by Suicide » Thu Mar 07, 2013 1:17 pm
Цаад холбооныхон чинь иймэрхүү юм хийгээд л байна. Ингэх цаг болсон баймаар даа.
ХӨЛБӨМБӨГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН БОЛНО
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 1997 оноос хойш өнөөг хүртэл Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх талаар явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, цаашид хөлбөмбөгийг хурдацтай хөгжүүлэхийн тулд хөгжлийн асуудалд илүү цогц байдлаар хандаж, орчин үеийн хөлбөмбөгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, алс хэтийг харсан бодлогоо тодорхойлж, улмаар “2012-2022 оны Хөгжлийн Программ”-ыг боловсруулан гаргажээ.
Сүүлийн 2 жилийн хугацаанд FIFA-гийн хөлбөмбөгийн удирдлага, менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монголын хөлбөмбөгийн хөгжлийн өнөөгийн байдалд судалгаа дүгнэлт хийсний үндсэн дээр, хөлбөмбөгийг ирэх 10 жилийн хугацаанд хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн гол зорилго, зорилтуудыг тодорхойлон гаргаснаараа энэхүү “Хөгжлийн Программ” нь Монголын хөлбөмбөгт ихээхэн үнэ цэнэтэй бичиг баримт юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос энэ оны III сарын 10-ны өдөр өөрийн гишүүн клуб, салбар нэгжүүдийн төлөөлөл 100 орчим хүнийг хамруулсан Хөлбөмбөгийн Анхдугаар Зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна.
Тус Зөвлөлгөөнд оролцогчдод “2012-2022 оны Хөгжлийн Программ”-ыг дэлгэрэнгүй танилцуулж, Монголын хөлбөмбөгийн “Их гэр бүл”-ийн өмнө ямар эрхэм зорилго тавигдаж байгаа, хөлбөмбөгийн хөгжлийн төлөө гишүүн бүрийн эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс нь юу юу болох, хөлбөмбөгийн хөгжилд эв нэгдэл, шударга зарчим, бие биеэ хүндэтгэх хүндэтгэл, хатуу чанд сахилга бат ямар чухал болох, хөлбөмбөгийн хөгжлийг гардан хэрэгжүүлэгч бүх нэгж, хувь хүний өмнө ямархуу өндөр хариуцлага ноогдож байгаа талаар МХБХ-ноос нэгдсэн ойлголт өгөх ажээ.
Мөн түүнчлэн, “Хөгжлийн Программ”-ын хүрээнд клуб, салбар нэгжүүдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх дотоодын эрх зүйн баримт бичгүүд болох нэгдсэн дүрэм журмуудыг танилцуулах юм.
Ийнхүү, МХБХ-ноос Монголын хөлбөмбөгийн “Их гэр бүл”-ийн гишүүддээ “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Хөгжлийн Программ”-д дэвшүүлсэн зорилтуудыг хамтран хэрэгжүүлэхэд анхаарлыг нь хандуулж, нэг санаа зорилготой, нэгдмэл эв нэгдэлтэй, нийтээрээ хариуцлагатай, бас хурдтай ажиллах цаг тулж ирснийг сануулж, тэдний өмнө тов тодорхой зорилго, хүсэл тэмүүллийг бий болгосон ач холбогдолтой зөвлөлгөөн болох юм байна.
МОНГОЛЫН
ХӨЛБӨМБӨГИЙН
ХОЛБОО