Монгол улсын шинэ залуу заан Батзоригийн Батмөнх: Би энэ жил их өндөр сэтгэлзүйтэй барилдсанЭнэ жилийн наадмаар аатай, адтай, хийморьтой барилдаж хатуухан учраануудыг өвдөглүүлэн Монгол улсын заан цолд хүрсэн төв аймгийн Баянхангай сумын харьяат, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны бөх Батзоригийн Батмөнхийг Биеийн тамирын сургуулийн зааланд Сэрээтэр багштайгаа бэлтгэл хийхээр ирэхэд нь уулзаж ярилцав.
-Юуны өмнө Монгол улсын заан цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргье?-За баярлалаа. Бөх сониныхоо нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргье.
-Бэлтгэл жигдэрч байна уу, наадмын дараа их бага олон наадамд барилдсан сураг дуулдсан?-Өө, тийм. Наадмаас хойш олон газар барилдлаа. Өнгөрсөн долоо хоногоос л бэлтгэлдээ орлоо. Саяны хоёр барилдаанд гарч чадсангүй, хөдөөгүүр яваад... Гэхдээ хойшид барилдаан алгасалгүй тогтмол барилдана гэж бодож байгаа.
-Хамгийн сүүлд ямар наадамд барилдав?-Сая хоёр хоногийн өмнө Даваахүү уячийн наадамд очиж барилдаад дөрөвт үлдэн Даваабаатар харцагад унасан.
-Та хоёрыг барилдсангүй... гэж хүмүүс ярих юм, үнэн үү?-Гар ийм болчоод...
-Өө, бүр хавдчихсан байна шүү дээ?-Харин тийм ээ. Шөрмөс нь болохоо байчихаад... Тэгээд л барилдаж болсонгүй.
-Наадмын дараа бөхчүүд ихэвчлэн амарсан гэж байгаа дуулддаг. Таны хувьд энэ жил амрах завгүй л зусав бололтой дог оо?-Тэгсэн шүү. Эрдэнэсант сумын 90 жил, аймгийн ой, бас энд тэндхийн сургуулийн ой гээд наадам олон байлаа. Тэр бүхэнд боломжоороо очиж барилдаж явсаар ойрноос л гэртээ байна даа.
-Нэлээдгүй түрүү авч заан цолоо мялаажээ?-Тийм ээ. Энэ жил их сайхан жил байлаа. Улсын заан цол авлаа, аймгийнхаа ойд ч түрүүллээ. Ганц нэг сумын ойд түрүүлж, ерөнхийдөө хэд хэдэн түрүү авч заан цолоо мялаасан байна.
-Улсын заан Батмөнх гэж дуудуулаад гарахад ямар сэтгэгдэл төрж байх юм бэ?-Их л сайхан байна даа /инээв/. Энд тэнд очихоор ихэвчлэн зүүн, барууны магнайд босч таараад байгаа. Заан бол улсын том цол. Улсын начин, харцага цолтой олон сайхан бөхчүүд байна л даа. Тэд нарын бүгдийнх нь дээр гарч зогсоно гэхээр их л том цол санагдаж байна. Ийм өндөр цолонд хүрсэндээ их баяртай байгаа. Заан гэдэг амьтан маань өөрөө урт удаан настай, амгалан тайван, бие хааг нь бодсон ч тэр, сайхан амьтан шүү дээ. Аль ч талаас нь бодсон цолнууд дундаас хамгийн сайхан нь юм шиг санагддаг юм шүү дээ.
-Заан цолонд хүрэх мөрөөдөл, зорилго бол сэтгэлд тань байсан л байх?-Байлгүй яахав. Энэ жилийн хувьд ямар ч байсан цолоо баталж, дээшээ явж сайн барилдана гэсэн зорилготой бэлтгэл сургуулиа базаасан. Тэр зорилгодоо хүрч цолоо ахиулсан болохоор сайхан байна.
