Онцгой хүн Жозэ-гийн Челси ТВ-д өгсөн дэлгэрэнгүй ярилцлага
Шинэ улирал эхэллээ, гайхалтай амжилт, гайхалтай рекордоор бид өөрсдийн түүхээ алтан үсгээр бичиж байна. Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан та бүхэндээ №1 хүнийхээ сонирхолтой ярилцлагыг толилуулахаар шийдэв.
Өнгөрсөн Лхагва гаригийн үдэш манай онцгой хүн Жозэ “Челси” телевизийн оройн зочноор уригдаж дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүнтэй хөтлөгч Нэйл Барнетт багийн өнөөгийн байдал, шинэ тоглогчдын талаар ярилцсан бөгөөд тоглогчдоо хэрхэн хөгжүүлж, зоригжуулж байгаа түүний арга барил болон өнөө үеийн хөлбөмбөгт багийн менежерийн үүрэг, хариуцлага хэрхэн өөрчлөгдөж ямар түвшинд хүрч буй талаар маш сонирхолтой ярилцлага өгснийг бүрэн эхээр нь чадан ядан орчуулан та бүхэндээ хүргэж байна.
НБ: Жозэ, энэ зуны цонхоор хийж буй тоглогчдын солилцооны үр дүнгээс үзэхэд таныг манай багт ирснээс хойшхи 4 жилд хамгийн цөөхөн тоглогч ирсэн улирал болох шинжтэй байна?
Жозэ: Тиймээ, тогтвортой байдал. Миний бодлоор, баг тогтвортой байгаа нь бидний өмнөх жилүүдийн сонголт зөв байжээ гэдгийг харуулах болов уу. Манай тоглогчид орчиндоо маш сайн зохицож байна. Клуб өөрийн тоглогчиддоо сэтгэл хангалуун байгаа бөгөөд тоглогчид маань энэ клубт тоглож байгаадаа бахархаж байна. Клуб өөрийн тоглогчдыг үлдээсэй гэж хүсэж байгаа бол тоглогчид өөрсдийн хүсэл эрмэлзлээр багтаа үлдэхийг, тоглохыг, ялахыг хүсэж байна. Миний бодлоор манай баг өөрийн гэсэн онцлог тоглолттой маш олон шилдэг тоглогчдыг цуглуулж чадсан аз жаргалтай “баг” төдийгүй аз жаргалтай “нэгэн гэр бүл” болж чаджээ. Тиймээс бид одоо маш өндөр зорилго тавьж, тэрхүү зорилгодоо хүрч чадах боломжтой боллоо гэдгээ мэдэрч бас мөрөөдөж байна. Яагаад гэвэл манай баг үнэхээр гайхалтай нэгэн гэр бүл болжээ.
НБ: Багт шинээр цус сэлбэх явдал хэр ач холбогдолтой байдаг вэ?
Жозэ: Энэ нь “шинэ цус” гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ гэдгээс хамаарна. Зарим үед багийн тоглогчдыг солилцоонд оруулж, багийг “сэгсрэх” нь зайлшгүй зүйл болдог. Учир нь өөрсдийгөө хөгжүүлж, баг дотроо өрсөлдөөнийг бий болгох зорилгоор багт шинэ тоглогчдыг авчрах нь тун чухал зүйл юм. Харин өнөөдөр энэ цус сэлбэх процесс манай багт онцгой нөлөө үзүүлж чадахгүй бөгөөд бидний хийсэн наймаа өөр зорилго агуулж байгаа. Өнгөрсөн улиралд манай багт тохиолдсон маш их гэмтэл бэртэл бидний амжилтад сөргөөр нөлөөлснийг та мэдэж байгаа, харин шинэ улиралд бид үүнийг давтахыг хүсэхгүй байна. Шинэ тоглочид багийг энэ эрсдэлээс хамгаалахаар ирж буй гэж хэлж болно.
