяат. Тиймээс “Увс нуур” дэвжээний удирдлагууд намайг галдаа авах хүсэлт тавьсан. Түүнээс хойш “Увс нуур” дэвжээний бөх гэж зарлуулж явна.

-Үндэсний бөхөөс гадна их спортоор амжилт гаргасан уу?

-Спортын төв ордонд жүдогийн шигшээ багт бэлтгэл хийдэг. Одоохондоо шальтай амжилт үзүүлээгүй ээ. Ганцхан үндсээр явбал амжилтад хүрэхгүй. Тиймээс жүдогоор давхар хичээллэж, барилдаанаа сайжруулах шаардлагатай. Жүдогийн анхны багш гэвэл самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, аймгийн арслан Г.Жамсран.

-Биеийн өндөр, жин хэд вэ?

-190 см, 96 кг жинтэй. Цаашдаа жин нэмэх бодолтой байгаа.

-Нас хэд хүрч байгаа бэ? Сургуулиа төгссөн үү?

-1991 онд төрсөн. “Олимп” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Үргэжлүүлээд ҮБТДС-д магистраар суралцаж байна.

-Барилдааны чинь гол онцлог гэвэл юуг хэлэх вэ?

-Өндөр нуруутай учир золгооноос барилдах сонирхолтой байдаг. Гэхдээ хөлөө алдах сул тал их бий. Цаашдаа илүү сайжрах бодолтой байгаа. Сая аймгийн наадмуудаар яваад олон удаа барилдахад их цуцаж байна лээ. Улсын цолд хүрэхийн тулд үүнээс ч илүү хүнд даваатай тулгарна. Тиймээс бэлтгэлээ эрчимтэй хийнэ.

-Заалны барилдаанд анх гараад ямар санагдаж байв?

-2009 онд анх сумын заануудын барилдаанд зодоглосон. Анхандаа дандаа нэгийн даваанд унадаг байлаа. Нэг сонирхолтой түүх бий. 2011 онд сумын заан байхдаа Дөрвөн уулын хишиг барилдаанд бүгдэд нь нэгийн даваанд өсөх идэр начин Ж.Отгонбаяр ахтай таарч, дөрвөн өөр мэхээр унасан. Тэр жил Богдхан хайрханы хишиг барилдаанд нэгийн даваанд Отгонбаяр ахад уначихаад хувцсаа солиод сууж байтал аймгийн арслан Ч.Булганхүүтэй барилдах бөх нь гарч ирдэггүй. Тэгэхээр нь дахиж гарч барилдаад дахин ойчсон. Тэгээд малгайгаа авчихаад явах гээд байж байтал Завханы арслан Ж.Сүхбатын өрсөлдөгч нь байдаггүй. Малгайгаа солиод Сүхбат арслантай барилдаж, давж байлаа. Дараа нь бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, тайлбарлагч Б.Цогтбаатар ах “Чи яасан олон гардаг хүүхэд вэ?” гээд загнаж билээ.

-Зааланд анх барилдаж эхэлж байхдаа шантарч байв уу?

-Тэгж бодож үзээгүй юм байна. Би их шартай. Ялагдах их дургүй. Ер нь ганц бөхөөр ч биш бусад бүх юманд тийм хандлагатай. Аав маань бас тиймэрхүү зантай. Би түүнийг нь дуурайсан шиг байгаа юм. Анх бэлтгэл хийж байхад Өсөх-Ирээдүй ах биднийг их хурцалж, дайчилдаг байлаа.

-Бэлтгэлээ хаана базааж байна вэ?

-Долоо хоногийн хоёр өдөр хүчний бэлтгэл хийдэг. Мөн хоёр өдөр жүдо, дараагийн хоёр өдөр нь үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. Харин нэг өдөр нь кроссонд гүйнэ. Бөхийн бэлтгэлээ “Алдартан” клубт базааж байна. Энэ сарын 15-наас манай галын нэгдсэн бэлтгэл эхэлнэ. Энэ жилээс шинэ заалтай болсон.

-Цаашдын зорилгыг чинь сонирхвол?

-Бөхийн спортоор томоохон амжилт гаргах, аавынхаа цолыг ахиулах зорилготой доо.
-Бидэнтэй ярилцсанд тань баярлалаа. Улсын цол авахыг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Энэ дашрамд танай сониноор дамжуулаад Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан болон “Увс нуур” дэвжээнийхэн, намайг үргэлж дэмждэг Ө.Болдсайхан захиралтай “Инсато холдинг” компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

Эх сурвалж: Э.Тэмүүлэн "Таван цагариг"сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 08, 2013 4:39 pm

Монгол улсын шинэ залуу заан Батзоригийн Батмөнх: Би энэ жил их өндөр сэтгэлзүйтэй барилдсан


Энэ жилийн наадмаар аатай, адтай, хийморьтой барилдаж хатуухан учраануудыг өвдөглүүлэн Монгол улсын заан цолд хүрсэн төв аймгийн Баянхангай сумын харьяат, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны бөх Батзоригийн Батмөнхийг Биеийн тамирын сургуулийн зааланд Сэрээтэр багштайгаа бэлтгэл хийхээр ирэхэд нь уулзаж ярилцав.

-Юуны өмнө Монгол улсын заан цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргье?


-За баярлалаа. Бөх сониныхоо нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргье.

-Бэлтгэл жигдэрч байна уу, наадмын дараа их бага олон наадамд барилдсан сураг дуулдсан?

-Өө, тийм. Наадмаас хойш олон газар барилдлаа. Өнгөрсөн долоо хоногоос л бэлтгэлдээ орлоо. Саяны хоёр барилдаанд гарч чадсангүй, хөдөөгүүр яваад... Гэхдээ хойшид барилдаан алгасалгүй тогтмол барилдана гэж бодож байгаа.

-Хамгийн сүүлд ямар наадамд барилдав?

-Сая хоёр хоногийн өмнө Даваахүү уячийн наадамд очиж барилдаад дөрөвт үлдэн Даваабаатар харцагад унасан.

-Та хоёрыг барилдсангүй... гэж хүмүүс ярих юм, үнэн үү?

-Гар ийм болчоод...

-Өө, бүр хавдчихсан байна шүү дээ?

-Харин тийм ээ. Шөрмөс нь болохоо байчихаад... Тэгээд л барилдаж болсонгүй.

-Наадмын дараа бөхчүүд ихэвчлэн амарсан гэж байгаа дуулддаг. Таны хувьд энэ жил амрах завгүй л зусав бололтой дог оо?

-Тэгсэн шүү. Эрдэнэсант сумын 90 жил, аймгийн ой, бас энд тэндхийн сургуулийн ой гээд наадам олон байлаа. Тэр бүхэнд боломжоороо очиж барилдаж явсаар ойрноос л гэртээ байна даа.

-Нэлээдгүй түрүү авч заан цолоо мялаажээ?

-Тийм ээ. Энэ жил их сайхан жил байлаа. Улсын заан цол авлаа, аймгийнхаа ойд ч түрүүллээ. Ганц нэг сумын ойд түрүүлж, ерөнхийдөө хэд хэдэн түрүү авч заан цолоо мялаасан байна.

-Улсын заан Батмөнх гэж дуудуулаад гарахад ямар сэтгэгдэл төрж байх юм бэ?

-Их л сайхан байна даа /инээв/. Энд тэнд очихоор ихэвчлэн зүүн, барууны магнайд босч таараад байгаа. Заан бол улсын том цол. Улсын начин, харцага цолтой олон сайхан бөхчүүд байна л даа. Тэд нарын бүгдийнх нь дээр гарч зогсоно гэхээр их л том цол санагдаж байна. Ийм өндөр цолонд хүрсэндээ их баяртай байгаа. Заан гэдэг амьтан маань өөрөө урт удаан настай, амгалан тайван, бие хааг нь бодсон ч тэр, сайхан амьтан шүү дээ. Аль ч талаас нь бодсон цолнууд дундаас хамгийн сайхан нь юм шиг санагддаг юм шүү дээ.

-Заан цолонд хүрэх мөрөөдөл, зорилго бол сэтгэлд тань байсан л байх?


-Байлгүй яахав. Энэ жилийн хувьд ямар ч байсан цолоо баталж, дээшээ явж сайн барилдана гэсэн зорилготой бэлтгэл сургуулиа базаасан. Тэр зорилгодоо хүрч цолоо ахиулсан болохоор сайхан байна.

-Өнгөрсөн жил барилдаан бүрт оролцож, цагаан сараар хамгийн олон даваатай бөхийн шагнал авсан байх аа?


-Ноднин болсон 27-28 барилдаанаас 2-3-ыг нь л алгассан байна лээ. Тогтмол барилдсанаас гадна хамгийн олон даваа авсан бөх гэж намайг урамшуулсан. Ер нь заалны барилдаанд тогтмол сайн барилдаж байж тэр хэрээрээ наадамд амжилттай барилдана гэж боддог. Тийм болохоор бүх л барилдаанд барилдахыг хичээдэг. Бас наадмын сорилго барилдаанд түрүүлчихээд их урамшсан. Сорилгод түрүүлсэн бөх наадмаар сайн барилддаг гэж ярьдаг юм билээ. Тэр үг үнэний ортой юм байна.

-Наадмаар бэлтгэл сайн байгаа нь өөрт мэдрэгдэж л байсан байх, тийм ээ?

-Тийм ээ. Сорилгод түрүүлчихээд тэр формоо бариад сайн барилдъя л гэж бодсон. Бэлтгэл ч сайхан таарсан байсан.

-Наадмын даваануудаа эргээд нэг сайхан дурсахгүй юу?

-Наадмын дэвжээнд даваа болгон учраа болгон хүчтэй, чанга байлгүй байлгүй яахав. Хоёр дээр гэхэд Баянхонгорын Батгэрэл ахтай таарч даваад дээшээ явсан. Гурав дээр у.н Чулуунбатыг амлаад, дөрөв дээр Амартүвшин харцагатай оноолт таарч, тавд Содномдорж харцагад, зургаад Снажаадамба заанд амлуулж, долоод Батсуурьтай тунаад гэх мэтээр даваа болгоноо давж явсаар заан цолд хүрлээ. Ерөнхийдөө хатуу чанга учраанууд таарсан ч гэлээ тайван байж, өөрийнхөөрөө, хийдэг юм аа хийгээд л, зоригтой барилдсан.

