by Отгоо » Thu Apr 11, 2013 11:17 pm
"БАГ ШИГ БАГ"
By: Идэр-Ууган Ганбат (Score студи)
"Сагсан бөмбөг бол багийн спорт" гэж бид хэлэх дуртай. Баг гэдэг нь талбай дээр хөлсөө урсгах 5 тоглогч, суудлаас дэмжих сэлгээнийхэн, шүүгчтэй хэрэлдэх дасгалжуулагч, хувилбар боловсруулах туслахууд, бэлтгэл хангах трэйнэр, бэртэл эдгээх эмч, бөмбөг зөөх хүүхдүүд, тоглолт шимтэн үзэх үзэгчид гээд бүгд багтдаг том ойлголт. Гэвч аливаа багийн амжилтын цаана хөрөнгө мөнгөөр нь хангах эзэн, оновчтой шийдвэр гаргах менежер байдаг гэдгийг сэтгүүлчид бид ярилгүй, фэнүүд та нар ойшоолгүй өнгөрдөг тохиолдол олонтаа. Тэгвэл баг шиг баг гэж юуг хэлдэг юм бэ?
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Сан Антонио Спөрс шиг жижиг зах зээлд тогтмол амжилт үзүүлж, NBA-г ноёрхсон баг бараг үгүй. "Тэд яаж ноёрхсон юм бэ?" гэж хэрүүл хийхээс чинь өмнө би дараахи статистик баримтыг хэлье:
- 36 жил NBA-д үйл ажиллагаа явуулахдаа тэд 32-т нь Плейоффт шалгарчээ
- 2 жил дараалан Плейоффыг өнжиж байсан удаа тэдэнд үгүй, энэ амжилтаараа NBA-д цорын ганц нь
- Грэгг Поповичийн үед тэд 16 жил дараалан Плейоффт шалгарчээ
- Мөн эдгээрээс 14 жилд нь дараалан 50 болон түүнээс дээш хожлыг байгуулжээ
- Ажил хаялттай, 66 тоглолттой өнгөрсөн улиралд хүртэл тэд 50 хожил авчээ
- 2012 онд ESPN сэтгүүл тэднийг БҮХ АМЕРИКИЙН СПОРТУУДЫН СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ БАГ-аар өргөмжилжээ
Дургүй хүмүүс нь тэдний дөрвөн аварга цолыг тооны хувьд бага байна гэж басамжилж болох ч өнөөгийн өрсөлдөөн ихтэй NBA-д нэг Аварга цолонд хүрнэ гэдэг ямар хэцүүг бид мэддэг болсон. Тэгвэл Спөрс багийн нууц нь юу вэ? Тэд бага мөнгөөр, жижиг зах зээлд яаж ингэж тогтмол амжилтыг гаргаж чадаж байна?
Юуны түрүүнд энэ багийн эзэн нь Петер Холт. Далласын Марк Кюбан шиг нэр хүнд түүнд байхгүй ч Сан Антониочууд түүнийг баатар мэт боддог нь ойлгомжтой. Энэ оны эхээр NBA-гийн Удирдах Зөвлөлийн Даргаар түүнийг сонгосон нь бас л нэгийг илтгэнэ. NBA-гээс зааж өгсөн цалингийн цэсийг хэтрүүлэн, татварт их хэмжээний мөнгө төлөхгүйн тулд Холтын зүгээс хүндхэн шийдвэрүүдийг гаргаж, төсөвтөө тааруулж ирээдүйн оддыг цуглуулах үүргийг өгсөн нь бас л оновчтой шийдэл.
Тэр үүргийг нь багийн ерөнхий менежер Р.С Бюфорд гүйцэтгэнэ. Хөшигний цаана тэрээр багтай холбоотой бүх л чухал шийдвэрийг гаргана. Багийн уур амьсгалыг анхнаас нь сайн бүрдүүлж, тохирох тоглогчдыг нь дэлхийн өнцөг булан бүрээс хямдхан олж, шаардлагагүй мөнгийг хий хоосон нэртэй тоглогчдод зарахын оронд ирээдүйн оддоо сэлгээнээс бэлдэж, дараагийн нүүдлээ байнга боддог нь энэ хүний авъяас гэмээр. Драфтын 2-р тойргоос Паркер, Жинобили нарыг олсон хүнтэй юу ярих вэ дээ. Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили гэсэн Их Гурвалыг Дэнни Грийн, Кавай Леонард, Тиаго Сплиттэр гэх мэт чөлөөт агент, Драфтаас авсан ур чадвартай залуу тоглогчдоор хүрээлүүлдэг нь энэ хүний онцгой чанар.
Холт, Бюфорд хоёрын хөдөлмөрийг хэрэгжүүлж, Спөрсийг өдий зэрэгт авч яваа хамгийн гол хүн бол Грэгг Попович. Сэлгээний сандалд шигдээстэй нөхөрийг роль тоглогч, роль тоглогчийг од болтол нь хөгжүүлж чадах ховор ур чадвар энэ дасгалжуулагчид бий. Ганц тоглогчийн ур чадвар дээр бус багийн тоглолт дээр суурилсан түүний системтэй дасгалжуулалт хэний ч ард орохгүй. Талбайн гадуур тэр багаа яг нэг гэр бүл шиг л байлгадаг. Тоглогчдын хооронд зөрчил гарна гэж үгүй, хувцас солих өрөөнд сагснаас өөр юм ярина гэж байхгүй.
Дээрхи гурван эрхмийг талбай дээр баярлуулдаг нь энэ багийн лидер Тим Данкан болон түүний хоёр хамтрагч Паркер, Жинобили нар. Оддын өвчин, онгироо зан, хэнхэг сэтгэлгээ тусаагүй энэ гурав багаа, гэр бүлээ, бие биенээ гэсэн сэтгэлээр өөрсдийгөө болон багийн залуучуудаа цэнэглэж, цалингаа хүртэл золиосолж байсан тохиолдол бий. Энэ багт уран гоё тохолт хийдэг, шагай мулталтал хуурдаг, өсрөлдөгчөө ярвайтал онгирдог тоглогч байхгүй ч самбардаж хийдэг, цацаж оруулдаг, үзэгчдээ сэргээдэг тоглогчид нь бий. Эцсийн эцэст 2 оноо л бол 2 оноо.
Сан Антонио Спөрсийн тоглолтыг бид уйтгартай гээд үзэхгүй байж болно. Дэндүү их хамгааллаа гээд гоочилж болно. Гэхдээ суурь тоглолт, хамгаалалт хоёр аварга цолонд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Багийн эзэн, ерөнхий менежер хоёр юу хийдгийг, удирдаж буй дасгалжуулагч ямар чухал болохыг хэлэх гэсэн санаа бол энэ. Бөмбөгөнд хүрдэггүй гуравыг магтахдаа битгий мартаарай! Энэ бүгдийг мэдэж, ойлгодог хүмүүс мэр сэр байгаа л байх, гэхдээ би мэддэггүй, анзаардаггүй хэдэд нь зориулж бичлээ. Энэ жил Спөрс аварга авахгүй байж болно, харни Аварга болвол энэ нийтлэлийг санаж фэн нь юм шиг баярлаарай, дэмжээрэй!!!
Сан Антонио Спөрс бол БАГ ШИГ БАГ...
BLUE TILL I DIE