Сэр Алекс Фэргюсоны тухай цувралынхаа дараагийн хэсгийг уншигч тандаа өргөн барьж байна. Энэ удаад түүний хамгийн дотны найз герман эрийн ярьсныг хүргэхээр бэлтгэлээ. Бидний мэдэхгүй олон зүйлийг Экхард Краутцун тодорхой болгож өгсөн юм. Ингээд энэхүү сонирхолтой ярилцлагыг хөрвүүлснийгээ хүргэе. Дашрамд дурьдахад уг ярилцлагыг Сэр Алекс зодог тайлах мэдэгдлээ хийснээс хэдэн цагийн дараа хийжээ.
- Сэр Алекс зодог тайлах тухай гэнэт мэдэгдсэн нь дэлхийн хөлбөмбөгийг донсолгож орхилоо. Та хэзээ мэдэв?
- Тэр энэ мэдээгээ олон нийтэд цацахаас өмнө мессеж илгээсэн байсан.
- Тэгээд?
- Би түүнийг дахиад 2 цом аваад ирэх жилээс магадгүй зодог тайлна гэж бодож байсан. Тиймээс би бусдын нэгэн адил гэнэт цочирдсон. Учир нь би долоо хоногийн өмнө түүнтэй ярихад тэр юу ч хэлээгүй. Яагаад ийм шийдвэр гаргах болсныг би мэдэж амжаагүй л байна.
- Эрүүл мэндийн шалтгаанаас болсон гэсэн таамаг яваад байх шиг. Тэр 8 жилийн өмнө зүрхний алхам үүсгэгч хийлгэсэн. Энэ зун ташаандаа мэс засал хийлгэнэ.
- Тэр тун хөнгөн шингэн харагдаж байгаа. Би олон жилийн өмнөөс түүнийг энэ их стресстэй яаж харьцдагийг гайхаж байгаа. Тэр алжаал тайлахдаа мэргэжилтэн. Тоглолтын дараа заал уруу ер бусын тайван ирж, найзуудтайгаа мэндэлдэг ийм дасгалжуулагчийг маш ховор харсан.
- Таны хувьд энэ ямар байдаг вэ?
- Дөрвөн хүчин зүйл байдаг гэж бодож байна. Нэгд, Тэр ховор хожигддог баг бий болгосон, энэ бол амрахад тустай нь гарцаагүй/инээв/. Хоёрт, Түүнийг харж халамжилж байдаг гэр бүл түүнд бий, Түүний эхнэр нь гайхалтай, нөхрөө онцгой их дэмждэг. Бас олон ач зээ нар нь хөөр баяр авчирч байдаг. Гуравт, Тэр хоббидоо маш их цаг зарцуулдаг, ялангуяа уралдааны моринд. Дөрөвт, Тэр шаардлагагүй ачааллаас татгалздаг. Гадаад уруу аялах, Гала арга хэмжээ рүү явах, ярилцлага өгөх гээд л.
- Сэтгүүлчдээр тэр өөрийгөө үзэн ядуулчихдаг учраас маш ховор ярилцлага өгдөг гэж бид боддог байсан.
- Буруу ойлгох юм мэдээж байгаа. Нөгөө талаас сэтгүүлчид өөрсөдтэй нь бүү хэл дэлхийн том ододтой хэрхэн харьцдагийг мэдэх ёстой. Бэкхам, Штам, ван Нистелрой гээд сөргөлдсөн бүгдийг нь шууд явуулж байсан. Гэхдээ эндээс Фергигийн талаар буруу дүгнэлт хийж болохгүй. Тэр бол гайхалтай хүн, дээрэлхүү бардам огт биш. Тэр найрсаг, инээдэг, бусдыг дохиж марзан зан гаргадаг хүн. Хошин шогийн мэдрэмж нь гайхалтай гэдгийг талбайн хажууд зогсохыг нь харж байгаа хэн ч таахгүй. Унаган төрх нь гайхалтай тул тэр үүгээрээ маш их нэр хүндийг бий болгосон.
- Энэ нэр хүндийг өнгөрсөн хугацаанд тэр болгон бүх од зөвшөөрөхөд бэлэн биш байсан байх.
- Энэ тал дээр харилцан буулт хийх асуудал түүнд байхгүй. Түүний хувьд зөвхөн амжилт гаргах зарчим болон ямар ч том од байсан МанЮтд-аас илүү гарч чадахгүй гэсэн мөрдлөг л хамгийн чухал нь. Хэн үүнд зохицохгүй байна, тэр таагүй байдалд орлоо гэсэн үг. Харин хэн багт уусч чадаж байгаа нь шал өөр Фергюсоныг мэдэрдэг. Хувцас угаадаг эмэгтэйчүүдтэй хүртэл тэр үнэн сэтгэлээсээ мэндчилдэг.
