Монголын Боксчид Бээжинд-Таавар
Манай шигшээ баг 4 олимпын эрх авсныг бүгд мэдэж байгаа. Жин тус бүрд 28 тамирчин өрсөлдөнө. Ингээд манай дөрөвтэй таарч болох гол учраануудыг, жин жингээр нь өөрийн таамаглаж байгаагаар танилцуулхыг хичээлээ.
48 кг П.Сэрдамба.
Хятадын тамирчин Зоу Ши Мин 27 настай, дэлхийн хошой аварга, Афины олимпын хүрэл медальтай.Тэрээр баруун буюу зөв өрөлттэй. Түүний хурдтайг нь УБ ын Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс манайхан сайн мэдэж авсан. Одоогоор Зоугын хурдыг гүйцэх тамирчин дэлхийд байхгүй гэдэг нь Чикагод болсон Дэлхийн Аваргын тэмцээн дээр нотлогдсон. Техникийн хувьд үзүүштэй уран гойд комбинаци гэх юм байхгүй ч цохилтууд хурдтай, мөн онолт сайтай. Аль ч гараараа ямар ч байрлалаас оноо авах цохилтуудыг хийж харагддаг нь түүнийг маш мэдрэмжтэй боксчин гэдгийг илтгэнэ. Боксын мэргэжилтнүүдийн хүрээнд контрбоксчин гэж нэрлэгддэг нь түүний өрсөлдөгчөө дуудсан байдалтай урд гараа(зүүн) ихэвчлэн доор авч хүлээж тоглодог тактикийг нь нэрлэж байгаа хэрэг. Өрсөлдөгч цохилт түрүүлж хийсэн тохиолдолд тэрийг нь гаргангаа оновчтой, нэг хоёр хос комбинациар хариу цохилтууд хийж оноог авч байгаа нь олон харагддаг юм. Тэрээр огт ялагдашгүй боксчин биш гэдэг нь УБ хотод болсон Азийн аваргаар харагдсан. Гол учир нь Сэрдамба түүний тактикийг эвдэж өөрийнхөө арга барилд оруулж чадсанд л байсан юм. Хүлээж хариулдаг контрбоксчинг өөрийг нь хүлээгээд тэвчээрийг нь алдуулчихсан тохиолдолд өөрөө эхлээд, тактикийн алдаа гаргаад ирдэгийг энэ тоглолтоос харж болж байлаа. Сүүлдээ Зоу Ши Мин оноо нөхөж авах гээд урагшаа довтлох болгондоо Сэрдамбын тавьсан урхинд улам лав орж байсан нь онооны зөрүүнээс нь харагдсан (12:7). Түүнийг тэвчээрийг нь алдуулж алдаа гаргуулах тактик барих нь Сэрдамбад хожилыг авах боломжыг нээж өгнө. Тэгээд ч манай Сэрдамба солгой өрдөг. Зоу Ши Мин хойд гараараа Сэрдамбын толгойг онох хүртлээ ээд дээ мөн урт замыг туулж байна лээ. Энэ л боломж юм. Бас түүний урд гарыг нь сайн харж тоглох хэрэгтэй. Зүүн гар нь доор яваад байгаа нь их эвгүй харагддаг юм. Хажуу, доороос эсвэл богино шулуун гэнэтийн цохилтуудын аль нь ч тэр гараас ирнэ.
Бас нэгэн таарч болох гол өрсөлдөгч бол Оросын тамирчин Давид Аярапетяан. Чикагод Сэрдамба түүнд ялагдсан. Түүний тоглолтыг үзэж сонирхож амжаагүй тул арга барилынх нь талаар судлаагүй байна.Түүнийг сайн таньж мэдэх нь чухалаас гадна сул болон хүчтэй чанарынх нь судалгааг цаасан дээр эхлээд хийх нь зөв байж мэднэ. Учир нь толгойд бодоод өнгөрсөнөөс цаасан дээр буулгаад авчихвал харах болгондоо „дохио“ аваад байдаг юм. Ер нь зөвхөн энэ тамирчиныг ч гэлтгүй бүх өрсөлдөгч нараа нарийн судалж „бүртгэн„ авах нь бидэнд хэрэгтэй.
Нөгөө талаар өрсөлдөгчийн сул талд тохирсон тактик сонгох гэснээс хүчтэй талыг нь эвдэж болох залийг олох гэдэг явж явж ялалт байгуулахад нэмэр болж болох юм. Тэгээд ч „Аварга байх санааных„ гэдэг. Яг адил жинтэй, төөлвөл бие тоолвол нас чацуу үеийн залуу урд чинь гартаа бээлийтэй зогсож байгаа болохоос дийлдэшгүй, нугарашгүй хүчтэн тэр биш. Ухаантай тоглосон нь л ялна.