Зөвхөн довтлогч Пизарро энэ багт шинэ уур амьсгал авчирч байна гэж би бодож байгаа. Учир нь түүний тоглолтын арга барил, хандлага нь бидэнд буй дэлхийн шилдэг хоёр довтлогч болох Шева болон Дрогбагаас ихээхэн ялгаатай. Мөн авьяаслаг довтлогч Калугийн арга барил ч түүний тоглолтын хэв маягаас өөр. Урдаа хоёр довтлогчтой тоглох стратеги нь бидэнд шинэ бас өөр арга барилтай довтлогч зайлшгүй шаардлагатайг ойлгуулсан бөгөөд тэр хүн нь Пизарро болно гэдэгт би итгэлтэй байна.
Сидвэл, Бэн-Хэйм, Малуда зэрэг шинэ тоглогчид нь өнгөрсөн жилд манай багт тохиолдсон хүндрэлээс хамгаалах зорилготой ирцгээсэн шилдэг тоглогчид билээ. Өмнөх улирлын турш бид төвийн хамгаалалтад ихээхэн асуудалтай тулгарч байсан бол одоо бидэнд Бэн-Хэйм байна. Ариен болон Жое гэмтсэнээр жигүүрийн тоглолт ихээхэн доголдож байсан бол одоо дэлхийн шилдэг хагасуудын нэг Малуда бас Шоон бидэнд байна. Удахгүй болох “Африкийн Цом”-оос шалтгаалан бидэнд төвийн тоглогчид дутагдах нь гарцаагүй, энэ бэрхшээлээс биднийг бяцхан бас авьяслаг хөвгүүн Сидвэл хамгаалах болно. Эндээс үзэхэд, шинэ тоглогчид авсан нь манай багт багийн тоглогчдыг өөрчилж, багийг сэгсрэхэд зориулагдсан биш, харин багийг ирээдүйд учирч болох хүндрэлээс хамгаалахад зориулагджээ гэдгийг илтгэж байна. Бид эдгээр хөвгүүдтэй хамт өөрсдийн багаа хамгаалах бөгөөд хэрэв тэд шилдэг формтой байж чадвал бүхэл улирлын турш гараанд тоглох боломжтой гэдгээ мэдэж буй.
НБ: Энэ нь багт шинэ тоглогчид ирснээр бүх тоглогчдын формыг сайжруулж өгдөг гэсэн үг үү?
Жозэ: Багийн бүрэлдэхүүн маш хүчирхэг байгаа тул манай тоглогчид хоорондоо хүчтэй өрсөлдөх нь гарцаагүй. Бидэнд байрлал бүрт шилдэг тоглогчид байна, иймээс тоглогчид өөрсдийгөө илүү хөгжүүлэх, илүү хүчтэй өрсөлдөх шаардлагатай гэдгээ сайтар мэдэж байгаа. Бид нэгэн гэр бүл бөгөөд хамтдаа, гэр бүлээрээ ялахыг хүсэж байна. Гэхдээ тоглогч бүр өөрийн хувийн хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй. Манай багийн тоглогч бүр бусдын сүүдэрт дарагдаж явахыг хүсэхгүй нь ойлгомжтой бөгөөд сайн формтой байхын тулд илүү их хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Эс тэгвэл, надад өөр сонголт, өөр тоглогчид байгаа гэдгийг багийн гишүүн нэг бүр сайтар ойлгож байгаа.
НБ: Энэ нь багийн тоглочдыг үндсэн бүрэлдэхүүнд багтахын тулд их хугацаа зарцуулах шаардлагатай гэдгийг тоглогчдод ойлгуулж эхэлж байх шиг байна?
