Рюүо: Сайхан найзуудынхаа ачаар амжилттай барилдаж явна
Монголчууд бид сүмогийн амтанд орсоор арван хэдэн жилийг үджээ. Анх Монголынхоо гурвыг дэмжиж явсан бол одоо гучин хэдэн бөхчүүдээ нутаг нутгаараа талцан хувааж аваад дэмжин сууж байдаг гэхэд болно. Мэргэжлийн сүмогийн оргилд монгол аварга эзэгнэн сууж, хажууд нь бас нэгэн монгол аварга гарч ирж байна. Гэхдээ энэ удаа бид та бүхэнд аварга арслан заануудаас танилцуулах гэсэнгүй. Өнөөдрийн манай баатар бол Рюүо хэмээх Э.Санчирболд.
Хөл гар, хүзүү гээд л бараг бүх биедээ гэмтэл аван, өвчин хуучтай болж, сүмо барилдахаа боль гэж эмч нарт ятгуулж явсан залуу. Гэвч тэр мөрөөдлөө, хүслээ орхиогүй. Бусад бөх шиг сонин хэвлэлийн нэгдүгээр нүүрт гарч магтуулж сайшаалгасангүй, өөрөө өөртөө болж байна гээд л өөрийн замаар зүтгэсээр хичээсээр өдийг хүрсэн. Тавьсан зорилго, хүрэх оргилдоо гарахаар хичээж зүтгэсэн жирийн гэхэд хэт жирийн даруухан залуу. V сарын тэмцээнд дээд зиндаанд анх удаа барилдан, 50 хувийн амжилтаа үзүүлсэн Рюүотой уулзаж ярилцлаа.
-За юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлсэнд баяр хүргэе. Макүүчид барилдах ямар байна?
-Баярлалаа. Энэ сарын барилдаандаа сэтгэл хангалуун байгаа. Дээд зиндааныхныг хараад аймаар тасархай хүчтэй гэж боддог байсан. Яг өөрөө барилдаад үзэхээр боломжийн л юм байна лээ. Монголд зурагтаар гардгийг ч хэлэх үү, ордонд ч үзэгч ихтэй, жюүрёогоос огт өөр, барилдахад их урамтай сайхан байлаа. Дэвжээнд гарах ёслол хийн, дохёг тойроод явж байхад сэтгэл хөдлөөд л, гоё болоод ирдэг.
-Та жюүрёод таван башё барилдаад макүүчид дэвшсэн. Хурдан дэвшлээ гэж бодож байна уу? Аль эсвэл арай эрт гарчих байсан гэж боддог уу?
-Бодож байснаасаа хурдан гарсан.
-Анхны тэмцээн гэхэд маш сайн барилдлаа. Биеэ барих сандрах юм байв уу? Бэлтгэл ханасан байсан уу?
-Биеэ бариагүй. Амжилттай барилдсаны гол нөхцөл бол эхлэлээ гайгүй хийсэн. Эхний өдөр ялаад барилдаан орсон. Би сэтгэл санаагаараа барилддаг хүн. Нэг болохоо больчихоор засахад хэцүү, дараалан унаад эхэлдэг. Энэ башёд эхнээсээ урамтай сайхан барилдлаа.
-Оросын Рохог ялж, 50 хувиа хийсэн...
-Рохотой барилдахын өмнөх шөнө олон юм толгойд орж ирээд нойр хүрдэггүй. Тэгээд өөртөө ядаж байж ийм олон давчихаад, маргааш унавал үнэхээр харамсалтай, заавал ялна шүү гэж хэлсээр байгаад унтсан. 50 хувиа хийгээд үнэхээр их баярласан.
-Монголоос найз нөхөд гэрийнхэн чинь ярьж, баяр хүргэсэн биз дээ?
-Би гэрийнхэндээ тэмцээний үед битгий ярьж байгаарай гэж хэлдэг юм. Гэрийнхэн, дотны хүмүүстэйгээ ярьчихаар сэтгэл тайвшраад барилдаандаа анхаарахаа больчихдог. Тийм болохоор яриагүй.
