Эдинсон Каванигүй Наполи хэр хол явах вэ ?Сүүлийн 3 жилд анх удаагаа Наполи шинэ улирлыг Эдинсон Каванигүйгээр эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн гурван жилд Кавани хэний ч мэдэхгүй Уругвай залуугаас дэлхийн хэмжээний топ довтлогч болж чадсан. Тэрээр “Аззурри”-г дахин Сери А лигийн аваргын өрсөлдөөнд эргэн ирэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг.
Тэрээр Сан Паулуд тоглох хугацаандаа бүх тэмцээнд 138 тоглолтонд 104 гоол оруулсан юм. Гэхдээ Италийн хөлбөмбөгийг нөмрөөд чамгүй удаж байгаа санхүүгийн асуудал Наполигийн ерөнхийлөгч Аурелио Де Лаурентист сонголт үлдээсэнгүй.
Тэрээр PSG-гийн тавьсанөндөр хэмжээний саналыг тэрээр хүлээж авсан юм.
Гэхдээ Де Лаурентис маш ухаалаг ажилласан. Өнгөрсөн улиралд Кавани гэрээгээ сунгахад тэрээр 63 сая еврогоор гэрээг цуцлах нөхцлийг оруулж өгсөн.
Хөлбөмбөгийн зах зээл хаашаа эргэж байгааг "кино найруулагч" нилээн эртнээс анзаарсан бололтой. Энэ зуны наймааны цонх нээгдсэн даруйд Челси, Реал Мадрид зэрэг багууд Каваниг авах хүслээ илэрхийлж байсан боловч 63 сая шууд хармаанаасаа гаргаад өгчихөж чадсангүй.
Тэднийг ийнхүү дүлэгнэж байх хооронд PSG –гийн эзэд өмнүүр нь орчихсон. Бүх зүйл Де Лауринтисийн төлөвлөснөөр боллоо. Тэд Каванигийн ур чадварыг хангалттай ашигласнаас гадна хөлбөмбөгийн түүхэнд 5-т бичигдэх өндөр үнээр “Эль Матадор”-ыг явууллаа. 63 сая евро бол ухаалаг ашиглавал хэд хэдэн топ тоглогч авчирах хэмжээний мөнгө.
Мэдээж хэрэг эхний ээлжинд Каванигийн үлдээсэн том “хар нүх”-ийг бөглөх шаардлага тулгарлаа. Нилээд олон довтлогчдын нэр яригдаж байсан боловч эцэст нь Гонзало Игуайныг сонгосон юм.
Эзэн хааны багт тоглох хугацаандаа өөрийгөө харуулсан Аргентин тоглогчыг 37 сая еврогоор авчирсан. “Пипа” Каванигийн үлдээсэн байран дээр тоглох нь ойлгомжтой.
Довтолгооны шугаманд түүнд туслах Горан Пандев, Лоренцо Инсинье, Дрис Мертенс гэсэн залуучууд байгаа. Сүүлд нэрийг нь дурьдсан шинэ Бельги тоглогчын хувьд PSV-гээс ирсэн бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 86 тоглолтонд 45 гоол оруулжээ. Мөн шигшээ багтаа 19 тоглолтонд оролцож 2 гоол оруулаад байгаа өсөн дэвжиж буй буй залуу од.
Бас арын шугам ч гэсэн муугүй хүчирхэгжсэн. Пэпэ Рэйна Ливэрпүүлээс зээлээр ирснээр нас нь явж буй Морган Де Санктис Рома руу шилжиж зайгаа тавьж өгсөн.
Валтер Маццариг даган Интер луу хүлгийн жолоо залсан Уго Кампаньярогийн зүүн талд үлдээсэн орон зайг нөхөхөөр Раул Албиол Реалаас мөн ирсэн байна. Ямартай ч эдгээр өөрчлөлтүүд клубыг өнгөрсөн жилийн түвшингээс доошлуулахгүй нь ойлгомжтой. Эерэгээр бодвол нэг шат дээшилсэн.
Цаасан дээр Наполигийн асуудал шийдэгдсэн юм шиг харагдаж байгаа боловч тодорхойлох асуудал цөөнгүй байна. Юуны түрүүнд Маццаригийн Наполигоос - Бенитезийн Наполи болох шинэчлэлт хэр удаан үргэлжлэх вэ ?
Маццаригийн 3-5-2 систэм Сери А-г түймэр адил нөмөрч ихэнхи багууд ашиглах болсон. Аварга болсон Ювентус хүртэл энэ тактикаар тоглож гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.
Одоогийн Наполи Рафаг ямар ч тактик гаргаж ирсэн түүнд нь хурдан дасан зохицох хэрэгтэй. Багийн ерөнхий тулгуур иймэрхүү шалгуурыг давах хэмжээний даацтай харагдаж байгаа. Гагцхүү Рафа зөрүүд аашилж, тоглогчдод огтхон ч тохирохгүй тактик хэрэглэн мугуйдлахгүй бол асуудал гарахгүй байх. Хэдэн жилийн өмнө Жиан Пьеро Гасперинигийн алдааг давтахгүй гэж найдая.
