Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Takanohana_Nowitzki » Fri May 10, 2013 6:20 pm
by Jo_amka » Fri May 10, 2013 6:43 pm
by Nomer 10 » Fri May 10, 2013 7:53 pm
by Nomer 10 » Fri May 10, 2013 7:55 pm
by LeBe » Fri May 10, 2013 7:55 pm
Nomer 10 wrote:Удаан завсарлага авна гэж бодож байсан чинь яах аргагүй өөрчлөлт гарахаар юм болчихлоо. Лэгэнд Сэр Алекс.
Гэхдээ хэт форумдаж нэгнээ дайрч давшилж цаг алдах утгагүй юм бна шүү. Хаа ганц жиргээ нүүрном энэ тэрээр орчихоол юмаа хийхэд асар их ажил амждийм бн кк. Хийх юм асар их, цаг хугацаа залуу нас таныг хүлээхгүй. Залуусаа бодож яваарай.
Сэр Александр Чапман Фэргюсон
Олимпийн наадам, тив дэлхийн аваргын хөлбөгийн тэмцээнгүй жил бүрийн 5-р сар спортын хувьд оргил сар нь гэж хэлж болно. Хөлбөмбөгийн лигүүд өндөрлөх тийшээ хандаж, хэн нь хөлсөө асгаруулан барин урт удаан тэмцэлдсэний эцэст аварга болж хэн нь доод лиг рүү буухыг шийдэх үе. НБА, НХЛ-ын плэй-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж мөн хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж сагсан бөмбөг болон хоккей сонирхогчдын нойрыг хугасладаг цаг. Яг энэ мөчөөр хөлбөмбөгийн ертөнцийг төдийгүй дэлхийн спортыг донсолгосон нэгэн үйл явдал болж оргил үедээ орж байгаа тэмцээнүүдийн сүр хүчинг сүүдэртээ дарж орхив. Сүүлийн 2 өдөр зөвхөн энэ тухай л том жижиг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Hot news, Breaking news гэж ирээд л мэдээлж байна. BBC дээр түүний ярилцлага гарч байх агшинд Foxsports дээр яагаад гэсэн шалтгааныг нь тайлах гэж экспертүүд цэц булаалдана. Яг энэ үед ESPN дээр энэ явдалтай холбоотой хөлбөмбөгийн томчуудын жиргээг эфиртээ цацаж байхад дэлхийн өнцөг булан бүр дэх спортын сонин, вэбсайтууд яаралтай мэдээ оруулах гэж нэгнээсээ өрсөн уралдан байх. CNN зэрэгцээд эфирийн минутаа хасан барин төлөвлөсөн нэвтрүүлгээ хойшлуулж зөвхөн энэ тухай сунжруулах аж. Энэ ингэхэд юу болоод байна вэ?
Амьдралынхаа гуравны хоёрыг хөлбөмбөгтэй, гуравны нэгийг Английн Премиер лигийн Манчестер Юнайтед багтай өнгөрүүлээд байгаа Сэр Александр Чапман Фэргюсон энэ шуугиад байгаа хэргийн эзэн хэнгэргийн дохиур аж. Тэр зодог тайлжээ. Спортын түүхэнд дэлхийг донсолгосон үйл явдал их болдог ч ийм далайцтай нь тун ховор. Багийн зүгээс уг мэдээг албан ёсны сайтдаа тавихаас өмнө твиттерт эхлэн мэдээлсэн юм. Залгуулаад #thankyousiralex гэсэн сэдэв нээнгүүт дэлхий даяар тийш хошуурсан гэхэд хилсдэхгүй. Ганц цаг өнгөрөхөд л бөмбөрцгийн булан тохой бүрээс 400 мянган удаа жиргэсэн байлаа. Спорт сонирхогчдыг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнуулсан энэ эрхэм хэн болоод дэлхий даяар алдар нэр нь түгэн байна вэ?
Түүний хэн гэдгийг гэхдээ бүгд мэднэ. Английн лигт 26,5 жил болохдоо 13 удаа түрүүлсэн. Аваргуудын лигт 4 удаа үлдэхдээ 2-т нь ялсан. Хөлбөмбөгийнхөө замналд 49 цом, үүнээс 38-ыг нь зодог тайлж буй багтайгаа авсан. Улаан чөтгөрүүдийн төлөө үлдсэн 2 тоглолтоо хийгээд нийтдээ багийн төлөөх1500 тоглолт хийн тэр явах болно. Бүр эргэлт буцалтгүйгээр. Насан өндөр болсон түүний тухай сүүлийн өдрүүдэд хэний ч мэдэхгүй олон нууц илэрсээр байна. Хамгийн сайн найз нь герман хүн байдаг/Бүх нарийн нандинаа хуваалцдаг энэ хүнтэй хийсэн ярилцлагыг дараа дараагийн өдрүүдэд хүргэх болно/, гэрийнх нь зурагтан дээр байнга теннисний тоглолт тавиастай, морины төлөө нүдээ ч ухахад бэлэн байдаг, өөрөө хүртэл мундаг морьтой, дэлхийн түүхийг нэвт судалсан… гээд л. Дарсны агуу хорхойтон гэдгийг нь харин зарим хүмүүс мэдэх байх. Саяар яригдах евроны үнэ бүхий дарсны цуглуулгатай тэр өөрийн сайн найз Моуриньогийн өгсөн дарсыг амсчихаад Энэ чинь лак арилгагч байна гэж тохуурхсан. Ерөнхийдөө бол тэр 90-ээд оны эхнээс хүмүүст илүү танил болж эхэлсэн. Энэ үеэс хойшхийг нь хөлбөмбөг сонирхогчид бүгд мэднэ. Харин тэр өмнө нь юу хийж, хаагуур манаргаж байв аа? Хүмүүс түүнийг Ст Миррен гэдэг багт байсан, Абердеен гэдэг багт очоод Европын цомтой багуудын цомд түрүүлсэн тэгээд МанЮтд-д ирсэн гээд ерөнхий л ойлголттой. Тэгвэл энэ тухай илүү дэлгэрүүлэхийг хичээлээ.
Хаалгачгүй багт дэг журам тогтоов
Тоглогчийн карриераа өндөрлөнгүүт тэр залгуулаад нутгийнхаа 2-р лигийн Ийст Стирлиншайр багт дасгалжуулагчаар очив. Өдрийн хагаст нь ажиллаад уртаашаа сарын 170 фаундын цалинтай Алексыг энд ирэхэд хаалгач гэсэн хүн байдаггүй байлаа. 60-аад оны 5 довтлогчтой тактик энд арилаагүй л байв. 2 заримдаа 3 хамгаалагч талбайд гардаг, тэд ярилцаад хэн нэг нь хаалган дээр зогсдог ийм багийг тэр ирэнгүүт орвонгоор нь өөрчлөв. Хамгийн гол нь хатуу чанга сахилга батыг багт тогтоов. Довтлогч Бобби МкКалли нь хожмоо “Би өмнө нь хэзээ ч хэнээс ч айж байгаагүй, гэхдээ Фэргюсон анхнаасаа л хамаг бие салгалуулсан хараал идмэр байсан” гэж хэлсэн байдаг. Түүний багтайгаа хэрхэн ажиллаж буй талаар сонссон өрсөлдөгч баг болох Ст.Миррен түүнтэй хэд хэд уулзсаны эцэст өөрийн багтаа ажиллахыг ятгаж чадав.
Шинэ багт нь байдал төдийлөн дээр бус. Тоглогчдын дундаж нас 19, ахлагч нь өөрөө хүртэл дөнгөж 20 настай байлаа. Залуус ихтэй, оройлох хүн нь тэдэнтэйгээ адил шахуу. Сахилга бат гэж авах юмгүй байв. Тоглолттой өдөр ердөө 1000 хүн л ирж үздэг энэ багийг Алекс өөрийн гараар цэгцэлж эхлэв. Тоглогч нэг бүрийн давуу талыг өөрсдөд нь ойлгуулж, хүн бүртэй тулан харьцаж, ширүүндээ ширүүн зөөлөндөө зөөлөн аягласаар багийг хөл дээр нь босгоод ирлээ. 4 жилийн дотор тэр Ст.Мирреныг довтолгоо голлосон үзүүштэй баг болгон хувиргав. Үзэгчдийн тоо тоглолт бүрт 21000 хүрдэг боллоо.
Энд байх хугацаандаа Фэргюсон хөлбөмбөгийн тактик, дасгалжуулах арга барилаа маш их дээшлүүлж чадсан гэж өөрөө хэлсэн байдаг. Харамсалтай нь баг нь түүнийг явуулахаар шийджээ. Шалтгаан нь гэвэл хүүхэд шиг, туршлага нимгэн, дасгалжуулагчийн шинж бүрдээгүй хэвээр. Ингээд хэдэн сар гудманд гарлаа. Фэнүүдтэйгээ сайн харьцаатай байж, тоглогчидтойгоо ойлголцоод байсан тэр дотроо Яагаад хэмээн гайхаж байлаа. Ст.Миррен түүнийг хөөсөн цорын ганц баг болон түүхэнд үлдсэн ч энэ явдал нь тэдэнд өөрсдөд нь дахин дахин толгойгоо шаах харсамсал болсныг хожмын цаг хугацаа харуулсан билээ.
Алдар суугийн эхлэл
Нэлээн амбицтай нэгэн залуу 2-р лигт давгүй байгааг дуулсан 1-р лигийн Абердеен багт энэ нь загатнасан газар нь маажих шиг болов. Скаутууд тоглогчдыг энд тэнд шүүрдэж олдог. Гэтэл Абердеен дасгалжуулагчийг нь судлах гэж байсхийгээд Ст.Миррены талбай руу хүмүүсээ явуулдаг байлаа. 2 тал асуудалгүй ойлголцлоо. Эхэндээ түүнд амаргүй байв. Дээд лиг гэж шал ондоо аж. Тоглогчид нь том толгойлно, өөрөөс нь ах настай ахмадууд нь түүнийг үл ойшооно. Ингэж тэгж дасах гэсээр байтал анхны улирал дуусав. Дараагийн улиралд ч байдал төдийлөн дээрдсэнгүй. Ст.Мирренд жаахан хүүхдүүдийг залж байсан түүнд нэрд гарсан томчуудыг удирдах хэцүү хэвээр. Энэ байдалд цөхрөнгөө барсан Ферги угийн шаралхуу тул зуны амралтаар тоглогчдынхоо шүүсийг шахаж эхлэв. Шинэ улирлын анхны бэлтгэлд ирсэн өдрөөс л тэр шал өөр дасгалжуулагч, өмнөх багууддаа байдаг Фэргюсон болон хувирав. Бэлтгэлийн дараа гэртээ харьж явтал Жон Хьюитт өөрийг нь гүйцэж түрүүлсэн тул маргааш нь түүний цалинг хасаатахав. Баг дотроо нөлөөтэй түүнд ингэж хандахыг бусад нь гайхаж яваандаа түүний үгийг бүгд дагадаг боллоо. Баг доторх нэгдмэл байдал одоо л бий болж эхлэв.
Энэ нь ч үр дүнгээ өгч тэд улирлын турш ердөө ганц л хожигдол хүлээлээ. Бүр рекорд аварга Рэйнжерсийг 5-0-оор хожсон гээд бод доо. Тэднийг аварга болохоос өмнөх 16 жилд зөвхөн Олд фирм л түрүүлдэг байлаа. Одоогийн Шотландын шигшээгийн дасгалжуулагч Гордон Страхан оны шилдэг тоглогч болов. Энэ түрүү багийг улам ч нягтруулав. Сэр өөрөө энэ ялалтыг онцгой ялалт байсан, бүгд надад үнэнээсээ итгэдэг болсон гэж сүүлд нь ярьсан юм.
Европын дэвжээнд гайхамшиг бүтээлээ
Дараа жил нь цом авч чадаагүй ч удаах жилд нь цомын аваргад түрүүлж, Европыг зорих эрхтэй боллоо. Тэр үед УЕФА-д одоогийн 2 тэмцээнээс гадна Цомтой багуудын цом гэж бас нэгэн том тэмцээн явагддаг байлаа. Гэхдээ Шотланд жижиг лиг тул шууд биш харин урьдчилсан шатнаас орох ёстой байсан. Швейцарын Сион багийг тэд 2 тоглолтын нийлбэр дүнгээр 11-1-ээр “будаа болгов”. Явсаар шөвгийн 16-д алдарт Байерн Мюнхентай таарав. Арваад жилийн өмнөөс дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд либеро гээчтэй тактикийг анх санаачлан таарсан болгоноо шүүрдэж байсан тэд энэ схемээ хадгалсаар байв. Ер нь тэр үед Бундэслиг бузгай хүчтэй байсан. Мөнхэнгладбахтай он удаан хүчийг үзсэн тэд тэр цаг мөчид Хамбургтай жинхэнэ эрэгчин эмэгчнээ үздэг байлаа. Хамбург тэр жил Магатаар оройлуулан Аваргуудын лигт түрүүлж байсан билээ. Гэвч энэ бүхнээс залуухан Александр огтхон ч эмээсэнгүй. Эхний тоглолтоо айлын талбайд хийж хуурай тэнцээ хийснээр давуу тал олж авав. Хариу тоглолт харин ширүүн болсон ч 3-2-оор талбайн эзэд сенсаац дэгдээж чадсан юм.
Энэ даваанд ер нь бүгд сенсаац байсан гэж болно. Австрийн Виен агуу Барселонаг, Бельгийн Ватершай алдарт ПСЖ-г бас хожсон. 2 хатуу самрын тулаанд Реал нийлбэр дүнгээр 3-2-оор хожиж Интерыг буулгасан. Ингээд хагас шигшээ тоглолтууд болоход Реал Виентай маш хүнд тоглолт хийж 5-3-аар буулгаж авсан бол Абердеен анхны тоглолтдоо л өрсөлдөгчөө 5-1-ээр машиндчихсан нь шууд финалд аваачив. Ингээд тэнд домогт Алфредо ди Стефаногоор удирдуулсан алдарт Камачо тэргүүтэй Реал Мадридтай тулах боллоо.
Тоглолт эхлүүт л Абердеен ширүүн дайрсаар хэдхэн минутын дараа Эрик Блэк гоолдон тэргүүлэл авсан ч төд удалгүй Реалын Хуанито 11м-ээс тэнцүүлсэн. Үлдсэн хугацаанд аль аль баг нь нягт хамгаалсаар цаг сунгах боллоо. Эхний 15 минут аанай л гоолгүй. Сүүлийн хагас эхлээд удалгүй сэлгээгээр орж ирсэн Жон Хьюитт хожлын гоолыг хийснээр тэд хамгийн том шуугианыг тарьж чадсан юм. Энэ нь өдийг хүртэлх Шотландын олон улсын тавцан дахь хамгийн сүүлчийн цом хэвээр байгаа билээ.
Энэ үеэс Шотландын гигант Рэйнжерсээс гадна Английн томчууд болох Арсенал, Спөрс, Ньюкасл багууд түүнийг авахаар илт шаргуу оролдож эхлэв. Гэвч тэр тухай бүрт нь няцаалт өгсөөр. Өөрийн гараар босгосон энэ багаасаа тэр салахыг хүссэнгүй. Манчестертай тааралдах хувь заяаны тохиол байсан гэлтэй. Өөр дасгалжуулагч байсан бол эдгээр багуудын алинд ч татгалзах бэрхтэй. Дасгалжуулагч бүр том баг удирдахыг мөрөөддөг.
Ялалтын цуврал үргэлжилсээр
Намар нь Аваргуудын лигт түрүүлсэн Хамбургыг Супер цомд хожин бас нэгэн цомын эзэн боллоо. Хэдий тэд Страханыг Манчестер Юнайтед багт алдсан ч Шотландын шигшээ болон Бирминхам, Астон Вилла багуудын дасгалжуулагч асан Алекс МкЛэйш, Марк МкГи нарын шилдэг тоглолтын ачаар дотоодын лиг болон цомд түрүүлэн давхар цохилт хийлээ. 1985 онд дахин лигийн торгон магнай болж аваргаа хамгаалав. 1986 онд тэд цом болон лигийн тэмцээнд түрүүллээ. Холбооны цомын тэмцээнд Харт оф Мидлотианыг, Лигийн цом/Английн лигийн Капитал ван кап, хуучнаар Карлин кап,-тай дүйх тэмцээн/-д Эдинбургыг тус тус 3-0-оор хожсон. Энэ үед Англид Манчестер Юнайтед тун бүтэлгүйтэж байлаа. Нэгэн шинэ эрин, нэгэн агуу хайрын түүх, нэгэн ялалтын цуврал бүхий домогт он жилүүд эхлэх түүхэн цаг хугацаа дуншсаар.
Шинэ орчин, хэцүү чэлленж
Манчестер Юнайтедын дасгалжуулагч Рон Аткинсон сэр Матт Бэсбигээс хойш тувтан уруудах араандаа яваа багийг сэргээх гэж их үзэв. Бобби Робсоныг 1,5 сая фаундаар авчирсан нь Британи даяар урьд хожид харагдаагүй их мөнгө байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч 2 ч удаа ФА Капт түрүүлээдэхэв. Гэвч лигтээ бүтэлгүйтсээр. 1986 он дуусах хэрд тэд хүснэгтийн доод лиг рүү унах зураасан дээр зогсож байлаа. Багийн удирдлага энэ байдалд дүгнэлт хийж, түүнийг явуулж Сэр Алексыг Абердеенаас ирэхийг хүсэв. Тэр энэ удаад огтхон ч татгалзсангүй. Учир нь тэр нутаг нэгт сэр Матт Бэсбиг онцгой хүндэлж биширдэг байсан гэдэг.
Тэр ирэнгүүт ямар ч байсан багийг доош унахаас аварч чадлаа. 11-р байр луу өгсүүлж дөнгөв. Гэхдээ л тэр сайн дасч чадахгүй байсаар. Шотландын 2-р лигээс дээд лиг рүү дэвших, Шотландын лигээс Английн лиг рүү ирэх хоёр газар тэнгэр шиг ялгаатай ажээ. Лигийн орчин, бэлтгэл хийх дэг жаяг, хэвлэл мэдээллийн хөлбөмбөгт хандуулах анхаарал, илүү том тоглогчид гээд л түүнд юм бүхэн шинэ хэвээр. Нэг л эвлэхгүй байсаар ирэх улиралдаа ч хүснэгтийн эхний хагаст орж барсангүй.
Дасгалжуулагч тоглолтын үеэр өөрөө талбайд гарав
Ногоон талбай дээр зогсож байгаа хэн нэгэн өөр дээр нь ирсэн бөмбөгийг хажуудах хүндээ дамжуулах гэтэл дасгалжуулагч нь өөрөө зогсож байвал яах вэ? Бас болоогүй түүний зүүн урд талд нь туслах дасгалжуулагч гараа савчин Бөмбөгөө нааш хэмээн хүлээн зогсох аж. Энэ бол түүний МанЮтд-д ирээд өнгөрүүлж буй 2 дахь зун байлаа. Тест тоглолт гэдэг маш чухал бас зугаатай. Толгой дотор хэдэн өдөр бодсоныгоо туршина, хэн нэг нь хэвтээд өгвөл эмч очихыг хүлээхгүй дараагийн хүнээ оруулчихна, болохгүй бол өөрөө дунд нь хутгалдаад давхичихна. 48 настай Ферги туслахтайгаа ярилцаж шийдсэн шатрын нэгэн нүүдлийг нэг тестийн үеэр турших болж. Тоглогчид нь санааг нь ойлгохгүй болохоор өөрөө талбай руу яваад орчихсон хэрэг. Тэр ийм л ажил хэрэгч. Гэхдээ аваргалсан багийн дасгалжуулагч ийм үйлдэл хийвэл хэзээнээс хов жив хөөцөлддөг Английн шар хэвлэлүүд заавал буруу талаас нь мушгиад нөгөөхийг “дооёолох” болно. Аз болоход Фэргюсоныг хэн ч сайн мэдэхгүй хэвээр л байлаа.
Тэр гэхдээ яг энэ цаг мөчөөс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн юм. Өөрөө тоглогчоо авах эрхтэй боллоо, өмнөх багуудад байсан шигээ тоглогчид дээр бүрэн дүүрэн хяналт тавих боломжтой боллоо. Стив Брюс, Вив Андерсон, Брайан МкКлайр, Жим Лэйтон нарыг эгнээндээ элсүүлэв. Ингэснээр баг доторх баланс тэнцвэржиж ирэв. Цаг хугацаа өөрчлөгдөж, тактикийн хувьд хамгаалалт голлосон багууд амжилт гаргадаг цаг үе ирээд байлаа. Хэдий үүнийг тэр мэдэж байсан ч өөрөө довтлогч байсан болоод ч тэр үү довтлох тал дээр онцгой анхаардаг байв. Тоглогч ахуйдаа олон гоолддог байлаа. 300 гаруй тоглолт хийхдээ бараг 2 тоглолт тутамд гоолдсон гэж байгаа. Рүүний 170 гоол хийхдээ бас л 400 шахам тоглолт хийсэн гэхээр муугүй. Хэдий Шотландын жижиг багуудыг Английн багуудтай харьцуулах аргагүй ч Алекс хаана төрөөд хаана тоглож байсныг бас мартаж болохгүй. За энэ ч яахав.
Марк Хьюисыг туслахаа болгож байгаад хамтдаа лиг даяар бүжиглэж гарав. Улирлын турш олон сенсаац тарьсаар Ливерпүүлийн ард дэд аварга боллоо. Ирээдүй ч гэрэлтээд л. Өмнөх 2 жилийг ч мартав. Ингээд 4 дэх улирал нь эхлэв. Гай газар дороос гэгчээр багийн тэн хагас нь гэмтчихлээ. Заналт дерби Ситид талбайдаа 5-1-ээр хожигдов. Аваргуудын лиг бүү хэл Европт гарах эрх тээр хол харагдаж эхлэх нь тэр. Энэ байдлыг тэвчсэнгүй багийн удирдах зөвлөл нууцаар хуралдаад түүнийг явуулах шийдвэр гаргав. Энэ шийдвэрээ танилцуулахаар түүнийг дуудтал аль хэдийнэ тэдний нүднээс бүхнийг ойлгосон Ферги шууд л асуулт асуухаас нь өмнө өөрийнхөө төлөвлөгөөг ярьж гарсан гэдэг. Дасгал сургуулилтаа ингэж хийнэ, скаутыг ийм журмаар ажиллуулна гээд л. Дарга нар гайхаад нэгэн лүүгээ харж байснаа За тэгвэл улирал дуустал харья, тэгээд энэ төлөвлөгөө чинь хэрэгжихгүй бол хаалга тэнд байна хэмээн үүд рүү заажээ. Ингэж тэр карриертаа 2 дахь удаагаа хөөгдөхөөс аврагдлаа.
Нүүрний арьсыг авч гарсан тоглолт
Гэвч 7 хожигдлын дараа байдал улам ч дордов. Хажуугаар нь ФА Капын хагас шигшээд лигийн аварга Ноттинхам Форрест хүлээж байдаг. Шатрын уран бэрийн нүүдэл хэмээх түүхэнд гардаг монгол ноён шиг л ганц тоглолтын дараа тэр хөөгдөхөд бэлэн болов. Сэр Алекс Фэргюсоныг бурхан ивээж удаан тэмцлийн эцэст тэр 1-0-оор арайхийн хожлоо. Үлдсэн хожлыг ч тэд хийв. Ингээд тэр цом түүнийг хамгаалж үлдсэн юм. Эс бөгөөс тэр нүүр нүдгүй шавхуурдуулж, хэн ч биш болох байлаа. Улирлын дараа тэр багтаа сайн тоглогч нар авчрахыг амлав. Өөрийнхөө бодсоноор ч хийв. Гэхдээ үнэн хэрэгтээ нэрсийг нь харахад хөлбөмбөг гадарладаг хүмүүс элэг нь хөшөөд өнгөрч байлаа.
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу эрин үеийн эхлэл тавигдав
Уэльс хүүхэд Райан Гиггз гэж хэн бэ, доод түвшний данийн лигийн хаалгач Пэтер Шмэйхелыг бүр ч танихгүй. Заналт дайсан Лидсээс бардам зант Эрик Кантонаг ирэхэд бүр ч муужрав. Тэр хаа явсан газраа үргэлж шуугиан тарьдгаараа зартай нэгэн, багийн уур амьсгал хэцүүдлээ хэмээн Юнайтедын толгой хэд хүртэл өөр хоорондоо шивэр авир хийж байсан гэдэг. За тэгээд Английн буллшит хэвлэлүүд өдөр бүр л Фэргюсоныг тохуурхаастай. Хэрхсэнийг цаг хугацаа харуулсан бөлгөө.
by Devil 7 » Fri May 10, 2013 8:03 pm
by LeBe » Fri May 10, 2013 8:16 pm
by Jo_amka » Fri May 10, 2013 8:41 pm
by Rozigoo » Fri May 10, 2013 9:55 pm
by Төрналдо » Fri May 10, 2013 10:15 pm
by rednasca » Sat May 11, 2013 9:34 am
by Соёлоо » Sat May 11, 2013 10:07 am
by Mr.Eraser » Sat May 11, 2013 10:43 am
by Mojul » Sat May 11, 2013 8:41 pm
by S.Erdene » Sat May 11, 2013 9:50 pm
by Eedee » Sun May 12, 2013 2:24 am
by Цоомоо » Sun May 12, 2013 2:34 am
by S.Erdene » Sun May 12, 2013 10:09 am
by Mojul » Sun May 12, 2013 10:43 am
by Kopite » Sun May 12, 2013 2:35 pm
by spain man » Sun May 12, 2013 2:57 pm
by LeBe » Sun May 12, 2013 3:38 pm
by Chintogtoh » Sun May 12, 2013 4:38 pm
by S.Erdene » Sun May 12, 2013 11:03 pm
by Funky » Sun May 12, 2013 11:18 pm