by Соёлоо » Tue Dec 24, 2013 1:39 am
БУУДЛАГЫН СУРГУУЛИЛТ.
“Мансити” АПЛ-ын энэ улиралд Этихадад 8 дахь ялалтаа байгуулж, талбайдаа хийсэн гоолын зөрүүг 35:5 болголоо. Арсенал тун эвгүйхэн хожигдсон ч, Лондончууд жагсаалтын тэргүүн байраа хараахан алдаагүй (16-р тойргийн дараах байдлаар) байгаа тул шүүмжлэхэд арай эртдэх болов уу.
“Их буучид”-ын хувьд хамгийн хүнд сорилт бол... Хойд Лондонгийн 9-р сарын Дербигээс эхлээд, хичнээн байсан гэх вэ... Аваргуудын лигт Боруссиягийн талбайд хийсэн тоглолт, Ливерпүүлтэй хийсэн тулаан, Олд Траффорд дахь тоглолт гээд...хөвөрч өгнө дөө.
Эдгээр тоглолт бүрийн өмнө шинэ улиралд Венгерийн баг хэр чанарлаг болсон нь одоо л мэдэгдэнэ дээ, тэд том ялалтанд бэлэн үү гэдэг асуултын хариулт одоо л тодорхой болно доо гэж ярьцгаадаг.
Дээр дурдсан 4 тоглолтын 3т нь “Их буучид” хожсон хэдий ч “Арсенал”-ыг АПЛ-ын аваргын төлөөх гол өрсөлдөгч гэж харахыг хүсэхгүй байгаа хүн цөөнгүй. Үүнээс улбаалан өөр хүчтэй өрсөлдөгчтэй таарах бүрт нь “энэ улирлын хамгийн хүнд сорилт” энэ тэр гэж шаагицгаана.
Одоо “Этихад” руу айлчлах цаг ирлээ. АПЛ-ын энэ улиралд ямар ч баг энэ цэнгэлдэхээс ядаж ганц оноо сугалж авч дөнгөөгүй. Одоо дахиад л “энэ бол жинхэнэ сорилт, манлайлагч мөн эсэх нь гагцхүү энд л мэдэгдэнэ” гэцгээх нь мэдээж.
Сорилт ч үнэхээр яггүй байлаа. Тоглолтын гоолын харьцааг хараад Сгаsh test хэмээн нэрийдсэн ч болох. Гэхдээ “Их буучид”-ын “Челси”-тэй хийх тоглолтыг ээлжит хүнд сорилт гэж нэрлүүлэхгүйн тулд “Мансити”-тэй хийсэн тоглолтоос та бүхэн ямар шинэ зүйл олж харж чадсан сан бол???
Сити талбайдаа гайхамшигтай тоглодгийг мэдлээ гэх үү? Энэ талаар хэн бүхэн аль эрт мэднэ. Хотынхоны хагас хамгаалагч АПЛ бол дэлхийд гайхагддаг, Яя Туре Английн хөлбөмбөгийн “жинхэнэ танк” гэдгийг ч бүгд мэднэ.
Сүүлийн жилүүдэд “Сити” Их буучдын эвгүй өрсөлдөгч байсан болохоор Венгерийн баг Этихад Цэнгэлдэхэд итгэлтэй ялалт байгуулчихна гэж бодож байсан нөхөд хэр олон байсан бол???
Их буучид Манчестерт бусад багаас хавьгүй илүү эсэргүүцэл үзүүлсэн гэдгийг бардам хэлчихье...эцсийн эцэст, АПЛ-ын өөр ямар ч баг энэ цэнгэлдэхэд 3 ггол оруулж байгаагүй. 2 гоол ч тийм амар ой санаанд орж ирэхгүй байна. Харин 7 гоол алдсан баг бол хэд хэд бий. “Арсенал”-ыг басаад нэмэргүй л дээ. Лигийн манлайд яваа баг тааламжгүй байдлын дараа паникт орох эрхгүй. Агуэрогийн эхний гоолын дараа ч, 1:2 болон 2:3 үед ч тулалдсаар л байсан.
Харин хамгаалалт дахь алдаа л өмнөх бүх тойргийн тоглолтыг нийлүүлснээс илүү алдаа эндлийн шалтгаан болов. Гэхдээ, давтан асууя. Энэ улиралд, энэ цэнгэлдэхэд алдаа мадаггүй тоглосон ядаж ганц багийн нэрийг шивнээдэх дээ. Байхгүй, за.
“Этихад” цэнгэлдэхэд ямар онцгой зүйл байдгийг, Ситигийнхэн гялалзаад, өрсөлдөгчид нь сулбайгаад байдгийн учрыг тааж хэлэх арга даан ч алга.
Өрсөлдөгч багийн гишүүдийг сааталд оруулдаг хий тоглолтын өмнө цацчихдаг юм гэж солиоролтой биш. Хөгшөөн дэмжигчдын “Hey Jude” хэмээн бархираанд учир бий хэмээн мэлзэлтэй биш. Харин Хотынхоны зочид шил дараалан алдаа гаргаж, **н** **н** үйлдэл хийдэг нь л бодит баримт.
Косильений булангийн цохилтын үед Серхио Агуэрог ганц хором хараанаасаа алдаад л ... харин Аргентин залуу гоол оруулахад хагас секунд л хангалттай. Франц тоглогч өгөөмөр юм болохоор бүр ч ихийг бэлэглэв. Энэ гоолоос эхлээд л алдаа гэдэг ар араасаа үргэлжлэнэ гээчийг үзүүлж өгөх шив дээ. Бүр талбайн эзэд хүртэл (Яя Туре) оролцоод амжлаа. Балайрлын үр дүн самбарт бараантан харагдана.
Арсеналыг буруутгаж болно. Яагаад талбайд ийм гараа гаргасныг Венгераас асуух нь зүйд нийцнэ. Гэхдээ энэ нь дасгалжуулагчийн зөн совингийн хэрэг. Тео Уолкотт эхний минутаас сэлгээнд суусан бол та бүхэн гайхах байсан нь гарцаагүй. Харин мань эр гарч ирснээр дублийн эзэн болж, шүүмжлүүлэх зүйлгүй тоглолоо. Энэ тал дээр ч Венгер мэргэн харваач шиг л байж таарлаа.
Харин Начогийн хувьд байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдгийн үлгэр.
Дүгнэн хэлэхэд, энэ бол Их буучдын хувьд энэ улирлын 3 дахь ялагдал, ердөө 3 дахь шүү. Тэд АПЛ-ыг тэргүүлсэн хэвээр байна(16-р тойргийн дараахаар).
Тэдний хувь заяаны талаар гутранги бодол тээхэд арай ч эртдэнэ гэдгийг сануулчихъя.
Пеллегринигийн дайчид ч айлын талбайд очихоороо замхраад алга болох нь цөөнгүй гэдгийг ч дээр нь нэмээд сануулчихъя. Дараагийн тойрогт Фулхэм, дараа нь Свонси, Ньюкасл. Дээр нь Агуэрогийн гэмтэл нэрмээс болчихвол ч эвгүйтнэ дээ.
Этихадад буудалцаад өнгөрсөн. Одоо март. Улирал үргэлжилсээр...
Харин Арсеналын дараагийн учраа Лондонгийн Челси...Тийм ээ Лондонгийн ДЕРБИ.