Наполигийн хамгийн том асуудал бол “багийн тэнцвэр”.
Жилийн өмнө Кавани Наполигийн лигт оруулсан 73 гоолын 29-г нь ганцаараа оруулсан. Хувиар тооцвол 39.7 гэсэн үг.
Каванигаас гадна 7-гоос дээш гоол оруулсан ганцхан тоглогч байгаа нь Марек Хамшик. Түүний дараа багийн мэргэн буучдын жагсаалтанд Горан Пандев бичигдэж байна. Гэхдээ дөнгөж 6 гоолтой. Багийн нийт бүрэлдэхүүнээс ердөө 11 нь гоол оруулжээ.
Харин Ювентус эсрэгээрээ 13 тоглогч нь гоол оруулсан бөгөөд 10-аас дээш гоол оруулсан тоглогч байхгүй. Артуро Видаль, Клаудио Маркизио нар довтлогч нарынхаа сул талыг нөхөж гоол оруулах үүргийг гүйцэтгэж байснаараа Наполигоос ялгаатай. Нэг тоглогчоос шалтгаалахгүй гэсэн үг.
Өнгөрсөн улиралд Наполигийн өрсөлдөгчид Каваниг хэрхэн зогсоох тал дээр гол анхаарлаа хандуулж байлаа. Өвлийн амралт дуусаад 2 сараас 3 сарын хооронд Кавани 6 тоглолтонд гоолдож чадаагүй. Энэ хооронд Наполи 1 хожил 4 тэнцээ 1 ялагдал хүлээж ердөө 4-хөн гоол оруулсан. Ювентус ч тэдний бүдрэлтийг сайн ашиглаж онооны зөрүүг холдуулж чадсанаар нилээн эрт аваргын болзлоо хангасан юм.
Игуайныг шилдэг довтлогч гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Ла лигээс , Сери А-д ирсэн анхны жилээ Наполид Каванигийн адил үүрэг гүйцэтгэнэ гэхэд хэцүү.
Тэгэхээр Игуайныг ачааллыг залуу Лоренцо Инсиньтэй хамт үүрүүлэх нь зөв сонголт. 22 настай залуу түрүү улиралд чамгүй сайн дамжуулагч гэдгээ харуулсан. Гэхдээ 2 жилийн өмнө Пэскарад оруулсан 18 гоолыг нь бодох юм бол бас сайн мэргэн бууч болох төлөвтэй. Одоо ид үедээ яваа түүний хувьд Игуайн дээр ирэх дарамт шахалтыг үүрэлцэх хамгийн боломжтой тоглогч. Хүн болгон Игуайнаас Каванигийн адил 29 гоолыг хүлээж байгаа нь дамжиггүй.
Хамгийн сүүлийн шалгуур бол Аваргуудын лигтэй зохицох. Мягмар, лхагва гаригт тоглох нь ямар ч байсан пүрэв гаригаас дээр. Гэхдээ Италийн клубууд ихэнхидээ Европын лигт ач холбогдол өгдөггүй. Үүнд шагналын мөнгө, нэр хүнд гээд олон шалтгаан нөлөөлдөг буйза. Харин Аваргуудын лигт ингэж хайнга хандах утгагүй учраас долоо хоногтоо нэг удаа бүх хүчээ Аваргуудын лигт хаяхаас өөр замгүй.
Хоёр жилийн өмнө Валтер Маццари Аваргуудын лиг тоглогчдыг нь хэрхэн тамирдуулж байгаа талаар гомдоллож байсан. Улмаар түүний баг улирлын 2-р хагас утгаараа сүйрч байсан юм. Гэхдээ Рафа Бенитез Ливэрпүүлтэй хамт Аваргуудын лигт түрүүлж байсан учраас багаа Европын тэмцээнд хэрхэн зөв удирдах талаар Маццаригаас давуу мэдлэгтэй байх нь дамжиггүй.Наполигийн ихэнхи тоглогчид Европын тэмцээний утаа үнэрлэсэн хашир туршлагатай залуус.
Ерөнхийдөө Наполигийн хүч өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү гэхээс биш дордсон юм байхгүй. Харамсалтай нь Ювентус ч бас зүгээр суугаагүй. Адилхан хүчээ зузаатгасан багуудд олон байгаа учраас дүндээ л дүн болж байна.
Рома, Лацио, Фиорентина гээд Аваргуудын лигийн эрхийн төлөө санаархагчид олон байгаа. Интер, АС Милан гэсэн “гигант”-ууд урьдын адил гол зорилгоо Скудеттогийн төлөө тавьж байна.
Хэдийгээр фэнүүдийн үлдээхийг хамгийн ихээр хүсч байсан Эдинсон Каваниг алдсан боловч Наполи хангалттай хүчээ зузаатгасан учраас тэднийг аваргын төлөөх гол өрсөлдөгчид энэ жил дахин нэрлэж байна.