by kayo » Fri Jun 08, 2007 10:32 am
Нүүр » Таван цагариг сонин » 2007.06.07 » Цэнхэр гаригийн ногоон талбайд »
Лионель Месси: Би шилдэг нь биш
Г.БАЯРСАЙХАН (2007.06.07)
Аргентиний Лионель Месси 19 настай хэрнээ мэргэжлийн хөлбөмбөгчний хатуу ширүүн амьдралыг туулж, юм юм л үзэж өнгөрүүлжээ. Тэр дэлхийн шилдэг клубт тоглож, өндөр амжилтад хүрсний зэрэгцээ шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д оролцоод амжиж.
Хөлбөмбөгийн талбай дээр залуу насны омголон зан, ид хавыг гайхуулж, харин энгийн амьдралд даруу төлөв байдаг түүнийг шүтэн бишрэгчдийн хүрээ улам бүр тэлсээр. Каталоны “Барселона” багийн “бүтээгдэхүүн” тэрбээр (Месси 13 настайдаа энэ багийн гишүүн болсон) багийнхаа талаар, ДАШТ болон хамтран зүтгэгчдийнхээ талаар ийн өгүүлжээ.
-Лионель, яг одоо Испанийн лиг өндөрлөхөд хоёрхон тойрог үлдээд байна. Аваргын төлөө танай баг “Реал Мадрид”, Севилья”-тай ширүүн тэмцэж байгаа…
-Улирлын төгсгөлд гал гарсан тоглолтууд болох нь тодорхой. Гурван ч багт түрүүлэх боломж байна. Яг одоо мадридчууд биднээс илүү шанстай байгаа нь үнэн ч би өөрийн багийн эрч хүчинд итгэж, найдаж байна.
-Хүснэгтийг ажихад “Реал”-ын түрүүлэх боломж илүү юм шиг…
-Тийм л дээ. Гэхдээ улирлын эхэнд манай багийн хэд хэдэн чухал тоглогч гэмтсэнээс болж олон оноо алдсаныг мартаж болохгүй. Мөн мадридчууд сүүлийн үед хоорондоо сайн ойлголцож, аваргын төлөөх маш хүчтэй өрсөлдөгч болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Та өөрийн багаа Аваргуудын лигт цолоо хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байв уу?
-Тэгэлгүй яахав. Харамсалтай нь бид дэндүү эрт хожигдон финалд хүрч чадсангүй. Гэхдээ дараа жил аварга цолоо эргүүлэн авах байх.
-Та Аваргуудын лигийн шигшээд тоглож үзэхийг хүсч байгаа биз дээ? Өнгөрсөн жил гэмтэлтэй байсан тул финалын тоглолтод оролцож чадаагүй…
-Тийм ээ, энэ бол миний мөрөөдөл. Харин дараа жил энэ мөрөөдөлдөө хүрэх байлгүй дээ.
-Тэр үеэс хойш та дэлхийн шилдэг хөлбөмбөгчид тооцогдох болсон. Яг л багийнхаа Замбротта, Савиола нар шиг…
-Үгүй үгүй (инээв), би өөрийгөө тэгж бодохгүй байна. Би зүгээр л сайн тоглож багийнхандаа чадлынхаа хэрээр тус болохыг хичээдэг. Би дэлхийн шилдэг биш шүү дээ.
-Гэхдээ “Хетафе”-д хийсэн гоол чинь үнэхээр гайхалтай байсан шүү дээ. Баргийн хөлбөмбөгч ийм гоол хийж чаддаггүй (тэр тоглолтод Месси эсрэг багийн 5-6 хамгаалагчийг хуурч, 1986 онд Марадона Английн багийн хаалганд хийсэнтэй төстэй гоол оруулсан)…
-Энэ ч үнэхээр гайхалтай мөч байсан даа. Гэхдээ би дахин ийм гоол хийж чадах эсэхээ мэдэхгүй байна. Би энэ гоолоо үргэлж дурсаж явах болно.
-Хэрвээ та биш юм бол хэн дэлхийн шилдэг хөлбөмбөгч вэ?
-Роналдиньо бол дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэж би үргэлж хэлдэг. Тэр ямар ч нөхцөлд тоглолтын хувь заяаг өөрчлөх чадалтай. Түүнээс гадна Роналдиньо бол жинхэнэ анд найз.
-Та “Барса”-гийн балиашгуудын хайртай тоглогчдын нэг болсон. Тэд таныг өөр нэгэн баг руу явчих вий гэхээс санаа зовж байгаа. Жишээлбэл “Челси” рүү…
-Барселон хот бол миний гэр. Би энэ багт тоглохыг үргэлж мөрөөддөг байлаа. Энэ сайхан мөрөөдөл маань биелчихээд байхад яалаа гэж өөр тийшээ явахыг бодох билээ. Харин “Барселона” багтайгаа дахин олон олон тэмцээнд түрүүлэхийг хүсч байна.
-Ла лиг өндөрлөсний дараа Копа Америка гэсэн өөр нэг тэмцээн хүлээж байгаа. Та энэ тэмцээнд оролцоно биз дээ.
-Би шигшээдээ багтаж Венесуэлийг зорихыг маш их хүсэж байна. Шигшээ багтаа туслах нь миний үүрэг.
-”Венесуэл-2007” Лионель Мессигийн хувьд шигшээ багтайгаа түрүүлсэн анхны тэмцээн болох уу?
-Тийм байгаасай гэж л хүсэж байна. Гэхдээ эхлээд шигшээдээ багтах хэрэгтэй. Дараа нь үндсэн бүрэлдэхүүнд. Эцэст нь өөрийн юу чаддагаа харуулна даа. Бид бүгдээрээ 2004 онд Бразилд сүүлийн хоромд ялагдсан хариугаа авахыг хүсэж байна.
-Та 19-хөн настайдаа олны танил болж, “Барселона” хэмээх шилдэг багт тоглож байна. Өөр хүсэх зүйл үлдсэн үү?
-Шигшээ багтайгаа ДАШТ-д түрүүлж, “Барселона”-д Аваргуудын лигийн цомыг дахин авчрахыг хүсэж байна (инээв).