-Өнгөрсөн жил барилдаан бүрт оролцож, цагаан сараар хамгийн олон даваатай бөхийн шагнал авсан байх аа?-Ноднин болсон 27-28 барилдаанаас 2-3-ыг нь л алгассан байна лээ. Тогтмол барилдсанаас гадна хамгийн олон даваа авсан бөх гэж намайг урамшуулсан. Ер нь заалны барилдаанд тогтмол сайн барилдаж байж тэр хэрээрээ наадамд амжилттай барилдана гэж боддог. Тийм болохоор бүх л барилдаанд барилдахыг хичээдэг. Бас наадмын сорилго барилдаанд түрүүлчихээд их урамшсан. Сорилгод түрүүлсэн бөх наадмаар сайн барилддаг гэж ярьдаг юм билээ. Тэр үг үнэний ортой юм байна.
-Наадмаар бэлтгэл сайн байгаа нь өөрт мэдрэгдэж л байсан байх, тийм ээ?-Тийм ээ. Сорилгод түрүүлчихээд тэр формоо бариад сайн барилдъя л гэж бодсон. Бэлтгэл ч сайхан таарсан байсан.
-Наадмын даваануудаа эргээд нэг сайхан дурсахгүй юу?-Наадмын дэвжээнд даваа болгон учраа болгон хүчтэй, чанга байлгүй байлгүй яахав. Хоёр дээр гэхэд Баянхонгорын Батгэрэл ахтай таарч даваад дээшээ явсан. Гурав дээр у.н Чулуунбатыг амлаад, дөрөв дээр Амартүвшин харцагатай оноолт таарч, тавд Содномдорж харцагад, зургаад Снажаадамба заанд амлуулж, долоод Батсуурьтай тунаад гэх мэтээр даваа болгоноо давж явсаар заан цолд хүрлээ. Ерөнхийдөө хатуу чанга учраанууд таарсан ч гэлээ тайван байж, өөрийнхөөрөө, хийдэг юм аа хийгээд л, зоригтой барилдсан.
-Үнэнийг хэлэхэд би хувьдаа гайхсаан. Чулуунбатыг амлахад чинь. Наана цөөнгүй аймгийн цолтон үлдсэн байсан болоод ч тэр үү?-Арваад хүнээс ам авсан л даа, гурав дээр... Чулуунбаттай барилдаан гайгүй таараад байдаг юм. Сэрвүүгээс хөлдөө алдчихалгүй, золгочихвол болох байх гэж бодсон. Тэрнээс өөр бодсон санасан зүйл байгаагүй.
-Бас л хурц барилдаантай бөх шүү, Чулуунбат начин?-Тийм шүү. Тэр үед хүн болгон Чулуунбатыг авчихаж байгаа юм байх даа, чанга хүн авлаа даа гэцгээж байсан. Би бол өөртөө итгэлтэй байсан.
-Дөрвийн оноолт ямархуу барилдаан болов?-Амартүвшин харцагатай таараад золгооны барьцнаас шахаж татаад хаясан. Дээшээ нэг зөрвөл Даваабаатар харцагатай, доошоо нэг зөрвөл Ж.Отгонбаяр начинтай таарах байсан. Тэгсэн нутгийнхаа хоёрын яг голоор Амартүвшин харцагатай таарсан шүү.
-Тийм үү? Хэрэв тэр хоёрын нэгтэй таарчихсан бол бас л эвгүйцнэ биз?-Хэрэв таарсан бол яалт ч үгүй барилдана л даа /инээв/. Харин голд нь Амартүвшин харцага байж таараад...
-Тав дээр Содном харцагад амлуулаад....?-Тэгсээн. Бид хоёр чинь гурав дахиа барилдлаа, улсын наадамд. 90 жилийн ойгоор зургаагийн даваанд намайг амалж байсан. Ноднин бол дөрвийн оноолтоор таарсан. Тэгсэн энэ жил амлахаар нь хүнд чинь хор шар гэж нэг юм байна. Аль болгон унаад байхав... гэж бодоод нэлээд дайрч, сэтгэл зүйн хувьд өндөр барилдсан л даа. Бодсоноороо сайхан барилдаж давсан.
