Ирэх 5 дахь өдөр Европын хамгийн олон үзэгчтэй, хамгийн бага арьсны үзэл гаргадаг Бундэслиг маань эхэлнэ. Шинэ улирлын өмнөх анализыг топ багууд дээр хийснээ сонирхуулья.
1. Штуттгарт
Өмнөх улирлын аварга баг дараа улиралдаа аваргын төлөө хамгийн халуун өрсөлдөх багаар орж ирдэг нь Европын лиг дэх бичигдээгүй хууль. Энэ хууль энэ удаа харин зөрчигдөж байгаа. Учир нь өрсөлдөгч багууд байлдаанд сайн бэлдэж байхад тэд олигтой наймаа хийсэнгүй. Харин ч лигийн аваргыг багтаа авчирсан хаалгачаа Испани уруу үдчихсэн. Валенси уруу одсон Хилдэбрандын оронд цомын аварга Нюрнбергээс ирсэн Шэфер талбай дээр давгүй тоглолт үзүүлдэг ч пеналти хаах болоход өмдөндөө шээс дусаадаг. Штуттгартад Нюрнбергийн 2-р хаалгачийг орлох зүрхтэй эр үгүй. Нөөц хаалгач нь зодог тайлчихсан байгаа. Хэрэгтэй үед чухал гоол хийж байсан Штреллер нь Швейцар орон луугаа буцсан. Хамбургээс зээлээр авчирсан, шигшээд хүртэл дуудагдаж байсан Лаут нь буцсан, тэндээсээ Ханноверт очоод байгаа. Ингээд нөөц довтлогчийн асуудалтай болсон тэд Киприан Маричаг Шахтёроос 8 сая еврогоор үнэ зодон авчирсан. Энэ бол ийм зэргийн тоглогчид асар их мөнгө. Хэргийг нь энэ улиралдаа гаргаж чадах нь маш эргэлзээтэй. Ачааны хүндийг гэмтэл нь гайгүй болчихвол Гомез нь л авч гарах болов уу. Ядаж байхад өнгөрсөн жил өөр багт зээлдүүлсэн Томассоныгоо тоглуулахгүй. Хөгшин Баббел нь зодог тайлж, Бийрофка нь 1860 луу явсан. Реал Сарагосагаас ирсэн Эвертон, Хэртагаас ирсэн Бастюрк нар нь хэдий хөлбөмбөг сонирхогчдын сайн танил нэрс гэсэн ч ширүүн өрсөлдөөнтэй хөл зэрэгцэн алхахад тэдэнд тун хүнд байх болно.
Таамаг: Тэд ЧЛ-ын эрхийн төлөө өрсөлдсөөр эцэст нь УЕФА цомд бууна.
2. Шальке
Англид Манчестер амь үрэгдэгсдийнхээ 50 жилийн босгон дээр аваргална гэж байгаа бол Германд Шальке бас энэ 50 гэдэг тоог чухалчилж буй. Учир нь тэд хамгийн сүүлд 50 жилийн өмнө лигийн аварга болж байсан. Курани энэ багийн амин сүнс нь байх болно. Түүнийг гэмтвэл орлоод гоолдоод байх эрийг энэ багаас олоход хэцүү. Шальке Штуттгартаас ч илүү муу наймаа хийсэн. Хамитаа Бавари уруу, Линкольноо Турк уруу явуулснаар тэдний төв дэх хүч ихээхэн суларсан. Орных нь хүмүүсийг авсан ч төдийлөн сайн биш тоглогчид. Үүнд ундууцсан Курани Үргэлж 2-р байр эзэлмээргүй байна гэсэн нь багийн доторхи уур амьсгалыг жаахан өөрчилчихсөн тал бий. Бийлэфэлдээс ирсэн Вэстерманн гэдэг хамгаалагч залуугийн тоглолт харин их сонирхол татаж байгаа. Өнгөрсөн улирал гайхалтай байсан. Куранигаас дутахгүй бас нэг багана бол багийн хаалгач Мануэл Нойер. Өнгөрөгч улиралд биширмээр тоглосон. Гэхдээ энэ улирлыг анхнаас нь лиг ЧЛ 2 дээр зэрэг эхлүүлээд авч явна гэхэд нас бага цус шингэн залуугийн хувьд арай л ахдах болов уу. Өнгөрсөн улиралд аварга алдсаны гол буруутан хэмээгдсэн Линкольн явсан ч багийн дотоод уур амьсгал Куранигийн хэлсэн үгний дараа төдийлөн сайжраагүй нь илт мэдэгдсэн.
Таамаг: Тэд аваргын төлөө ахиад л өрсөлдөх ч ахиад л ЧЛ-ийн эрхтэй хоцорно.
