by CFC_Temuujin » Sun Mar 24, 2013 3:15 pm
ХЕДИРА: Бид өөрсдийнхөө бардам зангаа дарцгаан жинхэнэ баг шиг болж байна.
Реал Мадрид болон Германы шигшээ багийн салшгүй нэгэн хэсэг болсон хагас хамгаалагч Сами Хедира-ын Испаний хэвлэлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.
Өвдөг чинь яаж байна даа?
Сайн байгаа, баярлалаа. Жаахан суналт өгсөн төдий зүгээр үл ялиг л зүйл байсан юм. Одоо бол зүв зүгээр байгаа.
Илүү хүнд гэмтэл байх вий дээ гэж айж байв уу?
Эхэндээ бага зэрэг эмээсэн л дээ. Гэхдээ тийм ч ноцтой зүйл биш байна гэдгийг нь мэдсэн, би олон жил хөлбөмбөг тоглож байгаа шүү дээ. Булчингийн холбоос тасрах юм уу, илүү хүчтэй суналт үүссэн бол мэдэгддэг юм. Тэгээд би үүнийг тийм ч сүртэй зүйл биш гэдгийг нь мэдсэн л дээ.
Моурино ч айж байсан байх даа.
Бага зэрэг л... Гэхдээ энэ нэг талаар надад сургамж боллоо. Одооноос эхлээд би Моуринод, бас фэнүүддээ хандан, болгоомжтой байх болно гэж хэлмээр байна. Мадридад эргэж ирэхдээ би цоо эрүүл байх болно, дахиад топ түвшиндээ тоглох болно. Бүгд санаа амар байж болно.
Таныг өвдөгний асуудлаас болоод тоглож чадахгүй гэх мэдээ гарах үед бүх л мадридиста нар сошиал сүлжээгээр дамжуулан танд дэмжлэг үзүүлсэн үгс явуулж байсан.
Тиймээ. Олон мессеж хүлээж авсан. Санаа зовж, сэтгэл гаргасан бүх хүмүүстээ баярлалаа.
Тэд танд хир их хайртай байгаа нь танд мэдэгддэг үү?
Тиймээ, үнэхээр мэдрэгддэг. Тоглолт бүрт л илүү ихээр мэдэрч, илүү их аз жаргалтай болдог. Фэнүүдээсээ хайр хүндэтгэлийг нь хүлээнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Би Реал Мадридын өмсгөлтэй талбайд гарах бүртээ хийж чадах бүхнээ зориулах болно.
Та өөрийгөө хангалттай үнэлэгдсэн гэж боддог уу?
Тиймээ. Моурино болон дасгалжуулагчийн багийн хувьд итгэлийг нт хүлээх нь хамгийн чухал зүйл. Өдөр болгон тоглохыг минь харж, хэнийг талбайд гаргахыг шийддэг хүмүүс бол тэд. Тэгээд бас фэнүүд маань миний тоглолтыг үнэлж байвал, энэ үнэхээр гайхалтай зүйл. Гэхдээ хамгийн чухал зүйл бол дасгалжуулагчдаа хүлээн зөвшөөрөгдөх явдал. Анхаарлын төвд Кристиано, Өзил, Бензема нар байдгийг би мэлнэ. Энэ бол хэвийн л зүйл. Тэд бол мастерууд. Тэд гайхалтай цохилт, гайхалтай хууралтуудыг хийцгээдэг... гэхдээ би ч бас шаргуу хөдөлмөрлөдөг.
Моурино болон Лев нарын хэн нэгэн нь таныг арай илүүгээр үнэлдэг үү?
Миний хувьд үгүй ээ. Би өөрийн ажлаа хийж байхдаа, хамтран тоглогчид дасгалжуулагчид минь надад сэтгэл хангалуун байж, намайг итгэж болохуйц хэмээн үнэлэхэд нь би сэтгэл хангалуун байдаг. Миний ажил бол бөмбөг таслах, хамгаалалтанд туслах, тэгээд мөн боломжтой бол урагш нэвтэрч гоол оруулах. Үүний тулд би бүхнээ дайчилдаг, эрт орой хэзээ нэгэн цагт үр дүн нь гарах л болно. Хэрвээ миний тоглолт багтаа ямар нэг цом авахад нь тусалж л байвал надад өөр юу ч хэрэггүй. Би жаргалтай байх болно.
Та энэ улиралд хэд хэдэн гоол оруулаад байгаа. Ямар учираас торгуулийн талбайд их ойрхон тоглоод байна?
