by galaa039 » Thu Apr 11, 2013 9:21 am
Дэлхийн жишигт хүрсэн сургалт явуулах ёстой
1 цаг 16 минутын өмнө
Манай улс спортын салбарыг хариуцсан яамтай болсноос хойш хамгийн их яригдсан, басхүү хамгийн их хүлээлгэсэн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлаад удаагүй байна. Шигшээ баг байгуулах ажлын хэсэгт гарч ажиллаж, салбарын яам нь дөрвөн сарын турш “нухсаар” бүрэлдэхүүнийг баталсан юм. Энэ удаад өвөл, зуны болон парагийн нийт 17 спортын төрлөөр шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг шалгаруулжээ. Энэ жил сүүлийн үед амжилт нь эрс дээшилсэн шатар, таэквондогийн төрлөөр Монгол Улс анх удаа шигшээ багтай болсон юм. Энэ талаар Спортын бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүүтэй уулзаж ярилцлаа.
-Шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдаад төдийлөн удаагүй байна. Тэгэхээр ярилцлагаа Монголын үндэсний шигшээ багийн талаар яриагаа эхлэх үү?
-Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн олимпийн спортын 12, паралимпийн таван төрөл, 31 дасгалжуулагч, 126 тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Аливаа улс орон нэг олимп өндөрлөхөд дараагийн олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн өөрчлөгдөн, шинэ зохион байгуулалтад ордог. Үндэсний шигшээ багийг Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар явуулсан. Энэхүү сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ССАЖ-ын сайдын тушаалаар батлагдаж, энэ үйл ажиллагаа дүрэм журмын дагуу явагдсан.
-Та Спортын Бэлтгэлийн Төвийн ерөнхий дасгалжуулагч болоод удаагүй байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ?
-ССАЖ-ын яамны харьяа Спортын Бэлтгэлийн Төв болон Үндэсний шигшээ багийн албаныхан бид ажилдаа ханцуй шамлан шуурхай орсон. Бид үүрэгт ажлаа тус багуудын тамирчид, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг хүлээн авсан уулзалт, ярилцлагаас эхлэн цаашдын бодлого, үйл ажиллагаа, хийгдэх ажлын талаар хэлэлцсэн бөгөөд тэдэнд үүрэг даалгавар тавигдлаа. Ингэснээр хамгийн түрүүнд Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн нь сахилга, дэг журамтай, хувийн хариуцлага өндөр, бүтээлч сэтгэлгээтэй байх. Хоёрдугаарт шигшээ багуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа ялангуяа хамт олны харилцааны соёл, багийн уур амьсгалд дэвшил гарган бодит үр дүнд хүрэх. Гуравдугаарт юуны өмнө үндэсний шигшээ багуудын ажлын гол чухал асуудал болох сургалт, дасгалжуулалтын удирдлагын үндсэн гол чиглэл нь төлөвлөлт байх ёстой.
Ер нь Спортын бэлтгэлийн төв түүний ҮШБА-ны хамт олон бид шигшээ багийн ажлын зохион байгуулалт, сургалт дасгалжуулалтын төлөвлөлтийн технологит шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьж байна. Энэ ажилд зохих дутагдал доголдол байсан уу гэвэл байсан. Үнэхээр шинэчлэл өөрчлөлт хийхийг цаг хугацаа, бодит нөхцөл байдал шаардаж байна шүү дээ. Сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт нь тамирчдын амжилтын боломжийг урьдчилан тооцоолон тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр бөгөөд нарийн технологитой үйл ажиллагаа юм шүү.
Өөрөөр хэлбэл “Зөв төлөвлөлт, амжилтын үндэс” мөн. Иймээс бид ажлаа төлөвлөлтөөс эхэлсэн.
ҮШБА-наас спортын онцлогт нь тохируулан шигшээ багуудын 2013 оны сургалт дасгалжуулалтын 2013 оны төлөвлөгөөг нэгдсэн загварт оруулан, бичмэл төлөвлөгөөг боловсруулах талаар нийт дасгалжуулагч нарт мэдээлэл өгч, сургалт явуулав. ҮШБ-ийн нийт 17 спортын төрлийн багийн сургалт, дасгалжуулалтын төлөвлөгөөг хянан засварлан, зөвлөмж өгч ажиллахад ихээхэн цаг шаардагдаж, зөвхөн нэг багийн төлөвлөгөөнд 2-4 цаг зарцуулсан төдийгүй баг тус бүр 3-8 удаа дахин давтан үзүүлснээр төлөвлөгөөгөө батлуулаад байна.
