by Жавхлан » Thu Jun 28, 2007 6:50 pm
Ц.Баярсайхан: АНУ-ын шигшээ багт ажилласан
“Хангай” клубийнхэн хичээллэх цагаар Спортын төв ордны чөлөөтийн танхимд орох бүр нэг шөрмөслөг залуу өсвөрийн бөхчүүдийг дасгалжуулж байх. Харин олимп, дэлхийн хүрэл медальт гавьяат тамирчин Д.Оюунболд агсан бэлтгэлжилтийн байдлыг хянаж зогсохдоо баргил хоолойгоор зааварчилгаа өгч, баялаг дадлага туршлагаасаа харамгүй хуваалцдаг байв.
Тийн намайг очих бүр Ооёо багш сэтгэл зүрхээ нээн ярилцдаг байсан бөгөөд тэр болгондоо нөгөө шөрмөслөг залуугийн тухай яриа дэлгэдэг байлаа. “Энэ л миний школоор яваа хүүхэд. Миний дасгалжуулах арга барилыг өвөлж байгаа ганц хүн дээ” хэмээн магтаалын үг хэлэхдээ түүнийг дуулчих вий гэсэн шиг дуугаа намсгадаг байж билээ. Тэр цагаас хойш Цэрэндалайн Баярсайханыг мэддэг болж, их хүний гарын шавь багшийнхаа өвлүүлсэн школийг хэрхэн үргэлжлүүлэх бол хэмээн битүүхэндээ харж явдаг болсон юм.
Баяраа “нэртэй хүний зүстэй шавь” гэдгээ хэдэн жилийн өмнөөс олондоо харуулж эхэлсэн билээ. Багшийнхаа хамтаар дасгалжуулагчаар ажиллахдаа “Хангай” клубээ өсвөрийн улсын аваргаар зургаа, залуучуудынхад дөрвөн удаа дараалан түрүүлүүлж гайхамшигтай амжилтад хүрсэн юм. Улмаар Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багшлахын зэрэгцээ нэг үе оюутны эрэгтэй шигшээ багийг дасгалжуулж дэлхийн аварга болсон.
Тэгвэл тэрбээр саяхан АНУ-аас ирлээ. Чөлөөт бөхийн хөгжлөөр дэлхийд толгой цохидог тус улсын шигшээ багт ажиллан, шилдэг дасгалжуулагчдын арга барилаас суралцаж, шижигнэсэн америк бөхчүүдийн барилдааныг судлах ховорхон боломж тохиосон тул Колорадо-Спрингс хотод гурван сарын турш номын дуу сонсов. Гэвч хүний газар харь улсуудтай туршлага солилцож байх хойгуур нь аав нь бурхан болж, түүнд том гарз тохиожээ. Мэдээж далай алгасан одож, далан хэдэн мянган километрт алслагдсан түүнд хүнд байсан.
“Аавтайгаа уулзаж чадсангүй дээ” хэмээн халаглаж буцахаар зэхэх тэр үед ээж нь “Миний хүү, зорьсон ажлаа дуусгачихаад ирвэл аавдаа барьсан том бэлэг болох биш үү” гэсэн энэрэлт эхийн ухаантай үг хайрласнаар Баяраа Спрингс хот дахь сургалт, дадлагажилтаа үргэлжлүүлсэн байна. Тэрбээр хүнд үед хүнлэг чанар гаргаж чаддаг америкчуудын сэтгэлийг магтаж байлаа. Үндэсний олимпийн хорооных нь шугамаар дээрх гунигт мэдээлэл бүхий факс ирэхэд АНУ-ын ҮОХ-ны олон улсын стратеги, хөгжлийн асуудал хариуцсан захирал Драгомир Киорослан тэргүүтэй албаны хүмүүс болоод ерөнхий дасгалжуулагч Кевин Жексоноор ахлуулсан шигшээ багийнхан түүнд сэтгэлийн дэм өгч байжээ.
-Колорадо-Спрингс хот Америкийн спортын төв гэх юм билээ. Газар дээр нь очсон хүний хувьд тус хот болон тэнд байрлах спортын цогцолборынх нь тухай манай уншигчдад тодорхой ярьж өгөөч?
