БиБиСи Спорт, Гари Роуз
Вэйн Рүүнийг олж илрүүлсэн гэдгээрээ олонд танигдсан Рэй Холл Росс Барклиг од болон гялалзах хүн юм гэдгийг хэзээ мэдсэнээ тод санадаг.
Торгуулийн цохилтыг ямар хөлөөрөө цохих дуртай байгаагаар нь тухайн хүнийг аль хөлөөрөө тоглодог вэ гэдгийг тодорхойлж болно гэж хүн надад хэлж байсан юм. Россоор хамгийн анх торгуулийн цохилт хийлгэхэд тэр дөрвөн удаа, хоёр хөлөөрөө тус бүр хоёр цохиод бүгдийг нь хийж байсан.
Энэ бол есөн жилийн өмнө болсон явдал. Одоо 20 настай Ливерпүүлийн уугуул хүү Баркли түүнээс хойш Эвэртоны бүхий л шат дамжлагыг туулан гарч ирж энэ улиралд ердөө ганцхан хожигдолтой байгаа багийнхаа түлхүүр тоглогч болоод зогсохгүй Английн хөлбөмбөгийн ирээдүйн гэрэлт цамхаг болжээ.
- Code: Select all
Барклийг Гаскоинтай харьцуулав
- Пол Гаскоин мэргэжлийн хөлбөмбөгийн анхны улиралдаа (Ньюкаслын төлөө 1985-86 улиралд) 35 удаа тоглож, 9 гоол хийсэн байдаг.
- Росс Баркли Эвэртоны төлөө энэ улиралд 15 тоглоод байгаа бөгөөд 2 гоолтой байна.
- Английн төлөө Пол Гаскоины анхны тоглолт түүнийг 21 настай байхад1988 оны 12-р сард Данийн эсрэг нөхөрсөг тоглолтоор тохиосон.
- Харин Росс Баркли 19 настайдаа Английн төлөө анхны тоглолтоо саяын 9-р сард Молдавын эсрэг ДАШТ-ий урьдчилсан тоглолтоор хийсэн.
Өнгөрсөн амралтын өдрөөр Арсеналтай 1-1ээр тэнцэхэд тоглолтын шилдэг тоглогч болсных нь дараа Эвэртоны босс Робэрто Мартинез түүний талаар ийн ярив:
Би түүнийг зарим талаараа Баллак шиг, зарим талаараа Газза (Пол Гаскоины хоч) шиг гэж боддог. Англи тоглогч иймэрхүү сэтгэлзүйтэй байхыг өмнө нь огт харж байгаагүй.
Энэхүү зүйрлэлтэй Гаскоинтай мөр зэрэгцэн тоглож асан Гари Линекер дуу нийлүүлж байна.
Тэр Газзатай төстэй. Биеийн хөгжил, ур чадвар, өөртөө итгэлтэй байдал, өрсөлдөгчөө хуурах чадвар, тэгээд нэг тиймэрхүү омголон зантай.
Эвэртоны академийн менежерээр 2011 он хүртэл 20 гаран жил ажилласан Холл энэ талаар өөр бодолтой байна.
Зарим тоглогч нарыг хараад хэн нэгэнтэй адилхан ч юм уу гэж бодох үе байдаг. Харин Россын хувьд өөр. Тэр Пол Гаскоинаас ч түргэн байх. Миний бодлоор тэр одоо үед төрөн гарч ирж байгаа шинэ үеийн ухаалаг, атлетикч залуу хөлбөмбөгчдийн төлөөлөл.
Английн хөлбөмбөгийн хамгийн дээд түвшинд тав хүрэхгүй сар тоглох хугацаандаа тэрээр өөрийн биеийн хөгжил, цөмөрсөн гүйлтүүд, аюултай довтолгоонууд зэрэг чадваруудаараа бүхний анхаарлыг татаж, Эвэртон багийнхаа түлхүүр тоглогч болоод зогсохгүй, шигшээдээ ч дуудагдаад амжсан.
Энэ 9 дүгээр сарын 6-ы өдөр Рой Ходжсон түүнийг ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтаар Молдавын шигшээгийн эсрэг 4-0оор хожсон тоглолтод Английн шигшээгийн үндсэн багт дуудаж тэрээр анхныхаа тоглолтыг хийв. Энэ эрчээрээ дараа нь болсон Чили, Германы эсрэг нөхөрсөг тоглолтуудад ч тоглолоо.
Дөнгөж тавхан жилийн дотор ахлах сургуулийн хөлбөмбөгөөс олон улсын чанартай тэмцээн хүртэл өссөн түүний ахиц үнэхээр гайхамшигтай. Бүр алмайруулах өөр нэг зүйл гэвэл түүнийг 11 нас хүртэл нь хэн ч анзаараагүй байсан.
