Уухайн түрлэгтэй гурван AЛT
Боксчид маань нутгийнхаа рингэнд ид хаваа гайхуулж, монгол түмнийгээ долоо хоногийн турш баярлууллаа. Ширэн бээлийтнүүд 24 дэх Азийн АШТ-д 10 тамирчнаа сойсноос тав нь финалд үлдэж, гурван алтан медаль авсан нь Монголын боксын түүхэнд урьд хожид дуулдаагүй амжилт. Монголчууд 1980, 1989 оны Азийн АШТ-ээс тус бүр хоёр алтан медаль авсан амжилтаа 2007 онд ийн ахиулж чадлаа.
Үзэгчдийн цөсийг хөөргөсөн бямба гариг
Манай таван тамирчин медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарсны дараа Бөхийн өргөөг зорих үзэгчдийн тоо эрс нэмэгдэж, нийт суудлын 70 орчим хувийг дүүргэжээ. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, улсын харцага Г.Батбаяр, хошин урлагийн Аглуу нарын үнэнч дэмжигчид Монголын томоос том далбаатай ирж, боксчдоо дэмжив. Хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн түрлэг дор хүч орж, зориг нэмсэн манайхан бүгд учраагаа ялж, финалд шалгарсан юм.
Багийнхныхаа салхийг хагалан түрүүлж рингэнд гарч байгаа П.Сэрдамба Узбекистаны Олимжон Назаровыг 14:10-аар ялсан бол Э.Бадар-Ууган Энэтхэгийн Ахил Кумарыг 23:8-аар итгэлтэй буулгаж авлаа. З.Энхзоригийн хувьд Ираны Голара Фороотанд оноо алдан тоглолтоо эвгүй эхэлсэн ч удалгүй оноогоор илүү гарч 23:12-оор хожсон юм. Энэ жилийн Азийн АШТ-ий гол нээлт нь яах аргагүй залуу тамирчин Б.Түвшинбат, М.Нандин-Эрдэнэ нар. Хоёул 1987 онд төрсөн 20 настай бөгөөд Б.Түвшинбат энэ жил УАШТ-д анх удаа түрүүлсэн бол М.Нандин-Эрдэнэ алт авч амжаагүй ч хошой мөнгөн медаль хүртээд байсан юм. Б.Түвшинбат мөнгийн төлөө Энэтхэгийн Манож Кумарыг 20:14-өөр, М.Нандин-Эрдэнэ Хятадын Ханат Силамыг 24:20-оор гайхалтай ялсан. Афины олимпод оролцож байсан, Азийн наадмын хүрэл медальт сайн тамирчны эсрэг манай М.Нандин-Эрдэнэ урамтай тоглож, шийдвэрлэх дөрөвдүгээр үед гол оноогоо авсан юм. Хэрвээ манай хүний хэд хэдэн оноог тооцсон бол тоглолтын хувь заяа эрт тодорчих байлаа.
Нутаг дээрээ мэндэлсэн гурван аварга
Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гаригт Монгол бөхийн өргөө хөл гишгэх зайгүй байлаа. Бокст хайртай олны энэ их дэмжлэг манайхны амжилтад нөлөөлсөн нь дамжиггүй. Аварга болсон тамирчдаасаа 48 кг-ийн жингийн П.Сэрдамбыг онцлох нь зүйтэй. Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт мундаг тамирчинтай манай хүн үнэхээр урамтай тоглолоо. Энэ жил П.Сэрдамба Тайланд, Чехийн ОУТ-д оролцохдоо Зоү Шиминтэй таарч, хоёуланд нь дийлдсэн билээ. Энэ удаа нутаг дээрээ даагаа нэхэж чадлаа. Тоглолт эхлээд Зоү Шимин гурван оноо авч давамгайлсан ч Сэрдамба удалгүй тэнцүүлсэн. Гуравдугаар үеийн төгсгөл хүртэл тооны харьцаа тэнцүү явсан ч сүүлийн үед Сэрдамба яах аргагүй илүүрхэж 12:7-гоор ялалт байгууллаа.
Түүнчлэн Э.Бадар-Ууган Узбекистаны О.Шаимовыг 26:16-гаар, З.Энхзориг мөн Казахстаны Елдос Саидилинийг дөрөвдүгээр үед техникийн нокаутаар ялж, Ази тивийн аварга цолыг эх орондоо авчирсан. З.Энхзориг сүүлийн үед 14:7-гоор хожиж явах мөчид өрсөлдөгч нь мөрөндөө гэмтэл авч, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. 54 кг-ийн хагас шигшээд таарсан Казахстан-Узбекистаны тоглолтод Казахстаны Абуталипов 25:19-өөр ялж финалд шалгарсан. Гэвч Узбекистаны тал эсэргүүцэл бичсэний дагуу шүүгчдийн зөвлөл тоглолтыг хянаж үзээд Шаимовт ялалтыг өгчээ. 64, 69 кг-ийн хоёр маань финалд ялагдсан ч энэ бол чамлахааргүй амжилт. Тэдний учраанууд нь тив, дэлхийд нэрээ дуурсгасан алдартай тамирчид байлаа. Тухайлбал Б.Түвшинбатыг хожсон Казахстаны Серик Сапиев 2005 оны ДАШТ-д түрүүлсэн бол М.Нандин-Эрдэнийн өрсөлдөгч Бахут Сарсекбаев Азийн АШТ-ий хошой алт, Азийн наадмын аварга цолтой. Б.Сарсекбаев ийнхүү Улаанбаатарын рингэнд гурав дахиа Азийн аварга боллоо.
