tim wrote:Үгүй одоо тэгэд нэгэнт ирцийм чинь хөөрхийг муулаад яахав. Вэлком... гэе дээ.
Цагтаа бол цалгиж явсан гар шүү...
Тэр гоё данкууд, шидэлтүүд гээд дуртай тоглогчидийн минь нэг байсийн.
Харин тэр манай дээр нэг баахан азны оноо бөөнддөгөөс нь хойш нэг онцгүй харагддаг болсон доо. ккк
Т – МАК! Тэр бол цорын ганц...
2004 он. Хоёр ч улирал дарааллан лигийг оноо авалтаар тэргүүлснийхээ дараагаар 7 тоглогч оролцсон томоохон наймаагаар Техасын Хьюстен хотод ирээд удаагүй байлаа. Шинэ хотод Хятадын цагаан хэрэм буюу өмнөх жилийн драфтын номер нэг сонголттой гар нийлэн тоглох болсноор бүсийн аваргын төлөө хүч үзэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байв. Гэсэн хэдий ч фенүүдийнхээ итгэлийг хөсөрдүүлж улирлын эхний 17 тоглолтоос ердөө 6 ялалт байгуулж чадсан юм. 2004 оны 12 – р сарын 9 – ний өдөр, баруун бүсийн бас нэгэн хүчирхэг баг болох 16-4 амжилтыг үзүүлээд байсан Спөрсийг Тоёота центртээ хүлээн авч тоглох хуваарьтай байв. Тус тоглолт Кевин Харлен, Стив Керр нарын тайлбартайгаар ТНТ сувгаар орон даяар шууд дамжуулагдах тоглолт байлаа.
Орон даяар үзэж буй тус тоглолтонд хоёр багийн аль аль нь эхний хагаст олон шидэлтээ алдсан, тун уйтгартай тоглолт болж байв. Эхний хагаст Рокетс 4 оноогоор тэргүүллээ. Харин дасгалжуулагчаасаа даалгавар авсан Спөрс 3 – р үед өрсөлдөгчөөсөө 10 гаруй илүү оноо авснаар тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхлэв.
Тус тоглолт Рокетс багийн фенүүдийн хувьд хар дарсан зүүд мэт санагдаж байсан биз. Тоглолт дуусахад 62 секунд дутуу байхаад Тим Данкан чөлөөт шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр 10 оноогоор тэргүүлж эхлэв.
62... Т-МАК ЯГ НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ ВИЗАРДСЫН ЭСРЭГ АВСАН ОНООТОЙ ТЭНЦҮҮ СЕКУНД.
Энэ тоо магадгүй ҮСБХ – ны түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтийг хийх гэж буйг сануулсан дохио ч байсан байж болох юм.
Спөрс 74, Рокетс 64. Ихэнх үзэгчид ордныг орхин явцгаасан байлаа. Шалтгаан нь мэдээж тоглолт нэгэнт шийдэгдсэн мэт харагдаж байсан юм. Хашир Попович олон оноогоор тэргүүлж байсан хэдий ч гарааны тоглогчдоо тоглуулсаар л байв.
Рокетс баг тус өдөр ердөө 31 хувьтай довтолж байлаа. Холын зайнаас 10 довтолсныхоо ердөө ганцыг нь чулуу болгож чадаад байсан юм. Том багийн эсрэг ийм муу тоглосон хэрнээ 10 – хан онооны зөрүүтэй байгаа нь аз шүү гэж зарим нэг хөтлөгч нар хошигнож байлаа.
ГЭХДЭЭ Т-МАК БОЛОН ТҮҮНИЙ БАГИЙНХАН БУУЖ ӨГӨХИЙГ ХҮСЭЭГҮЙ ЮМ.
Т-Мак оролт хийн довтолсон боловч бөмбөг цагирагт орсонгүй. Харин самбар доор Яао илүүрхэж довтолгооны самбараас бөмбөг авалт хийснийхээ дараагаар цагирган дээрээс довтолж тооны зөрүүг 8 болгов. 74:66.
Урам орсон Рокетсчууд прессинг хийж эхлэв. Тэр нь ч үр дүнд хүрж Тонии Паркерын дамжуулалтыг Скотт Паджет таслан, шууд довтолсноор тооны зөрүүг 6 болгов.
Энэ үед Спөрс завсарлага захиалан тоглолтоо эргэн нэг ярилцахаар шийдэв.
Ману Жинобили бөмбөгийг тоглолтонд оруулахаар болов. Түүний дамжуулалт бараг таслагдахаа шахсан ч Девин Браун бөмбөгийг багтаа үлдээж чадлаа. Т-Мак Брауны бөмбөгийг таслахаар оролдох үедээ алдаа гаргалаа. Браун торгуулийн хоёр шидэлтээ хоёуланг нь амжилттай болгов. Тооны харьцаа 76:68. 44 секунд дутуу.
ТОГЛОЛТ ДУУССАН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? ҮГҮЙ. ТОГЛОЛТ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА.
