by Жавхлан » Thu Jun 14, 2007 5:59 pm
Т.Түвшинбаяр: Ямагт ялалт байгуулахыг зорьсон
2007 оны тавдугаар сарын 31-ний өдөр лигийн АШТ-ий хаалтын үеэр сагсан бөмбөгийн ОУХМ Тагирваагийн Түвшинбаяр өөрийн амьдралынхаа 18 жилийг зориулсан их спортоо орхин, зодгоо албан ёсоор тайлсан билээ. Ийнхүү 12 дахь удаагийн лиг сагсан бөмбөгийн хоёр ОУХМ-даа үдэн гаргав.
Эхлээд Ц.Шаравжамц дараа нь Т.Түвшинбаяр зодог тайллаа. Лигийн АШТ-ий 12 жилийн түүхэнд нэг ч удаа хүрэл медалийн төлөө тоглож үзээгүй ямагт аваргын төлөө шалгаран үлдэж зургаан удаа аваргалж, зургаан удаа үзүүрлэсэн хосгүй амжилтын эзэн ОУХМ Т.Түвшинбаяртай уулзаж ярилцлаа.
-Зодог тайлах шийдвэрийг гаргахад хэцүү байв уу?
-Өөрийнхөө амьдралын 18 жилийг зориулсан сагсан бөмбөгийн спортоо орхиход үнэхээр хэцүү байлаа. Сагсан бөмбөг бол агуу спорт. Миний дуртай зүйлийн нэг. Би хэзээ нэгэн цагт өөрийн дуртай спортоо орхихоо мэдэж байсан. Тиймээс эртнээс бэлтгэлтэй байлаа. Мэдээж дуртай зүйлээ орхиж байгаа болохоор хэцүү байсан.
-Зодог тайлах тухайгаа хамгийн түрүүнд хэнд мэдэгдэв?
-Өмнө нь 2005 онд зодог тайлах тухай бодож байсан. Багш дасгалжуулагч нарынхаа зөвлөснөөр дахин хоёр жил тоглолоо. Энэ хугацаандаа хоёр ч удаа лигийн аварга болсон. Энэ жилийн хувьд дасгалжуулагч багш нартайгаа ярилцсаны эцэст зодог тайлах шийдвэрээ гаргасан.
-Өнгөрсөн жил Д.Уртнасан дасгалжуулагч таныг өөртэйгээ адил хоёр тоглогч бэлдэж өгсний дараа зодог тайлах тухай яриарай гэж хэлсэн. Тэгэхээр та өөрийнхөө залгамж халааг бэлдэж байна уу?
-Би хэдийгээр сагсан бөмбөг тоглохоо больсон ч “Хараагийн харцага” багтайгаа ямар нэгэн байдлаар хамт байх болно. Миний туйлын зорилго бол өөрийн сурч мэдсэн зүйлээ залуу сагсчдадаа зааж сургах. Сагсан бөмбөгийн спорт надад юу өгсөн түүнийг залуучууддаа зааж зөвлөж байх нь миний үүрэг. Энэ спорт маань хүнийг хурдан шаламгай, багаар ажиллах чадвартай болгодог.
-Тэгэхээр та дасгалжуулагч болох нь ээ?
-”Хараагийн харцага” багийнхандаа өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ л зааж зөвлөнө. Мөн өсвөрийн хүүхдүүдтэй ажиллах бодол бий. Сагсан бөмбөгийн спортоос сурч мэдсэн зүйлээ бусдад зааж сургах нь миний үүрэг.
-Одоо таны эрхэлж буй ажил?
-”Зүүнхараа трейд” компанид тав дахь жилдээ ажиллаж байна.
-Танд дахиад хоёр жил сагс тоглох бүрэн боломж байна. Үүнтэй манай сагсан бөмбөг сонирхогчид санал нийлэх байх. Дахиад хэдэн жил тоглох боломж үнэхээр байгаагүй юу?
-Сагсан бөмбөгийг би залуу насны спорт гэж боддог. Залуу нас, эрч хүчтэй байж сагс тоглоно шүү дээ. Надад хэдийгээр сагсан бөмбөг тоглох хүсэл, чин эрмэлзэл байвч энэ спорт маань намайг орхиж байна. Тамирчин хүний гол дайсан бэртэл гэмтэл байдаг. Өмнө нь авсан бэртэл их ачаалалтай бэлтгэл сургуулилтын дараа өвдөх үнэхээр хэцүү. Сагс тоглох хүсэл байвч бие махбод ачаалал авч чадахгүй болсон. Энэ жилийн хувьд нэгэнт эхэлсэн учраас эцсийг нь үзэхийг зорьсон. Эцсийн үр дүнд аварга болсон учир түрүүлсэндээ баяртай байгаа.
-Энэ удаагийн лигийн АШТ-ий плей-оффт “Хасын хүлгүүд” багтай шийдвэрлэх тоглолтыг хийсэн. Ийм тохиолдолд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Өмнө нь ийм тоглолтод орж байсан учраас сандарч тэвдээгүй. Хамгийн гол нь шийдвэрлэх тоглолтод дасгалжуулагчийн зөвлөсний дагуу алдаа гаргахгүй тоглох нь чухал. Манай баг өмнө нь 2005 онд “Баганат өргөө”, 2001 онд “Лидер” багийн эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийж байлаа.
-12 удаагийн лигийн АШТ-ий түүхэнд үргэлж аваргын төлөө тоглосон амжилтаа хэрхэн дүгнэдэг вэ?