-Үнэнийг хэлэхэд би хувьдаа гайхсаан. Чулуунбатыг амлахад чинь. Наана цөөнгүй аймгийн цолтон үлдсэн байсан болоод ч тэр үү?

-Арваад хүнээс ам авсан л даа, гурав дээр... Чулуунбаттай барилдаан гайгүй таараад байдаг юм. Сэрвүүгээс хөлдөө алдчихалгүй, золгочихвол болох байх гэж бодсон. Тэрнээс өөр бодсон санасан зүйл байгаагүй.

-Бас л хурц барилдаантай бөх шүү, Чулуунбат начин?


-Тийм шүү. Тэр үед хүн болгон Чулуунбатыг авчихаж байгаа юм байх даа, чанга хүн авлаа даа гэцгээж байсан. Би бол өөртөө итгэлтэй байсан.

-Дөрвийн оноолт ямархуу барилдаан болов?

-Амартүвшин харцагатай таараад золгооны барьцнаас шахаж татаад хаясан. Дээшээ нэг зөрвөл Даваабаатар харцагатай, доошоо нэг зөрвөл Ж.Отгонбаяр начинтай таарах байсан. Тэгсэн нутгийнхаа хоёрын яг голоор Амартүвшин харцагатай таарсан шүү.

-Тийм үү? Хэрэв тэр хоёрын нэгтэй таарчихсан бол бас л эвгүйцнэ биз?

-Хэрэв таарсан бол яалт ч үгүй барилдана л даа /инээв/. Харин голд нь Амартүвшин харцага байж таараад...

-Тав дээр Содном харцагад амлуулаад....?

-Тэгсээн. Бид хоёр чинь гурав дахиа барилдлаа, улсын наадамд. 90 жилийн ойгоор зургаагийн даваанд намайг амалж байсан. Ноднин бол дөрвийн оноолтоор таарсан. Тэгсэн энэ жил амлахаар нь хүнд чинь хор шар гэж нэг юм байна. Аль болгон унаад байхав... гэж бодоод нэлээд дайрч, сэтгэл зүйн хувьд өндөр барилдсан л даа. Бодсоноороо сайхан барилдаж давсан.

-Аль нэг даваанд Содномтой таарах байх гэсэн тооцоо, бэлтгэл байсан уу?

-Ер нь бодож байсаан. Тав юм уу зургаа дээр таарч барилдах байх гэж... Гэхдээ яг Содномд зориулж бэлдсэн мэх энэ тэр байгаагүй ээ. Харин зоримог л барилдая гэж дотроо бодсон.

-Зургаад Санжаадамбыг амлахад юу бодогдов?

-Тэр даваанд намайг хэн амласныг би мэдээгүй гарсан. Зүүний тэд дээр гараарай... гэхээр нь гарчихаад засуулаасаа “Намайг хэн авсан юм бол..” гэтэл засуул бас мэдээгүй байсан. Тэгэхээр нь нөгөө талд хэн гарах нь вэ гээд хартал Санжаадамба гараад ирсэн. Тэр үед надад нервтсэн ч юм алга, сандарсан ч юм алга. Өөрийнхөөрөө барилдана даа л гэж бодсон. Санжаадамбын тэр хавирдаг мэхийг би урьд нь нэлээд хийдэг байсан л даа. Яг тухайн үед их сайхан ороод ирдэг юм. Би ч мэхээ зоримог хийсэн. Мэх ч даацтай болсон, сайхан ч барилдаан болсон.

-Санжаадамбыг даагаа нэхэхээр таныг амлалаа... гэж ойлгосон?

-Тухайн үед бол нэг их юм бодоогүй. Сүүлд нь л хүмүүс “Та хоёр цагаан сараар тэгсэн... Санжаадамба чамайг тэгээд л авсан байх” гэх зэргээр нэлээд ярьж байсан.

-Санжаадамба нэлээд дайрч барилдаад байгаа харагдсан?

-Шатсан байх л даа. Ямар ч байсан их л дайрч барилдсан. Тэгтэл эгзэг нь таараад би хавирчихсан.

-Тэр мэх мундаг орсон шүү?


-Сайхан барилдаан болсоон. Сүүлд нь эргээд бодож байхад хүн хүнд муу юм хийхгүй, муу санахгүй, зөв сайхан бодолтой, бэлтгэлээ хийгээд хөдөлмөрлөөд явж байхад болох зүйл ёстой зүйл болдгоороо л болдог юм байна гэж их бодогдож байгаа л даа.

-Заан цолны барилдаан ямархуу болсон бэ?

-Долоогийн даваанд харьцангуй тайван байсан шүү. Долоо давчихаад туг тойроод явж байхад аймгийнхаа ойд том сайхан цолоор бэлэг барьж байгаадаа л их баярлаж байсан. Нутаг ус, ард түмнээ ч их баярлуулсан гэж бодож байна.

-Долоогийн даваанд гарахад ямар ч байсан харцага болчихсон шүү гэсэн тайвшрал байв уу, эсвэл заавал заан болно шүү гэсэн хичээлт давамгайлж байсан уу?

-Ер нь төрийн наадмын түрүү үзүүрт хүрч, дээгүүр барилдана гэгддэг хоёр бөхийг тав, зургаагийн даваанд хаячихсан болохоор сэтгэл зүй их өндөр байсан л даа. Ямар ч байсан би хаях ёстой шүү... гэж бодоод л гарсан.

-Та улсын цолтой, өрсөлдөгч тань аймгийн цолтой. Ийм үед давуу тал бас байна биз?

-Сэтгэл зүйгээр илүү байх шиг байдаг юм. Би өөрөө улсын цолтой болохоор аймгийн цолтонтой барилдахад юм юмаараа давамгайлж барилдаад байх шиг байдаг. Харин өөрөөсөө дээш цолтой бөхтэй барилдах арай л өөр.

-Эрхэмбаяр аваргатай нэлээд шуурхай барилдая гэж бодсон уу?


-Аварга золгох юм бол намайг сугадаад мушгичихна шүү дээ. Тийм болохоор золгохоос өмнө л барилдаанаа дуусгая гэж бодож гарсан. Гараад 2-3 удаа ширүүхэн дайрч үзээд дараа нь яг нөгөө өшиглөөгөө хийсэн. Өшиглөө ч уг нь орох нь орсон. Гэхдээ болохгүй юм болдоггүй л юм билээ. Тэрнээс биш даваа ханах энэ тэр бол байгаагүй ээ. Золгооноос өмнө барилдаанаа дуусгая гээд гарсан, болоогүй юм даа. Гэхдээ улсын наадмын түрүү бөхөд унасандаа харамсахгүй байгаа.

-Та унасан ч давсан ч сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй юм шиг ээ?

-Ер нь тайван талдаа хүн дээ. Давлаа гэж үсэрч цовхорч баярлаад байхгүй, уналаа гээд гуньж гутраад байдаггүй. Дотроо хичнээн их баярлаж байсан ч элдэв үйлдэл гаргах нь сонин санагдаад байдаг юм.

-Наймд Мөнхбат аваргыг ам авахаар ирэхэд зарим хүмүүс Батмөнхийг авах байх гээд л, зарим нь найз нь юм чинь авахгүй ээ л гэлцэж байгаа дуулдсан?

-Тийм ээ, бид сайхан найзууд. Шонхор сургуульд сурч байх үеэсээ найзалж, нөхөрлөсөн. Мөнхбат манай доод ангид байсан. Гэхдээ нэг анги юм шиг л үргэлж хамт явдаг байсан л даа. Наадмаар наймын даваанд авах болов уу, яах бол... гэж ч нэг их бодсонгүй. Харин маргааш нь уяачдын наадам дээр очоод “Хоёулаа давчихаад төрийн наадмын түрүү үзүүрт үлдсэн бол сайхан аа” гэхэд нь сайхан л санагдсан.

-Танд аль даваа хамгийн хүнд байсан бэ?

-Тав, зургаагийн даваа л их хүнд байсан даа. Содномдоржийг хаячихаад “Начин цолоо баталчихлаа” гээд их баярлаж байсан. Ямар ч байсан цолоо баталж, начин шиг начин гэдгээ харууллаа гэж бодсон. Зургаад Санжаадамбыг бүр их баярласан.

-Өрсөлдөгч нар таныг “тахимдана даа” гээд л их анаж байсан байх даа?

-Миний үндсэн мэх тахимдах шүү дээ. Энэ жил гурав дээр Чулуунбатыг тахимдах мэхээрээ хаясан. Тавд Содномдоржийг золгооны барьцнаас тахимдаж, зургаад Санжаадамбыг зайлж хавирах мэхээр давсан шүү дээ. Харин дөрөв, долоогийн даваа хоёр яг адилхан шахаж татах мэхээр давсан. Хүмүүс тахимдах байх гэж ер нь бодож байсан байх л даа. Арай өөрөөр барилдсаан /инээв/.

-Энэ чинь л нөгөө барилдааны тактик биз дээ?

-Дараа нь нэг хүн надад “Долоогийн даваанд Батсуурь чамайг яг тахимдана гэж бодоод хойшоо чараад байсан. Тэгсэн чи эсрэгээрээ шахаж татаад хаясан. Чамайг тэгж хаяна гэж огт бодоогүй шүү” гэж байна лээ. Нээрээ л тухайн үед л надад бодогдсон барилдааны тактик юм даа.

-Таны дээлийн захыг хэн мушгисан бэ?


-Даваабаатар найз маань тавын даваанаас эхлээд л миний дээлийг бариад яг хажууд минь байж зөвлөсөн. Бас дэвжээний маань дасгалжуулагч у.н Гэрэлт-Од ах, Амгаланбаатар заан, А.Сүхбат аварга гээд бүгд л яарч сандралгүй, тайван өөрийнхөөрөө барилдаарай гэж захиж байсан.

-Наадмын орой заан цолоо тэмдэглэж амжсан уу?

-Наадам дуусаад гэрээрээ орж хоол унд идчихээд л бэлтгэл рүүгээ явчихсан шүү дээ. Бааз дээрээ очиж хоночихоод маргааш нь уяачдын наадам дээр очоод орой нь буцаад бэлтгэл рүүгээ явсан. 27-ний өглөө л бэлтгэлээсээ буусан шүү.

