by Gunnerz » Wed Jul 31, 2013 5:07 pm
Та дуртай нэвтрүүлгээ үзэхийн тулд мөнгө төлнө. Түүний хариуд сэтгэлийн таашаал авна. Энэ ямар теорем бэ? Ямбалах дуртай баячуудын үйлдэл үү, эсвэл хэн, хэнийхээ эрх ашгийн дунд зах зээлд тэсч үлдэх гэсэн оролдлого уу? Хариуг хэн, хэрхэн хүлээж авахаас шалтгаалах нь мэдээж. Бодоод үзье. Та маш өндөр үнээр нэг компьютер авлаа гэж саная. Түүнийг хэн нэгэн хүрч ирээд ямар ч мөнгө төлөхгүй хамт хэрэглээд байж. Энэ хооронд та тухайн хүнээс хөлс мөнгө аваагүй л бол ямар ч ашиггүй шүү дээ. /тоглоомын газар ажиллуулдаг бол өөр хэрэг л дээ/ Яг түүнтэй адилхан. Гэхдээ Монголд телевизийн зах зээл бүрэн утгаараа хөгжиж, ашиг олохгүй л бол тэсч үлдэхгүй байгаа юу? Мөнгөө төлөөд үзэх тийм цаг Монголд ирсэн үү...
Мөнгөө төл, тэгээд үз
Яг одоо ийм тайлбарыг монголын SPS суваг хийж байгаа. Тэд юу үзүүлэх гээд байгаа вэ гэж үү? Монголчуудын хамгийн их хорхойсдог Английн премьер лигийг. Тэд дуу дүрсний өндөр чанар, кабелийн суваг хуулахгүй үзүүлнэ гээд аль хэдийнэ рекламаа түгээгээд эхэлчихсэн.
SPS-ээр ПЛ үзсэнээр давуу талууд нь юу гэж?
HD форматаар 380 тоглолтыг шууд үзнэ /Өмнө нь SD форматаар 114 тоглолт байсан/
Нэгэн зэрэг 4 тоглолтыг шууд хүлэн авч үзнэ /Өмнө нь 1 тоглолт байсан/
Премьерлигийн тусгай суваг үзүүлнэ /Өмнө нь байгаагүй/
Цэвэр дүрс үзнэ /Өмнө нь ESPN, FOX Sports үздэг байсан/
Багуудын тусгай сувгийг үзүүлнэ /Өмнө нь байгаагүй/
Гадны томоохон спортын тэмцээнүүдийг зөвхөн АЛБАН ЁСНЫ ОНЦГОЙ эрхтэйгээр хүргэнэ. Үүнд: Теннис, сагс, хоккей, хөнгөн атлетик, авторалли г.м. төрлүүдийн том тэмцээнүүд орно. /Өмнө нь байгаагүй/
Энэ бол спортын сэтгүүлч Э.Амарсайханы facebook хуудсандаа бичсэн нийтлэлийн төгсгөл. Албан ёсны онцгой эрх гэдгийг тодотгосон байгааг сануулъя.
Телевизийн зах зээл хөгжөөд бидний тоосондоо үлдээсэн гадны орнуудад мөнгөө төлөөд үз буюу Pay Per View үйлчилгээг нэвтрүүлдэг. Тэд нэг ёсондоо албан ёсны эрхтэй жинхэнэ нэвтрүүлгийг үзэгчдэд хүргээд мөнгө авдаг. Харин Монголын телевизүүд чадах уу? Гаргалгааг нь гаргах гээд оролдоцгооё. Монгол шиг жижиг улсын хувьд дэлхийн хамгийн их үзэгчтэй лиг бол том загас. Энэ загасны шалгуур, үнэ цэнэ нь мэдээж манай зах зээлээс хамаагүй том “юм” байж таараа. 180 мянган ам.доллараар бид юу үзэж болох вэ? Яг энэ үнээр бид хэдэн тоглолт үзэх вэ? Хэрвээ бүх тоглолтыг үзье гэвэл дор хаяж 200 сая доллар хэрэгтэй болно гээд цагаанаар хараар биччихэж. Сингапур болоод Хонг Конгод тогтсон ханш нь ийм л байгаа. SPS-ийн хэлээд байгаачлан 380 тоглолт, цэвэр дүрс, нэгэн зэрэг дөрвөн тоглолт үзэх эрх гээд л... Гэхдээ бид яг үүнийг хүлээн авч үзэж чадах уу? Энэ бас л асуулт.
