Даваа Японы иргэн болохгүй ээ, юу гэж тэгдэг юм
“Ардын эрх” гэдэг чинь байна аа, аль эртний сонин юм шүү дээ, одоо их өөр болж…” гэсээр
Мөөеө аварга орж ирлээ. Хакухо М.Даваажаргал “АЭ”-ийн “Оны хүн”-ээр шалгарч, аварга хүүгийнхээ шагналыг гардаж авахаар редакцид ирж байгаа нь энэ.
-Таныг хацу башёг Японд очиж үзнэ гэж сонсоод. Хэзээ явах вэ?
-Худлаа, худлаа. Сонинууд л тууж байхгүй юу.
-Та тэгэхээр эндээ үзэх юм уу?
-Тэгнэ ээ, тэнд чинь очоод үзэхээр нэг гэм нь их давчуу байдаг юм. Эндээ зурагтаар үзсэн нь бараг шулуухан даа. Дэргэдээс нь харахаар хачин жижигхэн талбай дээр яаж барилдаад байгаа юм бол гэж бодогдоод хэцүү. Телевизээр бол өөр л дөө.
-Тэгээд та явахгүй гэсэн үг үү?
-Явахгүй ээ, явахгүй.
-Хакухо өнөөдөр /уржигдар/ Асашёорюүтэй хамтарсан бэлтгэл хийх юм шиг байна. Оросын сайтуудад тэгж бичсэн байна лээ?
-Оросууд чинь бас манайхан шиг тууна аа. Гэхдээ бас хараад байхад гайгүй юм шиг байгаа юм. Өнөө хэдэн гайгүй үзээд байгаа оросууд чинь Даваа дэвжээгээр байгаа болохоор тэд нарыг хамсуулаад бичдэг юм шиг байгаа юм.
-Та сүүлд хэзээ утсаар ярив. Аавыгаа ирж хацу башё үз гэж хэлэхгүй байна уу?
-Өчигдөр ярьсан. Унтаж байна лээ. Хэдэн үг сольсон.
-Та бэртэйгээ утсаар ярьдаг уу?
-За тэр ямар хамаа байна. Яах нь уу /инээв/. Анх 2005 оны арваннэгдүгээр сард юм байна. Японд оччихсон байхад, Даваагийн дэвжээгээр та нартай адилхан тав, зургаан юм гүйлдээд байсан юм. Тэгсэн нэг нь “Амар сайхан байна уу” гээд байсан юм. Сүүлд нь харин мэдсэн чинь тэр манай бэр байсан юм байна лээ.
-Хадмуудтайгаа та хэр олон уулзсан бэ?
-Уулзсан. Гурав, дөрөв уулзсан. Том хүү нь Токиогийн их сургуульд сурдаг юм байна лээ. Японы ерөнхий сайд байсан Шинзо Абэтай хар багаасаа нэг анги байсан л гэж ярина лээ шүү. Давааг миний гурав дахь үеийн самуурай гэнэ лээ. Тийм ёстой юм байх.
-Хэд орчим насны хүн байдаг юм бэ?
-Залуухан. 54-тэй.
-Таныг тэнд очихоор сүйд болно биз, япончууд?
-Малгайгаа өмсчихсөн байхад их эмээнэ ээ. Манай малгай чинь өндөр оройтой, их сүртэй харагддаг юм шиг байна лээ. Айхтар хүндэлнэ.
-Хакухо сүүлийн хоёр башёд дараалан түрүүллээ. Гэхдээ тэр үед Асашёорюү Монголд байсан. Тэр хоёрын хэн нь түрүүлэх вэ гэдэг дээр олон хүн бооцоо тавьж байгаа юм шиг байна. Та хоёр аваргыг яаж барилдах бол гэж бодож байна?
-Мэдэхгүй дээ, одоо. Даваа ярихдаа ахтайгаа /Асашёорюүг хэлэв/ уулзсан л гэж байна лээ.
-Асашёорюүг япончууд жаахан гадуурхаад байгаа юм уу гэж хааяа санагдаад байх юм?
-Хэн мэдэхэв. Хэзээ тэгсэн юм. Япончууд сая эргээд очиход нь их баярлаж л байсан гэсэн шүү дээ. Дагвааг их сайхан зантай болсон байна гэж ярьж байна гэнэ лээ. Манай Дагваа их сайхан инээмсэглэдэг болсон юм байлгүй. Жаахан хурц характертай хүн, одоо их сайхан дөлгөөн болсон юм шиг байна.
-Хакухо цагаан сараар аав, ээж дээрээ ирж шинэлэх үү?
-Энэ барилдааныг нь дуусахаар л “цагаан сараар ирж шинэлнэ дээ” гэж хэлэх гээд байгаа юм. Зав нь болдоггүй юм аа, бас. Долоо хоног л амрах байх. Ирүүлэхийг л бодно доо.
-Хакухо Аматай илүү ойр байдаг гэсэн үү?