-Та сүүлийн үед жин нэмж байна уу?

-Ерөөсөө нэмэхгүй байгаа шүү дээ. 107-108 орчим кг л байгаа. Наадмаар тийм жинтэй л барилдсан. Зарим үед ганц нэг кг хассан уу гэхээс биш жин нэмээгүй. Одоогоор жин багадаад, бярдуулаад байгаа юм алга л байна. Яваандаа 110-115 орчим болгоход гэмгүй л санагддаг.

-Та бэлтгэлээ ямар онцлогтой хийдэг вэ? Зарим хүмүүс тултал нь бэлтгэл хийдэг, зарим нь тааваараа хийдэг гээд өөр өөрийн горим байдаг бололтой?

-Миний хувьд 7 хоногт үндсэндээ 5 өдөр бэлтгэл хийдэг.Үндэсний бөхийн бэлтгэл 2 удаа, штанг 2 удаа, нэг өдөр нь сагс тоглох зэргээр л бэлтгэлээ базаадаг даа. Бас ч үгүй нэлээд хэдэн жил барилдаад ирэхээр өөрийнхөө бэлтгэлийг тааруулж, тохируулаад байдаг болчихдог юм байна. Ерөнхийдөө бэлтгэл их хийх тусам илүү сайн барилддаг юм шиг байгаа юм.

-Барилаадныхаа тухайд?

-Онцлог уу? Хурдаар, тэсэрч барилддаг хүн л дээ. Мэдээж өөртөө тохирсон бяр бол байгаа байх.

-Өнгөрсөн хавар Хакухо аварга ирж Төв аймгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл хийгээд, Батмөнх начин аваргыг давсан гэнэ гээд л дуулдаад байсан?

-Аа, тийм. Хакухо аварга ирээд Их шавийн дээд сургууль дээр нэг барилдаан зохиосон. Тэр барилдааны дараа аварга Даваабаатар, Батчулуун бид 3-тай үндэсний бөхөөр нэг, нэг барилдая гээд. Тэгээд барилдсан. Даваабаатар бид хоёр аваргыг давсаан.

-Аваргатай барилдахад юу мэдрэгдэв, бяртай байна уу?

-Сумо бөх манай үндэсний бөх шиг яг барьж барилддаггүй болоод ч тэр үү, атгалт жаахан сул байх тал анзаарагдсан. Түүнээс биш бие хааны хувьд их л том юм билээ.

-Ямар мэхээр хаяв, та?

-Золгооны барьцнаас давхар ачсан.

-Тэр том хүнийг давхар ачих... Бяр их гарсан уу?

-Гайгүй ээ. Хоёулаа шуудагдалцсан байсан. Жийхээр л тавьчихаж байна лээ. Тэгэхээр нь л аччихсан.

-Аварга уначихаад юу гэж байх юм бэ?

-Өө, бодож санасан юм байхгүй байх шиг байна лээ. Сайхан инээгээд л...

-Насны хувьд ойролцоо юу, аварга та хоёр?

-Бид хоёр чацуу юм билээ. 1985 оных.

-Хоёр өөр орны, хоёр өөр спорт ч гэлээ тийм мундаг аваргыг давна гэдэг сайхан хэрэг шүү?

-Тэгэлгүй яахав. Сумо бол олон орны үзэгчдийн үзэх дуртай дэлхий мэддэг спорт. Тэр спортын том аваргыг давсандаа их бэлгэшээсэн. Аварга хүний эрч хүч, энерги жаахан ч гэсэн надад шингэлээ гэж бодоход сайхан байлгүй яахав.

-Завханд болсон том наадмуудад та очсон харагддаг. Тэгсэн танай аавыг Завханы гаралтай хүн гэв үү?

-Манай аавын аав багш хүн байсан. Илгээлтээр хөдөө сумдад очиж ажилладаг. Тэгээд Завхан аймгийн Яруу суманд томилогдоод очсон байх үед нь миний аав төрсөн юм билээ. Төрөөд удаагүй хот руу шилжиж ирээд энд амьдарч байгаад 1977 онд Баянхангай сум анх байгуулагдахад очоод тэндээ суурьшсан. Би 1985 онд Баянхангайд төрсөн. Ийм л учиртай.

-Нутагтаа цолны наадам хийсэн үү?

-8 сард манай сумынхан намайг хүлээж аваад сайхан наадам хийсээн. Манай сум чинь байгуулагдаад цөөхөн жил болж байгаа ч гэлээ 70-80 жил болсон сумын дайны л сайхан наадам хийсэн дээ. Нутгийн минь олон их ч баярлаж байсан. Энэ дашрамд сумынхаа засаг дарга, удирдлагууддаа, ард иргэдэдээ бүгдэд нь баярлаж талархаж яваа шүү гэдгээ хэлье.

-Танд жип машин өгсөн гэж байсан. Сумаас уу өгөв үү, аймгаас өгсөн юм уу?


-Аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөнтэй хамтраад Ланд-200 маркийн автомашин суманд болсон наадмын маань үеэр аваачиж өгсөн.

-Төв аймгийн хэд дэх заан юм бол оо та?

-Гансүх заан, Баярсайхан заан, Амгаланбаатар заан, тэгээд би. Дөрөв дэх нь л юм даа.

-Нэг их сайхан амрахсан гэж бодогдох юм уу?

-Амрахдаа амраад, барилдахдаа барилдаад явж байгаа. Яг олон хоногоор зориуд амраад, тухлах үе байхгүй л байна. Ялангуяа энэ зун бол 2-3 хоног амарч байтал энд тэнд ойтой, барилдаантай гээд л явчихна. Зун агаар салхинд гараад тааваар амрах сайхан л даа. Гэхдээ зун гэхээсээ илүү өвөл бэлтгэлээ хийчихээд орой нь харьж амраад байвал надад илүү амралт болоод байх шиг санагддаг юм шүү дээ.

-Нас залуу, наадам олон гэж... Дараагийн зорилгоо тавьсан байгаа байлгүй?

-Нас залуу байна аа. Ямар ч байсан улсынхаа наадамд сайхан барилдаж, цолондоо эзэн болж, цолонд багтаж ядан дүүртэл барилдаад, тэгээд цолоо дээш ахиулна гэж бодож байна.

-Сэрээтэр багштайгаа л бэлтгэлээ хийгээд байна уу?


-Тийм ээ. Сэрээтэр багшийнхаа удирдлаганд бэлтгэл хийгээд 4-5 жил болчихлоо. Хойшид ч эндээ л хийнэ.

-Ямартай ч багшийн чих халууцуулаад байхааргүй сайн шавь нарынх нь нэг байх аа?

-Гайгүй ээ. Би чинь их дуулгавартай хүн шүү дээ. Манай багш нарийн ширийн юм их заана л даа. Биднийг зааланд оруулчихаад гараад явчихгүй. Яг сураа бариад л хажууд байж байдаг. Багшаасаа нарийн ширийн юм их сурч байгаа.

-Та мэх сурахдаа хэр авьяастай вэ?


-Боломжийн гэж боддог.

-Тахимдахаас өөр ямар мэх хийдэг вэ?


-Боломж нөхцөл нь таарвал ямар ч мэхийг хийхийг боддог. Харин миний амьдралдаа хийж үзээгүй мэх гэвэл хутгах, хөл авах хоёр л байна даа. Хийж чадахгүй юм. Хийгээд ч хүн унагахгүй байгаа /инээв/. Болохгүй юм болдгүй гэдэг шиг... Бусад мэхийг бол боломж таарвал хийгээд л явчихна.

-Бөхөөс өөр юу сонирхох вэ?

-Сагсанд л дуртай даа. Долоо хоногтоо ямар ч байсан нэг удаа сагс тоглочихно. Сагс чин угаасаа хөдөлгөөний эвсэл, хурд, хүч гээд олон талын ашигтай гэдэг шүү дээ.

-Гэр бүлийнхээ тухай?

-Миний ханийг Ундармаа гэдэг. Төв аймгийн Баян сумын харьяат бүсгүй бий. Бид хүү, охин хоёртой. Одоо гурав дахь хүүхэд маань төрөх гэж байгаа. Хүмүүс шинэ хүүхэд цол дагуулж ирдэг, энэ тэр гээд л ярьдаг юм билээ. Нээрээ л шинэ хүнтэй болох гэж байхдаа сайхан заан цол авлаа.

-Хүү тань нас бага хэрнээ бөх их шимтэнгүй үзэж харагдах юм аа?

-Бөхийн хоббитой. Ноднин бөхийн өргөөнд болдог хүүхдийн барилдаанд нэг барилдсан. Дахиж хэзээ барилдах вэ ааваа? гээд л асуугаад байгаа. Ирэх жил сургуульд орно. Одоо цэцэрлэгийн албатай. Аав нь барилддаг болоод ч тэрүү бусад хүүхдээс хамаагүй илүү бөхөд сонирхолтой. Мундаг шүү дээ, бөхчүүдийн нэр, цолыг андахгүй.

-Гэр бүлдээ цаг зав хэр гаргадаг вэ? Ер нь хэр сайн аав бол...?

-Өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө. Өдөр бэлтгэлдээ явна. Тэгээд бусад үед нь гэртээ л голдуу байхыг боддог.Одоо эхнэр төрөх дөхөж байгаа болохоор гэр орныхоо ажлыг түлхүү хийж байгаа. Бэлтгэл сургуулийнхаа хажуугаар амьдрал ахуйгаа авч явах гэж том үүрэг хариуцлага байна. Энэ бүхэнд тусалж дэмждэг байгууллага, хамт олон гээд олон хүн тус нэмэр болох юм даа.

-Нээрээ ИНЕГ-ын бөх байхаа больсон байсан уу?

-5 сарын 1-нээс больсон. Наадмын өмнөхөн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх болсон. Байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж сайхан барилдая л гэж бодох юм. Манай Аврагч хороонд Сайнбаяр заан, Батболд харцага, Алтанхуяг арслан, Болдбаатар арслан, Хангай гээд шинэ арслан залуу байна. Үргэлж хүнд тус дэм болох буянтай сайхан алба шүү дээ, онцгой чинь. Ийм буянтай байгууллагад орсондоо баяртай байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Олон жил наадамчин олноо баясгаж сайхан барилдаарай. Дахин шинэ цол авч уншигчидтай минь уулзана гэдэгт итгэлтэй байгаа шүү?