Тэмцээний дараа Ази тивийн шинэхэн аварга З.Энхзоригтой уулзахад “Ер нь нутгийнхаа рингэн дээр түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Сүүлийн хоёр тоглолт их хүнд болсон. Бага зэрэг ядарч л байна. Гэхдээ ийм олон хүн дэмжиж байгааг хараад хүч чадал нэмэгдлээ” хэмээн өгүүлэв. Ийнхүү боксчид маань монголчуудынхаа цөсийг хөөргөж, уухайн дууг хадаасаар гурван алт, хоёр мөнгөн медалийг авчирлаа.
11 улс медальтай
24 дэх удаагийн Азийн АШТ-д хүч сорьсон 20 улсаас 11 нь медаль хүртжээ. Эдгээрээс Узбекистан, Энэтхэгийн баг хамгийн олон буюу долоон медалийг эх орондоо авчрав. Узбек ч яахав, боксын арвин туршлагатай улс. Харин Энэтхэгийн ширэн бээлийтнүүд Улаанбаатарын рингэнд урамтай тоглосоор 11 тамирчны долоо нь медальд хүрчээ. Харамсалтай нь тэдний хөөр баяр удаан үргэлжилсэнгүй, хагас шигшээд зургаа нь ялагдаж, нэг мөнгө, зургаан хүрэлтэй үлдлээ. Түүнчлэн Казахстан, БНХАУ зургаа, Монгол, Ираны ширэн бээлийтнүүд таван медальтай хоцорсон юм. Харин алтан медалийн тоогоор Монгол, Казахстан, Узбекистан тус бүр гуравтай тэргүүлэв.
Ингээд багийн дүнгээр гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай Узбекистаны шигшээ тэргүүлж, Монгол (3 алт+2 мөнгө) , Казахстан (3 алт+1 мөнгө+2 хүрэл) удаалсан юм. Иран, Энэтхэг зэрэг улсын цойлсон амжилттай зэрэгцээд БНСУ, Тайландын хүчтэй баг тааруухан наадаж, олны ярианы сэдэв болов. Солонгосчууд хоёр хүрэл медалиар сэтгэлээ зогоосон бол Тайланд ердөө ганц хүрэлтэй буцаж, түүхэнд тодоор бичигдэх “амжилт” үзүүлжээ.
Азийн АШТ-ий медальтнууд
48 кг (13 тамирчин): 1.Пүрэвдоржийн Сэрдамба (Монгол) 2.Зоү Шимин (БНХАУ) 3.Олимжон Назаров (Узбекистан), Амандип Сингх (Энэтхэг)
51 кг (11): 1.Мират Сарсембаев (Казахстан) 2.Ян Бо (БНХАУ) 3.Житендер Кумар (Энэтхэг), Анвар Янусов (Тажикистан)
54 кг (15): 1.Энхбатын Бадар-Ууган (Монгол) 2.Орзубек Шаимов (Узбекистан) 3.Ахил Кумар (Энэтхэг), Канат Абуталипов (Казахстан)
57 кг (19): 1.Зоригтбаатарын Энхзориг (Монгол) 2.Елдос Саидалин (Казахстан) 3.Голара Фороотан (Иран), Ли Ян (БНХАУ)
60 кг (15): 1.Ким Сон Гүк (БНАСАУ) 2.Бекзод Хидиров (Узбекистан) 3.Ким Жүн Вон (БНСУ), Хоуман Карами (Иран)
64 кг (14): 1.Серик Сапиев (Казахстан) 2.Бямбаагийн Түвшинбат (Монгол) 3.Саед Нороузи (Иран), Манож Кумар (Энэтхэг)
69 кг (13): 1.Бакут Сарсекбаев (Казахстан) 2.Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ (Монгол) 3.Дилбаг Сингх (Энэтхэг), Ханат Силам (БНХАУ)
75 кг (14): 1.Елшод Расулов (Узбекистан) 2.Вижендер (Энэтхэг) 3.Мохаммед Саттарпор (Иран), Сурия Парасатинпимой (Тайланд)
81 кг (13): 1.Аббос Атоев (Узбекистан) 2.Жан Шиаопин (БНХАУ) 3.Сон Хак Сүн (БНСУ), Ри Жон Бүм (БНАСАУ)
91 кг (9): 1.Али Мазахери (Иран) 2.Сомар Тасон (Сири) 3.Ясур Мачанов (Узбекистан), Ханзат Гелисханов (Казахстан)
+91 кг (8): 1.Рустам Саидов (Узбекистан) 2.Жан Жилей (БНХАУ) 3.Ахмед Ваттер (Сири), Ажай Кумар (Энэтхэг)
Дасгалжуулагчид юу өгүүлэв
Ираны багийн өсөлт, солонгосчуудын уналт, Катарын багийн легионеруудын талаар сонирхон шигшээ багийн дасгалжуулагчидтай нь уулзлаа.