-Энэ хугацаанд алдаа дутагдал мэдээж байсан. Аварга болох үедээ баярлаж хөөрч, хожигдох үедээ уйтгарлаж л явсан. Энэ хугацаанд надтай хамгийн ихээр баяр хөөр, уйтгар гунигийг хуваалцсан хүн бол манай багийн Пүүжээ (Б.Пүрэвдорж). Бид 1999 оноос хойш тасралтгүй хамтдаа тоглож байна. Энэ үүднээсээ би зодог тайлах ёслолдоо Пүүжээдээ хүндэтгэл илэрхийлсэн.
-Таны сагсан бөмбөг тоглосон хугацааны хамгийн сэтгэлд хоногшсон мөч хэзээ вэ?
-Анхны лигийн аварга болсон мөч сэтгэлд маань хоногшин үлджээ. Мөн анхны лигийн АШТ-ий тэргүүн тоглогчоор тодорч байсан үе надад эрч хүч өгсөн.
-Эхний удаагийн болон сүүлийн лигийн талаарх таны бодол…
-Эхний удаагийн лигийн тэмцээнд эрч хүчтэй, хурдан шаламгай байж. Тухайн үед Ц.Цэвэрбал багштай “Азийн чоно” багт тоглож мөнгөн медаль хүртсэн. Анхны лигийн тэмцээн учраас алдаа дутагдал олон гаргаж байсан. Харин сүүлийн лигт түрүүлээд зодог тайлсандаа баяртай байгаа. Хөндлөнгийн хүний нүдээр Түвшинбаяр гэж хүн өшөө олон жил тоглох бололцоотой харагдаж байгаа байх. Гэхдээ хуучин гэмтлүүд үе үе өвдөөд эхлэхээр зодог тайлах бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Энэ жилийн лигийн тоглогчдыг харахад Монголын сагсан бөмбөгт нэгэн шинэ үе хүч түрэн ирж буй дүр зураг харагдлаа.
-Сагсан бөмбөгт хэрхэн хөл тавьж байв?
-Анх 14 настайдаа “Хоршоолол” спорт клуб дээр Д.Уртнасан багшийн удирдлагад сагсан бөмбөг тоглож арга техникийг нь заалгаж эхэлсэн. Түүнээс хойш энэ спортын гайхамшигийг мэдэрч явна.
-Тэгэхээр анхны багш тань Д.Уртнасан байх нээ?
-Тиймээ. Анх надад сагсан бөмбөг гэдэг агуу спортын үндсийг заасан хүн бол Д.Уртнасан багш. Дараа нь 57-р дунд сургуульдаа Д.Давааням багшийн удирдлага дор өсвөрийн тэмцээнүүдэд оролцох болсон юм. Харин анхдугаар лигийн АШТ-д “Азийн чоно” багт Ц.Цэвэрбал багшийн удирдлагад тоглож байлаа. Эдгээр багш нартаа өөрсдийн мэддэг зүйлээ харамгүй зааж сургасанд баярлаж талархснаа илэрхийлье.
-Сагсан бөмбөг тоглож байхдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Ямагт хожихын төлөө өөрийн бүхий л хүчээ шавхан тоглохыг зарчимаа болгодог. Энэ шаардлагаа баг хамт олноосоо ч шаарддаг. Надад нэг хүн манай лигийн тамирчныг телевизээр хожих гэж улайрч тоглодоггүй гэж хэлсэн юм. Би үүнд итгэхгүй байгаа. Аливаа тамирчин хожих гэж ялах гэж бэлтгэл сургуулилт хийдэг. Тиймээс баг хамт олныхоо хөдөлмөрийг, тухайн багийг дэмжиж буй байгууллагын төлөө тамирчин хүн эцсээ хүртэл тэмцэж чадаж байх ёстой болов уу. Миний хувьд хожихын төлөө бүхий л хүчээ шавхан өрсөлдөхийг хичээдэг.
-Олон улс, тивийн тэмцээнд нэлээд олон удаа баг тамирчдаа ахлан оролцсон. Шигшээ багтаа өнгөрсөн жилээс тоглохоо больсон байх аа?
-Миний хувьд нилээд залуудаа шигшээ багийн гишүүн болсон. МСБХ-ны удирдлагуудын санал тавьсны дагуу 1997 онд улсын шигшээ багийн ахлагчийн үүрэг хүлээж 2005 оныг дуустал тоглолоо. Сүүлд “Макао-2005” Зүүн Азийн наадамд оролцоод тоглохоо больсон.
-Энэ тэмцээнд та Зүүн Азийн наадмын анхны ялалтыг авсан. Шигшээ багт тоглож байсан үеэ дурсаач?
-”Макао-2005”-д бид талбайн эздийг ялахад Монголын баг олон улсын тэмцээнээс анхны хожлоо авч байна гэсэн мэдээ гарсан байна лээ. Энэ бол худлаа. Бидний өмнөх үеийн мастерууд олон улсын тэмцээнээс хожил авч байсан.
-Үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ хандаж юу хэлмээр байна?
-Намайг болон манай багийг үнэнчээр хөгжөөн дэмждэг бүх балиашгууддаа болон лигийн хугацаанд надтай хамт тоглож байсан нийт тамирчид, ивээн тэтгэгч байгууллага, баг хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье.
mongolnews.info
★★MIA SAN MIA★★