-За баярлалаа. Хойшид барилдаан алгасахгүй, намайг дэмждэг хүмүүсээ баярлуулж сайхан барилдахыг хичээнэ ээ. Бас үргэлж тусалж дэмждэг нутгийн сайхан ах нар, Дуламдорж даргатай ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны хамт олондоо, Төв аймагчууд болон Баянхангай сумынхандаа их баярлаж явдаг аа Бөх сониноороо дамжуулан хэлье.

Бэлтгэл эхлэх цаг нь хэдийн болж, багш руугаа сэм сэмхэн харахыг нь анзаарч бэлтгэлдээ яарч буйг нь ойлгосон тул ярилцлагаа ийн өндөрлөв. Даруухан, хөдөлмөрч, тууштай гээд спортын амжилтад хүргэх чухал олон чанар энэ бөхөд бий. Тиймээс түүнд дахиад давах даваа, хүрэх цол өөр бий гэдэгт итгэл төгс байна.

Ярилцсан: С.Бадамгарав
WWW.UNDESNIIBUKH.MN
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Nov 12, 2013 4:44 pm

Улсын харцага Г.Алтангэрэл: БИДНИЙ ГАРГАСАН АЛДААГ БӨХЧҮҮД МААНЬ БИТГИЙ ДАВТААСАЙ


“Таван цагаригийн бөхийн өргөө” булангийнхаа энэ удаагийн зочноор улсын харцага Г.Алтангэрэлийг урин уулзаж ярилцлаа. Энэ залуу 2007 онд аймгийн арслан цол хүртсэнээсээ хойш улсын цол авах гэж зүтгэсээр 2011 онд санасандаа хүрсэн юм. Гэвч тэр жил сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн тоонд нэр нь орж, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.

Улмаар өнгөрсөн наадмаар түүний эрхийг сэргээснээс хойш заал, танхимын барилдаануудад зодоглож эхлээд буй. Харцага маань энэ ярилцлагадаа бөхийн замд хэрхэн орсон, сум, аймаг, улсын цол авах хүртлээ ямар бартааг туулсан хийгээд сенсаац дэгдээсэн сэргээшийн асуудлын талаар дэлгэрэнгүй өгүүллээ.


-Таны гэр бүл, бага насны амьдрал, бөхийн замд орсон түүхийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би дээрээ ганц ахтай, эхээс хоёулаа. Манай аав, ээж хоёр Ховд аймгийн барилга трестэд ажилладаг байсан болохоор ажлынхаа шугамаар хөдөө сумдаар их явна. Тиймээс ээж, аавыгаа дагаад олон газраар явсан. Манайх Ховдод 1990 оноос хойш суурьшаад аймгийн төвд хэдэн жил амьдарч байгаад хөдөө мал дээр гарсан юм. Би айлд байхгүй гээд сургуулиасаа гараад хөдөө гэртээ очсон. Хөдөө нэг жил болчихоод гуравдугаар ангиасаа Эрдэнэбүрэн сумын сургуульд суралцах болсон. Манай аймагт Д.Мягмар зааны нэрэмжит барилдаан жил бүр болдог юм. 1998 онд 15-16 насанд анх орсон чинь түрүүлчихлээ. Урьд нь хөдөөний хүүхдүүдийн нэг адил үеийнхэнтэйгээ барилдаж явсан ч бөх болъё гэж бодож байгаагүй. Харин тэр барилдаанд түрүүлснээс хойш барилдах сонирхолтой болсон доо.

-Тухан үед өөртэй чинь барилдсан хүүхдүүд бөхөөр тууштай хичээллээд эхэлчихсэн байсан уу?

-Хөдөө сумын хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийнэ гэж байхгүй шүү дээ. Зааландаа орж сагс, волейбол тоглоно. Хашаандаа хоорондоо ноцолдоно. Харин тэмцээн болохоос 10 хоногийн өмнө биеийн тамирын багш биднийг зааланд оруулж, гүйлгэж харайлган хөнгөн бэлтгэл хийлгэдэг байлаа. Би 2001 онд арван жилээ төгсөж “Шонхор” дээд сургуульд ороод бөхийн бэлтгэл яаж хийдэг, бөх хүн гэж ямар байдгийг мэдэрсэн дээ.

-Удам сударт чинь бөх хүн бий юу? Бөх болохоор шийдэхэд гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авав?

-Би долоо, наймдугаар ангиасаа бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Аймагтаа бол орсон тэмцээндээ медалиас мултардаггүй байлаа. Улсын чанартай тэмцээнд орж байсан ч медаль авч үзээгүй. Ээж, аав намайг бөхөөр хичээллэхэд дургүйцээгүй. “Миний хүү өлсөхгүй байж, бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж захидаг байсан. Бөхийн удам гэвэл улсын харцага Т.Амартүвшин, Ц.Лхагвасүрэн начин хоёр манай ээжийн талын хамаатан. Харин аавын талд сумын цолтой барилддаг хүмүүс зөндөө байсан.

-Бөх болох гэж хөдөөнөөс ирсэн хүмүүс хамгийн эхлээд сумын цол хүртсэн байдаг. Ер нь сумандаа барилддаг байсан уу?

-Хүүхэд байхдаа сумын наадмын аманд гараад унадаг л байлаа. Харин оюутан болж хотод ирээд нэгдүгээр курсээ төгсчихөөд сумандаа түрүүлэн сумын заан болсон.

-Бөхийн сургуульд нэг жил бэлтгэл хийсэн хүн нутагтаа очоод барилдахад үеийнхнээсээ огт өөр болчихсон байсан уу?

-Миний хувьд бие хаа жижигтэй болохоор хүнийг барилдаанаараа л хаяхыг бодно. Би “Шонхор”-т оюутан болж ирэхдээ 60 кг л байсан. Сумын заан болохдоо 74-тэй байсан байх. 2005 онд аймагтаа очиж барилдаад начин болсон. Н.Батзаяа бид хоёр зургаа дээр тунаж, Батзаяа даваад аймгийн заан болсон юм. Харин 2007 онд аймагтаа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Тэр үеэс хойш улсын наадамд барилдаж байна.

-Аймгийн арслан цол авдаг жилээ “ногт ганзагалж” очсон уу? Энэ цол санаанд чинь багтаж байв уу?


-Наадмын үеэр манай нутгийн аймгийн арслангууд “Энэ жил чи түрүүлэх ёстой шүү” гэж байсан л даа. Бэлтгэл ч гайгүй байсан. Тэгээд үзүүр, түрүүнд Увсын аймгийн заан Бадарчийг давж, аймгийн арслан болсон. Би жижигхэн биетэй болохоор хамаатан садан, таньдаг хүмүүс “Жижигхэн биетэй байж үндэсний бөхөөр барилдлаа. Жүдо юм уу чөлөөтөөр барилдахгүй” гэж их хэлдэг байсан. Тэр үгэнд нь шаралхаж явдаг байлаа. Харин аймгийн арслан болсноос хойш хүмүүс тиймэрхүү юм ярихаа больсон.

-Аймгийн арслан болохдоо жин хэдтэй байв?

-87-88 кг байсан. Одоо бол 100 гарантай л байна. Ер нь миний жин айхтар нэмэгддэггүй юм. Тэгээд ч нэмэгдвэл хөдөлж чадахгүй байлгүй.

-Улсын наадамд анх зодоглосон дурсамжаа хувцаалцаач?

-Наадамд анх барилдсан жилээ улсын харцага Д.Батболдтой хоёрын даваанд таарч унасан. Улсын наадамд анх зодоглоход их л гоё санагдаж байсан. Аварга, арслангууд бүгдээрээ дэвж шаваад гарч ирэхэд сүртэй шүү дээ.

-Тэр үеэс хойш начин цолд хэр ойртож байв?


-Гурвын даваанд Т.Мөнгөнцоож харцагад амлуулж нэг унасан. Дараа нь дөрвийн оноолтод Б.Ганбат арслантай таарч өвдөг шороодсон. Ганбат арслан тэр жил түрүүлсэн юм. Тэгээд 2011 онд улсын харцага болсон доо.

-2011 оны наадмын талаар дэлгэрэнг үй ярилцъя. 1024 бөх барилдсан болохоор залууст том боломж гарч ирсэн. Тэр жил улсын цол бодож зодоглосон байх?


-Тэр жил бэлтгэлээ Ховдынхоо бөхчүүдтэй хийсэн. Бэлтгэл гайгүй таарсан. Манай нутгийн ах нар бидэнд “Ямар ч байсан дөрөв давцгаа. Дөрөв даваад гараад ирвэл хоёр ах нь зогсож байгаа” гэж хэлж байсан. Би гурав дээр Өвөрхангайн арслан Ц.Жамсранг даваад дөрөв дээр Архангайн улсын харцага Г.Батбаярыг хаясан. Тэгээд тавын даваанд Ц.Мягмарсүрэн ах намайг авсан. Нутгийн ахаараа улсын начин болсондоо их баяртай байдаг. Дөрөв давчихаад зогсож байхдаа тав дээр дээгүүр амлачих вий гэж их айсан. Харин аварга, арслан, гарьдууд амлалгүй өнгөрч, Мягаа ах дээр ирж билээ. Хүн ер нь бэлтгэлээ сайн хийж, бусадтай зөв боловсон харьцаад явахад болдог юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон доо.

-Зургаа, долоогийн даваанд юу боллоо?