-Би МҮОХ-ны шугамаар Америкийн чөлөөт бөхийн шигшээ багт дасгалжуулагчийн сургалтад хамрагдлаа. Үүний ачаар маш их зүйл сурч мэдэж авсан. Спрингс хот хэмжээгээрээ томгүй юм билээ. Олимпийн хөтөлбөрт багтдаг бүх төрлийн тамирчид тэнд цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг юм байна лээ. Бүх төрөл өөр өөрсдийн заал танхимтай. Чөлөөт бөх л гэхэд гурван дэвжээтэй байх жишээтэй.
-Америкийн чөлөөт бөхийн нэгдүгээр шигшээтэй ажилласан уу?
-Тийм. Ахлах дасгалжуулагчаар дэлхийн хошой олимпийн аварга Кевин Жексон, туслахаар дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Терри Брэндс ажиллаж байна лээ.
-Америк дасгалжуулагчдын арга барил юугаараа онцлогтой байна?
-Бөхчүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийлгэдэг. Мөн маш өндөр ачаалалтай барилдуулдаг юм байна. Тэмцээн хол үед 45 минутаас нэг цагийн хугацаанд тасралтгүй барилдуулдаг. Дунд нь түр завсарлагаа өгч, ус уулгаад буцаагаад ноцолдуулчихна. Харин тэмцээн ойртсон тохиолдолд богино цагаар барилдуулдаг.
-Манайд хэдэн минут барилдуулдаг вэ? Дээрх маягаар бэлтгэл хийлгэвэл ачааллаа даах болов уу?
-Манайд 18 минут л барилдуулдаг болохоор энэ системд шилжвэл бөхчүүд долоо хоногийн дараа л ядаргаанд орно. Бидэнд барилдааны бус олон асуудал байдаг нь сөргөөр нөлөөлж таарна. Хамгийн наад захын жишээ л гэхэд бөхчүүд гэрээсээ бэлтгэлдээ явдаг, гэртээ очоод хоолтой хоолгүй хонодог гэх зэрэг юм. Ядаж л явдалдаа ядарчихна. Гэтэл америкчуудын хангамж гэж үнэхээр гайхамшигтай. Бөхчүүд зөвхөн барилдаанаа л бодно. Бусад асуудал бол тэдний бодох зүйл биш. Бэлтгэлээ хийлээ, гүйцээ. Амрах, тэнхрэх нөхцлөөр тэд бүрэн хангагдсан.
-Тэд бэлтгэлээ ямар журмаар хийж байна?
-Өдөрт хоёр удаа хоёр цагаар бэлтгэлээ хийнэ. Гэхдээ барилдаан, хүчний, хурдны гэсэн янзаар сургуулилдаг. Хурд, хүчнийхийгээ мягмар, пүрэв гаригийн өглөө 8-10 цагт хийдэг. Тэд хүчний бэлтгэлээ маш гоё хийдэг юм байна. Манайхан түүнийг хийх гэж нэг, хоёр сар барилдахгүй амардаг бол америк бөхчүүд өглөө нь хүчний бэлтгэл хийнэ, өдөр нь барилдаад байж байдаг. Барилдааны хувьд манайхаас ялгаатай нь дандаа дайрч, довтолж барилддаг. Өөрсдөө ч спортын хортой, шартай юм. Хэлээ сайжруулж, дасгалжуулалтад сурахын хажуугаар барилдаанд нь оролцоод явсан чинь би хүртэл сайжирч байна лээ. Тиймээс тэдний адил хангамж, бэлтгэх нөхцөл бололцоотой бол манайхан илт сайжрах боломжтой.
-Дасгалжуулагчид нь техник, мэх зэргийг хэр зааж өгч байна?
-Тэнд байхдаа анхаарч авсан нэг зүйл бол бөхчүүдийн холбоос мэх хийх. Тэр талдаа тэд үнэхээр гаршсан байна лээ. Манайхан л бөхчүүддээ мэх заагаад зогсч байдгаас тэнд тийм зүйл байдаггүй юм байна. Бөхчүүд нь 10-20 жил мэх, техникт суралцчихсан болохоор тэгж хэлүүлээд ч байхгүй. Дасгалжуулагчид тэдэнд барилдааны үед гаргасан алдааг нь хэлж, залруулж өгдөг. Үүний тулд том дэлгэцтэй зурагт ашиглан сургалт явуулж байна. Барилдаж дууссан бөхийг шууд л зурагтын өмнө суулгаад тэр бүгдийг хэлж өгч байсан.
-Бөхчүүд нь бэлтгэлийнхээ зохион байгуулалтад хэр хангалуун байдаг гэцгээж байна?