-Тэгэлгүй яадаг юм, тэр хоёр чинь үеийн юм болохоор илүү дотно байх нь аргагүй. Дандаа л хамт явж байдаг юм. Р.Давааням маань бурхан болчихлоо доо. Ама руу ярихаар Даваатайгаа л цуг явж байна гэж ярих юм гэж нэг надад ярьж байсан юм. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аваргад хоёр ч түрүүлчихээд байгаа У.Бямбажав гэж залуу байна аа. Тэр хүүд Даваа их сайн. Уг нь мэргэжлийн сумод орох гэж байсан юм ш дээ. Одоо Америкт байна уу даа. У.Бямбажавыг л ёстой үзүүлж өгөх байсан гээд л Даваа харамсаад байдаг юм. Цаад чинь бас Б.Энхбатад их сайн шүү дээ. Сая зодог тайлчихлаа. Их хэцүү байсан гэсэн. “Ах зодог тайлахдаа уйлаад л байсан. Ёстой эвгүй юм” гэж Даваа ярьж байна лээ. Даваа авгайгаа дагуулаад очсон гэсэн. Нарийндаа ярих юм бол энэ Б.Энхбат чинь Монголын бөхчүүдэд их түшиг болдог хүн байгаа юм. 1991 онд анх Д.Батбаяр, Н.Цэвэгням, Батжаргал, Б.Энхбат эд нар очоод Б.Энхбатаас бусад нь оргоод хүрээд ирсэн ш дээ. Тэгэхэд Б.Энхбат захиа бичдэг байсан гэсэн. “Та нар эргээд ирээч дээ, намайг өрөвдөөч” гэж /инээв/. Тэгээд өнөө хэд нь 100 гаруй хоногийн дараа цуварч, уварч очоод энэ сумо гээчээр хичээллэж эхэлжээ дээ. Тэгэхээр Б.Энхбат бол их гавьяа байгуулсан хүн.
-Эхнэртэйгээ Германд амьдарна гэсэн. Эхнэр нь Монгол юм уу, Герман юм уу?
-Монгол, монгол.
-Японы үндэсний бөхөөр монголчууд сайн барилдаад байхаар тэд дургүйцдэг болов уу, та юу гэж бодож байна. Сүүлийн үед энэ талаар хүмүүс их ярих болсон байна?
-Ийм учиртай юм билээ. Нэг хэсэг сумо бөхийн хөгжил саарч, олигтой бөх тааруу, үзэгч ч сонирхохгүй болсон юм байна л даа. Тэгээд тэд нар бодож л доо. Энэ спортыг яаж олны сонирхлыг татдаг болгох вэ гэж. Европ руу сурталчилъя гэхээр гадаад царай төрхөөс нь авхуулаад болоогүй юм шиг байгаа юм. Монголыг бөхчүүдээрээ алдартайг мэднэ л дээ, тэд. Тэгээд ерөөсөө л монголоос хэдэн сайн бөх олж ирье. Адилхан ази хүн, манай спортоор амжилттай хичээллээд аварга болбол болог. Монголчуудыг авчраад сумо бөх нэг бол хөгжиг, нэг бол унаг гэж хатуу шийдсэн юм шиг байгаа юм. Тэгж сонссон. Ошима багш тэгээд л анх монголоос өнөө хэдийг маань авч явахгүй юу.
-Хакухог Япон эхнэртэй болсны дараагаас Японы иргэн болчихвий гэсэн бодол хүмүүст ихээр төрөх болсон. Арай тэгэхгүй биз дээ?
-Юу гэж тэгдэг юм. Сонингууд тэгж бичсэн байна гэсэн. Энэ сонингууд чинь одоо хов, хэрүүл хоёроос өөр юм бичих нь ховор болчихсон юм чинь.
-Олимпийн жил гарчихлаа. Та олимпийн анхны медаль авчирч байсан хүний хувьд хэнд илүү найдлага тавьж байгаа бол?
-Наад чинь их хэцүү юм аа. Би яг 40 жилийн өмнө дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирч байлаа. Одоо олимп хаяанд ирчихсэн байхад аварга, аварга гэж бахираад байвал өнөө ноцолдох гэж байгаа хүний сэтгэл санааг унагаад хаячих гэмтэй. Манай Ж.Даваажав л олимпийн аварга болох байсан юм даа. Хэдхэн секундэд зүгээр л зогсч байсан бол болох байсан юм. Үнэхээр харамсалтай. Гэхдээ юмны аз гэж нэг юм байна аа. Дэлхийн таван удаагийн аварга Али Алиев гэж мундаг бөх гурван олимпод оролцохдоо гурвууланд нь дөрөвдүгээр байрт орж байсан. Сая тэр Б.Наранбаатар дээр ч харагдаж л байна. Дэлхийн аваргаар бараг л алт авах байсан ч аз нь дутаад алдчихлаа. Тэгсэн хэрээ дараа нь Москвад очоод өнөө ялагдсан бөхөө хамаагүй илүү хожсон байна лээ ш дээ. Нэг иймэрхүү азгүйтэл байгаад байдаг юм. Гэхдээ эртээд “Бөртэ чоно” дээр очихдоо би “Одоо олимпийн алт авах цаг нь болсон шүү” гээд хэлээд тавьчихсан.
-За баярлалаа, аварга аа. Манай редакцид зочилж, сонирхолтой яриа өрнүүлсэнд. Одоо тантай зургаа авхуулах гээд манайхан хүлээж байх шиг байна даа.
-Инээв. Даваа намайг бодуул зургаа авхуулах их дуртай билээ. Гэхдээ ганцаараа биш. Хажууд нь хүн зогсвол гуч, дөчин минут зургаа даруулаад зогсоод л байх юм байна лээ. Танай сонины хамт олонд баярлалаа. Би ч АИХ-ын депутат байхдаа “Ардын эрх”-д бичүүлж л явлаа