by kayo » Thu May 24, 2007 10:28 pm
Ливэр ч ёстой даруухан ухаалаг залууг өөрийн болгожээ,энэ нөхөр ч цаашид vнэ хvрнэ дээ.
Нүүр » Таван цагариг сонин » 2007.05.24 » Цэнхэр гаригийн ногоон талбайд »
Х.Машерано: Бид үндсэн цагт хожихыг хүснэм
Орчуулсан Ж.БАЯРЖАРГАЛ (2007.05.24)
Орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг хамгаалан тоглогч-хагас хамгаалагч бол яах аргагүй Хавьер Машерано юм. Тэрбээр энэ улирлын эхэнд Карлос Тевесийн хамтаар Бразилийн “Коринтианс” багаа орхин Английн бяцхан клуб “Вест Хэм”-д очин хөлбөмбөгийн ертөнцөд том шуугиан дэгдээсэн билээ.
Гэвч Машерано Зүүн Лондонгийн багт удаан тэсэлгүй, улирал хоорондын солилцооны үеэр алдарт “Ливерпуль”-д шилжин суурьшсан юм. Аргентиний шигшээ багийн гишүүн тавхан сарын дотор дасгалжуулагч Рафа Бенитесийн итгэлийг хүлээж, өдгөө багийнхаа гол тоглогчдын нэг болоод байна.
-Хавьер, “Аваргуудын лиг”-ийн анхныхаа шувтаргын тоглолтод оролцох боллоо. Ямар сэтгэгдэл төрж байна?
-Мэдээж хэрэг сайхан мэдрэмж төрж байна. Миний хувьд ганцхан тоглолтоор шийдэгдэх энэ тулаан шинэ туршлага авчрах нь гарцаагүй. Өмнөд Америкийн “Либертадоресын цом”-ын хувь заяа зочлон, талбайдаа гэсэн хоёр тоглолтоор шийдэгддэг бол энд ердөө л ерэн минутад бүх асуудал тодорхой болдог.
-Шийдвэрлэх тоглолт болох өдөр чинь хэрхэн өнгөрч байна?
-Өмнө нь тоглож байсан “Ривер Плэйт”, “Коринтианс” клубүүд болон Аргентины шигшээ багийн гишүүд маань утсаар мэндчилгээ хүргэж байна. Гэхдээ урьд хэзээ ч байгаагүйгээр их сандарч байгаагаа нуулгүй хэлье. Би “Милан”-тай хийх тоглолтын тухай бодох бүртээ ийм хувь заяа надад тохиосон гэдэгт итгэж ядан байна.
-Та “Милан”-”Ливерпуль”-ийн 2005 оны тоглолтыг үзсэн үү? Хэрэв үзсэн бол тэр тоглолтоос ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
-Үзсээн. Агуу тоглолт байсан шүү. “Аваргуудын лиг”-ийн шийдвэрлэх тоглолтод юу ч тохиож болохыг тэрхүү супер өрсөлдөөнөөс ойлгосон.
-Одоогийн “Милан”-ы талаар юу хэлэхсэн бол?
-Гайхалтай сайн баг. Ганцхан оролдлогоор бүх зүйл шийдэгдэх тоглолтод өрсөлдөх чадвар, бас туршлага тэдэнд бий. Дээр нь техник болоод практик сайтай олон хөлбөмбөгчин тоглож байгаа нь “Милан”-д маш том итгэлийг өгч байгаа.
-Кака энэ улиралд, тэр дундаа “Аваргуудын лиг”-т маш сайн тоглож, формоо өндөр төвшинд барьж чаддагаа харуулсаар ирлээ. Тэр хамгийн аюултай өрсөлдөгч хэмээн та бодож байна уу? Та түүнийг хамгаалан тоглох нь тодорхой шүү дээ.
