К.Зеедорф: Бид өрсөлдөгчдийнхөө алдааг хүлээж байлаа
“Милан”-ыг Афины шувтаргын тоглолтод хүрэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн тоглогчдын нэг бол Голландын Кларенс Зеедорф. Ялангуяа шөвгийн найм болон хагас шигшээд гялалзтал тоглож, багтаа Грекийг зорих эрх бэлэглэсэн билээ.
Тэрбээр Аваргуудын лигийн түүхэнд гурван өөр багт энэ тэмцээнд түрүүлсэн анхны хөлбөмбөгч юм. Тавдугаар сарын 23-нд “Милан” “Ливерпуль”-ийг 2:1-ээр буулган авснаар Зеедорф энэхүү нэр хүндтэй тэмцээнд дөрөв дэхээ түрүүлсэн билээ. Шигшээ тоглолтын дараа түүний шийдвэрлэх тулааны тухай юу өгүүлснийг та бүхэнд сонирхуулъя.
-Та Аваргуудын лигийн цомыг дахин нэг удаа толгой дээрээ өргөлөө. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ клубтэй холбоотой хэн бүхэнд энэ улирал тун дурсамжтай өнгөрлөө. Бид асар их хөдөлмөрлөсний дүнд энэ амжилтад хүрсэн. Зорилгоо биелүүлээд зогсож байх мөчид асар их догдлон хөөрч байлаа.
-Та Аваргуудын лигт анх 19-хөн настайдаа “Аякс”-ын бүрэлдэхүүнд аваргалж байлаа. Тэрхүү мөчийг одоогийнхтой харьцуулбал?
-Би одоог хүртэл олон тэмцээнд түрүүлж үзсэн. Тэр дундаас аль нэгийг нь онцолж, эргэн тодорхойлоход амаргүй байна. Ганц хэлж чадах зүйл минь гаргасан амжилтаа, хөлбөмбөгчний замналаа эргээд харахад энэ хүртэл явж ирсэндээ итгэхгүй байна шүү. Аваргуудын лигт түрүүлнэ гэдэг мэдээж бусдаас онцгой.
-”Ливерпуль”-ийн эсрэг тоглоход ямар байв?
-”Ливерпуль” бол гайхалтай баг. Тэд хэзээ ч хялбар өрсөлдөгч байгаагүй. Тэднийг буулгаж авна гэдэг нэр төрийн хэрэг юм.
-Рафаэль Бенитесийн баримталсан тактик таныг тоглолтод оролцуулахгүй байх юм шиг харагдсан. Энэ нь мэдээж талбай дээрх танд хөндлөнгөөс үзсэн биднээс илүү мэдрэгдсэн байх?
-Тийм ээ. Үнэхээр ч надад бөмбөгтэй харьцах боломж тун бага гарсан шүү. Тоглолтын турш би “ганцаардмал” юм шиг явсан. Үүгээрээ “Ливерпуль”-ийн тоглолт эхний үед төлөвлөснөөр нь болсон биз ээ.
-Урьд нь “Ливерпуль”-тэй тоглож байсан туршлагадаа тулгуурлаж миланчууд Афины тактикаа бэлдсэн нь лавтай?
-Бид тоглолтын турш хамгаалалтдаа түлхүү анхаарч, өрсөлдөгчдөө довтлох боломж олгохгүйг хичээсэн. Ингэснээр тэдний алдаа гаргахыг, бид ашигтай боломж гарахыг хүлээж байлаа. Аз биднийг ивээж, нэгдүгээр үе дуусахын өмнөхөн гоол оруулсан нь ялалтыг бидэнд авчирсан.
-”Милан”-ы эхний гоол азынх гэдэгтэй та санал нийлж буй юм аа?
-”Ливерпуль” шиг хүчтэй багийн эсрэг тоглолтын дундаас гоол хийнэ гэдэг хэцүү. Тиймээс бид чөлөөт цохилтоор тэдний хаалгыг мялаана гэсэн тооцоо байсан. Ингэсэн тохиолдолд тэдний тоглолт эвдэрч, бидэнд ашигтай байдал бий болно гэж таамаглаж байлаа. Тоглолт яг төлөвлөснөөр болсон.
-Филиппо Инзаги “Милан”-ы хоёр гоолыг хийсэн. Тэр яаж ингэж чадав аа?
-Тэр хэрэгтэй үед зөв байраа эзэлж чаддаг. Түүний ихэнх гоол мэдрэмжийнхээ ачаар хийсэн байдгийг бүгд мэднэ. Тэр бүх гоолыг азынх байсан уу, эсвэл боломжийг ашигласан уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Багтаа ялалт бэлэглэснийх нь төлөө түүнд үнэхээр их талархаж, баяр хүргэе.
-Кака урьд урьдынхаас ур чадвар нь ахиж, “Милан”-ыг хөдөлгөгч гол хүч нь болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Кака энэ улиралд яг л довтлогч шиг олон гоол оруулж, олон тоглолтод багтаа шийдвэрлэх оноог авчирсан. Та түүний амжилтыг хараарай. Тэр Аваргуудын лигийн мэргэн бууч болсон гээд л үргэлжилнэ. Миний бодлоор “Алтан бөмбөг”-ийг Какад хүртээх нь зүйтэй болов уу. Гэхдээ Кака дээд цэгтээ хүрч, оргил амжилтаа гаргах яагаа ч үгүй байна. Тэр улам хөгжих болно.
-Та энэ улиралд шинэ байрлалд урьдынхаасаа өөр үүрэг гүйцэтгэж тоглолоо…
-Олон удаагийн бэлтгэл, тоглолтоос хоёр довтлогчийн ард төвийн хагас хамгаалагч хийвэл болох юм шиг санагдсан. Ингэснээр энэ улиралд 10 гоол хийж, муугүй амжилт гаргалаа. Бэлтгэл жигдрээд, дасгалжуулагч ч надад итгэсэн.
-Энэ таны “Аваргуудын лиг”-ийн дөрөв дэх түрүү. Хүн бүрийн хүсээд хүрдэггүй энэ өндөрлөгт та дөрвөнтээ гарлаа…
-11 жил Аваргуудын лигт хүч сорьж, үүний дөрөвт нь аваргын цом гардана гэдэг муу амжилт яавч биш. Өмнө нь хэлсэнчлэн өөрийн хүрсэн амжилтдаа итгэхэд бэрх.
-Аваргуудын лигийн медалиа хэрхдэг вэ?
-Тусгай бэлтгэсэн хоргонд хийж, шагналын тавцанд тавьдаг.
-Тэр тавцангаа томсгох хэрэг гарч байна уу?
-(инээв). Хангалттай зай бий. Миний хэрхэн тоглохыг, цаашдаа нэмж цом, медаль авах эсэхийг хүлээгээд хоосон тавцангууд хүлээж байгаа.
-Хүмүүст сонин байх болов уу, Аваргуудын лигийн дөрвөн медальд чинь ялгаа бий юу?
-Ерөнхийдөө төстэй. Гэхдээ жил жилийнхээ онцлогийг тусгасан загварын жаахан ялгаа бий.
-Афины ялалт дээр чинь Зеедорфын гэр бүлд шинэ хүн мэндэлж баяр нэмж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Давхар давхар баяр тохиож, үнэхээр аз жаргалтай байна. Дараагийн “цом” маань тун удахгүй ирнэ.
Энэхүү ярилцлагын дараахан Кларенсын хүү мэндэлж, түүнд Дензел гэдэг нэр өгчээ.
mongolnews.info