Тэгвэл бид энэ бүх шалгуур шалгуур шаардлагыг хангасан гэж үү? Үзэгчид нь ч үүнд дуртай байдаг. Тэгвэл Монголд бид жинхэнэ шууд цацалтыг үзэх үү, баримтыг хараад л үзье. Эрхэм уншигч та яг одоо Премьер лигийн хуудас руу ороод Broadcasters цэсэн дээр дараад үз. Монголд ямар сувгаар үзэж болох вэ? гэж хайхад ESPN, Sky Sports л гэж гарч ирнэ. Яагаад бидэнд онцгой эрхтэйгээр үзүүлэх гэж байгаа SPS гарахгүй байна вэ гэж гайхаж байж болох. Учрыг нь ойлгоод байх юм байхгүй. Яагаад гэвэл дамлаад авчихсан учраас. Английн Премьер лигийн шууд дамжуулах онцгой эрх нь бидний зүүдлээд ч олохгүй мөнгө байдаг учраас бусад оронд үүнээс бага үнээр дамладаг. Жишээ сонирхоё л доо. Хонг Конг 118 тоглолтыг дүрсний өндөр нягтралтайгаар хүлээж авахын тулд 200 сая ам.долларыг төлж байгаа. Албан ёсны онцгой эрх гэсэн тодотголтой хоёр телевизийн суваг тус лигийг дамжуулдаг. Нэг нь BT Vision суваг 738 сая фунтыг төлөөд лигийн 38 тоглолтыг үзүүлнэ. Нөгөө нь Sky Network тэд 2,3 тэрбумыг төлөөд лигийн 116 тоглолтыг үзүүлнэ. Энэ хоёр суваг нийлээд гурван тэрбумын үнэ цэнээр ийм л тоглолтыг үзүүлж байгаа. Учир нь, цэнгэлдэхийн дүүргэлтээ бодож үзээд ийм л лимитийг тогтоосон байх нь. Харин гадны улсуудад бол өөр. Харин АНУ-д NBC 250 сая ам.доллароор бүх тоглолтыг үзүүлэх гэж байгаа. Хонг Конг болон Сингапурчүүд 200 сая ам.доллароор энэ улирлыг үзүүлэх гэж байна. Яг “SPS”-ийн дуугараад байгаа шиг бүх тоглолт, чанартай дүрс, татсан элдэв янзын зүйл байхгүй гэдэг шиг.
Гэтэл бид дахиад л хүний сувгаар цацсан тоглолтыг үзэх нь. Өмнө нь бид нүнжигтэйхэн шиг “хулгайлдаг” байсан. Арай хатуугаар хэлбэл шүү дээ. Хүний юмыг бидэнд үнэгүй үзүүлдэг “шилийн сайн эр” шиг байсан гэхэд хилсдэхгүй. Одоо бол бид хүний юмыг үнэтэйгээр үзэхээр болж байна.
Pay Per View гэж юу юм бэ?
Pay Per View /PPV/ энэ ойлголт гадныхан тийм ч сонин содон ойлголт биш. Нэг ёсондоо та дуртай нэвтрүүлгээ үзэхийн тулд мөнгө төлөх хэрэгтэй болно гэсэн үг. Хэрвээ та тэр нэвтрүүлгийг газар дээрээс нь чанартайгаар үзэхийг хүсээд, дээрээс нь халаасанд чинь хэдэн төгрөг байх юм бол ямар ч асуудал байхгүй. Үүнээс тодорхой харагдаж байгаа байх Английн премьер лиг бол дэлхийн хамгийн үзэгчтэй лиг. Нэг ёсондоо маш том бренд. Тиймээс шалгуур шаардлага нь ч өндөр байх нь ойлгомжтой. Тийм өндөр үнээр цацах эрхээ авсан телевиз ашгаа эргээд юугаар нөхөх вэ? Үнэгүй үзүүлэх үү, эсвэл ашиг гэх юмгүй өнгөрөх үү? Хэрвээ Монголын телевизүүдэд чөлөөт өрсөлдөөн байгаа л бол ашгаа харах нь ойлгомжтой.
Гадныханд энэ ойлголт бол жирийн л ойлголт. UFC буюу Ultimate Fighting Championship 2006 оноос хойш үүнийг хүргэдэг болсон. Худалдан авалтын хувь нь ч бас л өндөр. Мөн домог болсон боксчдын халз тулааны үзэлтийн хувь ч өндөр байдаг. 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд Эвандер Холифэлд, Жорж Форман нарын халз тулааныг яг энэ системийн дагуу 1,4 сая хүн үзсэн гэсэн тооцоо бий. Үүнээс боксчдод орлогын хувь нь очихоос гадна тухайн телевизийн сувагт энэ мөнгө бас очих учиртай. HBO Sports суваг 177 сая ам.долларын ашиг олдог гэсэн судалгааг 2012 онд гаргажээ.