Жозэ: Тоглогч бүр өөрсдийн хувийн амбиц, хүсэл тэмүүлэлтэй бөгөөд тэрхүү хүслээ биелүүлэхийн тулд энэ багт ирж, тоглоцгоож байна. Иймээс тоглогчид өөрсдийн нөхцөл байдлаа сайн мэдэж байгаа бөгөөд өрсөлдөөнд ялахын тулд илүү их ачаалалтай ажиллах нь гарцаагүй. Хэн ч **н** биш. Хүн болгон өрсөлдөөнд ялах хангалттай ухаантай бөгөөд ирэх улиралд бид 60 орчим тоглолт хийх болно. Ямар ч сайн тоглогч энэхүү 60 тоглолтод дараалан тоглож чадахгүй нь ойлгомжтой. Улирлын эхэнд үндсэн бүрэлдэхүүн сонгогдож чадаагүй тоглогч шат шатаар ахиж улмаар тоглолт бүрт оролцох чадвартай болох нь ердийн зүйл. Өнгөрсөн улиралд манай багийн тоглогчид бүгдээрээ 20-иос дээш тоглолтод оролцсон. Манай багт ирсэн бүх тоглогчид энд өрсөлдөөн амаргүй байх болно, гарааны бүрэлдэхүүнд ч гарахгүй байж болно гэдгээ сайтар мэдэж байсан. Гэвч манай баг тэмцээн бүрт амжилттай өрсөлдөж, шигшээ, хагас шигшээд шалгарч, илүү олон тоглолт хийж байгаа гэдгийг ч тэд маань сайн ойлгож байгаа. Бид том зорилт, их зүйлийн төлөө маш олон тоглолтод оролцож буй тул онцгой ротацийн /солилцооны/ системтэй байх нь зайлшгүй. Энэ нь томоохон сорилт боловч яг тэр мөчид тоглогчид өөрсдөд нь боломж гарч ирлээ гэдгийг мэдрэх болно.
НБ: Тухайлбал, багийн үндсэн бүрэлдэхүүнд таван тоглогч шинээр нэмэгдсэн үед багийн гарааны 11-г гар нийлсэн, жинхэнэ хүчирхэг бүрэлдэхүүн болгох нь хэр хэцүү зорилт вэ? Яг ийм зүйл таныг анх Челсид ирэхэд тохиолдож байсан?
Жозэ: Би тоглогч бүртээ тоглолтын үндсэн зарчим, арга барил, байрлал бүрийн үүрэг хариуцлага, дэг журмыг сайтар ойлголуулахын тулд ихээхэн ажилладаг. Зарим үед багаа тодорхой группүүдэд хувааж тэдгээр хэсэг бүртээ нэг бүрчлэн тулж ажилладаг бөгөөд үүний дараа группын тоглогчдыг сэлгэж дахин шинэ группүүд үүсгэдэг. Ингэснээр нэгдсэн бэлтгэл, сургуулилтийн үеэр бүх тоглогчид миний гарт орж ирдэг. Тоглогчдыг группүүдэд хуваарилсны дараа би хэзээ ч энэ групп миний төлөө, тэр групп Сидвэлийн төлөө, гуравдахь групп өөр хэн нэгний төлөө тоглоно гэж хэлдэггүй. Бүх групп миний төлөө, бүх групп Сидвэлийн төлөө тоглох ёстой. Тоглогчид миний гарт орсон байх үед бид ротацийн системийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чаддаг, өнөөдрийн бэлтгэл сургуулилт үүний нэг жишээ боллоо. Сидвэл бусадтайгаа маш сайн тоглосон, шаанс гаргаж чадсан, тэгээд гоол хийсэн. Би энэ бэлтгэлийн үеэр багийн “багийн тоглолт”-ыг хөгжүүлэх тал дээр ажилласан бөгөөд байрлал, багийн стратеги, түүний өөрчлөлтийн талаар бүх тоглогчидтой тулж ажилласан. Миний бодлоор бүх тоглогчид үүнд бэлтгэгдсэн байсан.
Би хайртай эсвэл дуртай тоглогчоо үндсэн бүрэлдэхүүнд гаргахыг хүсдэг дасгалжуулагч биш харин хэн нь сайн формтой байна, хэн нь тэмцэхэд бэлэн байна вэ? түүнийг гараанд гаргах нь чухал гэж боддог. Гараанаас гарахад тоглогчдын форм, статус, сэтгэлзүйн бэлтгэл өөр өөр байдаг. Гэвч нэгэнт гараанаас гарсны дараа бүх зүйл тоглогчдоос өөрсдөөс нь шалтгаална. Сүүлийн хэдэн улиралд тоглогчид маань намайг сайн ойлгодог болсон байх гэж боддог, би тоглогчдын нэрсийг эсвэл тэдний алдар хүндийг бодолцдоггүй би зөвхөн тоглогчдынхоо үзүүлэлт, бэлтгэлжилтийг л хардаг. Би тоглогчиддоо үргэлж шударгаар хандахыг хүсдэг бөгөөд тоглогчид маань сонгогдоход бэлэн байхан тулд шилдэг формын төлөө хөдөлмөрлөдөг, тэмцдэг.