-Тэр жил нутгийн ахын морь айрагдсан юм. Ах дээрээ очиж морь цоллохыг хараад зогсож байтал зургаагийн даваа эхэлчихлээ. Тэгээд гүйж гараад Д.Рагчаа гарьд дээр очсон. Тухайн үед яагаад ч юм Рагчаа гарьд намайг амласан гээд бодчихсон юм. Гэтэл өөдөөс “Ах нь чамайг аваагүй” гэж байна. Тэгсэн чинь цаанаас Д.Цогзол гуай намайг дуудлаа. Яваад очтол Д.Ганхуяг арслан амласан байна. Миний хувьд хүсч байсан улсын цолоо авчихсан болохоор сандарч тэвдсэн зүйлгүй их тайван байсан. Тэгээд барилдсаар элэг бүс, дан, давхар золгоондоо хүрээд хаялцсангүй. Барьц сонгох болсон чинь арслан “Тэгш” гэсэн. Шоо ч тэгш буусан. Би тэр жил барьц сонгооны бэлтгэл их хийсэн, барьц сонгуулаад хүнтэй барилдахад эвтэйхэн ч юм шиг санагддаг болчихсон байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би арслангийн дээр нь туссан байсан. Барьцыг нь яаж тавиулж, яаж хаяснаа ч мэдээгүй. Хүчтэй арсланг өвдөг шороодуулж, харцага цолны болзол хангахаар их сайхан санагдаж байлаа. Өмнө нь зурагтаар харж байхад давсан бөхчүүд гараа өргөөд гүйдэг. Яг амьдрал дээр өөрийн мэдэлгүй тэгж гүйдэг юм билээ. Зургаа давсандаа өөртөө ч итгээгүй. Харин долоо дээр Өсөхөө аваргатай барилдаад унасан. Төрийн наадмын долоогийн даваанд Монгол Улсын аварга хүнтэй барилдсандаа өөрийгөө их азтай гэж боддог.

-Сайхан зүйл ярилцаж байгаад эвгүй сэдэв рүү орох гээд байна. Гэхдээ энэ асуудлыг ярихгүй бол болохгүй. Улсын наадмын дараа хоёр бөхөөс сэргээш илэрсний нэг нь та байсан. Тухайн үед яагаад ийм асуудалд орчихсон юм бэ? Би хувьдаа бөхчүүд мэдээлэл муутайгаас болоод санамсаргүйгээр сэргээшийн асуудалд орооцолдсон байх гэж боддог.

-Хавар миний бэлтгэл унаад, нүүр ам хавдаад хэцүү байсан. Тэгээд бие сэргээдэг юм хүн амьтнаас асууж сураглатал нэг эм санал болгосон юм. Тэгэхээр нь нөгөөдхөөс нь хоёр ширхэгийг уучихсан. Дараа нь багш дээрээ ирээд ийм эм уучихлаа гэсэн чинь “Наадах чинь ёстой болохгүй шүү” гэлээ. Тэгэхээр нь дахиж уугаагүй. Харин наадмын дараа цолоо аваад хөдөө нутагтаа явж байтал бөөн асуудал үүсчихсэн байсан. Тухайн үед хэцүү байсан л даа. Ядаргаанаас гарахыг хүссэн болохоос хүчээ нэмэгдүүлэх бодол байгаагүй. Тэгээд ч ганц хоёрыг уугаад айхтар нөлөөлж, бяр ордог юм биш л байна лээ. Харин сүүлд нь хүмүүсээс асууж судлаад ямар эм хэрэглэж болохгүй вэ гэдгийг сайн мэддэг болсон.

-Гэхдээ өөрийн чинь хариуцлагагүйнх байж дээ?

-Харин тийм ээ. Эм уухаасаа өмнө багшаасаа асуусан бол ийм асуудалд орохгүй байсан.

-Танай нутгийн Ч.Цогбаяр бас тэр жил сэргээшийн шалгалтад бүдэрсэн. Цогбаярын хувьд юу болсон юм бол?

-Цогоо наадмын бэлтгэл дээр Ч.Батчулуунтай барилдаж байгаад хөлөө бэртээсэн юм. Наадам дөхсөн болохоор хурдан эдгээх гээд өвчин намдаадаг нэг эм уучихсан юм билээ.

-Эндээс ургаад асуухад бөхчүүд бэртэж гэмтсэн үедээ юу хэрэглэж болох, юу болохгүй вэ гэдэг тал дээр хэр мэдээлэлтэй байдаг бол?

-Тухайн үед мэдээлэл хомс байсан л даа. Амьдралын боломжоос шалтгаалаад үнэтэй эмчилгээ хийлгэж чадахгүй бөх олон. Тэгээд бэртлээ хурдан эдгээхийн тулд дам сургаар янз бүрийн эм олоод уучихдаг.

-Энэ асуудал дараа дараагийн бөхчүүдэд сургамж болоосой гэсэн үүднээс би энэ сэдвийг дахин дахин хөндөж яриад байгаа юм шүү. Үүнийг зөвөөр ойлгоно биз дээ.


-Тэгэлгүй яахав. Энэ дашрамд бөхчүүддээ хандаад юманд ул суурьтай байгаарай гэж хэлье. Одоо ямар ч төрлийн мэдээлэл авахад асуудалгүй болсон. Хэрвээ бэртэл гэмтэл авсан бол эмч, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, бидний гаргасан алдааг битгий давтаарай гэж хүсье.

-Тухайн үед сэтгэл санаа ямархуу байсан бол?

-Тэр үед тогоо хөмөрсөн юм шиг л байсан. Ер нь ийм үед хүний мөс чанар танигддаг юм билээ. Зургаа даваад харцага болсны дараах хүмүүсийн хандлага, харин асуудал гарч ирсний дараах хандлага шал өөр байсан.

-Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ? Тэр үед хүмүүс яаж хүлээж авах бол гэж санаа зовж байсан уу?

-Мэдээж хэцүү байсан. Би дуртай юмнаасаа салж чадахгүй. Наадмын өмнө бөхийн салбар комисс хуралдаад наадамд барилдуулах шийдвэр гаргасан. Тухайн үед бэлтгэлдээ ороод барилдахад сайхан санагдаж байсан. Гэхдээ хажуугаар нь хүмүүс юу гэж бодож байгаа бол гэж санаа зовно.

-Барилдах эрхээ хасуулсан ч гэсэн бэлтгэлээ таслалгүй хийж байсан уу?

-Ноднин намраас хойш бага зэрэг бэлтгэл хийж эхэлсэн. Гэхдээ барилдахгүй бэлтгэл хийнэ гэдэг огт өөр юм билээ. Энийг одоо биеэрээ мэдэрч байна.

-Сүүлийн үед заал танхимын барилдаанд тогтмол зодоглож байгаа харагдсан. Бэлтгэл сургуулилт хэр жигдэрч байна?

-Нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа. Нутгийн ах нар, найз нөхөд, гэр бүлийнхэн “Одоо элдэв юм бодож сэтгэлээ зовоох хэрэггүй. Бэлтгэлээ сайн хийгээд урьдынх шигээ барилдаарай” гэж хэлдэг. Тэр зөвлөгөөний дагуу явж, хүнд хэцүү асуудлаа мартаж байна. Өөрөө дуртай юм чинь барилдаад л явна даа. Өмнө нь хийдэг байсан багш дээрээ хүрээд ирсэн. Бэлтгэлээ сайн хийж байгаа.

-Цаашид цолоо баталж, ахиулах бололцоо хэр байгаа гэж бодож байна?

-Манай залуучууд бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Тэр хэрээр өрсөлдөөн чангарч байна. Миний хувьд цолоо баталж, ахиулах бололцоотой гэж бодож байна. Аймгийн арслан биш, улсын харцагын эрэмбэн дээр гарч барилдах юм чинь өөр л дөө.

-Гэр бүлийнхнийхээ талаар манай уншигчдад танилцуулна уу? Бөхөө хөөгөөд, хажуугаар нь ар гэрээ авч явахад ямархуу байх юм?

-Бөхчүүдийн амьдрал янз бүр л дээ. Миний хувьд эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна. Бага хүүхэд маань ой гарантай. Эхнэр маань хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Би өөрийгөө бөхөөр явсандаа алдсан гэж боддоггүй. Зарим залуус сайхан бэлтгэл хийж байгаад дундаас нь хаяад явчихдаг. Харин би дараа нь харамсахааргүй үлдэх юмсан гэж боддог. Бөх барилдана гэдэг хэдэн жилийн л юм шүү дээ. Энэ хэсэгхэн хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж, дараа нь харамсах зүйлгүй амьдрах шиг сайхан зүйл байхгүй.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

-Энэ дашрамд танай сониноор дамжуулаад Гансүх захирагчтай дотоодын цэргийн 805-р ангийн хамт олон, нутгийн бөхчүүд, намайг дэмждэг бүх хүмүүст талархаж явдгаа илэрхийлье.



Г.БАЯРСАЙХАН http://mongolnews.mn/w/47403
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Bakhdal » Sat Jan 18, 2014 3:37 pm

Олон жил уйгагүй , тууштай явсныг Монгол бөхийн дэвжээ ивээдэг юм байна ШИНЭ АВАРГАТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд шинэ оны мэнд хүргье! Та шинэ оноо хаана, хэрхэн угтав тэр талаар яриагаа эхлэх үү?

-Бөх сониныхоо нийт уншигчдад гарч буй 2014 оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Би 31-ний өдөр нутагтаа, ээж дээрээ очиж, нутгийнхаа шинэ жилийн баярт оролцоод оройноо буцаж гаран гэртээ ирж найз нөхөдтэйгээ шинэ оноо гаргалаа даа.

-Та багадаа шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв, энэ баяраас сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамжуудаасаа хуваалцвал?

-Ер нь шинэ жилийн баяр бол бага балчир, хүүхэд байх үеийн хамгийн сайхан баяруудын нэг л дээ. Намайг бага байхад аав маань их баярлуулдаг байж. Аавын минь баярлуулж байсан тэр үйл явдлууд сэтгэлд тодоос тод хадгалагдаж байдаг. Жил жилийн шинэ жилээр ааваасаа тийм сайхан баяр баясгаланг авдаг байсан юм чинь үр хүүхдээ бас тэгж баярлуулахыг хичээдэг.

-Хүмүүс шинэ оны анхны нар харна гээд сүйд болдог болчихож. Та явж нар харав уу?

-Үгүй ээ. Тэгж явсангүй. Харин өглөө эртхэн жаахан кроссонд яваад л. Би ер нь шинэ жилийн баяр гэхээс илүү шинийн нэгэн, цагаан cap л гэдэг хүн шүү дээ /инээв/.

-Шинэ жилээр хүмүүс баярлахаас гадна хуучин оныхоо амжилт бүтээлийг дүгнэж цэгнэдэг. Таны хувьд 2013 он ерөнхийдөө ямархуу жил болсон гэж бодож байна вэ?

