Америкчууд өөрсдийн гэсэн онцлогтой хүмүүс. Тэд өөрсдийн зохиосон америк хөлбөмбөг хэмээх спортоо хамгийн шилдэг спорт хэмээн үзнэ. Тэд энэ спортоо үзэж цэнгэлийн манлай эдэлнэ. Бүтэн улирлын дараа Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн тэмцээний шигшээ тоглолт нь үндэсний баяр болно.Үзүүр түрүүнд үлдсэн багууд хоёр долоо хоногийн өмнөөс тодорсны дараачаас бүхний яриа Супер Боул руу чиглэнэ. АНУ-ын бүх хүн ам Супер Боул болох газар руу анхаарлаа хандуулж, шигшээ тоглолтын тасалбарын үнэний мэдээлэл хөвөрч, энэ үеэр гарах телевизийн рекламууд ямар байх талаар сэтгүүлчид тагнаж, пиццаны эрэлт хэдэн арав дахин ихэснэ гээд Супер Боулыг дагаж гарах сонирхолтой зүйлүүд их болно оо.
Энэ жилийн 44 дэх удаагийн Супер Боул нарлаг Флоридагийн үзэсгэлэнт Майами хотод боллоо. Шигшээ тулаанд хэдхэн жилийн өмнө Катарена хар салхинд сүйдэж дэлхий дахиныг гашуудуулж байсан Нью Орлеанс хотын Сэйнтс баг, бүх цаг үеийн шилдэг дамжуулагчдын нэг Пейтон Мэннингээр удирдуулсан Индианаполис Кольтс багууд шалгаран үлдсэн юм.
Про Боулын өөрчлөлтСупер Боулаас долоо хоногийн дараа Хавай арал дээр Бүх Оддын тоглолт буюу Про Боул зохион байгуулагддаг байсан. Энэ жилээс энэхүү уламжлал эвдэгдэж долоо хоногийн өмнө Майами хотноо зохион байгуулагдлаа. Хоёр конференцийн шигшээ багийн тулааныг анх удаагаа Хавайгаас өөр газар, түүнчлэн долоо хоногийн өмнө зохион байгуулсан нь хэд хэдэн онцлогтой. Энэ долоо хоногт АНУ-ын хувьд спортын арга хэмжээгээр арвин бөгөөд тэдэнтэй давхцуулахгүй хэмээн энэхүү хуваарийг зохиожээ. Өвлийн олимп эхэлж олны анхаарал тийшээ чиглэнэ, НБА-ийн Бүх Оддын тоглолт Далласт болно, өөрсдийн хамгийн их үздэг Дэйтонагийн авто уралдаан, нэмээд хайрт хосуудын Валентиний баяр гээд ёстой юм юм дахцсан өдөр зохиохоос татгалсан нь энэ буй за. Про Боулд AFC коференц 41-34 ээр NFC-ээ хожжээ.
2010 оны Супер Боул түүхэн дэх хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэгНью Орлеан Сэйнтс, Индианаполис Кольтс багуудын тоглолтыг нийт 106,5 сая үзэгчтэй байжээ. Энэ нь Нэгдсэн Улсын түүхэнд хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг болсон байна. Тэртээ 27 жилийн өмнө M*A*S*H хэмээх телевизийн цувралын сүүчлийн ангийг 105,97 сая үзэгч үзэж байсан рекорд ийнхүү эвдэгдлээ. Түүнчлэн спортын нэвтрүүлэг анх удаа 100 сая үзэгчийн босгыг давжээ.
Рекламны ханш 30 сек=2,8 сая долларНэгэнт хамгийн их үзэгчтэй тул нэвтрүүлгийн дундуур ямарваа нэг байгууллага өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлахыг зорьж таараа. Жил бүр Супер Боулын өмнө рекламны ханш ямар үнэтэй байх бол, ямар ямар сонирхолтой рекламууд гарах бол гэсэн хүлээлт үүсч байдаг. Энэ жил 30 секунд рекламны үнэ 2,8 сая ногооны үнэ хүрчээ. Өнгөрсөн жил 3 саяын ханштай байсан гэнэ. Зарим нэг сонирхолтой сурталчилгаануудыг та бүхэндээ үзүүлж байна.
Тоглолтын үеэрх шоуТоглолт эхлэхийн өмнө Кэрри Андервуд, Күин Латифа нар дуулсан. Харин тоглолтын дундуур Америкийн хамгийн том шоунуудын нэг болдог. Жил бүр өөр өөр хамтлагууд гарч ирж тоглолтоо хийдэг. Та бүхний сайн мэдэх Жанет Жексон, Жастин Тимберлейк нарын скандал энэ шоуны үеэр л болсон.Энэ жилийн хувьд манай дунд үеийнхний сайн мэдэх, олон сайхан дуунуудаараа танил болсон The Who хамтлаг шоуг цэнгээлээ. Who are you, Pinball Wizard гээд сайхан дуунуудаа дуулсан. Миний хувьд Британий домогт хамтлагийг mp3-аар л байнга сонсдогоос биш хөгширсөн тэднийг тайзан дээр хуучин шигээ дуулж байгааг харахад сайхан байлаа.