-Аль нэг даваанд Содномтой таарах байх гэсэн тооцоо, бэлтгэл байсан уу?-Ер нь бодож байсаан. Тав юм уу зургаа дээр таарч барилдах байх гэж... Гэхдээ яг Содномд зориулж бэлдсэн мэх энэ тэр байгаагүй ээ. Харин зоримог л барилдая гэж дотроо бодсон.
-Зургаад Санжаадамбыг амлахад юу бодогдов?-Тэр даваанд намайг хэн амласныг би мэдээгүй гарсан. Зүүний тэд дээр гараарай... гэхээр нь гарчихаад засуулаасаа “Намайг хэн авсан юм бол..” гэтэл засуул бас мэдээгүй байсан. Тэгэхээр нь нөгөө талд хэн гарах нь вэ гээд хартал Санжаадамба гараад ирсэн. Тэр үед надад нервтсэн ч юм алга, сандарсан ч юм алга. Өөрийнхөөрөө барилдана даа л гэж бодсон. Санжаадамбын тэр хавирдаг мэхийг би урьд нь нэлээд хийдэг байсан л даа. Яг тухайн үед их сайхан ороод ирдэг юм. Би ч мэхээ зоримог хийсэн. Мэх ч даацтай болсон, сайхан ч барилдаан болсон.
-Санжаадамбыг даагаа нэхэхээр таныг амлалаа... гэж ойлгосон?-Тухайн үед бол нэг их юм бодоогүй. Сүүлд нь л хүмүүс “Та хоёр цагаан сараар тэгсэн... Санжаадамба чамайг тэгээд л авсан байх” гэх зэргээр нэлээд ярьж байсан.
-Санжаадамба нэлээд дайрч барилдаад байгаа харагдсан?-Шатсан байх л даа. Ямар ч байсан их л дайрч барилдсан. Тэгтэл эгзэг нь таараад би хавирчихсан.
-Тэр мэх мундаг орсон шүү?-Сайхан барилдаан болсоон. Сүүлд нь эргээд бодож байхад хүн хүнд муу юм хийхгүй, муу санахгүй, зөв сайхан бодолтой, бэлтгэлээ хийгээд хөдөлмөрлөөд явж байхад болох зүйл ёстой зүйл болдгоороо л болдог юм байна гэж их бодогдож байгаа л даа.
-Заан цолны барилдаан ямархуу болсон бэ?-Долоогийн даваанд харьцангуй тайван байсан шүү. Долоо давчихаад туг тойроод явж байхад аймгийнхаа ойд том сайхан цолоор бэлэг барьж байгаадаа л их баярлаж байсан. Нутаг ус, ард түмнээ ч их баярлуулсан гэж бодож байна.
-Долоогийн даваанд гарахад ямар ч байсан харцага болчихсон шүү гэсэн тайвшрал байв уу, эсвэл заавал заан болно шүү гэсэн хичээлт давамгайлж байсан уу? -Ер нь төрийн наадмын түрүү үзүүрт хүрч, дээгүүр барилдана гэгддэг хоёр бөхийг тав, зургаагийн даваанд хаячихсан болохоор сэтгэл зүй их өндөр байсан л даа. Ямар ч байсан би хаях ёстой шүү... гэж бодоод л гарсан.
-Та улсын цолтой, өрсөлдөгч тань аймгийн цолтой. Ийм үед давуу тал бас байна биз?-Сэтгэл зүйгээр илүү байх шиг байдаг юм. Би өөрөө улсын цолтой болохоор аймгийн цолтонтой барилдахад юм юмаараа давамгайлж барилдаад байх шиг байдаг. Харин өөрөөсөө дээш цолтой бөхтэй барилдах арай л өөр.