Ираны дасгалжуулагч өөрийн багийн амжилтыг уйгагүй бэлтгэлтэй холбон тайлбарлаад энэ өндөрлөгт хүрэхийн тулд гаднаас мэргэжилтэн авалгүй, өөрсдийн нөөц бололцоогоо дайчилсан гэв. Ираны боксын шигшээ гурван дасгалжуулагчтай бөгөөд бүгд иран хүмүүс аж. Мөн төр засгийн дэмжлэг ч их нөлөө үзүүлсэн гэлээ.
Харин Солонгосын дасгалжуулагч ерөнхийдөө залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн гэдгээ хэлээд, шавь нарынхаа амжилтад сэтгэл дундуур байна хэмээсэн.
Катарчуудын хувьд гадны легионеруудыг багтаа элсүүлэн, медалийн төлөө дайтдагаараа алдартай. Энэ удаа тамирчдынх нь хэд нь катар, хэд нь легионер болохыг тандах гэсэн боловч ерөнхий дасгалжуулагч нь улсын нууц гээд халгаасангүй.
“Ийм асуудал ярих миний хувьд хориотой. Манай тамирчид олон жил тоглоогүй, туршлага багатай гэдгийг л хэлэх байна. Тэмцээний тухайд сэтгэл дундуур байна. Би хоёр тамирчиндаа найдвар тавьж байсан ч медальд хүрч чадсангүй. Шүүлтийн хувьд урьдын адил маш муу байлаа” хэмээн дурамжхан өгүүлсэн юм. Тэрбээр өөрөө алжир хүн бөгөөд 2000-2003 онд улсынхаа шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.
Зоү Шимин: Сэтгэл гонсгор үлдлээ
Улаанбаатарт хөл тавьсан 144 боксчноос хамгийн их цол гуншинтай, том тамирчин нь яах аргагүй Хятадын Зоү Шимин. 48 кг-д өрсөлддөг 26 настай тэрбээр 2004 оны олимпоос хүрэл, 2005 оны ДАШТ-ээс алт, 2003 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Улаанбаатарын рингэнд ч тэр итгэлтэй урагшилсаар финалд шалгарсан ч манай П.Сэрдамбад дийлдсэн билээ. Тэмцээний дараа түүнтэй уулзаж, цөөн хором хөөрөлдлөө.
-Тэмцээний талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-Миний хувьд сэтгэл дундуур байна. Шүүлтийн тал дээр маргаантай зүйл багагүй гарлаа.
-Монголын тамирчин П.Сэрдамбын талаар…
-Би урьд нь хоёр удаа түүнийг ялж байсан. Харин энэ удаа танай тамирчин нутаг дээрээ үнэхээр сайн тоглолоо. Бид рингэн дээр бүх хүчээ шавхан өрсөлддөг ч жирийн үед найзууд.
-Цаашдын зорилгынхоо талаар бидэнд сонирхуулна уу?
-Бээжингийн олимпод л амжилт гаргах эцсийн зорилготой доо. Азийнхан надад их итгэл найдвар хүлээлгэж байгааг ойлгож байна. Азийн боксчдын нэр төрийг сэргээхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Мөн ирэх намар Чикагод болох ДАШТ-д аваргаа хамгаалах зорилготой.
-Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй медаль юу вэ?
-Дэлхийн аваргын алт байна даа. Харин Афины олимпод Кубын боксчинд ялагдсан.
-Хятад улсын аварга болох хэцүү юү?
-Бас л хүнд шүү. Олон тэнцүү өрсөлдөгчтэй учир аварга болох нь нэр төрийн хэрэг байдаг.
-Монголд анх удаа ирэв үү? Монголын хөгжөөн дэмжигчдийн талаар?
-Анх удаа Монголд ирлээ. Монголын үзэгчдийн хувьд Хятадын тамирчдад таагүй хандаж байгаа нь эвгүй санагдлаа. Дэвжээ рүү юм шидэх, хашгирах зэргээр илт мэдэгдэж байсан л даа. Уг нь өөрийн тамирчдаасаа гадна өрсөлдөгчийг нь ч гэсэн хүндэлж харьцвал сайхан шүү дээ.
mongolnews.info