НБ: Жишээ нь чухам ямар нууц Шооныг улирлын өмнөх бэлтгэлд өөртөө маш их итгэлтэй болгосныг та хэлж өгөхгүй юу?
Жозэ: Миний бодлоор жинхэнэ “мэргэжлийн түвшний тоглолт”-той байх нь үүний түлхүүр болов уу. Тэр ямар ч хүнд нөхцөлд хэзээ ч бууж өгч байгаагүй. Тэр шүүмжлэлд нээлттэй ханддаг бөгөөд үргэлж суралцаж, хөгжиж, ажиллаж байдаг. Тэр өөрийн хүрсэн амжилтад хэзээ ч сэтгэл ханадаггүй бөгөөд үргэлж шинийг, илүү ихийг хүсдэг. Тэр бусад тоглогчид болон менежерээ үргэлж хүндэлж байдаг. Тэрээр гарааны бүрэлдэхүүнд тоглоход ч, бэнчид суухад ч тэр байтугай тоглогчдын листэд орохгүй байхад ч бэлэн байдаг. Жинхэнэ мэргэжлийн тамирчинд байх шилдэг зан чанар, бэлтгэлжилт түүний хамгийн чухал нууц, чадвар нь гэж би бодож байна.
Бид түүнд итгэдэг, тэр ч бидэнд итгэдэг. Тэр бидэнтэй ингэж л ажиллахдаа дуртай байдаг бөгөөд тактикийн тоглолтын хувьд тэр үнэхээр гайхам дэвшлийг өөртөө бий болгож чадлаа. Тийм учраас тэр бусдын хайрыг татаж бусдаас хүндлэл хүлээж байна. Тоглогчид түүнийг ямар нөхцөлд байсныг сайн мэдэж байгаа, тийм ч учраас түүнийг одоо сайтар ойлгож бас хайрлаж байна. Энэ бол тоглогчдын өөртөө итгэх итгэлийг бий болгодог хамгийн чухал зүйл мөн. Миний бодлоор Шоон бусад тоглогчдод үлгэр дууриалал үзүүлэх хамгийн сайн жишээ болсон.
НБ: Жинхэнэ мэргэжлийн түвшинд тоглох, тэрхүү формоо хадгалах нь их хэцүү юу?
Жозэ: Тиймээ энэ бол маш хүнд. Манайх шиг том клубт бол бүр л хэцүү. Клуб тоглогчдоо хүндэлж байдаг, тоглогчдынхоо төлөө бүхнийг зориулдаг. Тоглогчдоосоо шилдэг тоглолт гаргуулахын тулд тэднийг хамгийн сайн нөхцлөөр хангах ёстой, сайхан мэдрэмж төрүүлэх хэрэгтэй, тоглогчынхоо хувийн амьдралд дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Тэднийхээ амьдралын бүхий л эд эсийг хамгаалах үүрэгтэй. Хэрэв тоглогч ийм клубт тоглож байвал хамгийн шилдэг байж, мэргэжлийн түвшинд тоглох нь түүний өөрийнх нь үүрэг хариуцлага.
НБ: Баг тоглолтын 4-4-2 хувилбараар тоглож эхлэхэд та жигүүрийн 2 тоглогчдын талаар ярьж тэрхүү зарчмаар тоглож байсан. Яагаад уламжлалт хувилбар буюу дөрвөн төвийн тоглогчтой тоглоогүй юм бэ?