48кг д Куба, Филиппин, Украйн, Казакстан, АНУ-ын хүчтэй өрсөлдөгчид түүнтэй бас таарч болох юм.
54 кг МУ-ын гавьяат тамирчин Э.Бадарууган
Түүний өрсөлдөгчид Э.Бадарууганаас болгоомжилж байгаа. Ер нь жингийнхээ гол өрсөлдөгчидөө оноогоор илүүрхчихсэн. Америк, Кубын тамирчидтай л хүч үзээгүй яваа юм.
Оросын тамирчин Сергей Водопянов
Чикагод Водопяновын аз нь гийсэн гэхүү Аргентин шүүгчийн ер нь шүүгч нарын будилиан орсон ч гэхүү Бадарууган маань торгуулийн 2 онооноос болж алт шиг гялалздаг мөнгөн медаль авсан. Водопянов бол хоёр талаараа өрж тоглодог. Гол өрөлт нь зүүн юм шиг. Тоглолтын явцад өрөлтөө сольж байсан. Арга барилын хувьд яг л орос ах нарын сонгодог “школ”. Хөл гарын ажиллагааны холболт сайн, бас мэдрэмжтэй, зальтай. Түүнийг ялахын тулд анхнаасаа л санаачлагыг гартаа аваад тоглочих хэрэгтэй юм шиг санагдсан. Водопянов Бадраагын шартайг мэдэж байгаа. Зууралдсан тохиолдолд биеэ суллаад хоёр гараараа Бадраагын гарыг хавчих, дарах маягтай зогсоод байсан. Бадраа маань түүнээс салах гэж хэт их хичээж хүчилж байсан нь магадгүй рингийн шүүгчид, хоёр тийш зайлах, эсвэл тэврээд байгаа сэтгэгдэл төрүүлсэн байж болох юм. Зүгээр л зуурах төдийхэн ялалт ялагдлыг шийдэж болдог гэдгийг бид Чикагод сурч авсан! Яг тийм тохиолдолд шүүгчийн командыг хүлээгээд аль эсвэл шүүгчид өөрийн зүгээс хийгээгүй үйлдэл гэдгийг ойлгуулах эсвэл бага зэрэг жүжиглэлт хүртэл тактик байдаг гэдгийг оросын Водопянов гайхалтай харуулж байлаа. Түүнийг залиа гаргах боломж сөхөө өгөлгүй эсвэл тэрнээс илүү арга зальтай байж л түүнийг хожно.
Манай хүн дэлхийн аваргаас хойш чимээ тасарсан нь санаа зовоох нэг үндэс болж байна. Дунд нь ганц нэг тэмцээнд орох л хэрэгтэй байсансан. Бага зэрэг бэртэлтэй байгаа сураг байсан гайгүй байгаасай.
Мексик, АНУ, Куба, Казакстан, ХБНГУ-ын өрсөлдөгч нартай бас таарч болох юм.
57кг З.Энхзориг 21 настай 2007 оны Ази тивийн аварга.
(Энд түүний өрсөлдөгчдийн талаар дурдалгүй өнгөрлөө)
Энхзориг магадгүй манай хамгийн техник сайтай тамирчдын нэг юм. Жиндээ өрсөлдөгчдөөсөө биеэр нилээн өндөр харагддаг. Уртаа ашиглан тоглож байгаа нь их зөв харагдаж байна лээ. Тэр бол контрбоксчин мөнөөс мөн. Хархад зугтаад байгаа юм шиг боловч урт урд гараа үнэхээр „зэвсэг“ болгож чадаж байгаа нь харагдсан. Нөгөө зөгий шиг хатгаж эрвээхэй шиг дэрвэлзэх гэдэг л тэр байх. Дээрээс нь солгой өрөлттэй. Тэр нь ямар ч өрсөлдөгчид ёстой толгойны өвчин болдог. Энэ онд мөрөндөө гэмтэл аваад аз муутай байх шиг. Одоо Азийн аваргын үеийнхээ топ формынхоо араас хөөж яваа. Гэхдээ мань хүн ямар зэрэглэлийн боксчин болохоо Астанагын олимпын эрх өгөх сүүлийн тэмцээнд үзүүлж чадсан юм. Учир нь дэлхийн аваргын өмнө авсан мөрний бэртэл нь түүнийг Чикагогын рингэнд эрт ялагдал хүлээхэд хүргэсэн ба түүнээс хойш орсон эхний тэмцээн нь Астана байлаа. Эндээс эрх авч чадсан нь түүнийг хэн бэ гэдгийг нотлож байх шиг. Энхзориг залуу байна даа. Цаашид хоёр ч олимпд үзэх боломж бий.