3. Бавари
Лигийн аварга хаанаас тодрох вэ гэдэг нь зөвхөн энэ багаар л дамжиж тодорно. Тэд үнэхээр сайн тоглож чадвал зөвхөн тэд л аваргална. Түүхэндээ байгаагүй их мөнгө буюу 70 сая евро заран байж Тони, Рибери, Клозэ гэсэн дэлхийд түгсэн нэрнүүдээс гадна Соса, Янсен, Хамит Алтинтоп, Шлаудрафф гэсэн сонирхолтой нэрс Аллианц Аренад цуурайтах болно. Тэдэн дээр нэмэгдээд хуучны танил, бас ч гэж харьчихаагүй давгүй тоглолт харуулж чадах Зе Роберто нэмэгдэж ирнэ. Ингээд гэнэт харсан чинь Пөөх гэж л дуу алдмаар. Рибери Швайни нар нь жигүүрээс түрээд, ван Боммел, Зе Роберто(эсвэл Соса) 2 нь урд байгаа Клозэ Тони 2-оо дэмжээд өгөхөөр энэ багийг зогсоох баг Бундэслигийн хэмжээнд үгүй. Гэхдээ анхнаасаа л энэ баг баллаад явна гэхэд бас ч гэж итгэхэд хэцүү. Гарааны 11 тоглогч нь бараг 10 үндэстнээс гарч мэдэх тэдэнд хэлний проблем асар их байгаа. Хөлбөмбөг тоглоход мэдрэмж л хэрэгтэй, хэлний хэрэг огт байхгүй гэж бодож байгаа бол бяцхан эндүүрэл. Харьцааны гол хэрэглүүр тоглолтод маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг жишээ гэхэд л дэлхийн аваргаар Клозэ Тони 2 Польшоос бусад багтай тоглохдоо бүхэл тоглолтын турш эх хэлээрээ ярилцан эсрэг багийнхнаа мангартуулж байсан. Байерны хамгийн том асуудал бол гэхдээ хэл биш. Энэ бол хамгаалалт. Янсеныг зүүн талдаа авсан ч төвдөө хүч нэмсэнгүй. Лусио нь урагш дайрсаар байгаад өрсөлдөгчөө ардаа алдаад тэнд орь ганцаар хоцорсон ван Бойтен нь бүтэлгүй тоглолт гаргасан нь өнгөрсөн улирлын дүр зураг. Урд бол Макай боломжийн гоолдоод л байсан. Ардаа дэндүү муу байсан. Аргаа бараад орон гаран тоглолттой Демишелисийг буцаагаад төвдөө тавьж байх шиг. Орчин үеийн хөлбөмбөгт хамгаалалт хамгийн чухал салбар болох нь дэлхийн аваргаас ил тод харагдсан. Байернд ингээд сайхан тоглогчид ирсэн ч явсан тоглогчид нь хаана ч иэдээшиж чадахаар л тоглогчид. Салихамижич Ювед очсон бол Пицарро Челсид очсон. Цаашилбал Санта Круз Блэкбернд, Харгрийвз МанЮ-д, Карими Катарт очсон гэх мэт. 1860-аас ирээдүй хэмээн авчирч байсан Гөрлитцийгээ бас үдчихсэн. Гэхдээ эдэн дундаас хамгийн том гарз нь миний бодлоор Фейеноорд уруу явсан Рой Макай. Тэр нөөцөнд байхыг хүсээгүйгээс өөрөө ингэж шийдсэн. Түүнийг явсны дараа Баваригийн фэнүүдийн дунд томоохон маргаан дэгдэж, санал асуулга явуулахад 63 хувь нь Ройг Клозэгээс илүүд үзсэн байсан. Гэхдээ яс юман дээр Клозэгээс өмнө Тониг ирэхэд л түүний асуудал шийдэгдсэн. Шигшээдээ Рүүдтэй арцалддаг байсан шиг Тонитой тэр яг адилхан байрлал эзлэн тоглодог. Тони Клозэ 2-ыг бодвол тэр олон олон жил Европын дэвжээнд том багуудтай тоглон, гоол хийж сурсан туршлагатай тоглогч. 2 довтлогчид ЧЛ эхэндээ ялимгүй ахдах ч харамсалтай нь УЕФА цомд тоглоно. Ирэх жилийн ЧЛ-д тэдний хэрхэн тоглох нь одооноос сонирхол татан буй. Нэг юм нэмж хэлэхэд Байерны амьд домог, шидэт жокер Мэхмет Шолль нь зодог тайлсан. Түүний үдэлтийн тоглолтод алдарт Барса ирэх ба энэ тоглолт шинэ багийн чадамжийг бага ч атугай гаргаж ирэх буй заа.