-Миний хувьд ойрын хэдэн жил тэр дундаа 2011 онд олон жил мөрөөдөж байсан мөрөөдөлдөө хүрч цолоо ахиулсан. 2013 он надад болон миний гэр бүлд үнэхээр сайхан өгөөжөө өгсөн жил байлаа. Аварга цол хүртсэн. Мөн Мандал суманд маань түүхэнд бичигдэхээр бахархууштай үйл явдал олноор тохиолоо. Хэдхэн хоногийн өмнө Мандал умаас минь улсын хэмжээнд анхны дөрвөн ихэр хүүхэд төрсөн байна. Энэ сайхан нутагт төрж өссөн хүнийхээ хувьд их л баярлаж, талархаж сууна даа.

-Монгол бөхөөр барилддаг, хичээллэдэг хүн бүрийн хүсэл мөрөөдлийн оргил болсон аварга хэмээх эрхэм дээд цол хүртлээ. Тэр агшинг, тэр сэтгэгдлийг энд асуухгүй байхын аргагүй?

-Тиймээ. Үнэхээр сайхан баярлахаар үйл явдал болсон. Бөх хүн болгон барилдсан барилдаан болгондоо түрүүлэе гэж бодож барилддаг. Бодож, мөрөөдөж явсан зүйл минь биелсэнд үнэхээр баярлаад баршгүй. Энэ олон жил бөхийн спортоор уйгагүй тууштай явсны үр дүнд монгол бөхийн ногоон дэвжээ үнэхээр харж үздэг юм байна. Үндэсний бөх маань хайрлахгүй, бахархахгүй байхын аргагүй ямар ч агуу спорт юм дээ гэж л баярлаж, талархаж явна даа.

-Таныг арслан болсноос хойш хүмүүс илүү их шахаж шамдуулсан уу? Одоо аварга болох ёстой шүү гэж....?

-Ер нь арслан болсны дараа Сэлэнгэ аймгийн маань удирдларууд, намайг дэмжиж тусалдаг компаний захирал, удирдлагууд, ойр дотны хүмүүс маань бүгд хэлж байсан л даа. Тэгэхэд надад "Нээрээ би яагаад улсын наадамд түрүүлчихье гэж бодож болдоггүй юм" гэж бодож хичээсний үндсэн дээр бүх юмаа зориулж хөдөлмөрлөсөн. Болдог юм байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний амжилт биш намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, бэлтгэл сургууль хийлгэж байсан багш дасгалжуулагч нар, үргэлж дэмждэг нутгийн минь сайхан ах нар их нөлөөлсөн л дөө.

-Наадамд барилдана гэдэг зөвхөн наадмын бэлтгэл сайн хийснээр болдоггүй гэдэг. Сүүлийн хоёр жилийн барилдаан хамгийн том суурь бэлтгэл болсон болов уу?

-Тэгэлгүй яахав. Бөхийн өргөөний барилдаан гэдэг бол маш том бэлтгэл. Тогтмол барилдсанаар дэвжээндээ дасахаас гадна тэр олон бөхчүүдтэй барилдаад үзчихнэ. Тэр нь наадмаар хэрэг болдог юм болов уу гэж хувьдаа боддог юм. Тийм болохоор барилдаанууддаа тогтмол барилдахыг хичээсэн, боломжоороо ч сайн барилдсан.

-Та могой жилийн cap шинийн баярт түрүүлсэн. Цагаан сараар сайн барилдсан бөх улсын наадмаар сайн барилддаг гэдэг байх аа?

-Тэр бол дээр үеэс гаралтай сайхан үг. Анзаараад байхад цагаан сараар сайн барилдсан бөх зөвхөн наадмаар ч биш тэр жилдээ сайн барилдаад байх шиг байдаг юм. Цагаан cap гэдэг маань бөхчүүдийн бэлтгэл ид жигдэрчихсэн үе байдаг. Тэгэхээр хэний бэлтгэл сайн байна, тэр хүн л сайн барилдана шүү дээ.

-Та арслан болсноосоо хойш тогтмол их шөвгөөс дээш амжилттай барилдсан. Энэ нь начин байх үетэйгээ харьцуулвал сэтгэл зүй өндөр байв уу, эсвэл бэлтгэлээ өөрчилж илүү их хүч хөдөлмөр гаргасных уу?

-Цол авна, нэмнэ гэдэг бол өөрөө их том хариуцлага л даа. Авсан цолоо хамгаалж барилдахын тулд бэлтгэлийг арай өөрөөр хийх, илүү хийх шаардлага яалт ч үгүй гардаг юм билээ. Нөгөө талаар үзэгчдийн маань итгэл, хүлээлт байна. Тэр болгоныг биелүүлэхийн тулд бэлтгэл сургууль арай түлхүү чармайлттай явна л даа.

-2013 оны наадам, наадмын даваануудынхаа тухай сайхан хуучлах уу, хоёулаа...?

-Энэ бол үнэхээр сайхан наадам болсон. Бэлтгэл сургуулилтаа ч чамбайруулж сайн хийсэн. Багш дасгалжуулагч нарынхаа зөвлөгөөг ч их сонссон.

-Бөхчүүд бэлтгэл хэр таарснаа, ямархуу барилдахаа мэдэрдэг гэх юм билээ. Танд наадмын өглөө түрүүлнэ гэсэн итгэл хэр их байв?

-Яахав дээ. Надад заавал ч үгүй тэгчихмээр байна, ингэчихмээр байна гэсэн бодол бол байгаагүй. Үнэнийг хэлэхэд хоёр жилийн өмнө өөрийнхөө бодож мөрөөдөж явсан цолоо давуулаад бүр том сайхан цол авчихсан болохоор төрийн наадамд түрүүлнэ гэж илүү ихийг хүсэхээсээ илүү зүгээр сайхан барилдчихъя гэсэн бодол л байсан. Нэг үгээр заавал ч үгүй би түрүүлнэ, аварга болно гэж өөрийгөө сэтгэл зүйн хувьд "дарамтлаагүй" гэсэн үг.

-Хоёр дахь удаагаа төрийн наадмын түрүү булаалдах гээд гарахад арай илүү туршлага суусан ч гэх юм уу, эсвэл сэтгэл зүйн хувьд арай өөр байх зэрэг зүйл анзаарагдсан уу?

-Тэр чинь эхнийхээсээ бүүр хэцүү юм билээ.

-Тийм үү?

-Өмнө алдчихсан болохоор одоо дахиад алдвал бүр баларна гэж бодоод яалт ч үгүй эвгүйтээд эхэлдэг юм билээ. Анх түрүү булаалдахад бол тийм зүйл байхгүй шүү дээ. Авдаг цолоо авчихсан байсан. Нэг ёсондоо сэтгэл ханачихсан. Харин энэ жил бол үнэхээр хэцүү санагдсан. Аварга цолны даваанд тулчихсан. Сэтгэл зүйн хувьд их донсолгоотой, ирэх жил дахиад...гэж бодох эрхгүй...

-Та 35 насандаа улсын наадамд түрүүлж аварга цол хүртлээ. Энэ нь нэг талаар монгол бөхөд насны хязгаар байхгүй юм аа, хүн уйгагүй хөдөлмөрлөж чадвал, байгалиасаа заяасан авьяасыг хөгжүүлж чадвал ямар ч амжилтанд хүрч болдог юм гэдгийг харуулсан сайхан жишээ боллоо шүү дээ?

-Энэ спортдоо тууштай, үнэнч явсны л ач гавьяа. Намайг энэ спортоос холдуулаагүй, өөр тийшээ явуулаагүй, тууштай байлгасан Г.Буяндорж захиралтай "Ноёд" группын хамт олон, "Сүлд" спорт хороо, Түмэндэлгэр захиралтай "Мондэй" компанийн хамт олон, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, нутгийн ах нарын минь хүч хөдөлмөр шингэсэн юм шүү. Түүнээс гадна миний арыг найдвартай дааж яваа хань, охидын минь буян заяа их бий.

“Монгол улсын аварга төрлөө” гэх мөчид өөрийн эрхгүй сөхөрч унаад мөргөсөн...


-Хоёулаа улсын наадмын барилдаануудаа дурсъя. Том цолтнуудын хувьд дөрвийн даваанаас эхлээд өрсөлдөөн ширүүсдэг гэж бодогддог юм?

-Бөх нэг үеийг бодвол их хөгжсөн байна. Тэр дундаа дөрвийн давааны оноолт бол барилдааныг улам сонирхолтой, үзүүштэй болгосон гэж би хувьдаа боддог. Яагаад гэхээр бөхийн өргөөний барилдаанд үнэхээр сайн барилддаг аймгийн цолтнууд, сайхан сайхан залуучууд энэ даваанд аварга, арслан, гарьдуудтай оноолт таарах жишээтэй. Тийм ээ? Би дөрөв дээр Баянхонгорын Б.Эрдэнэхүү арслантай таарч сайхан барилдаад л давсан.

-Тав дээр Б.Соронзонболд зааныг амласан...?

-Тийм ээ. Ямар ч бөх өөрөө барилдаж болмоор, барилдаан таардаг бөхөө л авдаг. Бас үндэсний бөхийн амлаж, амлуулна гэдгийг бид зохиочихсон эд биш шүү дээ. Бас бидэнд тэрийг өөрчлөх эрх байхгүй. Нэг үгээр цолны эрх, ямба гэх юм уу даа. Тэр эрхийнхээ дагуу л зааныг амласан.

-Заан уначихаад танд гар хүрч их эвгүй явдал гаргасан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-За яахав дээ, тухайн үед залуу насны ааг омгоор алдаа гаргаа биз дээ. Спортын хүнд чинь хор шар, янз бүрийн юм байлгүй яахав. Тэрийгээ олон түмний нүдэн дээр тэгээд илэрхийлчихсэн нь зааны буруу л даа. Бид энэ спортоо хойч үеийнхэндээ цэвэр ариунаар нь үлдээж, улам дэвжиж дээшлэхийг нь харж явбал сайхан болов уу гэж хувьдаа боддог юм.

-Ер нь ам авах төвөгтэй юу, гайгүй юу? Та өндөр цолтой болохоор харьцангуй олон бөхөөс ам авах эрхтэй?

-Олон хүнээс ам авах харин ч хэцүү байдаг юм байна. Бага цолтой байхад бол гурав, дөрөвхөн хүнээс ам авах юм уу, эсвэл тунадаг. Одоо бол олон хүнээс ам авахад дараагийн даваагаа бодолцох ч юм уу, ер нь л нэлээд бодуулж байна шүү. Багш дасгалжуулагч нартайгаа ний нуугүй ярилцаж, зөвлөнө.