Анх Мадридад ирэхдээ би илүү их хамгаалан тоглодог байсан. Мистер эхний улиралд тийм байлгахыг хүссэн. Би хамгаалдаг байсан. Гэхдээ шигшээ багтаа бол би үргэлж л довтолгоонд оролцдог байсан. Мистер үүнийг анзаараад талбай дээрх миний байрлалыг дахин өөрчилсөн. Одоо би эсрэг багийн хаалганд их ойртож, илүү эрх чөлөөтэй тоглож, илүү их зүйл хийх боломжтой болсон. Энэ бүхэн бол багийн амжилтын л төлөө хийгдсэн зүйлс.
Өөрийгөө хөлбөмбөгчний замналынхаа оргил үед нь яваа гэж боддог уу?
Одоо бүх зүйл сайхан байгаа ч гэсэн би хамгийн сайн зүйлс урд минь байгаа гэдэгт үргэлж итгэдэг. Мадридад ирснээсээ хойш би маш их сайжирсан. Илүү олон талтай тоглогч болсон. Гэхдээ дахиад сайжрах болно гэдэгтээ итгэдэг.
Өөрийгөө хөлбөмбөгчнийх нь хувьд тодорхойлбол?
Найдвартай, итгэж болохуйц. Ялахын төлөө хүсэл эрмэлзэлтэй.
Мадридтай анх хэрхэн гэрээ байгуулж байснаа эргэн дурсвал?
Дэлхийн аваргын дараа утсанд минь ирсэн нэг дуудлагаар л эхэлсэн дээ. Энэ бол Моурино байсан юм. Тэр над руу залгаад намайг Мадридын төлөө тоглуулахыг хүсэж байгаагаа хэлсэн. Миний хувьд тэр бол гайхалтай явдал байсан. Дараа нь бид биечлэн уулзахаар болсон, би юу болохыг төсөөлж чадахгүй байсан. Гэхдээ 2,3-хан минутын дараа бид нэг нэгэнтэйгээ маш сайн ойлголцож чадсан. Тэр надад ер бусын төлөвлөгөөгөө танилцуулж, би түүнийг нь зөвшөөрсөн. Ийм л амархан зүйл болсон доо. (инээв)
Та Моуриниста мөн үү?
(инээв) Моуриногийн удирдлаган дор тоглож байгаадаа баяртай байдаг, Мадрид надад гэр шиг минь л санагддаг.
Мадридыг ирэх жил Моуриногүйгээр төсөөлж чадах уу?
Юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй, хөлбөмбөгийн ертөнцөд бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг. Үргэлж л шинэ хүмүүс ирж байдаг болохоор хэн нэгэн дандаа өөрийнхөө байранд байгаад байна гэдэгт би итгэдэггүй. Хөдбөмбөг ийм л байдаг, цаашид ч ийм байх болно. Гэхдээ Моурино бол Мадридын хувьд гайхалтай сонголт байсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөг.
Та түүнийг ирэх улиралд үргэлжлүүлэн эндээ ажиллаасай гэж хүсэж байна уу?
Хэрвээ энэ сонголт надаас шалтгаалах байсан бол, тэр үлдэх болно.
Бернабеуд тоглох гайхалтай байх даа?
Эхэндээ энэ бүхэн гайхал төрүүлдэг л дээ, ялангуяа над шиг залуу хүнд бол. Гэхдээ би эхний өдрөөсөө эхлээд л талбайд гарахдаа өөрийгөө үнэ цэнэтэй, Мадридад тоглоход сэтгэл зүйн хувьд хангалттай хүчирхэг гэдгээ харуулахыг хүсэж байсан. Мадрид бол Европын хамгийн үзэсгэлэнтэй цэнгэлдэх хүрээлэн. Талбайд гармагцаал үлгэр домгийн мэт гайхалтай уур амьсгалыг мэдэрдэг. Миний хувьд Бернабеуд хийсэн тоглолт бүр аз жаргал бас нэр төрийн хэрэг байдаг.
Өзил бас энд байсан болохоор Мадридад идээшихэд илүү хялбар байсан болов уу?
Бид дотно найзууд. Энд хамтдаа ирцгээсэн нь хэн хэнд маань их хэрэг болсон. Энд ирэхээсээ өмнө л найзууд байсан ч гэсэн, энд ирсэн эхний өдрөөсөө л эхлэн байнга хамт байж, нөхөрлөл маань бүр ч гүнзгийрсэн. Бид яг л ах дүү шиг байдаг. Хувцас солих өрөөнд бүх хүн л хоорондоо гайхалтай сайхан харьцаатай байдаг ч гэсэн Өзил бол надад найзаас минь ч илүү. Бас тэр бол гайхалтай тоглогч.