Тэртээ 1951 онд АНУ-аас эхэлсэн энэ систем одоо бүх оронд хэдийнэ хүрээгээ тэлжээ. Хамгийн их мөнгө эргэлддэг улс нь яах аргагүй Англи. Тэр дундаа хөлбөмбөгийн лиг. Хөлбөмбөгийн лигийг энэ аргаар үзүүлдэг ганцхан суваг байдаг нь Sky Network компанийн спортын суваг. Тэд энэ мэтчилэн контент болгоны тоогоор мөнгө авах гайхалтай бөгөөд мэргэн арга сэдсэн нь үр дүнгээ өгсөн. Английн хөлбөмбөгийн холбоонд ч тэр, тухайн сувагт ч тэр. Үзэгчид ч үүнийг баяртайгаар хүлээн авч байлаа.
Монголд зах зээл бий юу?
Бараг боломж үгүй. Гэхдээ насанд хүрсэн хүн амаа бодоод үзвэл арай л чадахгүй. Дундаж орлоготой иргэд амьдралын хэрэглээгээ яая гэж байхад мөнгөө төлөөд үзэх бэл бэнчин байгаа бил үү? Юмны үнэ ханшаар нь харвал бид өндөр өртөгтэй орон. Харин худалдан авах чадвараа бодоод үзвэл 20 жилийн өмнөх байрнаасаа тэр бүр дээшлээгүй л байгаа. Энэ бол бодит үнэн. Яахав энэ үйлчилгээ нэвтрээд ирж болох юм. Гэхдээ ашгаа нөхөх ямар ч боломж байхгүй. Зах зээлийн бодит чадамжаа бодоод үзсэн ч тэр шүү дээ. Монголын ямар ч хамаагүй суваг мөнгөө төлөөд нэг нэвтрүүлэг эх орондоо цацахаар болж. Гэхдээ үүнийг мөнгөө төлдөг аргаар үзүүлнэ. Өмнө зүгээр үзэхэд үзэгчдийн тоо гавихгүй байхад мөнгөө төлөхөд энэ их мөнгөө төлж чадах уу?
Яг одоо хайрцагнаас гадна талд PPV үйлчилгээний дараагийн хувилбарыг гаргах ажил ид дундаа явагдаж байна. Учир нь энэ үйлчилгээнээс болоод зарим компаниуд алдагдалд орох магадлал ажиглагдаж эхэлсэн болохоор тэр. Одоогоор ямар суваг ашиглан шинэ үйлчилгээ нэвтрүүлэх нь тодорхойгүй байгаа ч Их Британи болон АНУ-ын томоохон сувгууд өөр, өөр үйлчилгээг нэвтрүүлэх туршилтын ажилдаа аль хэдийн шилжжээ. “Эхлээд бидэнд үр дүнгээ өгч байсан. Харин сүүлийн үед эдийн засгийн хямрал гээд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлсүүд их байгаа учраас өөр аргаар гэхдээ үндсэн зарчимаа алдахгүйгээр өөр үйлчилгээг нэвтрүүлэхээс өөр аргагүй болоод байна” гэж HBO Sports-ын ерөнхийлөгч Сет Абрахам ярьжээ.
Ээ битгий тэг л дээ
Сүүлд нь хэлэх үг энэ. Хүний сувгаар, хүний юм үзүүлж байж битгий тэг л дээ. Хамаа алга бүх мөнгөө төлөөд, албан ёсны эрхтэйгээр /гэхдээ онцгой биш шүү/, бүх боломжоор хангагдаад үзэж байгаа бол мөнгөө төлье. Заавал мөнгөө төлөөд үз гээд шаардаад байгаа бол шүү дээ. Гэхдээ Бодит байдал дээр бид нөгөө л хүний суваг үзсэн хэвээр байгаа. Хонг Конгод iCabel суваг, Сингапурт SingTel суваг, АНУ-д NBC спорт суваг, ОХУ-д НТВ Плас суваг, Португалд Бенфика ТВ....Гадны улсуудад ийм л байна. Бүгд өөрийнхөө сувгаар, хүний контентийг зарим нь үнэтэй, зарим нь үнэгүй үзүүлж байна. Бодит байдал ердөө л энэ. Эцэст нь танд нэг л зүйл сануулъя. Зүгээр л Премьер лигийн хуудас руу ороод үз.
P.S. Монголд Премьер лигийн эрх зарсан гэх IMG компани нь 2012 онд гурван жилийн гэрээ байгуулж, бага зардлаар хязгаарлалттай контентийг түгээх эрх олж авчээ. Тэд 200 оронд 150 мянган цагийн спортын контент үзүүлдэг. Мөн Английн премьер лигийн шууд дамжуулах эрхээрээ бид хагас эрхтэйгээр дамжуулж байгаа улсын тоонд оржээ.
№14