-Эрхэмбаяр аваргатай нэлээд шуурхай барилдая гэж бодсон уу?-Аварга золгох юм бол намайг сугадаад мушгичихна шүү дээ. Тийм болохоор золгохоос өмнө л барилдаанаа дуусгая гэж бодож гарсан. Гараад 2-3 удаа ширүүхэн дайрч үзээд дараа нь яг нөгөө өшиглөөгөө хийсэн. Өшиглөө ч уг нь орох нь орсон. Гэхдээ болохгүй юм болдоггүй л юм билээ. Тэрнээс биш даваа ханах энэ тэр бол байгаагүй ээ. Золгооноос өмнө барилдаанаа дуусгая гээд гарсан, болоогүй юм даа. Гэхдээ улсын наадмын түрүү бөхөд унасандаа харамсахгүй байгаа.
-Та унасан ч давсан ч сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй юм шиг ээ?-Ер нь тайван талдаа хүн дээ. Давлаа гэж үсэрч цовхорч баярлаад байхгүй, уналаа гээд гуньж гутраад байдаггүй. Дотроо хичнээн их баярлаж байсан ч элдэв үйлдэл гаргах нь сонин санагдаад байдаг юм.
-Наймд Мөнхбат аваргыг ам авахаар ирэхэд зарим хүмүүс Батмөнхийг авах байх гээд л, зарим нь найз нь юм чинь авахгүй ээ л гэлцэж байгаа дуулдсан?-Тийм ээ, бид сайхан найзууд. Шонхор сургуульд сурч байх үеэсээ найзалж, нөхөрлөсөн. Мөнхбат манай доод ангид байсан. Гэхдээ нэг анги юм шиг л үргэлж хамт явдаг байсан л даа. Наадмаар наймын даваанд авах болов уу, яах бол... гэж ч нэг их бодсонгүй. Харин маргааш нь уяачдын наадам дээр очоод “Хоёулаа давчихаад төрийн наадмын түрүү үзүүрт үлдсэн бол сайхан аа” гэхэд нь сайхан л санагдсан.
-Танд аль даваа хамгийн хүнд байсан бэ?-Тав, зургаагийн даваа л их хүнд байсан даа. Содномдоржийг хаячихаад “Начин цолоо баталчихлаа” гээд их баярлаж байсан. Ямар ч байсан цолоо баталж, начин шиг начин гэдгээ харууллаа гэж бодсон. Зургаад Санжаадамбыг бүр их баярласан.
-Өрсөлдөгч нар таныг “тахимдана даа” гээд л их анаж байсан байх даа?-Миний үндсэн мэх тахимдах шүү дээ. Энэ жил гурав дээр Чулуунбатыг тахимдах мэхээрээ хаясан. Тавд Содномдоржийг золгооны барьцнаас тахимдаж, зургаад Санжаадамбыг зайлж хавирах мэхээр давсан шүү дээ. Харин дөрөв, долоогийн даваа хоёр яг адилхан шахаж татах мэхээр давсан. Хүмүүс тахимдах байх гэж ер нь бодож байсан байх л даа. Арай өөрөөр барилдсаан /инээв/.
-Энэ чинь л нөгөө барилдааны тактик биз дээ?-Дараа нь нэг хүн надад “Долоогийн даваанд Батсуурь чамайг яг тахимдана гэж бодоод хойшоо чараад байсан. Тэгсэн чи эсрэгээрээ шахаж татаад хаясан. Чамайг тэгж хаяна гэж огт бодоогүй шүү” гэж байна лээ. Нээрээ л тухайн үед л надад бодогдсон барилдааны тактик юм даа.
-Таны дээлийн захыг хэн мушгисан бэ?-Даваабаатар найз маань тавын даваанаас эхлээд л миний дээлийг бариад яг хажууд минь байж зөвлөсөн. Бас дэвжээний маань дасгалжуулагч у.н Гэрэлт-Од ах, Амгаланбаатар заан, А.Сүхбат аварга гээд бүгд л яарч сандралгүй, тайван өөрийнхөөрөө барилдаарай гэж захиж байсан.