Тэр дэлхийн шилдэг болж чадах болов уу?
Тэр бол гайхалтай, ер бусыг тоглогч. Миний найз болохоор би ингэж хэлж байгаа юм биш. Тэр бол гоц авъястан, гэхдээ багт үр бүтээлтэй тоглохынхоо хирээр тэр дэхийн шилдэгүүдийн л нэг болж чадна. Түүнийг дэлхийн шилдэг болоход дутагдаж буй зүйл бол... Яагаад Кристиано, Өзил нар шилдэг хослол вэ гэвэл, тэд сайн тоглохынхоо хажуугаар 50 гоол оруулж байна. Месут гайхалтай тоглож, улирал бүр л тогтмол олон оновчтой дамжуулалт өгдөг. Гэхдээ тэр гоол оруулдаггүй. Би үргэлж л түүнд хэлдэг, “Месут, цохилт олон хийж бай. Олон гоол оруулахын тулд илүү хувиа бодсон шийдвэр гаргаж байх хэрэгтэй” гэж. Хэзээ нэг өдөр тэр миний үгэнд орно гэж найдаж байна, хамгийн гол нь тэр гайхалтай цохилт хийж чаддаг шүү дээ.
Өзил та 2 үлдсэн кареераа энд өнгөрөөнө гэж төсөөлвөл?
Гайхалтай биш гэж үү?
Яг одоо Мадридтай хийсэн гэрээгээ сунгамаар байна уу?
Одоохондоо бол таамаг төдий шүү дээ. Гэхдээ хэрвээ үнэхээр тэгвэл надад гайхалтай байх болно. Мадрид миний хөдөлмөрийг үнэлж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол ярилцлаган дээр хэлэлцэхэд тохиромжгүй сэдэв байна. Миний агентууд үүний л тулд байдаг шүү дээ. Одоо бол би Ла Десима (10 дахь гэсэн утгатай)-гийн тухай л ярьмаар байна. (инээв)
За за, Ла Десима-гийн тухай ярьцгаая.
Бид үүнийг авахыг хүсэж байна.
Галатасарайтай хийх тоглолт ямархуу байх бол?
Өрсөлдөгчөө дутуу үнэлж хэзээ ч болохгүй. Тэд шөвгийн 8-д шалгарсан, Шальке-г хассан, МанЮ-тай нэг хэсэгт байсан, бас тэдэнд шилдэг тоглогчид бий... амаргүй байх болно. Хагас шигшээд шалгарахын тулд Бернабеудаа сайн тоглож илүү давуу талтайгаар талбайд нь очих хэрэгтэй.
Галатасарайг Манчестертай адил түвшнийх гэж үзэж байна уу?
Тийм. Анхаарлаа хормын төдий ч сулруулж болохгүй.
Моурино МанЮ-г шөвгийн 8-д шалгарах эрхтэй гэж хэлж байсан. Та үүнд санаа зовсон уу?
Би яагаад түүнийг ингэж хэлснийг мэднэ. Би Сержио Рамосын юу гэж хэлснийг бас уншсан... Гэхдээ энэ чинь л Моурино шүү дээ. Тэр л Олд Траффордод болсон аймшигтай бас онцгой тоглолтын дараагаар юу бодож байгаагаа ингэж хэлж чадна.
Та түлхүүр тоглогчдын нэг байсан. 2007 онд Штутгарттай лигийн түрүү авахдаа гоол хийж байсанн. Түрүү жил Камп Ноу-д бас гоол хийж байсан. Гоол хийж Ла Десима авахын хүсэж байна уу?
Би бас өөрийгөө чухал гоол оруулдаг гэж хошигнодог юм... Энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Аваргуудын лигт түрүүлбэл үнэхээр гайхалтай байх болно. 2010 онд намайг анх ирэхэд хүн бүр л Ла Десима гэж ярьж байсан. Би Испани хэл арай сураагүй байсан болохоор юуны тухай яриад байгааг нь ойлгодоггүй байсан. Мадридын хувьд Ла Десима бол хамгийн гол зүйл. Тийм болохоор гоол оруулах эсэх бол чухал зүйл биш. Энэ бол клуб, фэнүүдийн мөрөөдөл биелж байгаа л хэрэг болно.
Ла Десима бол дон мөн үү?
Тийм ээ, тохирох үг байна. Ла Десимагийн дон.