Жозэ: Хагас хамгаалагчид нэг шугаманд тоглох нь тийм ч сайн хувилбар биш гэж бодож байна. Довтлогч болон хагас хамгаалагчдын хоорондох шугам маш чухал байдаг. Хэрэв та довтлогч, хагас хамгаалагч гэсэн хоёрхон шугамаар тогловол талбайг бүхэлд нь эзэгнэхэд тун хүндрэлтэй байх болно. Тийм ч учраас бид яг энэ асуудал дээр ажиллаж байсан. Та хоёр төвийн хагас, хоёр жигүүрийн тоглогч, хоёр довтлогчтой тогловол довтолгооны шинэ, гуравдахь шугамыг бий болгож чадна. Жишээ нь жигүүрийн тоглогчид төв рүү шахаж орсноор хагас хамгаалагч болон довтлогчдын дунд үүсэх хоосон орон зайг амжилттай шийдвэрлэнэ. Харин тэр үед жигүүрийн хамгаалагчид урагшаа довтлох боломж бүрдэнэ. Хэрэв нэг довтлогч айлын хамгаалалтын бүс рүү гүнзгий нэвтэрч нөгөө довтлогч хагасын байрлалд үлдвэл танай баг довтолгооны бас нэгэн шугамыг бий болгож чадна. Тийм ч учраас энэ хувилбарын давуу талд би итгэсээр байгаа бөгөөд бид энэ тактик дээражилласаар байна.
НБ: Энэ нь бид энэ улиралд илүү их довтолж тоглоно гэсэн үг үү?
Жозэ: Энэ нь тоглолтод ялах боломжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Гэвч аливаа баг олон хувилбарт хөлбөмбөгөөр тоглож, ялж чадаж байвал тэр баг илүү амжилтад хүрнэ. Хэрэв баг илүү олон хувилбараар тоглоход бэлэн байвал маш сайн. Тийм учраас манай баг цаашид ингэж л тоглох учиртай. Зарим тоглолтод тоглолтын хэв маяг бус үр дүн чухал байх нь бий. Жишээ нь Аваргуудын Лигийн хэсгийн сүүлийн буюу 6 дахь тоглолтод манай баг тэнцэх шаардлагатай бол бид энэ л зорилтын төлөө тоглох ёстой. Өөрөөр хэлбэл энэ үед үр дүн л чухал байх болно. Харин улирлын туршид бидэнд илүү их боломж гарч ирэх нь дамжиггүй бөгөөд энэ үед баг өөр филисофи, шинэлэг уур амьсгалаар тоглож, өөрсдийн тоглолтод ямар нэгэн шинэ зүйл оруулж яагаад болохгүй гэж тийм үү?
НБ: Жозэ, нэг менежер багт удаан ажиллах нь тоглогчдыг урамшуулах, хөгжүүлэх тал дээр илүү хүндрэл бий болгодог гэж зарим хүмүүс үзэцгээдэг?
Жозэ: Миний бодлоор, энэ тодорхойлолт муу менежерүүдийн хувьд үнэн харин сайн менежерүүдийн хувьд худал. Венгер, Фергюсон нар сайн дасгалжуулагч, би ч бас сайн дасгалжуулагч, бидний хувьд энэ бол хүндрэлтэй асуудал биш. Миний бодлоор чухам энэхүү сорилт л бидний ажил дээрх хувьсал өөрчлөлтийг бий болгож байдаг юм. Хэрэв бид үргэлж нэг хэвээрээ байж, хийдэг л ажлаа хийж, дасгал сургуулилт болон арга барилын хувьд ямар ч өөрчлөлт дэвшлийг багтаа авчрахгүй бол энэ нь маш хүнд байх болно. Хэрэв менежер хүн өөрчлөгдөх чадваргүй байвал түүний ярьсан зүйлийг багийн ямар ч гишүүн сонсохгүй, хэн ч түүний хөдөлмөрийг үнэлэхгүй байх нь тодорхой. Харин өөрийн ажлын эс ширхэг бүрийг сайтар судалж, түүнд тохирсон шинэлэг арга барилыг үргэлж бий болгож чадаж байвал энэ нь дасгалжуулагч хүний хувьд жинхэнэ амжилт бас сорилт байх болно.