Таамаг: Аваргын төлөө хамгийн ширүүн үзэх баг.
4. Брэмэн
Аваргын төлөөх тэмцлийн ялагдлын гол буруутан Клозэ явснаар багийн уур амьсгал сайжирсан гэж болно оо. Түүний гоолдох чадвар үгүйлэгдэх ч өвлөөс хойш тэр бараг гоолдоогүй. Хөрш Хамбургээс Дрогбагийн нутаг нэгт Саногог авчирсан ч Хамбургт тоглосон байдлыг нь харахад сайн тоглоно гэхэд эргэлзээтэй. Гэхдээ л тэр цомын эхний шатанд хожлын гоолыг хийсэн. Хамбургт идээшиж чадаагүй байсныхаа эсрэгээр байж чадвал тэр сайн тоглох магадлал гэхдээ бас ч гэж бий. Портогоос зээлээр авсан байсан Алмейдагаа жинхэлсэн. Энэ 2 довтлогч бол сайн биш ээ, гэхдээ амьгүй сүгүүд ч бас биш. Росенберг ч гэсэн давгүй л сэлгээ болох байх. Брэмэны гол зэвсэг бол төвийн бүс. Өнгөрсөн улирлын лигийн нээлт болсон Диего дээр нэмэгдээд нутаг нэгт Алберто нь орж ирсэн. Энэ 2 төвд бужигнуулна даа бужигнуулна. Шульц нь 96 луу бараг явах байх, оронд нь Сошогоос хөөрхөн мөнгөөр ирж байгаа сербийн шигшээгийн Тошич илүү сайн тоглох байх. Хамгаалалтын баавгай Фрингс гэмтсэн ч азаар удаан хэвтэхгүй бололтой. Багийн тал хувь нь гэмтэлтэй байгаа, тиймээс улирлаа тааруу эхлэх магадлалтай. Яван чангарах нь харин тодорхой гэж хэлэхэд буруудахгүй ээ.
Таамаг: Лигийн аваргын төлөө үзэхэд бяр арай л дутна. ЧЛ-ийн эрхтэй үлдэж хоцрох байх.
5. Хамбург
Майнцаас Зиданыг авсны дараа Хамбургийн фэнүүд одоо нэмээд нэг давгүй довтлогч авчихвал бид ямар ч багтай үзэхээр болно гэж байсан. Тэдний хүслийг биелүүлж баруун вингерээр Холландаас Ромео Кастелен хэмээх залуу ирлээ. Тэр асар их хурдаараа гайхагддаг нэгэн, өөрөө хаалга уруу сайн дайрах ч довтлогч нартаа чихэр шиг пасс өгч чаддаг. Шигшээдээ дуудагдан арваад тоглолт хийчихээд байгаа. Хурд шаардан довтолгоо голлодог шигшээд дуудагддаг гэхээр түүнийг хурдан тоглогч гэдгийг бэлээхэн илчлэнэ. Түүнийг ирснээр энэ баг дэх 4 дэх гарааны холланд тоглогч бий боллоо. Матайсен ямар сайндаа хэдэн жилийн дараа Хамбургийн гараанд 11 холланд зогсож байх болно гэж марзаганаж байхав. Нийслэлээс ирсэн Боатенг хамгаалалтын зоог илүү чангаруулж чадна. Компани эргэн ирсэн. Матайсен тэр 2 форм сайтай байвал эсрэг багийн довтлогчдыг хашаад хөдөлгөхгүй байх чадвартай. Сорин гэмтлээс эргэж ирээд формдоо орох гэсээр байтал цаг их өнгөрнө, уг нь хур арвин туршлага нь залууст тун их хэрэг болохсон. Төвдөө багийн зүрх болсон ван дер Ваарт нутаг нэгт де Ёнгтойгоо хүч хавсрана. Яролим тэдэнд бас хань болж чадна. Баруун вингерээр харин сайн тоглогч олох хэцүү, цонх хаагдтал нэг хүн авах хэрэгтэй. Зүүнд үлдээсэн Махдавикагийн орон зайг Кастелен бүрэн бөглөж чадна. Зидан урд эзэгнэх чадвартай. Түүнд харин Майнцад байсан шиг нам тайван уур амьсгал заавал хэрэгтэй. Хамбург Брэмэн шиг чиээ шуугиан ихтэй баг. Брэмэнд тэр идээшиж чадаагүй. Хамбургт гэхдээ түүний байрлал дээр өрсөлдөөн бага тул гайгүй байж мэдэх юм.
Таамаг: Тэд дампуу улирлын дараа дахин орой өөд мацах болно. Аваргалж эс чадах ч ЧЛ-ийн эрхийн төлөө чамгүй үзэлцэнэ ээ.