- Фэргюсон бол цор ганц. Тэр хөлбөмбөгийг хэр зэрэг санах бол?
- Тэр яагаад ч бүрмөсөн хаяж чадахгүй. Хөшигний ард зөвлөгчийн хувиар тэр бүх гол шийдвэрийг гаргалцах болно.
- Он цагийн хувьд та түүний хөдөлмөрийг хэрхэн ангилах вэ? Шинэ үеийн хамгийн том дасгалжуулагч тэр мөн үү?
- Түүний нэр хүнд, ажлаа мэдлэг, амжилт гээд харвал тийм. Түүний бүтээмж лигийн аварга болон Аваргуудын лигийн цомоос илүү их. Тэр Юнайтедад бүхнийг бий болгосон. Эмнэлгийн салбар, бэлтгэлийн танхим, хиймэл зүлгэн талбай гээд бүгд түүний санаа. Тухайн үед бусад багуудад ийм санаа төрөх ухаан огт байгаагүй. Олд Траффордод түүний нэрээр хойд индрийг нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Фэргюсон Сэр Матт Бэсби болон Сэр Бобби Чарльтонтой л нэг түвшинд байх ёстой хүн.
- Та долоо хоног бүр Сэр Алекстай ярьж, сар бүр түүн дээр очдог. Хаанаас ийм нөхөрлөл үүссэн юм бол?
- 38 жилийн өмнө баруун Англи дахь Лилльсхол Хол дахь дасгалжуулагч нарын зөвлөгөөн дээр анх танилцсан. Солиормоор өдрүүд байсан. Билл Шанкли бас тэнд байсан. Алекс бид 2 дөнгөж 30 гарч яваа, амбиц ихтэй залуухан дасгалжуулагчид байлаа. Би олон улсын ялангуяа Британий хөлбөмбөгийг их сонирхдог байсан. Тэгээд л яриа үүсээд тэр намайг Шотландад ирж Ст.Мирренд айлчлахыг урьсан юм даа.
- Ст.Миррен түүний анхны баг байсан. Дараа нь тэр Абердеенд очиж 8 жилийг гайхалтай үдсэн. Лигийн 3 цом авч, цомд 4 түрүүлж бүр Цомтой багуудын цомыг ч хүртсэн. Түүний дэвшлийг та хэрхэн мэдэрч байсан бэ?
- Хэдий би дотны итгэлт нөхөр нь байсан ч нэг л юманд гайхдаг байсан юм. Тэр сөргөлдөгч хүчин зүйлүүдийг давж чаддаг байсан нь гайхмаар. Протестант Глазго багийн тоглогчийн хувиар тэр хэзээ ч католик эхнэр авч болохгүй, тэр авсан. Абердеены хувьд тэр хэт залуудахаар байсан, тэр чадсан. Юнайтед дахь амжилтууд дээр нь хүмүүсийн анхаарал очоод байдаг. Абердееныг харвал тэр ялгаагүй гайхалтай амжилтыг үзүүлсэн. Цомтой багуудын цомд Байерн Мюнхен болон Реал Мадридыг хожиж аваргалсан. Бүр Абердеентай шүү.
- Байернтай тоглосон гэхээр Германы хөлбөмбөгийг их эрт мэдэрчээ дээ?
- Тэр өмнө нь ч маш сайн мэддэг байсан. Тиймээс л бидний нөхөрлөл зузаарсан. Тэр Хэннес Вайсвайлерыг шагширдаг байсан. Далаад оны эхээр Гладбах амжилт арвин байх үед залуу Унагануудын олон ч тоглолтыг стадионд очиж үзсэн дээ. Бид Вайсвайлерын хөлбөмбөгийн талаар маш их ярилцдаг байлаа.
- Фэргюсон Германыг улсынх нь хувьд их биширдэг байсан гэдэг үнэн үү?
- Тийм ээ. Гэхдээ тэр ер нь их олон талтай. Хөгжимд их дуртай, төгөлдөр хуур тоглочихно, утга зохиол их уншдаг. Хөлбөмбөгийн гайхалтай эксперт, хажуугаар нь ерөнхий мэдлэг мундаг. Түүнтэй улстөр, түүх, урлаг ярихад үнэхээр тааламжтай. Германд тэр илүү таатай ханддаг нь гэхдээ үнэн.
- Тийм үү?