-Сэтгэл дундуур гэж гомдоллосон нэг ч хүнтэй таараагүй. Ажиллаж чаддаг, амарч сурсан хүмүүс байна лээ.
-Эмнэлэг, лабораторийн ажиллагааны талаар яриач?
-Тэнд дусал хийлгээд, эм ууж байгаа нэг ч бөх байхгүй. Бэртэл, гэмтлийг голдуу мөс тавьж эмчилж байна лээ. Бөхчүүдийг витаминжуулах процессыг эмч нар нь зөвхөн хоол, ундаар дамжуулан хийдэг. Нэг эмч ирээд чи яаж байна гэж гүйдэг, эсвэл дасгалжуулагч нь бөхөө дагуулаад эмнэлэгт очдог асуудал байдаггүй юм байна. Бүх бөхчүүд хариуцлагаа ухамсарладаг. Энэ ч үүднээс хэрэгтэй үед өөрсдөө эмч дээрээ очоод шаардлагатай зүйлээ хэлдэг.
-Тэнд очиход тань тодорхой тооны бөхчүүд хүлээлгэж өгсөн гэсэн үү? Тэднийг өөрөө бие дааж дасгалжуулсан хэрэг үү?
-Надад хариуцуулсан 5-10 хүнээ ахлах болон туслах дасгалжуулагчдын зааварчилгаа дор дасгалжуулдаг. Гэхдээ бөхчүүдийн ажлын үзүүлэлт надаас хамаарах тул тэдэнтэй хэр ажиллаж, ямар үр дүн гаргаснаар нь ОУОХ, FILA-гийн төлөөлөгч надад үнэлэлт дүгнэлт өгдөг. Сургалтын төгсгөлд мөн шалгалт авсан.
-Шавь нараа хэдэн тэмцээнд оролцуулсан бэ?
-Намайг байх үед залуучуудын болон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох сонгон шалгаруулах тэмцээн болоход дасгалжуулагчаар ажилласан. Дээрх тэмцээнүүд дөхөхийн алдад Америкийн өнцөг булан бүрээс бөхчүүд Спрингс хотод ирсэн. Том тэмцээний өмнө тэд ийм байдлаар хамтарсан цугларалтад гардаг юм билээ. Түүнээс энгийн үед 30-40 хүн л тэнд бэлтгэлээ байнга базааж байдаг.
-Дээрх тэмцээнээс содон санагдсан зүйл байна уу?
-Бөхчүүдийг хуваарилах байдал их ардчилсан шинжтэй болдог юм байна лээ. Бүх дасгалжуулагчид, хамтдаа сууж байгаад хэн гэдэг бөхийг аль бүст оруулах вэ гэдгээ шийддэг. Тэгэхдээ холбооноосоо гаргадаг бөхчүүдийн чансааг харгалзаж үзнэ. Тэгж ярилцаж байхдаа хүн бүрийн саналыг авч, зөвшөөрч байгаа эсэхийг нь асуудаг. Түүнээс биш би ийм тэмцээнд түрүүлсэн аварга, тэгэх ёстой ч гэх юм уу, эсвэл энэ миний шавь гээд л хэн нэг нь цааргалсан асуудал гардаггүй юм билээ.
-Тэмцээний дүрэм нь олон улсын жишгээс өөр үү?
-Бөхчүүдээ хоёр хуваагаад хасагдах журмаар барилдуулчихдаг. Гэхдээ аваргын төлөө хоёр барилдаан хийлгэдэг. Тэнцсэн тохиолдолд нэмж нэг барилдуулна. Тэр барилдаанд ялсан нь ДАШТ-д оролцдог журамтай. Тухайлбал, 66 кг-д ноднин дэлхийн аварга болсон Билл Задик хэн ч мэдэхгүй залууд ялагдаж дээрх тэмцээнд явах эрхгүй болсон.
-Цугларалтад байгаа бөхчүүдэд чөлөөт цаг хэр олддог юм бэ?
-Бямба, ням гаригт тэд чөлөөлөгддөг болохоор гэртээ харих нь харьж, байрандаа үлдэх нь үлддэг. Чөлөөт цагийг зугаатай өнгөрөөх арга хэмжээ элбэг болдог болохоор бөхчүүд уйдах заваар маруухан байдаг юм билээ.
mongolnews.info
★★MIA SAN MIA★★