Энэ нь бас эргээд их дарамт үүсгэдэг байх даа?
Дарамт? Үгүй ээ. Аваргуудын лиг бол дарамт биш, энэ бол зорилго. Аваргуудын лигт түрүүлэх хүсэл тэмүүлэл багт бий. Одоо багт байгаа тоглогчдоос өмнөх 9 түрүүний аль нэгийг авсан хүн нь ганцхан Икер л байна. Бусад тоглогчдоос энэ цомыг авч үзсэн хүмүүс гэвэл зөвхөн Кристиано, Эссиен хоёр [буруу ярилаа] Тиймээс бид бүгдээрээ түрүүлэхийг үнэхээр их хүсэж байна.
Барсагийн эсрэг шигшээ тоглолт хийх болвол?
Фэнүүдийн хувьд энэ гайхалтай байх болно, харж л байя. Гэхдээ бид шөвгийн 8-ын шатанд л байгаа, тиймээс шигшээ тоглолтын тухай ярьж болохгүй. Мадрид-Барса бол бүх класикогийн дотроос хамгийн шилдэг нь. Бүгд л шигшээ тоглолтонд харахыг хүсэх байх. Гэхдээ би үүнийг хамгийн шилдэг шигшээ тоглолт болно, эсвэл ингэж таараасай гэж хэлж чадахгүй. Би адилхан өрсөлдөж байгаа бусад багуудыг хүндэтгэж байна.
Мадрид энэ улиралд жигд тоглож чадахгүй байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Яг нарийн хэлэхэд хэцүү юм. Бид эхлэлээ маш муу хийсэн. Гэхдээ энэ оны эхээр бид дахин нэг баг шиг байж, зорилоо ухамсарлан сайн тоглож эхлээд байна. Бид өөрсдийнхөө ялихгүй, бардам зангаа дарцгаан жинхэнэ баг шиг болж байна. Хэрвээ нэг баг болж чадаагүй бол Барселонаг 2 хожиж, Манчестерын тэмцээнээс хасаж чадахгүй байх байсан. Одоо бол би Мадрид эргэн нэг баг болж чадсан гэж хэлж чадна, үүнийг бидний тоглолтоос харж болно.
Энэ Мадридыг өнгөрсөн жилийн багтай ижилхэн гэж бодож байна уу?
Бид зөв замаар яваа гэдэгт би итгэж байна. Өнгөрсөн жилийн дуулиан шуугианыг мартаж чадсан. Одоо эрч хүчтэйгээр ялалт байгуулж байна. Хөлбөмбөг их хурдан өөрчлөгддөг, гэхдээ би бас өөрсдийгөө өнгөрсөн алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй баг болсон гэдэгт итгэдэг.
12 товч асуулт.
1. Амралтаа өнгөрөөхөд хамгийн тохиромжтой газар?
Нар, наран шарлагын газар, бас далайтай газар.
2. Мадрид дахь хамгийн дуртай газар чинь?
Олон бий, гэхдээ хамгийн дуртай нь Retiro Park.
3. Whatsapp дээрх статус чинь?
Нэг их онцгой юм байхгүй ээ, зүгээр л “I’m in Madrid” гэж байдаг.
4. Дуртай хоол?
Итали хоолонд хамгийн дуртай. Би хоол хийхдээ их муу.
5. Хамгийн сүүлд кинотеатрт ямар кино үзсэн, бас хамгийн дуртай кино?
Хамгийн сүүлд Арго үзсэн. Хамгийн дуртай нь La Ley de la Venganza.
6. Хамгийн сайн болон муу чанарууд чинь?
Сэтгэлийн тэнхээ. Тэвчээргүй зан.
7. Өдрийн цайндаа юу иддэг вэ?
Жүржийн шүүс. Өндөг, талх.
8. Хөлбөмбөгчин болоогүй бол?
Физик эмчилгээ сурах байсан. Хүний биетэй холбоотой шинжлэх ухаануудад их дуртай.
9. Хэдэн шивээстэй вэ?
Хачин санагдаж магадгүй, ганц ч шивээс байхгүй.
10. Өөр дуртай спорт?
Педал тоглох, теннис үзэх дуртай.
11. Ямар хөгжим сонсох дуртай вэ?
RnB. Бусад төрлүүдээс бага багыг сонсдог.
12. Жолоо барьж байхдаа авсан торгуулийн хуудасны тоо?
Хурд хэтрүүлж байгаагүй. Зогсоолд буруу тавьснаас болоод хэд хэд торгуулж байсан.
By: Мадридиста Уламбаяр.
London FC