6. Дормтунд
Мэтцэлдер Реалд, Сахин Макайтай хөл нийлэхээр Фейеноордод очсон. Пийнаар Эвертонд зээлээр одсон. Дажгүй хүмүүс нь явчихсан юм шиг харагдаж байгаа биз. Гэхдээ орны хүмүүс нь бүр ч дажгүй ээ. Вольфсбургээс Климович, Базелаас Швейцарын лигийн мэргэн бууч Петрич, Карлсруэгээс 2-р лигийн мэргэн бууч Федерико нар ирснээр гоолны мангасууд бий болсон. Муугүй довтлогчид болох Фрай, Валдез, Смоларек нар байна. Эднийг пассаар хангах найруулагч, вингерүүдийн тоглолтоос их юм хамаарна. Кракаугаас ирсэн, Польшдоо асар нэртэй болоод байсан Блашчиковски Петрич 2-ын үүрэг их нэмэгдэх болно. Базелд зээлдүүлсэн Бакли нь бас эргэж ирсэн гэж байгаа. Сайхан л баг бүрдэж буй. Ювегээс ирсэн Роберт Ковачийн туршлага Мэтцэлдерийн үлдээсэн зайг бөглөх болно. Жилийн жилд багширч байдаг фэнүүдийнх нь дэмжлэг бас л их нөлөө үзүүлнэ. Одоогийн байдлаар 50 мянган ширхэг бүтэн улирлын билет зарагдаад байгаа нь шинэ тоглогчдын ирсэнтэй ч бас холбоотой байх.
Таамаг: Энэ улиралд тэд өмнөх жилүүдээсээ эрс өөр тоглох болно. УЕФА цомын эрх авна.
7. Лэвэркузэн
Цомын эхний шатандаа тэд Сан Паулид хожигдоод мултарчихлаа, ээ ичиг ичиг. Гэхдээ байз хүүхээ. Эндээсээ дүгнэлт хийгээд тэд лигидээ өөрөөр тоглох болно оо. Воронин гэж нэг гоолны мангасаа Ливерпүүл руу үдсэн ч Бохумаас лигийн мэргэн бууч Гекасыг аваад ирсэн. Жуан Роки Жуниор нар нь явсан ч шигшээгийн дуудлагатай Фридрих ирсэн. Түүнд мөн шинээр ирсэн Синкевич Видал нар туслах болно. Шнайдер, Кийслинг, Барнетта, Барбарез нар гээд бодохоор тэд довтолгооны хувилбараа яаж ч зохиосон чадах үндэслэлтэй. Энэ жил тэд овоохон мөнгөөр дориухан залуусыг авчирсан. Европын 14 том багийн нэгд тооцогддог ч 30 хүрэхтэй үгүйтэй мянган хүн ордог өрөвдөлтэй стадионтой байлаа. Энэ жилээс өргөтгөл хийгээд түүнийгээ дагаад багийн болон фэнүүдийн баяр хөөр, лигийг тэсгэлгүй хүлээсэн хүлээлт эрс ихэссэн байх. Энэ нь багийн тоглолтод эерэг уур амьсгалыг авчрах болов уу.
Таамаг: Дортмунд шиг УЕФА цом дээр бууна.
8. Нюрнберг
Цомын аварга болсон тэд энэ жил 3 гол тоглогчоо алдлаа. Полакаа Бельги, Шротоо 1860, Шэферээ Штуттгарт уруу тус тус явуулсан. Сөргүүлээд гэхдээ бас ч гэж давгүй наймаанууд хийчихсээн. Харистеас Аяксаас 2,1 сая еврогоор ирж, клубын түүхэн дэх наймааны рекордыг хийсэн. Бохумаас төвөөс давхиж ороол гоолдчихоод байдаг Мисимович, Гладбахаас Клугэг авч орхисон. Хуучин амьдарч байсан хотод маань олон арван жолооч машин дээрээ клубын дарцгийг хийсүүлэн давхиж байна гэж тэнд одоо амьдран буй танилаасаа сонслоо.
Таамаг: УЕФА цомын төлөө ширүүн үзэлцэнэ.
За ингээд топ багуудыг танилцуулллаа. Эдгээрээс гадна Англид байдаг шиг дасгалжуулагч, менежер, спортын захирал гэсэн 3 эрх мэдлийг өөртөө нэгтгэсэн Магаттай Вольфсбургийн баг ихээхэн сонирхол татаж буй. Уржнангийнх шиг Бавари эхнээсээ тасраад уйтгартай лиг болох уу эсвэл ноднингийнх шиг эцсийн өдрөө аварга нь тодорсон сэтгэл гижигдсэн лиг болох нь уу гэдгийг нь харжээ сууя даа