Өнгөрсөн хугацаанд Спортын төв ордны гурван давхраар нилээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Манай 17 спортын төрлийн ҮШБ-ийн дасгалжуулагчид хөдөлгөөнд орж, бие биенээсээ асуусан, эрэл хийсэн, сурах, мэдэхийг эрмэлзсэн хандлагатай байлаа. Дасгалжуулагчдын боловсруулсан төлөвлөгөө буцах тусам ахиц гарч байв. Ер нь бол олон удаа буцсан тохиолдол бий.
Зарим дасгалжуулагчид “Басхүү багш аа, би ийм судлагаа тооцоо хийлээ. Интернэтээс ийм шинэ материал авч нэмж тусгалаа” гэж ярьж байсан нь юу хэлж байна гэвэл бид асуудлыг зөв тавьж, дасгалжуулагчиддаа шаардлага тавиад, (магадгүй зарим үед хатуу шаардлага) хэлж, сургаад дэмжээд өгөх юм бол идэвх, бүтээлч ажиллагаа нь өрнөдөг юм байна.
Аливаа нэгэн асуудал дээр яагаад ийм болов. Одоо яах ёстой вэ гэдгийг өөрөөсөө асуусан дасгалжуулагчдаас л шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ гардаг. Энэ асуултыг хүн бүр өөртөө байнга тавьж, ажиллах ёстойг шаардан уриалж байгаа.
Өнөөдрийн байдлаар сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт цэгцэрч дуусч байна. Үүний араас бид одоо төлөвлөсөн ажил хэрхэн үр дүнтэй биелж байна, сургалт зарчмынхаа дагуу явагдаж байна уу гэдгийг манай СБТ-ийн Үндэсний шигшээ багийн албаныхан хяналт тавьж ажиллана.
-Ер нь сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа хамгийн эхэнд юун дээр анхаарав.
-Жилийн сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг ул үндэстэй, судалгаатай боловсруулах шаардлага тавьсан. Энэ нь өнгөрсөн олимпийн циклийн дөрвөн жилийн хугацаанд тус спорт ямар дүр зурагтай байсан юм. Хэдэн цагийн бэлтгэл сургуулилт хийсэн, хичнээн сорил, хяналт тавьсан, ямар амжилт гаргасан, өнөөдөр энэхүү спортын төрлийн шигшээ баг тив, дэлхийд аль төвшинд байгааг судалж, түүнд дүн шинжилгээ хийснээр цаашдаа яаж ажиллах вэ гэдгээ тодорхойлон төлөвлөх юм.
Өөрөөр хэлбэл шигшээ баг бүрийн ололт, алдаа дутагдлыг нарийвчлан судалснаар дараа жилийн хийх ажлыг тодорхойлон энэ үндсэн дээр 2013 оны сургалт дасгалжуулалтын зорилгоо оновчтой дэвшүүлэн тавьж, түүнд хүрэхийн тулд зорилтуудаа бодитой тодорхойлсноор төлөвлөлт нь үр дүнтэй болно.Үүн дээр бид алдаж байсан юм билээ. Зарим төлөвлөлтийн зорилго, зорилтууд нь хольж хутгалдсан эсвэл хэт ерөнхий байсан.
Иймд энэ оны эцсийн зорилго юу вэ гэдгээ гаргаж тавихаар зорилгоо хэрэгжүүлэх зорилтууд нь тодорч, цаашид хийх бэлтгэлийн төлөвлөгөөтөй уялдаж өгөх юм шүү гэж дасгалжуулагч нартаа зөвлөж байна.
-ҮШБ-уудын сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг батлахдаа юун дээр нь анхаарсан вэ?
-Сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын нэг гол асуудал нь спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэн, олон улсын арга туршлагыг нэвтрүүлэхэд түлхүү анхаарах нь чухал. СБТ-ийн Спортын анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ судалгааны алба, Үндэсний шигшээ багийн албаны хамтын ажиллагааг сайжруулах ёстой. Ингэснээр бидний яриад буй шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт хийгдэн батлагдсанаар түүний дагуу тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа хийнэ.