Жишээ нь, би өөр клубт очоод эхний жилдээ Челсид ямар арга барилаар ажиллаж байсан яг л тэр арга барилаараа ажиллавал шинэ тоглогчдын хувьд энэ нь шинэлэг л зүйл байх болно. Миний хувьд ч илүү амар байх бөгөөд зарим өөрчлөлтийг тэр багт авчрах нь тодорхой. Харин менежер нэг багт удаан ажилласнаар ажилдаа маш шинэлэг хэлбэрээр хандах шаардлага өөрийн эрхгүй бий болдог. Өдөр тутам, сар болгон, улирал бүр тэр менежер маш их хөдөлмөрлөх ёстой бөгөөд шинэчлэлт өөрчлөлтийг багтаа үргэлж хийж, санаачилж байх учиртай. Би хэзээ ч өөрийнхөө үндсэн философийг өөрчлөхгүй тул дасгал сургуулилт, багийн дотор болж буй бүх зүйл, харьцаанд шинэлэг менежмент надад үргэлж шаардагдах болно. Тийм ч учраас таны асуусанчлан зарим хүмүүсийн боддог тэр зүйлд би итгэдэггүй.
НБ: Тоглолтын завсарлагааны үеийн талаар таниас асууя. Тоглогчид завсарлагааны үеэр яригдсан зүйлсэд өөрийн өөрийн ялгаатай эмоц үзүүлдэг байх?
Жозэ: Завсарлагааны үеэр би тоглогчидтойгоо эхний үеийн дүн шинжилгээ, тус үед ямар тоглолт явагдсан талаар болон сүүлийн үед хэрхэн тоглох шаардлагатай талаар ярилцацгаадаг. Эхний үеийн сүүлийн таван минутад би тэмдэглэлийн дэвтэртээ нэгдүгээр үед юу болсон, хэн яаж тоглосон талаар бичдэг. Тэгээд завсарлагааны үеэр тэр бүгдэд задлан шинжилгээ хийдэг. Хэрэв надад тоглогчидтойгоо хоюулхнаа ярилцах шаардлага гарвал тэр тоглогчийнхоо хувийн шинж чанар, реакцыг харгалзаж үздэг. Учир нь тоглогч бүр өөр, өөрийн онцлогтой шүү дээ, түүнд нь тохируулж ажиллах шаардлагатай.
НБ: Шинэ улирал эхэлж байна. Манай тоглолтын хэв маяг болон таны ажилд техникийн шинж чанартай өөрчлөлт гарсан уу?
Жозэ: Миний бодлоор хөлбөмбөгийн Англи хэв маягийн тоглолт өөрчлөгдөж байна. Гэвч энэ нь Премьер лигт гадаадын дасгалжуулагчид олон, удаан ажиллаж байгаатай холбоотой гэж хариулж чадахгүй нь. Бенитез болон би энд ажиллаж байна, Венгер энд удаан ажилласан, Свен харин дөнгөж ирээд байна. Иймээс гадаадын дасгалжуулагчдаас болж тоглолтын хэв маяг өөрчлөгдөж байна гэж ярих нь утгагүй зүйл юм. Харин энэхүү өөрчлөлт нь гадаадын тоглогчдоос шалтгаалж байна гэж хэлбэл илүү оновчтой болов уу. Баг бүр гадаадын олон тоглогчидтой байгаа бөгөөд тэдгээр тоглогч бүр өөр өөрийн онцлог философитой байх нь ойлгомжтой. Миний бодлоор гадаадын тоглогчид Британы менежерүүд ихээхэн нөлөө үзүүлж байна, надад ч мөн адил Британы менежерүүд болон дэлхий даяар ажиллаж буй шилдэг менежерүүд нөлөө үзүүлж буй нь гарцаагүй. Хөлбөмбөг улам их даяарчлагдаж байгаа бөгөөд энэ нь зөвхөн Британид болж буй процесс биш юм.
Маш олон баг тоглолтоос тоглолтод тактикийн тал дээр илүү их анхаарал тавин ажиллах боллоо. Үргэлж л 4-4-2 гэсэн хувилбараар тоглож байсан сүүлийн жилүүдийн хөлбөмбөг бүхэлдээ өөрчлөгдөж эхэлж байна. Олон баг 3 хагас хамгаалагчидтай тоглох боллоо, зарим багууд 5 хамгаалагчтай тоглохыг эрхэмлэж байна. Тактикийн тоглолтод үзүүлэх нөлөө үнэхээр гайхалтай нэмэгдэж байна. Ерөнхийд нь дүгнэж хэлэх юм бол, Английн багууд Европын дэвжээнд илүү хүчтэй өрсөлдөхөд энэхүү процесс тусалж байна.