-Та макүшитад барилдаж байхдаа жюүрёод дэвших боломж нилээд олон байсан. Ашигласан бол арай эрт цол авах байж гэж боддог уу?
-Японд ирээд хоёр жил болоход би макүшитагийн 13-т гарсан байлаа. Ийм амархан жюүрёод орох нь уу гэж бодож байтал бэлтгэл дээр мөргөлдөж байгаад хүзүүгээ гэмтээж орхисон. Эмнэлэг яваад үзүүлэхэд эмч “Чи яаж энэ хүртэл алхаж ирж чадав аа” гэж гайхаж байсан. Эмч “Хүнд гэмтжээ, бараг суугаа болох байсан. Сүмо барилдахаа боль, эрүүл энх явахаа бод” гэсэн. Тэр үед сэтгэлээр их унасан даа. Сүмоч болоод хамгийн хэцүү үе энэ байсан. Хүмүүс анх ирээд хэл ус мэдэхгүй хэцүү байсан гэж ярьдаг. Миний хувьд зорьж зүтгэж ирсэн ганц дуртай зүйл сүмогоо барилдаж чадахгүй нь гээд уйлж байсан минь хамгийн хэцүү үе. Хэл ус мэдэхгүй үед бол мэдээж хэцүү. Ахмад бөхчүүд нэг юм хэлээд л загнаад цохиод авдаг. Юу ч ойлгохгүй буцаагаад л цохичихдог байлаа. Одоо санахад инээдтэй санагддаг.
-Яагаад тэгээд сүмогоо орхиогүй хэрэг вэ? Сүмо хатуу ширүүн спорт. Эрүүл мэндээ бодсон ч тэр.
-Больё гэж бодсон л доо. Гэр лүүгээ утасдаж хэлье гэж бодож байтал гэнэт нэг юм санаанд ороод. Сүмод орохоо дөнгөж шийдээд байхад нэг халамцуу хүн надад “Чи сүмод явах гэж байгаа гэл үү? Чи хэзээ ч сайн барилдаж чадахгүй” гэж хэлсэн юм. Тэр санаанд ороод би ингээд харивал тэр хүний хэлсэн ёсоор болно гэсэн үг. Хүнд тэгж муугаа үзүүлэхгүй, би заавал дахин барилдана гэж шийдсэн юм. Тэр халамцуу ах намайг хурцалж өгсөн гэхэд болно. Азаар би сайн эмчтэй таарсан. Гэмтэл маань ч эдгэсэн. Бас тэр үед Хакүхо жюүрёод дэвшсэн болохоор би ч гэсэн цолтой болно, ингээд дуусахгүй гэж бодож байлаа. Одоо ингээд Хакүхо маань ёкозүна боллоо.
Би маэгашира байна. Үүн шиг баяртай зүйл байхгүй. Хэрвээ би дэвжээндээ ганцаараа байсан бол ийм амжилтад хүрэх үү, үгүй юу мэдэхгүй шүү дээ. Алтны дэргэд гууль шарлана гэдэгчлэн Хакүхогийн хажууд их юм сурч байна. Би хүзүүнээс гадна гараа хугалж, цусны өвчин хүртэл тусч байлаа. Энэ үед Хакүхо маань надад сэтгэлийн дэм өгч, тусалж явсан. Бэлтгэл дээр ядраад сууж байхад Хакүхо ирээд хоёулаа жаахан ноцолдъё гэж босгоод дахиад барилдаж гарна даа. Их юм сурсан. Бид хоёрын төрсөн өдөр ч адилхан. Гуравдугаар сарын 11 болохоор ихэнхдээ хаврын тэмцээний эхний өдөр таардаг юм. Хакүхог озэки болоход би жюүрёод орж байсан.