Дээрхи гурван албаны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, түүний уялдаа холбоогоо сайжруулснаар энэхүү бэлтгэлийн төлөвлөлтийн ажил бодит үр дүнд хүрэх учиртай. Иймээс бид САУА-ны дарга, гавьяат эмч Ч.Насанбат, ЭШСА-ны дарга, доктор (Ph.D) Б.Ганзориг нартай нэгэн зорилго, үйлсийн тухай ярилцаж, санал бодлоо солилцсон. Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бид сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөгөө шинэлэг байдлаар гаргаад байна.
Одоо тэгвэл дээрхи хоёр албанаас хэрэглэх эм, витамжуулалт болон ямар хяналт, үзлэг тавих, ямар сорил, судлагаа шинжилгээ явуулах вэ гэдгээ манай ҮШБ-уудын төлөвлөгөөтөй уялдуулан өөрсдийн график төлөвлөгөөгөө гарган тусгаж өгөх юм. Түрүүчээсээ хэрэгжиж эхлээд байна. Үүнийг л бид бодитой болгоход анхаарна. Ийнхүү төлөвлөлтийг ШУ-ны үндэслэлтэй, шаардлагын дагуу хийснээрээ ҮШБ-уудын сургалт, дасгалжуулалтын менежментийг сайжруулан, түүнийг удирдан явуулах зөв тогтолцоог бий болгохыг зорьж байна.
-Энэ гурван албанаас гадна өөр хамтран ажиллах талаар юу хэлэх вэ?
-Олон улсын туршлага арга барилаас суралцахаас гадна манай улсын эрдэмтэд буюу өөрөөр хэлбэл монгол хөрсөн дээрээ буусан монгол эрдэмтдийнхээ санал, үнэтэй зөвлөмжийг сонсч хамтарч ажиллана. Монгол хүнийг монгол эрдэмтэд илүү мэдэх учир тэднийгээ түших нь чухал гэж үзсэн юм. Энэ талаар шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн, доктор (Ph.D) профессор Ч.Зоригтбаатар, Д.Ганбат, Г.Сүхбат зэрэг эрдэмтэдтэй тодорхой асуудлаар ярилцаж саналыг нь авсан. Зөвхөн улсын шигшээ багийн дасгалжуулагчид төдийгүй ирээдүй залгамж халааг бэлдэж буй клубууд, аймаг, дүүргийн спортын хороо болон их дээд сургуулиудын чөлөөт бөхийн багш дасгалжуулагчдын хэмжээнд энэ сарын сүүлээр болох залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний дараа онол,практикын сургалт семинарийг СБТ-ийн Үндэсний шигшээ багийн албанаас явуулна. Эрэгтэй чөлөөт бөхийн амжилт унаж, зогсонги байдалд ороод байгаа үед энэ бол тулгамдсан асуудал юм.
-Цаашид тив, дэлхий, олон улсын хэмжээнд амжилт гаргахын тулд юунд хамгийн их анхаарах ёстой юм болоо? Та монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд олон жил ажилласан хүн үүнийг анзаарсан нь ойлгомжтой.
-Би 40 гаруй жилийн турш олон улс болон өөрийн орны багагүй туршлага хуримтлуулсан. Энэ мэдлэг, туршлагаа манай ирээдүй болсон залуусдаа үлдээе гэсэн зорилго бодолтой явдаг. Манай Спортын бэлтгэлийн төв маань зургаан ажлын албатай.
Энэ Спортын бэлтгэлийн төв бол хүнээр бүтээгдэхүүн хийдэг сургалт, дасгалжуулалтын үйлдвэрлэл болсон газар юм. Ачааны хүндийг баг тамирчдынхаа хамт бид үүрнэ. Тийм учраас энэ зургаан алба буюу төвийн нийт хамт олон тамирчин, дасгалжуулагч, мэрэгжилтэн, ажилтан цэвэрлэгчээсээ авахуулаад үүргээ ухамсарлан нэг цөм болж ажиллахыг манай төвийн удирдлагууд их анхаарч ажиллаж байгаа.
Спортын бэлтгэлийн төвийн бүх албад нэгдмэл ажиллаж, тив, дэлхий, олимпод тамирчдын гаргах амжилтыг тогтворжуулан улмаар ахиулах нөхцлийг бүрдүүлэх учиртай. Дэлхийн дэвжээнд өрсөлдөн тэмцэлдэх манай баг тамирчдын арын алба өөрөөр хэлбэл фронтын ар тал бол бид шүү дээ.