Ливерпүүлийн Вэйвертрийн гудамжинд хар багаасаа бөмбөг өшиглөж өссөн Барклиг тэр хавийнхаа хүүхдийн багт тоглож байхад нь Эвэртоныхон олж харжээ.
Тэр ер нь их хожуу ирсэн л дээ. Бага сургуулиа төгсөх гэж байхдаа ирж байсан. Яахав хүмүүст их жаахан байсан юм шиг санагдаж болох ч ихэнх хүүхдүүд бараг 6 настайдаа ирдэг зэрэгтэй харьцуулах юм бол бүүр хөгшиндөө орно шүү. Манай скаутууд түүнийг илрүүлээд бидэнд мэдэгдсэнээс хойш түүнийг ажиглаж байгаад цаг нь боллоо гэж үзэж элсүүлсэн дээ гэж түүнийг 16 нас хүртэл нь дасгалжуулсан Рэй Холл өгүүлж байна.
Анхандаа Баркли бөөн асуудал үүсгэж байлаа. Ур чадваргүйдээ биш бүх байрлалд жигд сайн тоглодог байсан учраас тэр. Броадгрийн Интернэшнл хэмээх түүний сургуулийн биеийн тамирын багш Анди Каули энэ талаар ингэж дурсав:
Ер нь жилдээ ганц хоёр хүүхэд эрс ялгардаг л даа. Харин Росс бол тэс ондоо байсан. Бид хүүхдүүдийг бүх байрлалд ээлжлүүлэн тоглуулдаг байлаа. Харин Росс бол таслалт, дамжуулалт, хууралт, гоол гээд бүгдийг ёстой төрөлхийн юм шиг л хийдэг байсан.
Энэ байдал Эвэртонд ч бас давтагдав. Холл өгүүлрүүн:
Анх манайд ирэхэд нь бид түүний биеийн хөгжлийг хараад төвийн хамгаалалтад тоглуулдаг байсан. Үеийнхэн дундаа их хүчтэй байсан шүү. Тэр бас гоолын мэдрэмжтэй байсан учраас илүү оролцоотой тоглуулах хэрэгтэй гэж үзээд урд тавих зэргээр явсаар 13 настай байх үед нь хагас хамгаалалт дээр тогтсон доо.
Тэрнээс хойш Баркли гайхалтай ахиц гаргажээ. Өөрийн үеийнхнээсээ хурдан хөгжиж, насны ангилал алгасан тоглох боллоо. Өөрөөс нь хоёр, гурван насаар ах хүүхдүүдтэй тоглож байв.
Росс 13 настайдаа Андер-15, 14 настайдаа Андер-16, 15 настайдаа Андер-18 ангиллуудад тоглож байсан гэхээр өөрөөсөө гурав хүртэл насаар ах тоглогч нартай тоглож байсан байгаа юм. Биеийн хөгжлийн хувьд эдгээр нь огт асуудал биш байлаа. Харин ур чадварын хувьд тэр онцгой сайн байсан. Хөл нь хурдтай шаламгай учраас шилдэг тоглогч болоход хангалттай боломжтой нь шууд харагдаж байсан.
2008 онд 14 настай байхдаа тэрээр Английн 16 хүртэлх насны шигшээд дуудагдаж тоглосон бөгөөд тэр жилдээ өсвөр насныхны хувьд хамгийн сайн тоглолтоо гаргасан. Ливерпүүлийн Цуурай Цомын финалд All Saints Catholic High School багийн эсрэг Broadgreen International сургуулийн төлөө 2 гоолдов. Тэр өдөр түүнийг тухайн үед Ливерпүүлийн менежер байсан Рафаэл Бенитез ажиглаж байлаа.
Тэр үед Барклигийн потенциалыг олж харсан хэд хэдэн Премьер Лигийн клубуудын скаутууд ажиглалт хийж байсан боловч яг түүнийг элсүүлэх талаар аль нь ч амжилт олохооргүй байлаа.
Биеийн тамирын багш Коули энэ талаар дурсаж байна.
Хаа нэгтэйгээс ирэх ямар ч сонирхол түүний анхаарлыг татахгүй байсан. Эвэртонд үнэхээр үнэнч байсан учраас Рафа Бенитезтэй уулзахдаа элдэв бүдүүлэг эсвэл давилуун зан гаргалгүй зүгээр л баярлалаа гэж хэлээд л цомоо авсан. Ерөөсөө ингээд л боллоо.