Т-Мак эсрэг довтолгоонд шилжив. Хамгаалалтын мэргэжилтэн Брьюс Боуэн түүн дээр бүтэн талбайн хамгаалалт хийж байлаа. Багийн нөхдүүд нь түүнд зай гаргаж өгснөөр Т-Мак 3 – ын шугамны араас бөмбөгөө цагирагт унагалаа. Яг энэ мөчөөс эхлэн хүмүүс тоглолт руу анхаарлаа хандуулж эхлэв. Гарах хаалга руу явж байсан үзэгчид түр зогсон дараагийн довтолгооныг хүлээж байв.
Тооны харьцаа 76:71, 35 секунд дутуу.
Рокетс багийнхан дахин алдаа хийв. Спөрсийнхөн ч торгуулиа алдсангүй 7 оноогоор тэргүүлж эхлэв. Т-Мак дахин бөмбөгийг тоглолтонд орууллаа. Боуэн ч түүнээс салахгүй нягт хамгаалж байв. Яао заслон тавьж сул гарсан Т-Макийг Данкан нөхөж хамгаалахаар ирэв. Т-Мак нэг дохиод үсрэлттэй шидэлт гүйцэтгэх үед нэгэнт үсэрсэн Данкан биеэ татаж амжилгүй хамгаалалтын алдаа хийв. Бөмбөг ч байндаа туслаа.
Т-Мак чөлөөт шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр ердөө 3 – хан онооны зөрүүтэй болов.
ТООНЫ ХАРЬЦАА 78:75. 24 СЕКУНД ДУТУУ.
Спөрс цаг хожих зорилготойгоор бөмбөгийг өөрийн зоо руу тоглолтонд оруулав. 16 секунд дутуу байхад Данкан дээр алдаа хийв. Данкан 2 шидэлтээ хоёуланг нь амжилттай болгосноор 5 оноогоор тэргүүлж эхлэв.
Рокетс минутын амралт захиалан довтолгооны хувилбараа ярилцав. Гэсэн ч бөмбөгийг тоглолтонд оруулах цаг болоход Андре Баррет дамжуулчих сул хүн байсангүй. Баррет ч бөмбөгөө хураалгахаас зайлсхийн бөмбөгөө зүгээр л Т-Мак руу чиглүүлээд чулуудаж орхив. Аз болоход Боуэн Т-Макаас хоцорсон тул давхар хамгаалалт хийхээр ирсэн Паркерыг өндөрлөн бөмбөгөө авж чадлаа. Боуэн ч мэдээж салахгүй нойтон хамуу шиг хамгаалж эхлэв. Энэ удаад багийнхан нь түүнд зай гаргаж өгөх хугацаа байсангүй. Т-Мак хамгаалагчийн өөдөөс, улаан нүүрэн дүүр нь шугамны араас шидэлт гүйцэтгэлээ. Шидэлт амжилттай боллоо.
ТООНЫ ХАРЬЦАА 80:78. 11 СЕКУНД ДУТУУ.
Спөрс завсарлага захиалснаар аль аль багийн минутын амралт дуусав.
Попович зүгээр л тоглодгоороо тогло, яарж сандарсандаа **н** үйлдэл хийх хэрэггүй гэж сануулж сануулж тоглогчдоо талбайд гаргатал Девин Браун түүнийг ойлгоогүй бололтой. Спөрс бөмбөгийг тоглолтонд оруулахдаа Дэвин Браунд дамжуулав. Түүн дээр давхар хамгаалалт хийв. Давхар хамгаалалтаас гарахын тулд эргэхийг оролдсон ч хөлөндөө орооцолдон газар унаснаар бөмбөгөө алдав. Уг нь Браун тэр бөмбөгийг алдаагүй байсан бол тус тоглолтын баатар болох байсан юм. Учир нь Браун тэр өдөр сэлгээнээс тоглолтонд оролцон 20 оноог аваад байсан юм.
Түүний алдсан бөмбөг өөрөө л бараг Т-Макийн гар дээр гүйгээд ирсэн гэхэд болно. 7 секунд дутуу. Яг тухайн мөчид та Т-Макийн нүдийг харсан бол түүнийг хэн ч зогсоож чадахгүй гэдгийг ойлгох байсан биз ээ. 2 оноо дутуу байсан ч Т-Мак тэнцэхийг хүсээгүй юм. Магадгүй хожно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан байх. Тэр заслон ирэхийг ч хүлээсэнгүй, кроссовер ч хийсэнгүй зүгээр л шидэж орхисон юм. Тийм ээ шидэлт амжилттай болсноор 1 оноогоор Спөрсийг буулгаж авав. Энэ нь түүний нэрийг түүхэнд мөнхөлсөн шидэлт байсан юм.
Итгэмээргүй, гайхалтай, төсөөлшгүй шидэлтүүдийг ар арааас нь хийснээр ҮСБХ – ны түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлтийг хийлээ.
Тоглолтын сүүлийн нэг минут Холливуудын ямар ч киноноос илүү сонирхолтой байсан билээ.
35 секундэнд 13 оноо. Дахиж энэ үзүүлэлтийг үзүүлэх тоглогч мөддөө төрөхгүй гэдэгт итгэлтэй байна.
Тийм ээ. Тэр аварга авж чадаагүй. Гэхдээ тэр бол олны хайр хүндэтгэлийг хамгийн ихээр хүлээсэн тоглогч!
Тийм ээ. Тэр бол ЦОРЫН ГАНЦ!!!
https://www.youtube.com/watch?v=ceLlz7dOOvY