-Би түүний тоглохыг хэдэн мянган удаа харсан. Тэр бүрт тэрбээр өөр хэв маягаар тоглож байсан. Та Какагийн видео бичлэгийг сая сая удаа үзэж, тэрбум янзын задлан шинжилгээ хийж болно. Гэтэл тэр ямар ч үед өрсөлдөгчдөө сюрприз барих чадалтай хүн. Одоогоор би түүний эсрэг хамгаалан тоглох эсэхээ мэдэхгүй байна. Ядаж л үндсэн бүрэлдэхүүнд багтахаа мэдэж байж Какагийн эсрэг тоглох эсэх тухай бодох ёстой байх.
-Та “Ливерпуль”-д тун амархан идээшиж, дуртай байрлал болох хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс та аз жаргалаар дүүрэн байгаа байх?
-Тиймээ үнэхээр аз жаргалтай байгаа. Багт маань өрнөж байгаа бүх зүйлд би сэтгэл хангалуун байна.
-Та Стивен Жеррардын хамтаар “Ливерпуль”-ийн төвийн шугамыг эзэгнэж байгаа. Багийн ахлагч тань Машераногийн талаар халуун дулаан үгийг нэг бус удаа хэлж байсан. Харин та хамтран зүтгэгчийнхээ талаар юу хэлэх вэ?
-Бид хоёр өдрөөс өдөрт дотносч байгаа. Жеррард миний талаар хэлэхдээ зарим зүйл дээр хэт магтсан байж магадгүй. Харин түүний талаарх миний бодлын хувьд би Стивийг үнэлж дүгнэх нь утгагүй хэрэг. Тэр бол агуу хөлбөмбөгчин. Түүнийг би байтугай, надаас хэдэн арав дахин нөлөөтэй, бас алдартай хүмүүс хүндэтгэдэг. Эндээс л бүх зүйл ойлгогдох байх.
-Англид ирэхээс өмнө таныг Итали руу явах нь ээ хэмээн хэвлэлийнхэн мэдээлж байсан. Тэр ч бүү хэл та Италийн паспорт ч хүртэл аваад амжсан. Эндээс харахад хэзээ нэгэн цагт таныг энэ улсад очиж тоглоно гэж ойлгож болох уу?
-Тиймээ, намайг тус улс руу явна хэмээн олон удаа мэдээлсэн. Гэвч явчих хэмжээний тодорхой хэлэлцээр би болон Италийн клубүүдийн хооронд байгаагүй. Эцэст нь “Вест Хэм” хамгийн идэвхтэй хандсан цорын ганц баг байсан тул би тэднийг сонгосон. Тэгээд удалгүй “Ливерпуль”-д очсон. Үнэнийг хэлэхэд Бенитесийн баг намайг сонирхсонд би гайхаж балмагдаж билээ. Энд ирсэндээ их баяртай байгаа шүү. Тиймээс одоогийн байдлаар Италийн тухай ямар ч бодол надад алга.
-”Ливерпуль”-ийн 2005 оны болон одоогийн үеийнхнийг харьцуулаач гэвэл юу хэлэхсэн бол? Аль нь хүчтэй вэ?
-Тэгж харьцуулж үзэх нь шударга бус зүйл болох биз ээ. Элдэв зүйлийн талаар үзэл бодлоо хэл, бич гэж сэтгүүлчдэд мөнгө төлдөг биз дээ. Тиймээс та бүхэн л энэ талаар хэлэх нь зүйн хэрэг байх. Түүнээс хөлбөмбөгчин бидний үүрэг бол тоглох л шүү дээ. Миний хэлж чадах ганц зүйл бол одоогийн “Ливерпуль” Англид төдийгүй дэлхийд шагшигдсан агуу баг.
-Эцэст нь асуухад та нар 2005 оных шиг пенальти цохихоос зайлсхийхийг бодож байна уу?
-Тиймээ. Бид “Милан”-ыг торгуулийн цохилтоор бус, тоглолтоороо хожихыг хүсч байна.