-Зургаад та хэнийг амладаг билээ?

-Сайнбаяр зааныг.

-Барилдааныг нь сайн мэднэ дээ. Нэг үеийнхэн байх аа, та нар?

-Тэгэлгүй яахав. Бид нар чинь олон жил хоорондоо барилдаж яваа улс. Сайнбаяр заан цолтой байхдаа намайг хэд хэд амлаад барилдаж байсан. Хэн хэн нь амлалаа, амлууллаа гэж янз бүрийн юм бодолгүй сайхан нөхөрлөөд, өрсөлдөөд явж байдаг нь сайхан.

-Дараагийн даваанууд улам л хариуцлагтай, хүнд болж байсан уу?

-Аа, ер нь даваа болгон л хариуцлагтай шүү дээ. Наадам гэдэг зөвхөн тэр жилийн ажил биш олон жилийн хөлс, хүч хөдөлмөр байдаг. Наадмын талбай дээр өөрийн хариуцлагүйгээс юм уу хөндлөнгийн саадаас болж уналаа гэхэд тэр хүний олон жилийн хөдөлмөр талаар болчихож байгаа юм. Дахиад тэр хэмжээнд биеэ бэлдэж, наадамд оролцож чадаа ч билүү, үгүй ч билүү. Тийм ээ? Тиймээс аль аль талдаа их л хариуцлагатай, анхааралтай баймаар санагддаг. Ялангуяа хөндлөнгийн саадаас болоод хохирч байгаа бөхийг харахад үнэхээр харамсалтай санагддаг. Жишээ нь сая ерөнхийлөгчийн цомын барилдаан дээр телевизийн камертай нэг нөхөр дэвжээнээс гарахгүй байж байгаад Ганхүү начин камерийнх нь хөлөнд гараа хэгз татаад хаячихлаа шүү дээ. Бөхийн өргөөний барилдаан ч гэсэн хүний амьдрал шүү дээ. Тэр барилдаанд зориулж өчнөөн бэлтгэл хийгээд зорьж ирэн барилдаж давчихаад хөндлөнгийн саадаас болж барилдаанаа орхиод гарна гэдэг харамсалтай байхгүй юу. Тэр хүн тэр өдөр яаж ч барилдах байсан юм билээ, тэр бол таашгүй шүү дээ. Тэр мэтийг хараад харамсаж л суулаа.

-Бас зарим бөхчүүд маань өөрсдөө захалж барилдах сонирхолтой, эсвэл захруу хөөж барьц авчихаад маргаан дэгдээх зэрэг явдал гардаг...?

-Тэр болгонд бөхчүүдийг буруутгаж болохгүй л дээ. Олон бөх зэрэг барилдаж байгаа тохиолдолд бүгд захлахгүй барилдана гэвэл дундаа шавааралдаад багтахгүй шүү дээ. Үнэндээ өмнө нь бэртэж гэмтэж байсан бөхчүүд аль болох олны дунд орж барилдахыг хүсдэггүй юм шүү дээ. Бөх гэдэг маань нэг ёсондоо тулааны спорт гэж болно. Бие биенээ хайрлалгүй яахав, гэхдээ барилдаан дээр өрсөлдөгчөө өрөвдөөд байж болохгүй байх аа... Өрөвдөж байна гээд өөрөө уначих юм бол хэцүү. Гаднаас харах, дотор нь барилдах хоёр өөр. Хичнээн чанга хаяна гэж бодоогүй хэрнээ мэхний даац, хүчний тэсрэлтээс болоод чангахан унагачих үе ч гардаг. Гэхдээ бөхөөр хичээллэж байгаа ямар ч хүн зөв унах техник мэддэг л байх ёстой.

-Хоёулаа буцаад наадмынхаа тухай ярианд ороё. Долоо, найм, есийн даваа ямархуу барилдаануд болов?

-Ерөнхийдөө бүгдтэй нь л бөхийн өргөөнд таарч барилдаад үзчихсэн. Тэрэнтэй тэгж барилд, энэнтэй ингэж барилд гээд багш нарынхаа зааж зөвлөсний дагуу л барилдсан даа.

-Түрүү булаалдах барилдааныхаа тухайд... Нэлээд удах шиг санагдсан...?

-Үнэхээр хариуцлагатай барилдаан байсан, надад ч, Гончигдамбад ч тэр. Би давбал аварга цол, Гончиг давбал арслан цол авна гээд л... Хоёулаа том цол шүү дээ. Тэр том цолны төлөө явж байгаа улсууд чинь нэг ч буруу алхам, нэг ч буруу хөдөлгөөн хийхгүйн тулд зүтгэж байгаа юм л даа.

-Наадмаар 40 орчим мянган бөх улс орон даяар нэгэн зэрэг барилддаг гэдэг шүү дээ. Тэр дотроос ганцхан хүнд төрийн наадамд түрүүлэх хувь тохиодог. Тэр ховор агшинд яг юу бодогдож байсныг одоо нэг дурсвал...?

-Надад үнэхэээр сайхан байсан. Төрийн наадмын торгон ногоон дэвжээндээ гомдож, гоморхож явсан үе надад бий. Доогуур даваанд уначихаад боломж бололцоо нь ингээд дуусчихаж байгаа юм шиг санагдаад нулимс унгаж байсан удаа олон. Хамаг чадлаараа хичээж, хөдөлмөрлөөд байхад ганцхан надаас нүүрээ буруулаад байгаа юм шиг санагдах үе ч байсан. Харин 2011 онд арслан болчихоод "Үнэхээр тийм зүйл байдаггүй юм байна. Шантралгүй, орхилгүй зүтгэж явахад болдог юм байна" гэдгийг мэдэрсэн. Тэр олон бужигнаж байсан бөхчүүдээс ингээд хоёулаа үлдлээ гэж бодохоос бие жигтэйхэн хөнгөрөөд 16 засуулчаа ханаруулан түрүү булаалдахаар гарах мөчид сэтгэл огшоод юм юм л бодогддог юм билээ. Болдогсон бол бөх хүн бүр тэр гайхамшигтай агшинг үзээсэй, мэдрээсэй гэмээр. Гончигдамбыг давчихаад "Монгол улсын аварга төрлөө" гэх мөчид өөрийн эрхгүй сөхрөөд уначихсан шүү дээ.

-Таны дэвжээндээ мөргөж байгаа тэр бас их гоё агшин байсан шүү?

-Энэ олон жил намайг баяр баясалтай, гоморхол гомдолтой явуулсан ч гоморхлын үзүүр дээр ийм сайхан баяр тохиох учиртай байжээ гэж бодоод л сөхөрч унаад мөргөчихсөн юм шүү дээ /инээв/. Өөрийн дотоод сэтгэл хөдлөл, баяр хөөрөө тэгж л илэрхийлсэн хэрэг. Өөрөөр би яаж ч илэрхийлэх юм билээ дээ, тийм ээ?

-Тийм шүү. Та ардын хувьсгал ялснаас хойш төрсөн 21 дэх аварга. Энэ тоо танд юу бодогдуулж байх юм бэ?

-Сайхан, сайхан. 21 гэдэг маань өөрөө бас их бэлэгшээлтэй, утга учиртай тоо шүү дээ. Бөхөө хайрлан хүндэлдэг хүн ардынхаа, Сэлэнгэ түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж энэ эрхэм цолыг хүртсэндээ маш их баярласан. Түрүүлсний дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд суусан наадамчин олны алга ташилт, уухайлж байгаа тэр их түрлэг, баярласан дуу хөөрийг сонсоод "Ард олон минь намайг наадмаар түрүүлээсэй гэж үнэхээр хүсэн хүлээж байжээ" гэсэн бодол төрсөн. Уухайн түрлэг хайрласан ард түмэндээ гүн хүндэтгэл илэрхийж, энэ агуу цол, алдар хүндийг би хайрлан хүндэтгэж явах болно оо.

Барилдахаа болихоор ханинхаа тогоог барина гэж боддог юм шүү дээ


-Таныг аварга болоход танаас дутахгүй баярласан хүн ээжий тань байсан болов уу? Ээжийгээ бас ингэж сайхан баярлуулна гэдэг хүн болгонд олдоод байх хувь биш байх л даа?

-Хэрвээ эжий аав минь байгаагүй бол би төрөхгүй нь тодорхой. Бас намайг төрөхөд тосч өлгийдөж авсан тэр сайхан газар нутаг гээд юм бүхэн учир жанцантай, уялдаа холбоотой байдаг гэж би боддог юм. Тиймээс намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, нутаг усандаа л юу юунаас илүү баярлаж, сүсэглэж явдаг даа. Ээж болон гэр бүлийнхэн, ах дүү, нутаг орны хүмүүсийн баярласан талархсан сэтгэлийг мэдрэх шиг сайхан зүйл хаана ч байгаагүй. Сэлэнгэ нутгаасаа төрсөн анхны аварга болж тэр хэрээр одоо нутаг орноосоо бөхийн залгамж халаа бэлдэх ажилд өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулчих гээд л зүтгэж явна даа.

-Уяачдын наадам дээрээс ээж рүүгээ явсан гэж дуулсан?

-Тэгсээн. Уяачдын наадам дээр оччихоод тэндээсээ шууд ээж рүүгээ очсон.

-Хүү нь аварга болоод очих тэр мөчид ээж тань үгээр хэлэхийн аргагүй баярласан байх даа?

-Өө, тэгэлгүй яахав. Эх хүн үр хүүхэд нь сайн сайхан явж байвал баяр бахдал нь тэр байдаг биз ээ. Тиймээс ээжийгээ нэг удаа ч гэсэн тэгж их баярлуулж чадсандаа дотроо их л өег явна даа, ах нь.

-Бас бөх хүний ар тал, гэр бүлээс амжилтынх нь тодорхой хэсэг шалтгаалдаг гэдэг шүү дээ?