НБ: Английн хөлбөмбөгт ирж буй энэхүү өөрчлөлт нь Аваргуудын Лигт амжилт авчрах болов уу?
Жозэ: Авчраагүй гэж хэлэхэд хэцүү. Учир нь сүүлийн гурван жилд Английн багууд Аваргуудын Лигийн финалд дараалан шалгарч чадлаа. Бас нэг чухал баримт нь Челси баг энэхүү тэмцээнд сүүлийн дөрвөн жил гурван удаа хагас шигшээд шалгарсан. Миний бодлоор шинэ хэв маяг амжилтад нөлөөлөөгүй гэж хэлэх нь буруу зүйл байх болно.
НБ: Таныг хөлбөмбөгийн багийн менежер болсноос хойш менежерүүдийн ажилд хэр их өөрчлөлт гарсан бэ? Одоо ч гэсэн өөрчлөлт явагдаж байна уу?
Жозэ: Хөлбөмбөг урлаг хэвээрээ байгаа гэж би бодож байна. Шинжлэх ухааны ололт амжилтууд хөлбөмбөгт тусалж байна л даа, гэхдээ чи хөлбөмбөгийг шинжлэх ухаан биш ердөө л урлаг, зөн совин гэж бодож байгаа бол буруу бодож байна гэж би хэлэх байна. Хөлбөмбөгчдийн хувьд энэ бол урлаг хэвээрээ байгаа гэдгийг бид мартаж чадахгүй. Бидний ажил ерөнхийдөө “зөн совин” дээр тулгуурлаж байдаг, ялангуяа стадионы атмосфер гайхалтай, тоглолтын дарамт их байх үед “зөн совин” бидэнд туслах нь олонтаа. Хөлбөмбөг цаашдаа шинжлэх ухааны ололт, амжилтад тулгуурлан улам боловсронгуй болж, хөгжих ёстой гэдэгт би эргэлдэггүй.
Бидний хүрч ажиллаж чадахгүй байгаа талбаруудад гайхалтай мэргэшсэн хүмүүсээр хөлбөмбөгийн менежерүүд өөрсдийгөө хүрээлүүлэх нь чухал зорилт болж байна. Яг л 20 жилийн өмнөх шиг бүх менежерүүд туслах дасгалжуулагчтай байсан, дараа нь бэлтгэл хариуцсан дасгалжуулагч, дараа нь хаалгач хариуцсан дасгалжуулагчтай болсонтой адилхан. Жишээ нь надад туслах дасгалжуулагч Андре Вилла, тоглолтын шинжээч Жэймс Мэлбурн нар шиг ажилдаа гаршсан олон чадварлаг мэргэжилтнүүд бусад салбаруудад ихээхэн шаардлагатай байна.
НБ: Англид хөлбөмбөгийг энгийн, хялбархан тоглоом гэж хэлэлцдэг байсан, тэр хэвээрээ юу?
Жозэ: Хөлбөмбөг бол энгийн тоглоом учир нь хүн болгон хөлбөмбөгийг мэдэрч, ойлгож бас тоглож байна. Ялангуяа Европ, Өмнөд Америк, Африкт хөлбөмбөгийн спорт жинхэнэ мандан бадарч байна, яагаад гэвэл хөлбөмбөгийг тэнд ойлгож, мэдэрч бас энгийн зүйл шүү гэж хүмүүс бодож байна. Анхлан суралцагчийн хувьд энэ спортыг ойлгож, тоглоход үнэхээр амархан байдаг. Гэвч яг тэр үед л хөлбөмбөг бол хялбар спорт биш бөгөөд мэргэжлийн тамирчин болохын тулд асар их хөдөлмөрлөх, зүтгэх шаардлагатай гэдгийг хүмүүс ойлгож эхэлдэг. Миний бодлоор орчин үеийн хөлбөмбөг, орчин үеийн тоглогчид өмнө нь байснаасаа хамгийн хүнд, хамаагүй ээдрээтэй болсон.
НБ: Шинэ улирлын эхэнд та үнэхээр их урам зоригтой харагдаж байна?
Жозэ: Тэгэлгүй яахав, ийм л байх учиртай шүү дээ.
Зүү шиг ороод Заан шиг гар ...