- Тэр намайг зорьж Германд олон ирсээн. Хэдэн өгүүлбэр германаар хэлж чадна. Тэр германы түүхийг хамгийн их сонирхдог байсан. Дундад зууны үеэс дэлхийн 2-р дайн хүртэл бүгдийг тэр мэддэг. Урлаг, хөлбөмбөг гээд бүгдийг нь л ярьдаг.
- Германы хөлбөмбөгийг юу гэж байх юм?
- Өнгөрсөн жил цомын финалд Байерн Дортмунд 2 тоглоход би түүнтэй хамт стадион явсан. Тоглолтын дараа тэр Дортмунд ирэх жил Аваргуудын лигт түрүүлэх болно гэж хэлсэн. Дор хаяж л энэ багт финал байгаа гэсэн. Өнгөрсөн намар хэсгийн тоглолтод Сититэй тоглосны дараа тэр үүнийгээ дахиад давтсан.
- Сэр Алексын залгамжлагчаар Клоппыг магадгүй гэж байгаа. Та түүнийг Майнцад дасгалжуулж байсан.
- Хүнд асуулт байна. Нэг талаас Клоппын төдийгүй Германы хөлбөмбөгийн хувьд супер хэрэг. Тэр англиар чөлөөтэй ярьдаг тул хурдан хөлөө олно. Мэргэжлийн хувьд ч гэсэн түүнд эргэлзэх юм алга. Тэр тусмаа Фэргюсон Клоппын том фэн. Тэр Клоппо Дортмундыг хэрхэн тоглуулж байгааг хараад биширч байсан, Дортмундыг Аваргуудын лигт түрүүлэх болно гэдэгт итгэлтэй байсан.
- Нөгөө талаас?
- Нөгөө талаас залуухан дасгалжуулагч энэ том орон зайг нөхнө гэдэг маш хэцүү. Нэгэн домгийн суурийг залгамжлах тун амаргүй. Клоппо Реал Мадрид эсвэл МанЮтд-ыг залах чадвартай. Гэхдээ арай л нэг алхам эрт байна. Тэр Дортмундад жаахан юм амжуулсан, одоо илүү том нэр олох хэрэгтэй.
- Өөр нэг нэр бий. Жозэ Моуриньо?
- Би хувьдаа Дэвид Мойесыг болно гэж бодож байна. Ферги түүнийг маш их үнэлдэг, тэд хоорондоо сайн ойлголцдог. Хоёулаа шотланд. Гэхдээ Моуриньотой тэр бас сайн харьцаатай.
- Фэргюсон Моуриньо 2 ойлголцож чаддаг гэдгийг ойлгоход тун бэрх.
- 2 сарын өмнө би эмчилгээгээр Мадрид явсан. Тэр үед би Моуриньог тун бардам гэж харсан. Хүн ёсноос тун бага харагдсан даа. Фергитэй харьцуулах аргагүй. Ферги хажууд нь тун нээлттэй хүн.Магадгүй тэднийг байгалиас заяасан шинж тэмдэг, унаган нэр хүнд нь холбодог байх.
- Фэргюсон нэг удаа Хэн явах нь сонин биш, МанЮтд үлдэх болно гэж хэлсэн. Тэр одоо өөрөө явж байна?
- Дэлхийн хамгийн алс орших буланд ч Юнайтедын фэн клуб эсвэл Юнайтедын чимэглэлтэй бар байж байхад Алекс л хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Манчестер Юнайтед гэдэг нэр хүнд, брэнд бол цорын ганц. Магадгүй зөвхөн Реал Мадрид л нэг түвшинд байх. Барселон Байерн 2 энэ хоёрын ард зогсоно. Нэг удаа би Бээжин дэх нэг Юнайтедын фэншопын нээлтэн дээр байсан. Хоёрхон хоногийн дотор бүх эд зүйлс зарагдчихсан. Энэ бол зөвхөн Манчестер Юнайтед. Энэ баг өөрөө асар том хөлөг онгоц учраас Фэрги байхгүй ч цааш явна. 1958 онд сэр Матт Бэсбигийн олон тоглогч онгоцны ослоор өнгөрөх хүнд үед Юнайтед цааш явсан. Фэрги үүнийг мэдэх тул өөрийгөө их чухалд тооцохгүй.
Дараагийн хэсгүүддээ би түүний бас нэг сайн найзын захидал болон түүний алдарт ишлэлүүдийг түүвэрлэн ирэх өдрүүдэд хүргэх болно. Энэ тухай гэхдээ манай сайт дахь форумын МанЮтд багийн сэдвээс уншаарай.