Одоо ёкозүна болоход нь би дээд зиндаанд анх дэвшин барилдаж байна. Үнэхээр билэг дэмбэрэлтэй. Найзалж, зодолдож өссөн хоёр гэхэд болно. 15 настай хүүхдүүд анх сүмод ороод, бэлтгэл хийх гээд бид хоёр зодолчихдог байлаа. Би түлхэж барилдана, Хакүхо золгодог, барилдаан таарахгүй. Хакүхо барьц авахаараа ард гараад л аваад шидчихдэг. Тэгээд уурлаад л зодоон болно. Багш зодолдох юм бол больцгоо гэж загнаад л. Бэлтгэл дуусаад хоёулаа нэг оронд ороод кино үзээд суучихдаг байлаа.
-Хакүхогоос гадна өөр найз нөхөд гэвэл?
-Би энэ хүртэл дэвшиж чадсанаа сайн найзуудын ач тус гэж бодож явдаг. Хакүхо, Ама, Мооконами бид хэд сайн найзууд. Тэд нар маань надад их урам өгч, тусалдаг. Доор байхдаа бид хэд хурдан цол авах юмсан гээд цэцэрлэгт яриад суудаг байлаа. Залуу бөх болохоор угаалга, цэвэрлэгээ, хоол унд гээд ажил ихтэй. Бүгд ажлаа дуусгаад орой бүр цэцэрлэгт уулздаг байсан. Нэг нь буруу юм хийхээр бусад нь хэлдэг, загнадаг. Ама надад чиний цүппари хүчтэй, чи өөрийнхөөрөө барилд гээд л их урам өгдөг. Найзууддаа баярлалаа гэж хэлмээр байдаг. Даанч баярлалаа гээд хэлэхээр баяртай гэж байгаа юм шиг, дуусах гээд байгаа юм шиг санагдаад хэлж чаддаггүй. Дотроо бодоод л явдаг юм. Би их түргэн ууртай байсан. Нэг юм болоход л дүрс гэдэг байсан чинь Хакүхо намайг тайван тогтуун болгосон. Сүүлийн хэдэн жил би ер уурлаагүй.
Макүүчид монгол бөхчүүдээс би хамгийн түрүүнд барилддаг. Намайг ялбал бусад маань “би ч гэсэн ялна шүү” гээд л. Хакүхо ч гэсэн Рюүог ялахаар сэтгэл гоё болоод барилдахад урамтай байдаг гэж ярьдаг. Би ийм л сайн найзуудтай хүн дээ.
-Бусад монгол бөхчүүдээс таны ялгаатай зүйл барилдаан. Хав золгож барилддаггүй. Яагаад түлхэж барилдах (ошизүмо) болсон юм бэ?
-Анх сүмод ороход ах бөхчүүд ошизүмо чамд таарна гээд сургасан. Би Монголд байхдаа Ц.Дамдин, Ш.Эрдэнэбилэг багшийн гар дээр хоёр жил жүдогоор хичээллэсэн. Дараа нь хүндийг өргөлтөөр явлаа. Ах маань хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан. Тэгээд штанг өргөх ямар ч спортод хэрэгтэй гээд СТО-д хүндийг өргөлтийн С.Хөхөө багшийн сэкцэнд оруулсан юм. Тийм болохоор ошизүмо тохирсон байж магад. Би 300 кг суултаар өргөдөг. Сүмочдын дунд рекорд юм байна лээ. Гэхдээ сүмо гэдэг хэн бяр чадалтай нь ялдаг тийм амархан эд биш. Бас уур омог, ааг ч биш юм. Сэтгэл, чадал нийлж байж сая ялна. Хүмүүс монгол бөх сайн барилддаг хүн сүмод сайн барилдана гэж ярьдаг. Бас үгүй юм. Сүмо бол сүмо юм даа. Харин удам гэж өөр юм гэдгийг мэдэрсэн. Доор байхад бэлтгэл дээр ах бөхчүүд намайг аваад шидэхэд би үсрээд л унадаг байсан. Хакүхог шидэхэд хөл дээрээ тогтоод байж байдаг.