-Наадмын орой заан цолоо тэмдэглэж амжсан уу?-Наадам дуусаад гэрээрээ орж хоол унд идчихээд л бэлтгэл рүүгээ явчихсан шүү дээ. Бааз дээрээ очиж хоночихоод маргааш нь уяачдын наадам дээр очоод орой нь буцаад бэлтгэл рүүгээ явсан. 27-ний өглөө л бэлтгэлээсээ буусан шүү.
-Та сүүлийн үед жин нэмж байна уу?-Ерөөсөө нэмэхгүй байгаа шүү дээ. 107-108 орчим кг л байгаа. Наадмаар тийм жинтэй л барилдсан. Зарим үед ганц нэг кг хассан уу гэхээс биш жин нэмээгүй. Одоогоор жин багадаад, бярдуулаад байгаа юм алга л байна. Яваандаа 110-115 орчим болгоход гэмгүй л санагддаг.
-Та бэлтгэлээ ямар онцлогтой хийдэг вэ? Зарим хүмүүс тултал нь бэлтгэл хийдэг, зарим нь тааваараа хийдэг гээд өөр өөрийн горим байдаг бололтой?-Миний хувьд 7 хоногт үндсэндээ 5 өдөр бэлтгэл хийдэг.Үндэсний бөхийн бэлтгэл 2 удаа, штанг 2 удаа, нэг өдөр нь сагс тоглох зэргээр л бэлтгэлээ базаадаг даа. Бас ч үгүй нэлээд хэдэн жил барилдаад ирэхээр өөрийнхөө бэлтгэлийг тааруулж, тохируулаад байдаг болчихдог юм байна. Ерөнхийдөө бэлтгэл их хийх тусам илүү сайн барилддаг юм шиг байгаа юм.
-Барилаадныхаа тухайд?-Онцлог уу? Хурдаар, тэсэрч барилддаг хүн л дээ. Мэдээж өөртөө тохирсон бяр бол байгаа байх.
-Өнгөрсөн хавар Хакухо аварга ирж Төв аймгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл хийгээд, Батмөнх начин аваргыг давсан гэнэ гээд л дуулдаад байсан?-Аа, тийм. Хакухо аварга ирээд Их шавийн дээд сургууль дээр нэг барилдаан зохиосон. Тэр барилдааны дараа аварга Даваабаатар, Батчулуун бид 3-тай үндэсний бөхөөр нэг, нэг барилдая гээд. Тэгээд барилдсан. Даваабаатар бид хоёр аваргыг давсаан.
-Аваргатай барилдахад юу мэдрэгдэв, бяртай байна уу?-Сумо бөх манай үндэсний бөх шиг яг барьж барилддаггүй болоод ч тэр үү, атгалт жаахан сул байх тал анзаарагдсан. Түүнээс биш бие хааны хувьд их л том юм билээ.
-Ямар мэхээр хаяв, та?-Золгооны барьцнаас давхар ачсан.
-Тэр том хүнийг давхар ачих... Бяр их гарсан уу?-Гайгүй ээ. Хоёулаа шуудагдалцсан байсан. Жийхээр л тавьчихаж байна лээ. Тэгэхээр нь л аччихсан.
-Аварга уначихаад юу гэж байх юм бэ?-Өө, бодож санасан юм байхгүй байх шиг байна лээ. Сайхан инээгээд л...
-Насны хувьд ойролцоо юу, аварга та хоёр?-Бид хоёр чацуу юм билээ. 1985 оных.
-Хоёр өөр орны, хоёр өөр спорт ч гэлээ тийм мундаг аваргыг давна гэдэг сайхан хэрэг шүү?-Тэгэлгүй яахав. Сумо бол олон орны үзэгчдийн үзэх дуртай дэлхий мэддэг спорт. Тэр спортын том аваргыг давсандаа их бэлгэшээсэн. Аварга хүний эрч хүч, энерги жаахан ч гэсэн надад шингэлээ гэж бодоход сайхан байлгүй яахав.