Нью Орлеанс Сэйнтс анх удаагаа түрүүллээУлирлын тоглолтонд конференцдээ тэргүүн байранд бичигдсэн хоёр баг Супер Боулд тунан үлдсэн нь сүүлийн 16 жилд болоогүй тохиолдол байлаа. Нью Орлеанс Сэйнтс анх удаагаа шигшээд шалгарч буй бол Кольтс дөрөв дэхээ шалгарсан юм. Олонх хүмүүс, бооцоо тавигчид Кольтсийг хожино хэмээн таамаглаж байсан. Харин тоглолт төсөөлж байгаагүйгээр сонирхолтой болсон юм.
Нэгдүгээр үед ч яг олонхийн бодож байсан шиг Кольтс санаачилгыг авч 3 оноог өшиглөж авсан бол түүний дараа Пейтон Мэннинг, Жосеф Аддай нарын хослол гайхалтай ажиллаж тоог 10-0 болгосон .
Хоёрдугаар үед байдал Сэйнтс арай давуу болсон. Тэд бүр 3 ярд хүртэл ойртож чадсан ч Кольтсийн хамгаалалт сайн байж тачдаун хийлгээгүй билээ. Гэхдээ Гаррет Хартлигийн хоёр ч удаагийн өшиглөлтөөр тэд 6 оноог авч тооны харьцааг 10-6 болгосноор нэгдүгээр хагас өндөрлөсөн.
Гуравдугаар үед хоёр баг харилцан нэг нэг тачдаун хийж, Сэйнтс нэг цохилт гүйцэтгэн 17-16-ийн харьцаатай болсон юм. Энэ үеийн эхэнд Сэйнтс шууд цохилт хийж тоглолтыг эхлүүлсэн нь олон хүний гайхлыг төрүүлсэн. Супер Боулын түүхэнд 4-р үеэс өмнө ингэсэн анхны тохиолдол болжээ.
Дөрөвдүгээр үе бүхэлдээ Сэйнтсийнх байлаа. Индианаполис 33 ярд хүрсэн ба Стовер цохилтоо алдсанаар Сэйнтс тун ашигтай байрлалд бөмбөгийг эзэмшиж эхэлсэн билээ. Энэ үед куортербак Дрю Брис гайхалтай довтолгооныг удирдаж тачдаун хйисэн юм. Энэхүү довтолгоонд 7 ч тоглогч оролцжээ. Сэйнтс 24-17-оор тэргүүлж эхэлсэн. Үүний дараа Пейтон Мэннэнгийн дамжуулалтыг мөн тасалснаар тоог 31-17 болгож Нью Орлеанс Сэйнт анх удаагаа Супер Боулд түрүүллээ.
39 дамжуулалтынхаа 32-ыг оновчтой болгож, 288 ярд бөмбөгөө дамжуулсан Дрю Брис MVP боллоо. Нью Орлеанс хотын баг түрүүлсэн нь Америк даяар баяр хөөр авчрав. Хар салхинд нэрвэгдсэн хотын баг түрүүлсэн нь тус хотын олон мянган хүмүүст баяр баяслыг юу юунаас илүү авчирж буй нь тодорхой.
NFL МОНГОЛДМонголд америк хөлбөмбөг сонирхогч залуучууд олон бий. Тэд хэдийгээр энэхүү спортод дуртай ч монголын нөхцөлд үзнэ гэдэг бэрх. Гэхдээ одоо зөвхөн интернэтээр хараад байдаг үе өнгөрчээ. Дижитал кабелийн MNBC компаний үзүүлдэг ESPN сувгаар америк хөлбөмбөгийн улирлын болон плей-оффын тоглолтууд гарч байгаа нь сайхан хэрэг болж байна. Өнгөрсөн жил Grand Khan Irish Pub-т америк хөлбөмбөгт сонирхолтой хүмүүс нийлэн супер боулыг анх удаагаа нэгдсэн журмаар үзүүлсэн. Grand Khan Irish Pub, MNBC кабелийн телевиз, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зэрэг хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байв. Анхны үйл ажиллагааны талаар CNN-ээр хүртэл цацагдсан. Харин энэ жилээс өнгөрсөн жилийн зохион байгуулагчидтай хамт Монголын Америк хөлбөмбөгийн холбоо нэгдэж хоёр дахь арга хэмжээг зохион байгууллаа. Хэдийгээр цагийн зөрүү монголд үзэх боломжийг хязгаарладагч энэ гайхалтай арга хэмжээг Айриш Пабд үзэхээр олон хүн цугласан байлаа.
sportnews.mn