Тэгэхэд Эвэртоны менежер байсан Дэвид Моест хүү их таалагдсан. Тийм ч учраас 16 настай хүүг 2010 оны 9 сард Ньюкаслын эсрэг лигийн тоглолтод сэлгээнд дуудах хэмжээний итгэл үзүүлжээ. Тэр өдөр тоглоогүй ч гэсэн тоглоод эхлэх мөч тун удахгүй мэт санагдаж байх үед гайт явдал тохиосон юм. Английн 19 хүртэл насны шигшээгийн тоглолтын үеэр тэр Ливерпүүлийн Андрэ Висдомтой мөргөлдөхөд хөл нь гурван газраараа хугаржээ.
Холл: Тэр гэмтэлд бид их санаа зовсон. Яг хамгийн хурднаараа суралцаж, хөгжиж байх тэр үедээ гэмтэж найм, есөн сар хэвтсэн. Хүү тэр мөч болгоныг үзэн ядаж байсан болохоор ердөө 2 долоо хоноод л тоглож эхлэхийг хүссэн.
Аз болоход гэмтэл түүний хөгжлийг сааруулсангүй. 2011-12 улирлын өмнөх бэлтгэлд яг цагтаа ирсэн бөгөөд Тоффинуудын төлөө анхны тоглолтоо 8 сарын 20-нд Күинс Парк Рэйнжерст 1-0оор хожигдоход хийсэн юм. Моес түүнийг их болгоомжтой тоглуулж байлаа. Премьер лигээс хол Чампионшип лигийн Шэффилд Вэнсдэй багт зээлээр байнга гараанд тоглох замаар түүнийг хөгжүүлж байв. Тэнд байх хугацаандаа Уулинуудын төлөө 13 тоглож, Ипсвичтэй хийсэн тоглолтод хоёр ч гоол хийж байжээ.
Шеффилд Вэнсдэй клубын жигүүрийн довтлогч Микайл Антонио түүний талаар ийн дурсав:
Тэр манай багт шууд идээшсэн. Премьер лигийн чанар гэдэг нь харваас илт байсан л даа. Их ур чадвартай, сайн хардаг, талбайн төвөөс бөмбөг аваад л айлын хамгаалагч нарын дундуур зүсээд ордог байлаа. Багуудыг бол хагалдаг байсан.
- Code: Select all
Росс Барклийн тухай баримтууд:
- Төрсөн өдөр: 1993 оны 12 дугаар сарын 5
- Эвэртоны төлөө анхны гараа: КПР (талбай дээрээ), Премьер лиг, 2011-08-20
- Үндсэн багийн анхны гоол: Шэффилд Вэнсдэйд зээлэр тоглож байхдаа Болтоны эсрэг, Чампионшип, 2012-09-22
- Английн шигшээ: 3 дуудагдсан (Молдав, Чили, Герман)
Моес энэ зун Манчестер Юнайтедыг дасгалжуулахаар одоход Баркли өөрийг нь ямар хувь заяа угтаж байгаа бол гэж гайхсан байх. Гэвч Мартинезийн удирдлага доор түүний тэсрэлт үргэлжилсээр. Нээлтийн тоглолтоор Норвичийн эсрэг тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан ба тэрнээс хойшх 9 тоглолтын турш гараанд нэрлэгдсээр ирлээ.
Түүний шигшээгийн замнал ч яг хэрэгтэй цагтаа эхэлж байгаа бололтой. Хагас хамгаалалтын ноён нуруу болсон Стивен Жеррард, Франк Лампард нарын шигшээгийн карьер дуусах тийшээ хэлбийсэн энэ үед тэдний орыг хэн залгамжлах бол хэмээн анхааралтай ажиж байгаа нь тодорхой. Ирэх жилийн Бразилын ДАШТ-ээр Барклиг авч явах ёстой гэсэн дуу хоолой ч энд тэндээс гарсаар байна. Энэ бүхний дунд хамгийн чухал зүйл нь залуу хүний хувьд амжилтандаа ташуурахгүй байх ёстой билээ.
Коули: Энэ бүхэн дөнгөж эхлэл. Тоглогчийн хувиар карьераа өндөрлөх хүртлээ энэ бүх хөөргөн яриа, цуурайнд итгэж, автаж болохгүй шүү гэж би байнга захилаг байлаа түүнд. Зарим тоглогч нар иймэрхүү хэрийн өсөлт харуулчихаад гэнэт мууддаг. Росс тийм зүйл харуулахгүй байх талаар хичээх хэрэгтэй. Мэдээж түүний тоглодог клуб, гэр бүл болон өөрийн сэтгэл зүйн ачаар тийм юм болохгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: БиБиСи - Спорт