-Сүмод ороод хамгийн их баярласан үе?
-Жюүрёод ороод цолтой бөх болохдоо хамгийн их баярласан. Өмнө нь гурван удаа дэвших боломжоо ашиглаж чадаагүй. Макүшитагийн баруун жигүүрийн 1-ээс дөрөв ялж, 50 хувиа хийсэн. Гэтэл жюүрёогоос унах хүн гараагүй. Хүмүүс чамайг макүшитагийн зүүний нэгд шилжүүлэх байх гээд л. Хэдэн өдөр нойр хүрдэггүй. Башё дуусаад хоёр өдрийн дараа шинэ цолтой бөхийг зарладаг. Өглөө 09.00 цагт сэтгүүлчид манай дэвжээн дээр цуглалаа. Хүлээгээд л байлаа, сүмогийн холбооноос ямар ч мэдэгдэл байдаггүй. За за би цолтой болж чадсангүй гээд л орондоо ороод уйлаад хэвтэж байсан. Тэгсэн оякатагийн эхнэр холбооноос утасдаж байна.
Жюүрёод орлоо, хурдан сахлаа хус, хувцсаа соль гээд бөөн баяр. Үнэхээр их баярласан. Яагаад холбоо удсан гэхээр жюүрёогоос доош унах хүн байхгүй тохиолдолд макүшитагийн нэгд байгаа бөх 50 хувиа хийхэд яах вэ гэдэг тогтсон дүрэм байхгүй шийдэх гэж удсан юм билээ. Тэгээд 50 хувиа хийсэн бол нэгд байгаа бөх заавал дэвшинэ гэсэн шинэ дүрэм гаргаж баталсан гэсэн. Хакүхо, Ама цол аваад ээж ааваа Монголоос урьдаг, юм үзүүлдэг байлаа. Би хурдан цол авах сан, ээж, ааваа Японд урихсан гээд л боддог. Ээж аавдаа их баярлаж явдаг. Тэмцээний эхний өдөр ээж сүмо үзсэн. Намайг ялсан чинь ээж уйлаад л байсан гэсэн. Ээжийгээ баярлууллаа гэж бодохоор миний ч сэтгэл хөдлөөд. Ээж ааваа дахиад зөндөө баярлуулах юм сан.
-Ээж тань Японд эмчилгээ хийлгэсэн гэж сонссон юм байна.
-Тийм. Их аварга Асашёорюү ахдаа маш их баярласан. Ээжийн бие муудаад сэтгэл санаа их хэцүү байлаа. Дэмий л “яах вэ” гэж бодоод л. Яагаад ч юм Японд үзүүлье гэсэн бодол ер орж ирээгүй. Гэтэл Дагваа ах хүнээс сонссон юм байлгүй, намайг дуудаад ээжийн чинь бие яаж байна гэж асуусан. Тэгээд байдлаа хэлтэл маргааш ээжийгээ Японд авчирч үзүүл, би урилга, виз бүгдийг бэлтгэе гэлээ. Нар гарах шиг болсон. Хэрэв Дагваа ах туслаагүй бол ээж маань Монголд хагалгаанд орох байсан. Их хүнд хагалгаа гэнэ лээ. Японд ирж үзүүлээд онош нь тогтож, эм уугаад л эдгэрсэн. Хүнд хүн хэрэгтэй, олон түмэн, ах эгч нар, найз нөхөдтэй байж хүн сайхан явдаг юм байна гэдгийг ёстой өөрийн бие дээр мэдэрсэн.
-Анх ер нь яагаад сүмо болохоор шийдсэн юм бэ?