-Завханд болсон том наадмуудад та очсон харагддаг. Тэгсэн танай аавыг Завханы гаралтай хүн гэв үү?-Манай аавын аав багш хүн байсан. Илгээлтээр хөдөө сумдад очиж ажилладаг. Тэгээд Завхан аймгийн Яруу суманд томилогдоод очсон байх үед нь миний аав төрсөн юм билээ. Төрөөд удаагүй хот руу шилжиж ирээд энд амьдарч байгаад 1977 онд Баянхангай сум анх байгуулагдахад очоод тэндээ суурьшсан. Би 1985 онд Баянхангайд төрсөн. Ийм л учиртай.
-Нутагтаа цолны наадам хийсэн үү?-8 сард манай сумынхан намайг хүлээж аваад сайхан наадам хийсээн. Манай сум чинь байгуулагдаад цөөхөн жил болж байгаа ч гэлээ 70-80 жил болсон сумын дайны л сайхан наадам хийсэн дээ. Нутгийн минь олон их ч баярлаж байсан. Энэ дашрамд сумынхаа засаг дарга, удирдлагууддаа, ард иргэдэдээ бүгдэд нь баярлаж талархаж яваа шүү гэдгээ хэлье.
-Танд жип машин өгсөн гэж байсан. Сумаас уу өгөв үү, аймгаас өгсөн юм уу? -Аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөнтэй хамтраад Ланд-200 маркийн автомашин суманд болсон наадмын маань үеэр аваачиж өгсөн.
-Төв аймгийн хэд дэх заан юм бол оо та?-Гансүх заан, Баярсайхан заан, Амгаланбаатар заан, тэгээд би. Дөрөв дэх нь л юм даа.
-Нэг их сайхан амрахсан гэж бодогдох юм уу?-Амрахдаа амраад, барилдахдаа барилдаад явж байгаа. Яг олон хоногоор зориуд амраад, тухлах үе байхгүй л байна. Ялангуяа энэ зун бол 2-3 хоног амарч байтал энд тэнд ойтой, барилдаантай гээд л явчихна. Зун агаар салхинд гараад тааваар амрах сайхан л даа. Гэхдээ зун гэхээсээ илүү өвөл бэлтгэлээ хийчихээд орой нь харьж амраад байвал надад илүү амралт болоод байх шиг санагддаг юм шүү дээ.
-Нас залуу, наадам олон гэж... Дараагийн зорилгоо тавьсан байгаа байлгүй?-Нас залуу байна аа. Ямар ч байсан улсынхаа наадамд сайхан барилдаж, цолондоо эзэн болж, цолонд багтаж ядан дүүртэл барилдаад, тэгээд цолоо дээш ахиулна гэж бодож байна.
-Сэрээтэр багштайгаа л бэлтгэлээ хийгээд байна уу?-Тийм ээ. Сэрээтэр багшийнхаа удирдлаганд бэлтгэл хийгээд 4-5 жил болчихлоо. Хойшид ч эндээ л хийнэ.
-Ямартай ч багшийн чих халууцуулаад байхааргүй сайн шавь нарынх нь нэг байх аа?-Гайгүй ээ. Би чинь их дуулгавартай хүн шүү дээ. Манай багш нарийн ширийн юм их заана л даа. Биднийг зааланд оруулчихаад гараад явчихгүй. Яг сураа бариад л хажууд байж байдаг. Багшаасаа нарийн ширийн юм их сурч байгаа.
-Та мэх сурахдаа хэр авьяастай вэ?-Боломжийн гэж боддог.
-Тахимдахаас өөр ямар мэх хийдэг вэ?-Боломж нөхцөл нь таарвал ямар ч мэхийг хийхийг боддог. Харин миний амьдралдаа хийж үзээгүй мэх гэвэл хутгах, хөл авах хоёр л байна даа. Хийж чадахгүй юм. Хийгээд ч хүн унагахгүй байгаа /инээв/. Болохгүй юм болдгүй гэдэг шиг... Бусад мэхийг бол боломж таарвал хийгээд л явчихна.