Түүний жинд Куба, АНУ, Казакстан, Орос, Украйн, Тайландын хүчтэй боксчидоос таарч хүч үзнэ.
64кг У.Мөнх Эрдэнэ 25 настай.
Мөнх Эрдэнэ уг нь ховорхон авьяас. Олон жил 7-8 кг жин хасаж байж жиндээ (60кг) ордог байсан нь амжилтанд нь нөлөөлдөг байсан байж болох талтай. Ер нь тамирчин хүн жингээ нэг дор их хасах биш хассан жингээ удаан хугацаанд барьж чадвал тогтвортой амжилтын үндэс болдог болов уу. Энэ удаа тэр 60-д биш 64 кг д зодоглоно. Шинэ жинд орж байгаа болхоор бүгд л хэцүү өрсөлдөгчид. Тэрээр бөхчүүдийн хэлдгээр “аранга” бөх шиг. Өөрөөр хэлбэл эгзэг нь таарвал хэнийг ч хожиж мэднэ. Харин эвгүйтвэл хэнд ч ялагдаж бас мэднэ. Бас солгой өрдөг. Рингэн дээр хаан шиг (сэтгэхүйн хувьд) байж чадвал Сапиевийг ч хожиж мэдэх юм. Манай медалийн найдваруудын нэгд зүй ёсоор орно.
Гол өрсөлдөгч дэлхийн аварга Казакстаны Серик Сапиев. Тэрээр солгой өрдөг. Жирийн нүдээр гүйцэж харамгүй хурдан. Техникийн хувьд одоогоор дэлхийн түвшинд жиндээ хамгийн техник сайтай нь гээд дүгнэчихвэл нэг их хол зөрсөн болохгүй байх. Тэр хөл гарын ажиллагааны холболтоо гайхалтай хурдтай хийнэ. Ёстой л „язганаж” тоглодог хүн байна лээ. Серик Сапиев одоогоор жиндээ хэмжүүрийн дээд төвшинг шинэчилээд тогтоочихсон. Өөрөөр хэлбэл 64 кг ын тамирчиды сайн мууг түүгээр хэмжинэ. Түүнтэй эн зэрэгцэх нь одоогоор алга.
Манайхаас Түвшинбат түүнтэй таарч тоглож байсан. Халлед 2006 онд, 2007 онд УБ-т тус тус тоглож ялагдаж байсан. Тэр их хурдтай хүний өмнө урд гараа буулгачихаад, эрүү нь нээлттэй хүлээгээд зогсоод байсан нь Серикт „цохиулах үнэгүй урилга” өгч буй мэт харагдсан. Энэ хоёр тоглолтонд Түвшинбат хоёуланд нь тактикийн алдаа гаргасан юм. Эрүүгээ мөрөндөө шахаж нуугаад, хоёр гараа дээр авч, зүү орох зайгүй болтол нь хамгаалаад, зүүн гараараа хурдтай, тэсрэлттэй нэг хоёр хатгаад Серикийн комбинацийг эхлэх сөхөө өгөлгүй хөдлөөд тоглочихсон бол онолын хувьд найдвар байх л байсан. Түүнийг алдаа гаргуулах гэсэн л тактикийн санаа юм даа энэ бол. Хэрэв Серик алдаа гаргаад ирсэн тохиолдолд Түвшинбат өөрийнхөө гол зэвсэг болох хойд гарын хүндхэн шулуунаар унагаж бас болох боломж онолын хувьд байсан. Хөдөлгөөнт байг оноход хэцүү байдаг шиг Серикийн өмнө оногдоход хэтцүү болтол нь хөдлөөд, зай бариад явчихвал ч боломж байж мэдэх л юм манай Мөнх-Эрдэнэд.
Олимпоос медаль авна гэдэг ид шид биш. Харин стратеги төлөвлөгөөтэй бэлтгэл, зөв тактик мөн медальд хүрэх гэсэн чин эрмэлзэл гуравын нийлбэр юм.
Одоогоор манай боксчидын үл таних өрсөлдөгчид бол Кубын баг тамирчид юм. Кубачууд өнгөрдөг дэлхийн аваргад оролцоогүй, дээр нь олимпын 11 жингээс 10 эрх аваад байгаа мөн хэний ч урьд нь таньж мэдэxгүй цоо шинэ авьяаслаг залуусаар багаа бүрдүүлсэн нь сонирхогчдын боксын ертөнцийн толгойг гашилгах шалтгаан болж буй юм. Бидний хэлдгээр Кубачууд энэ жил олимпд битүү морьд уячихлаа.Тэд яаж ч мэднэ дээ.