-Үнэхээр тамирчин хүний ар тал бол хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Спорт гэдэг өөрөө их хүнд хэцүү зүйл. Цаг наргүй бэлтгэл гээд гэрийн бараа харахгүй шахам явцгаадаг. Тэр болгоныг зохицуулж авч явдаг хүн бол яах аргагүй гэр бүлийн маань хүн. Манай хүн спортыг маш сайн ойлгодог. Хэрвээ эхнэр нь спорт ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй бол хэцүү шүү дээ. Мөн үр хүүхэд бол биднийг спортоос, тэр их нервээс түр ч гэсэн салгадаг. Цаг үргэлж бэлтгэл сургууль, барилдаан бодож явдаг улс чинь гэртээ орж ирээд үр хүүхдээ хараад тэдэнтэйгээ тоглож наадахаар хамаг ядаргаа тайлагдаад хачин сайхан амралт болж байгаа юм л даа. Би чинь олон жил ханийгаа ажил төрөл хийлгэлгүй тогоогоо бариуллаа. Яваандаа барилдахаа болихоороо ханийнхаа тогоог барина гэж бодож байгаа шүү дээ /инээв/. Юм гэдэг чинь цаанатай наанатай, ээлж дараатай байдаг хорвоо.

-Таны гэргий ямар ажил мэргэжлийн хүн билээ?

-Банксанхүүгийн мэргэжилтэй юм шүү дээ. Уг нь надтай суухаасаа өмнө мэргэжлээрээ ажилладаг байсан юм. Тэгсэн би гэдэг хүн жигтэйхэн том цолтой бөх болно гээд авгайгаа ажлаас нь гаргаад тогоогоо бариулчихсан байхгүй юу /инээв/. 10 гаруй жил миний ар талыг бат найдвартай авч яваа хүн дээ.

-Тэр том цол авна гэдэг мөрөөдөл талаар болоогүй нь сайхан шүү?

-Тийм, тийм. Олон жил мөрөөдөж явснаа биелүүлсэндээ их л баяртай яваа шүү дээ.

-Ховдын Т.Амартүвшин харцага та хоёрыг нэг айлын баз хүргэчүүл гэв үү?

-Яг нэг айлын хүргэн ч биш л дээ. Амартүвшингийн эхнэр манай эхнэр хоёр садан төрлийн улс юм билээ. Амраа бид хоёр аль эрт залуу бөх байхаасаа л үерхэж нөхөрлөж явсан хоёр. Тэгсэн сүүлд хоёулаа эхнэр авч гэр бүл зохиосон чинь хамаатан садны хүмүүсийг аваад суучихсан байсан.

Одоо ч гэсэн багш нартаа загнуулах үедээ загнуулаад л...

-Та нээрээ намар дэлхийн аварга болж бас фэнүүдээ баярлуулсан. Тэр тэмцээнийхээ талаар ярьж өгөөч?

-Нарангэрэл багш маань надад Жиу-жицу-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг оролцоод үз гэсэн санал тавиад. АНУ-ын Лос-Анжелес хотод болсон тэр тэмцээнд очиж оролцоод түрүүлж дэлхийн аварга болсон доо.

-Тэр барилдаан үндэсний бөхөөс хэр өөр вэ?

-Ерөнхийдөө жүдо бөхийн стильтэй барилдаан л даа.

-Та тэр бөхөөр өмнө бэлтгэл сургууль хийж байв уу?

-Өө, хийлгүй яахав. Манай Нарангэрэл багш чинь жүдо, самбын хүн. Тийм болохоор тэр төрлүүдийг суурь болгож бэлтгэл их хийлгэдэг л дээ. Одоо ч гэсэн.

-Та хүнд жинд нь түрүүлсэн гэсэн. Оролцож байгаа бөхчүүд нь хэр том нөхдүүд байна?

-Өө, том том. Би чинь биеэр багавтар талдаа хүн шүү дээ. Манай үндэсний бөхийнхөн дотор ч надаас том улс их олон байдаг шүү дээ /инээв/. Тамирчин хүн болсны хэрэг юу билээ. Бас нэг бөхийн төрлөөр дэлхийн аварга болсондоо баяртай яваа.

-Г.Элбэг багштайгаа хамт явсан уу?

-Тийм ээ. Элбэг багш, Нарангэрэл багш хоёртойгоо явсан. Ер нь Элбэг, Нарангэрэл, Энхтөр багш нартайгаа олон жил хамт явж байна даа. Эднийгээ дотроо их л хайрлаж, хүндэлж явдаг юм. Эд минь байгаагүй бол би ийм амжилт гаргах ч билүү, үгүй ч билүү? Одоо болтол багш нартаа загнуулаад явж байгаа хүн шүү дээ /инээв/.

-Аваргыг бас загнах уу?

-Загнуулах үедээ загнуулаад л... Багш нарын хувьд миний аварга цол хамаагүй шүү дээ. Бэлтгэлийн танхимд орсон л бол тэд багш, би шавь. Харин гадуур амьдрал ахуйн асуудал дээр бол найз нөхөд шиг, ах дүү шиг байж болдог юм.

-Та сая Ерөнхийлөгчийн цомын барилдаанд үзүүрлэлээ...?

-Сайхан барилдаан. Бөхчүүд маань ч их өндөр ач холбогдол өгч оролцдог болсон байна. Өрсөлдөөн ширүүн байсан шүү. Бөхчүүдийн бэлтгэлийн ир жигдэрчихсэн үе болохоор. Миний хувьд 2012 оны Ерөнхийлөгчийн цомын барилдаанд бэлдсэн хэрнээ нэгийн даваанд уначихсан. Харин энэ жил ерөнхийдөө бодолтой оролцсон л доо. Тэгээд үзүүрлэлээ.

-Ер нь монгол бөх танд юу өгсөн гэж боддог вэ?

-Үндэсний бөх маань хүнд ямар ч үнэ өртөггүйгээр зөв хүмүүжил олгодог зүйл. Аливаад тэсвэр хатуужилтай, ахас ихсээ хүндэтгэх жудаг, ёс суртахуун гээд маш олон зүйлийг бидэнд суулгаж өгдөг.

-Та бусдад үлгэр дуурайлтай хүн шиг санагддаг. Таныг арслан болдог жил нэг аймгийн цолтой залуу "Эрхэмээ арслан шиг төлөв даруу байж бэлтгэлээ л сайн хийгээд явж байхад нэг л өдөр амжилтанд хүрдэг юм байна шүү" гээд их л юм бодсон шинжтэй ярьж байсныг санаж байна?

-Спорт гэдэг хэдийгээр хурц дайчин байхыг шаарддагч гэлээ хүний төрөлхийн ааш араншин, эцэг эхээс өгсөн суурь хүмүүжил, багш нарын зааж сургасан эрдэм мэдлэг гэж байна. Би чинь дээрээ хоёр ахтай хүн. Хоёр ахынхаа даруулганд дэгтэй өссөн хүн шүү дээ. Ер нь төлөв даруу явлаа гээд муудчих биш. Энэ байдал маань хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу даа.

-Та энэ жилийн наадмын 9 даваанд гарч барилдахдаа ямар мэхийг арай түлхүү хийсэн бол... Анзаарав уу, та?

-Наадмын бичлэгээ эргээд хардаг юм. Ер нь л хавирчихсан байна лээ. Гол гол даваанд энэ мэхээр л даваад байж.

-Бусад үед энэ мэхийг хийдэг байсан уу?

-Хааяа хийнэ ээ. Бэлтгэл дээр нэлээд давтдаг байсан. Ямар ч мэхийг олон давтаад ирэхээр дадал болно оо доо. Тэр нь л наадам дээр яг орж ирээд байсан юм шиг байгаа юм. Гэхдээ яг тэр бөхөд тэр даваанд хийнэ гэж зориулж бэлдсэн юмгүй. Ер нь сүүлийн үед жин нэмэгдээд босоо барилдаантай болчихоод байгаа. Тэрэнд маань тааруулж багш нар мэх давтуулаад байдаг байсан хэрэг.

-Танд ямар мэх их таалагддаг вэ? Өөрөө нэг их хийгээд байхгүй ч сурчихмаар санагддаг, аятайхан сэтгэгдэл төрүүлдэг мэх гэж байна биз?

-Байдаг шүү. Хүний хөл авч хаямаар л санагдаад байдаг юм /инээв/. Даанч жин нэмэгдчихээд тэр болгон хөл авч хаяж болохгүй л байна. Ганц удаа ч гэсэн хөл авч хаяж үзэх юмсан гэж их бодогддог шүү.

-Жин нэмээгүй байхдаа хөл авдаг байв уу?

-Авдаг байсан. Одоо хааяа бэлтгэл дээр , ганц нэг залуучуудын хөл авч хаячихаад үгүй мөн их баярлана. Наадамд ч худлаа байх, ядаж бөхийн өргөөний барилдаанд ганц удаа ч болсон хөл авч хаях юмсан гэж бараг мөрөөдөөд байгаа юм биш үү /тас тас хөхрөв/.

- Та жин нэмэгдчихээд гэж хэд хэд ярилаа. Жин одоо хэд байгаа юм бэ?

-145 кг орчим байгаа. Сая жаахан хасаад энэ.

-Ер нь таны жин хэр амархан нэмэгдэж, хасагддаг вэ? Санаагаараа бариад байж чадаж байна уу?

-Үгүй юм аа. Олон жил бэлтгэл хийсэн болохоор жаахан л бие тавираад амраад ирэхээр жин нэмэгдчих гээд байх юм. Байнга л биеэ чангалж байхгүй бол болохгүй байна. Нэг таргалвал овоо явчих шинжтэй шүү.

-Шинэ оны минь анхны дугаарт зочилсон танд гялайлаа. Аварга цолоо бататгаж ард олноо олон дахин баярлуулаарай. Таныг дахин төрийн наадамд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Маш их баярлалаа. Тэр ерөөл бат орших болтугай. Бөх сониныхоо нийт уншигчдад 2014 ондоо хүсэл бүхэн нь биелсэн сайхан он жил байгаасай. Та нарынхаа итгэл сэтгэл, дэмжлэгээр бөхчүүд бид урамшиж, тэтгэгдэж явдаг юм шүү гээд нийт бөхчүүдийнхээ өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе дөө.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Sat Jan 18, 2014 4:55 pm

Тун энгийн
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby odsurenmg » Mon Jan 20, 2014 5:29 pm

энд нэг гоё нийтлэл байна. Манай форумын уундаагийн нийтлэл.
http://csports.mn/articles/view/510?fb_ ... map=%5B%5D
User avatar
odsurenmg
 
Posts: 480
Joined: Tue Jun 14, 2011 3:12 pm
Location: хөлбөмбөг багийн спорт

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron