by ARBAR » Fri May 03, 2013 10:04 am
1993 оны 4 сарын 30
Шөвгийн 8 тоглолт. Ситизэн кап. Хамбург хот. Герман.
Моника Сэлэш vs Магдалэна Малеева
Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө энэ өдөр спортын түүхэнд нэгэн хар өдөр тохиосон нь тоглолтын дундуурх түр завсарлагын үеэр үзэгчдийн дундаас нэг этгээд гүйн гарч ирж сууж байсан Моника Сэлэшийн араас хутгалсан явдал байлаа.
Штэффи Графын улаан фээн гэх энэ эр өөрийн хайртай тоглогчдоо туслахыг хүссэн гэдэг.
Моника Сэлэш гэж хэн бэ?
1988 онд 15 настайдаа мэргэжлийнхний эгнээнд орж ирэн 1989 оны 5 сард анхны тайтлаа Хьюстонд авсан байдаг. Үүнээс 1 сарын дараа анх удаа Их дуулгын хагас шигшээд шалгарсан ч Ролан Гарросын шороон дээр Штэффи Графт 3–6, 6–3, 3–6-р хожигдож, он дуусахад чансаагаараа 6-д орж ирсэн байна.
Харин дараа жил нь Ролан Гарросын финалд Граффтай дахин таарч 7-6, 6-4-р хожсоноор 16 нас 6 сартайдаа Ролан Гарросын түүхэнд хамгийн залуудаа түрүүлсэн тэннисчин болсон бөгөөд одоогоор энэ рэкорд эвдэгдээгүй байгаа.
Ийнхүү тэр жилээ чансаагаараа 2-т бичигдэх болж нэгэн шинэ од тэннисний ертөнцөд гялалзан гарч ирсэн юм.
1991 он түүний эмэгтэйчүүдийн тэннисний ертөнцийг эзэгнэсэн 2 жилийнх нь эхлэл байлаа.
АО-ы финалд Яна Новотнаг хожин түрүүлж 3 сард нь Графын оронд чансааг тэргүүлж эхэлсэн. Ролан Гаррост Аранта Санчэс Викариог хожиж дахин түрүүллээ.
Хөлний бэртлээс болон 6 сар завсарлахаар болж Уймбэлдонд оролцоогүй ч USO-д Мартина Навратиловаг хожин түрүүлж тэр жилээ 3 Их дуулгын эзэн болсон.
1992 онд Уймбэлдоны финалд Штэффи Графт хожигдож бусад 3 Их дуулгад түрүүлснээр Ролан Гаррост 3 дараалан /1990-1992/ түрүүлсэн рэкордын эзэн болсноос гадна АО, USO-нд хоёуланд нь 2 жил дараалан түрүүлсэн.
1991 оны 1 сараас хойш оролцсон 34 тэмцээний 33-т нь финалд шалгарч 22-т нь түрүүлж, оролцсон 9 Их дуулгын тэмцээнийхээ 8-д нь түрүүлж 55-1 гэсэн рэкорд тогтоон, 4 жил дараалан чансаагаараа тэргүүлсэн Графын байрыг булаан авч 2 жил эзэгнээд байсан юм.
Энэ бол 19 настай Моника Сэлэшийн ид мандан бадарч байсан үе байлаа.
Харин энэ үед Штэффи Граф?
23 настай Штэффи Граф 11 Их дуулгад түрүүлчихсэн, 4 жил дараалан чансаагаараа тэргүүлчихсэн байв.
1993 оны Австралийн нээлттэй тэмцээн
Хагас шигшээд Штэффи Граф Аранта Санчэсийг7-5, 6-4, Моника Сэлэш Габриэла Сабатиниг 6-1, 6-2-р хожин шигшээд шалгарлаа.
Моника Сэлэш Графийг 4–6, 6–3, 6–2-р хожин түрүүлж 9 дэх Их дуулгаа авлаа. Энэ 2 нийт 4 удаа финалд таарч Сэлэш 3-1 харьцаатай болгон тэргүүллээ бататгасан. Мөн 3 дахь жилээ дараалан /1991-1993/ АО-д түрүүллээ.
2 сард Virginia Slims of Chicago-д Мартина Навратиловаг хожин түрүүлэв.
Тэр ойрын хэдэн жилдээ эмэгтэйчүүдийн тэннисний ертөнцийг ноёлох нь гарцаагүй болсон байв.
Харин энэ бүхний дараа дээрх харамсалтай үйл явдал болсон юм.
Хамгаалагч нар 2 дахиа хутгалах гэж байхад нь хамгаалж, аз болж чухал эрхтнүүдэд нь нөлөөлсөн ноцтой гэмтэл учруулаагүй, яаралтай тусламж хурдан авч чадсан учраас тэр амьд үлдсэн. Дөнгөж 20 хүрч яваа түүнд үнэхээр хүнд цохилт болсон нь мэдээж. Түүнийг хутгалсан этгээд сэтгэцийн өвчтэй гэсэн шалтгаанаар хорих ял эдлээгүй харин Моника Сэлэш Гэрманд дахин хэзээ ч очоогүй.
"This attack irreparably damaged my life and stopped my tennis career. . . . He has not been successful in his attempt to kill me, but he has destroyed my life." Monica Seles
"She got stabbed in her office, Can you imagine being in your office and someone opening the door, coming up behind you and sticking a knife in your back?" former No. 1 Jim Courier
Харин Штэффи Граф 1993 оны АО-д хожигдсоноос хойш 1996 он хүртэл 10 Их дуулгад түрүүлсэн.
1995 онд Моника Сэлэш аймшигт явдлаас хойш 28 сарын дараа эргэн ирж Canadian open-д түрүүлж сарын дараа USO-д амжилттай тоглон финалд шалгарсан ч өрсөлдөгч Штэффи Графт 6–7, 6–0, 3–6 хожигдсон. 2 дахь сэтийг нэг ч гэйм өгөлгүй хожиж чадсан.
1996 онд Анкэ Хюбэрийг хожин 4 дэх АО цомоо хүртсэн нь түүний сүүлийн Их дуулгын цом байлаа.
Гэхдээ энэнээс хойш 2 ч Их дуулгын финал, хэд хэдэн хагас шигшээ, шөвгийн 8-д шалгарч чадсан.
Тэр жилээ USO финалд шалгарч мөн л Штэффи Графт 5-7, 4-6 хожигдсон.
1998 онд Сэлэшийн дасгалжуулагч, аав Кароли хорт хавдраар нас барсан нь түүнд үнэхээр хүнд цохилт болсон ч хэдхэн 7 хоногийн дараа Ролан Гаррост оролцож финал хүртэл тоглож чадсан. Шөвгийн 8-д чансаагаараа 3-т бичигдэж байсан Яна Новотнаг 4-6, 6-3, 6-3, хагас шигшээд чансаагаараа тэргүүлэгч Мартин Хингисийг 6-3, 6-2 буулган авч финалд Аранта Санчэстай тааран 6-7, 6-0, 2-6 хожигдсон юм.
2002 онд бараг бүх тэмцээнд оролцож Их дуулгад гэхэд шөвгийн 8 хүртэл явж /АО-н хагас шигшээд Мартина Хингист, Ролан Гарросын шөвгийн 8-д Вэнус Уйллиамсд, Уймбэлдоны шөвгийн 8-д Жюстин Энэнд, USO-ы шөвгийн 8-д мөн Вэнус Уйллиамст хожигдсон/ тэр үед ид гайхуулж байсан Вэнус Уйллиамс, Каприати, Мартина Хингис, Жюстин Энэн, Мариа Шарапова, Ким Клийстэрс, Линдсэй Дэвэнпорт нарыг хожиж маш амжилттай тоглож байсан бөгөөд чансаагаараа 7-д бичигдэж чадсан юм.
2003 оны хавар Италиан опэнд Надя Пэтроватай тоглож байгаад хөлөндөө бэртэл авсан ч хэдэн 7 хоногийн дараа Ролан Гаррост оролцож эхний тойрогт мөн л Надя Пэтровад 2 сэт дараалан хожигдсон нь түүний Их дуулгад эхний тойрогт хожигдсон анхны тохиол болсон юм.
Үүнээс хойш тэр албан ёсны 1 ч тоглолтод оролцоогүй. Мартина Навратиловагийн хамтаар 2005 онд 2, 2007 онд 3 нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд 2008 оны 2 сард мэргэжлийн тэннисний ертөнцөөс албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн.
Дашрамд хэлэхэд Моника Сэлэшт зориулж Австралийн Young Elders хамтлаг Fly Monica fly дууг зориулсан. Энэ дуу тэр үед надад маш их урам зориг өгч байсан гэж Сэлэш ярьсан байдаг. 1996 онд АО-д түрүүлэхдээ энэ хамтлагийнхантай уулзжээ.
Хэрвээ энэ явдал болоогүй бол... гээд бодохоор Штэффи Граф, Моника Сэлэш 2-н хэн нь илүү байх байсан бол?
Last edited by
ARBAR on Fri May 03, 2013 11:40 am, edited 1 time in total.
Мара Бати Мэсси