-Ингэж олон өдрийн турш сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөн дээр ажиллахад юуг илүү анхаарч, спортын холбоодтой хэрхэн хамтран ажиллах вэ?
-Спортын бэлтгэлийн төв, түүний Үндэсний шигшээ багийн алба нь спортын холбоодтойгоо хамтын ажиллагаагаа улам сайжруулан, үр дүнтэй ажлыг өрнүүлэн ажиллана. Харин энэ хамтын ажиллагааны ил тод, нээлттэй байдал, харилцан хүндлэл, ойлголцол болон хамт олны уур амьсгал нь одоо өөрчлөгдөх нь хамгийн чухал байна. Үүнийг зөвхөн ярих биш ээ, бодит ажил болгох нь бидний үүрэг юм. Учир нь ажил бол хоёр талаасаа гэдэг шүү дээ.
-Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилт хаагуур хийх бэ? Бэлтгэлийн байрны хувьд хэр хангамжтай байна вэ?
-Спортын төв ордонд манай улсын спортын гол төрөл бэлтгэл сургуулилтаа базаадаг. Бөхийн жүдо барилдаан СТО-ны “Б”, боксчид өөрийн зааланд бэлтгэлээ хийдэг. Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй баг нь хоёр дэвжээ бүхий тус тусдаа заалтай. Мэргэжлийн дасгалжуулагч бүхий шигшээ багийнхны биеийн ерөнхий хөгжлийн хүчний бэлтгэлийн заал гэж бий. Буудлагын шигшээ баг мөн өөрийн гэсэн байртай. Гэхдээ өнөөдрийн спортын хөгжлийн шаардлагыг хангасан заал, талбай, хэрэгслэл материал дутагдалтайг хэлэх хэрэгтэй.
-Шигшээ багийн дасгалжуулагчид тамирчин бүртэйгээ тулж ажиллахад хүрэлцээтэй байдаг уу? Орчин үед өндөр амжилт гаргаж байгаа тамирчны ард бүхэл бүтэн баг ажиллаж байдаг шүү дээ.
-Дасгалжуулагчдынхаа санаа бодлыг нь сонсож байхад наад асуудал чинь яригдсан. Жишээ нь боксын спортын онцлого дасгалжилт болох лап барих нарийн мэргэжлийн хүндхэн ажил бий. Энэ тохиолдолд дасгалжуулагчид нь хүрэлцэхгүй байдаг. Үүнийг бид хүлээж аваад шийдэх гэхээр хөрөнгө мөнгө санхүүжилттэй холбоотой асуудал гарч ирнэ. Гэхдээ үүнийг чухалчилж цааш нь асуудал болгон тавих нь зүйтэй. Орчин үеийн спортын шаардлагын хэмжээнд дасгалжуулалтыг явуулъя гэвэл шийдвэртэйхэн орон тоог нь нэмэх хэрэгтэй.
-Мэдээж Үндэсний шигшээ багийн эрхэм зорилго бол 2016 оны Бразилийн олимпод амжилттай оролцох явдал. Тэгвэл энэ олимпод хэрхэн бэлтгэх ёстой вэ?
-2016 оны Бразилийн олимп бол Бээжин, Лондонгийнхоос огт өөр онцлог газар нутаг, орчинд болно. Алс хол, цагийн зөрүү ихтэй, тухайн улс нь Экваторын 00 бүсээс урагш оршдог гэдгийг бид тооцох нь чухал. Тиймээс Рио-Де-Жанейрод болох олимп хүндхэн байх болно. Өмнө нь бид яг ийм бүс нутагт болсон Олимпийн наадам, ДАШТ-нд тун тааруу оролцож байсан тохиолдол бий. Тэгэхээр бидэнд шинжлэх ухааны үндэстэй, олон талын нарийн судалгаа, тооцоотой олимпд бэлдэх шаардлага тавигдана.
Бид олон улсын хэмжээнд сэтгэж, дэлхийн жишигт хүрсэн сургалт дасгалжуулалт явуулахыг өнөөгийн цаг үе биднээс шаардаж байна. Үүнийг хаа, хаанаа ойлгож, анхааран ажиллах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ОЙНБИЛЭГ
Монгол Улсын төлөө зүтгэе