-Манай эгч Кёкүшюүзан ахтай сайн танил. Тэгээд намайг сүмод оруулах гэж ярьсан юм билээ. Батбаяр ахын аав Даваа гуай надаас чи үнэхээр сүмо болъё бодож байна уу гэж асуухад би тоглоомоор тийм гээд хариулсан. Жилийн дараа гэнэт Даваа ах нөгөөдөр Япон явна шүү гэлээ. Японд анх ирэхдээ 70 кг жинтэй байсан. Батбаяр ах сүмод 73 кг-тай байж ордог юм, миний дүү сайн ид гээд л хоолоор дайлаад, 3 кг нэмээд “Миягино” дэвжээнд орсон. “Таван цагариг” сониноор дамжуулаад Батбаяр ах, Даваа ахдаа их баярлаж явдгаа хэлье. Батбаяр ах надад дээд зиндаанд орохоор чинь хоёулаа сайхан барилданаа гэж үргэлж хэлж, урам өгдөг байсан. Даанч Батбаяр ахыг зодог тайлахаас өмнө дээд зиндаанд орж чадаагүйдээ, барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур байдаг.
-Цаашид тавих зорилго?
-Мэдээж хэрэг ялахын төлөө, комүсүби болохын төлөө барилдана. Би жюүрёод ороод одоо боллоо гэж хэлж байсан удаатай. Тэгэхэд Хакүхо, Ама хоёр “дээр чинь зөндөө олон юм байна, ханаж болохгүй, өөрийгөө үнэлсэнгүй” гэж загнасан. Сайн найзуудын ачаар сайн барилдаж явна даа. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэсэн үг бий. Хүн гэдэг унаж, сэхэж, уйлж инээж байж хүн болдог юм байна гэдгийг сайн ойлгосон. Та төрийн сайд ч бай, таксины жолооч ч бай хйиж байгаа ажлаа хайрлаж, бахархаж, үүндээ эзэн болж явбал амжилт таны гарт ороод ирнэ. Миний хувьд ажил маань сүмо бөх юм. Ажлаа сайн хийнэ гэж бодож явдаг.
-Японд ирээд нилээд удлаа. Монгол орныхоо талаар?
-Сүмоч бид 15-18 настайдаа Японд ирсэн. Яг үнэндээ эх орноо монгол зан заншлаа ч мэдэхгүй ирсэн. 15-тай хүүхэд ардын урлаг энэ тэр сонирхохгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо морин хуурын сайхан аялгуу сонсохоор өөрийн эрхгүй нулимс гардаг юм. Заримдаа сайхан уртын дуу сонсох юмсан гэж бодогдоод л. Монголдоо амьдарч байсан бол ингэж бодохгүй байж ч мэдэх юм, сонин шүү. Монголд байхдаа Ж.Мөнхбат, А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргууд, Ц.Мягмарсүрэн заан нарыг хараад ямар сайхан ах нар вэ, ийм сайхан хүн болох юмсан гээд боддог байж билээ. Өнгөрсөн жил Монголд цолны найр хийсэн. Ж.Мөнхбат аваргаас эхлээд А.Сүхбат аварга, Дагваа ах ирээд бүгд урам хайрласан үг хэлсэн. Багаасаа харж, шүтэж биширч байсан хүнээсээ урмын үг сонсоно гэдэг сайхан юм билээ. Нэрийг нь дурсалгүй орхиж болохгүй нэг хүн бол Кёкүтэнзан Б.Энхбат ах. Монгол сүмочдын ихэнх нь Энхбат ахаар А үсгээ заалгасан байх. Дэвжээнд ямар нэг юм болохгүй байхад Энхбат ах зав зай гаргаж манай хал цэргүүдтэй утсаар яриад, ах нь зохицуулчихлаа, дүү хичээнэ шүү гэдэг сэн. Залуу бөхчүүдийн хувьд манай Энхбат ах нар, сар гэсэн үг.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Ийнхүү Өвөрхангай аймгийн уугуул, “Миягино” дэвжээний суугуул Рюүо хэмээх Э.Санчирболдтой хийсэн ярилцлага өндөрлөлөө. 24-хөн настай энэ залуугийн амьдралаар кино ч хийсэн болох нь гэсэн бодол төрж байлаа.
mongolnews.info