-Бөхөөс өөр юу сонирхох вэ?-Сагсанд л дуртай даа. Долоо хоногтоо ямар ч байсан нэг удаа сагс тоглочихно. Сагс чин угаасаа хөдөлгөөний эвсэл, хурд, хүч гээд олон талын ашигтай гэдэг шүү дээ.
-Гэр бүлийнхээ тухай?-Миний ханийг Ундармаа гэдэг. Төв аймгийн Баян сумын харьяат бүсгүй бий. Бид хүү, охин хоёртой. Одоо гурав дахь хүүхэд маань төрөх гэж байгаа. Хүмүүс шинэ хүүхэд цол дагуулж ирдэг, энэ тэр гээд л ярьдаг юм билээ. Нээрээ л шинэ хүнтэй болох гэж байхдаа сайхан заан цол авлаа.
-Хүү тань нас бага хэрнээ бөх их шимтэнгүй үзэж харагдах юм аа?-Бөхийн хоббитой. Ноднин бөхийн өргөөнд болдог хүүхдийн барилдаанд нэг барилдсан. Дахиж хэзээ барилдах вэ ааваа? гээд л асуугаад байгаа. Ирэх жил сургуульд орно. Одоо цэцэрлэгийн албатай. Аав нь барилддаг болоод ч тэрүү бусад хүүхдээс хамаагүй илүү бөхөд сонирхолтой. Мундаг шүү дээ, бөхчүүдийн нэр, цолыг андахгүй.
-Гэр бүлдээ цаг зав хэр гаргадаг вэ? Ер нь хэр сайн аав бол...?-Өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө. Өдөр бэлтгэлдээ явна. Тэгээд бусад үед нь гэртээ л голдуу байхыг боддог.Одоо эхнэр төрөх дөхөж байгаа болохоор гэр орныхоо ажлыг түлхүү хийж байгаа. Бэлтгэл сургуулийнхаа хажуугаар амьдрал ахуйгаа авч явах гэж том үүрэг хариуцлага байна. Энэ бүхэнд тусалж дэмждэг байгууллага, хамт олон гээд олон хүн тус нэмэр болох юм даа.
-Нээрээ ИНЕГ-ын бөх байхаа больсон байсан уу?-5 сарын 1-нээс больсон. Наадмын өмнөхөн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх болсон. Байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж сайхан барилдая л гэж бодох юм. Манай Аврагч хороонд Сайнбаяр заан, Батболд харцага, Алтанхуяг арслан, Болдбаатар арслан, Хангай гээд шинэ арслан залуу байна. Үргэлж хүнд тус дэм болох буянтай сайхан алба шүү дээ, онцгой чинь. Ийм буянтай байгууллагад орсондоо баяртай байгаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Олон жил наадамчин олноо баясгаж сайхан барилдаарай. Дахин шинэ цол авч уншигчидтай минь уулзана гэдэгт итгэлтэй байгаа шүү?-За баярлалаа. Хойшид барилдаан алгасахгүй, намайг дэмждэг хүмүүсээ баярлуулж сайхан барилдахыг хичээнэ ээ. Бас үргэлж тусалж дэмждэг нутгийн сайхан ах нар, Дуламдорж даргатай ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны хамт олондоо, Төв аймагчууд болон Баянхангай сумынхандаа их баярлаж явдаг аа Бөх сониноороо дамжуулан хэлье.
Бэлтгэл эхлэх цаг нь хэдийн болж, багш руугаа сэм сэмхэн харахыг нь анзаарч бэлтгэлдээ яарч буйг нь ойлгосон тул ярилцлагаа ийн өндөрлөв. Даруухан, хөдөлмөрч, тууштай гээд спортын амжилтад хүргэх чухал олон чанар энэ бөхөд бий. Тиймээс түүнд дахиад давах даваа, хүрэх цол өөр бий гэдэгт итгэл төгс байна.Ярилцсан: С.Бадамгарав
WWW.UNDESNIIBUKH.MN